Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/01095

 

 

М.Б-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00862 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х- ХХК-д холбогдох

 

Ажил эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: М.Б-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Х- ХХК-д теллерийн албан тушаалаас эхлэн ажиллаж, мэргэшлийн төвшин, дадлага, ур чадвар, ажлын үр дүнгээрээ үнэлэгдэн ажил албан тушаалын бүх шатыг дамжин, улмаар 2012 оноос тооцооны төвийн захирлын албан тушаалд томилогдон ажилласан бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс Их цайз тооцооны төвийн захирлын албан тушаалд томилогдон ажилласан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Гэтэл Х-ны Улаанбаатар хотын салбарын аудитын газраас 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэдийн харилцагчийн данс руу нэвтрэн орсон талаар тодруулга хүссэн и-мэйл ирүүлсэн бөгөөд учрыг тодруулахад Х-ны харилцагч Ц.А-ээс өөрийн данс руу нэвтэрсэн гэх гомдол гаргасан байсан. Ц.А- нь манай хүргэн ахын төрсөн дүү бөгөөд манай салбарт хандан өөрийн дансанд мөнгө орсон эсэхийг шалгаж өгөхийг хүссэн бөгөөд түүний зөвшөөрлийн дагуу данс руу 3 удаа нэвтэрч мэдээллийг түүнд өгсөн бөгөөд энэ талаар Х-ны Улаанбаатар хотын салбарын аудитын газарт и-мэйлээр хариу өгсөн. Гэтэл Х-ны захирлын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06/2853 дугаар тушаалаар намайг хувийн зорилгоор харилцагчийн дансыг 65 удаа лавласан, гуравдагч этгээдэд задруулах боломж олгож, банкинд итгэх иргэдийн итгэлийг алдаглуулсан гэх үндэслэл гаргаж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлд банкинд хориглох үйл ажиллагааг тогтоосон бөгөөд харилцагчийн өөрийн хүсэлтээр өөрт мэдээлэл гаргахыг хориглоогүй. Уг мэдээллийг гуравдагч этгээдэд өгсөн, задруулсан явдал байхгүй бөгөөд ийм нотлох баримт байхгүй байхад зөрчил гаргасан мэтээр дүгнэсэн байна. Нөгөө талаас харилцагч Ц.А- нь надад холбогдуулан ийм өргөдөл, гомдол гаргаагүй, өөрөө хүсэлт гаргаж дансны мэдээллээ шалгуулсан талаараа Х-инд хандан бичгээр тайлбар гаргасан байхад уг байдлыг харгалзан үзээгүй байна. Би харилцагчийн хүсэлтээр 3 удаа нэвтэрч лавлаж өгсөн байхад 65 удаа нэвтэрсэн гэдэг нь илтэд үндэслэлгүй байна. Намайг үндэслэлгүйгээр ажлаас халж, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа тул намайг Х-ны Улаанбаатар хотын иргэдийн банкны харьяа Их цайз тооцооны төвийн захирлын албан тушаалаас халсан 06/2853 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Улаанбаатар хотын Иргэдийн банкны харьяа Их цайз тооцооны төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр харилцагч Ц.А-ээс Х-инд гомдол гаргасан бөгөөд харилцагчийн гомдлын мөрөөр тус банкны салбар аудитын газраас асуудлыг шалгаж үзэхэд Их цайз тооцооны төвийн захирал М.Б- нь өөрийн хандах эрхээр 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх 100 хоногийн хугацаанд харилцагч Ц.А-ийн дансыг нийтдээ 65 удаа лавласан болох нь тогтоогдсон. Аудиторын зүгээс М.Б-г гомдол гаргасан харилцагчийн дансыг хувийн зорилгоор лавласан улмаар энэ нь банкны холбогдох журмыг зөрчсөн гэдгийг тогтоож аудитын дүгнэлтийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гаргаж, Хүний нөөц хариуцсан дэд захиралд ирүүлсэн. Харилцагчийн дансанд буюу мөнгөн хөрөнгийн мэдээлэлд хандах эрхтэй банкны ажилтан, албан тушаалтан Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг хатуу баримтлах үүрэгтэй байдаг. М.Б- нь программд нэвтрэх, улмаар харилцагчийн дансан дахь мөнгөн хөрөнгийн талаар мэдэх эрхийг зохисгүй байдлаар хэрэгжүүлсэн, харилцагчид дансанд нь байгаа мөнгөн хөрөнгийн талаар харилцагчийн зөвшөөрөлгүйгээр түүнд ямарваа нэг хувийн зорилгоор мэдээлсэн байсан. М.Б-гийн энэхүү үйлдэл түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.7.3, 5.7.29, Х-ны нууцын журам, мэдээллийн аюулгүй байдлын цогц бодлого, ёс зүйн дүрмийг зөрчиж, банкны нууцад хамаарах харилцагчийн болон ажилтны, мэдээлэл, мэдээллийн хөрөнгийг лавлах, задруулах, нууц мэдээлэлд хандах, хувьдаа болон бусдад ашиглуулах, ийм нөхцөл байдал бий болох нөхцөлийг бүрдүүлэх, энэхүү үйлдлээ бусдаар гүйцэтгүүлэх ноцтой зөрчил тул Хөдөлмөрийн гэрээний 5.7 болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг тус тус баримтлан, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг гаргасан хуульд нийцсэн гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Х- ХХК-д холбогдуулан, нэхэмжлэгч М.Б-гийн тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Х-инд хандаж гомдол гаргасан гэх Ц.А- нь өөрөө М.Б-д хандаж даснаа шалгуулснаа зөвшөөрсөн, түүний талаар гомдол гаргаагүй, ийм гомдол байхгүй гэдгээ тайлбарласаар байхад анхан шатны шүүх ийнхүү иргэний эрх зүйн харилцаан дахь иргэний хүсэл зоригийн эсрэг дүгнэлг хийж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс М.Б- нь Ц.А-ийн данс руу 65 удаа нэвтэрсэн үйлдэл гаргаагүй, түүний хүсэлтээр буюу зөвшөөрснөөр 3 удаа нэвтэрсэн. 65 удаа нэвтэрсэн гэж аудит дүгнэлт гаргаж байгаа нь илт хууль бус гэж маргасан. Шүүх хуралдаанд гэрчээр Х-ны дотоод аудитын газрын шалгагч оролцсон бөгөөд түүний тайлбар болон нэхэмжлэгчийн тайлбараар М.Б-гийн шалгасан гэх Ц.А-ийн дансны илэрц нь 65 удаа нэвтрээгүй болох нь нотлогдсон гэж үзэж байсан. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хэргийг шийдвэрлэсэн. М.Б- нь ийнхүү Ц.А-ийн өөрийнх хүссэнээр 3 даа дансны гүйлгээг нь шалгасан байхад 65 удаа нэвтэрсэн болгож, зөрчлийн хэмжээг илт үндэслэлгүйгээр ихэсгэн, нотлох баримтыг буруу үнэлсэн, дансны мэдээллийг шалгахад дансны дэлгэц дээрх хуудас шилжих бүрт ийнхүү данс руу орсон гэж бүртгэгддэг эсэхийг шүүгчийн өөрийнх нь энэ талаарх техник, технологийн мэдлэг хүрэхгүй байхад талуудын тайлбараас зөвхөн хариуцагчийн тайлбарыг үнэн, зөв гэж үзэж нотлох баримтаар үнэлж байгаа нь хууль бус бөгөөд шаардлагатай бол энэ асуудлаар шинжээч томилох байсан. Мөн анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо М.Б-г ноцтой зөрчил гаргаж, Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг зөрчсөн гэж дүгнэсэн. М.Б- нь Ц.А-ийн мэдээллийг бусдад гаргаж өгсөн, бусдад задруулсан, ашиглуулсан үйл баримт тогтоогдоогүй. Зөвхөн Ц.А-ийн өөрийнх нь хүссэнээр, түүний мэдээллийг өөрт нь утсаар хэлж өгсөн үйл баримт тогтоогдсон байхад Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Тодруулбал, Ц.А-ийн мэдээллийг өөрт нь утсаар өгсөн нь түүний мэдээллийг бусдад задруулсанд хамаарахгүй. Түүнчлэн, шүүх ноцтой зөрчил гэдгийг тогтоохдоо ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, эсхүл бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон эсэхэд дүгнэлт өгөөгүй, өөрөөр хэлбэл, Х-ны ажил хэргийн нэр хүндийг хэрхэн гутаасан гэж үзсэн нь тодорхойгүй бөгөөд ажил олгогчоос гаргасан банкны дотоод дүрэмд тусгагдсан ажлын байрны тогтоосон горим, журмыг ажилтан ноцтой байдлаар зөрчсөн ч тухайн актыг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх боломжгүй, харин дээрх дүрэм, журам, зааврын зарим заалтыг зөрчвөл ноцтой зөрчилд тооцохоор хөдөлмөрийн гэрээнд заасныг адилтган үзэх ёстой. Өөрөөр хэлбэл, гэрээний болон дээрх хуулийн заалтуудын гипотез нөхцөл нь бусдад мэдээллийг задруулсан байх, нууц мэдээлэлд нь зөвшөөрөлгүй халдах, хувьдаа болон бусдад ашиглуулах, диспозеци нөхцөл нь банкинд, эсхүл Ц.А-т эд хөрөнгийн хохирол учирсан байх, эсхүл банкны бизнесийн болон ажил хэргийн нэр хүндэд сөрөг үр дагавар авчирч, бодитой хохирол учруулсан байх гэдгийг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Хэрэв М.Б-гийн үйлдлий зөрчил гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т зааснаас сонгож сахилгын арга хэмжээ авах боломжтой байсан гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч М.Б- нь хариуцагч Х- ХХК-д холбогдуулан Х- ХХК-ийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 1 999 998 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, ажилгүй байсан хугацааны олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 98-р тал/

 

Нэхэмжлэгч М.Б- нь 2017 оны 1 сарын 23-ны өдөр хариуцагч Х- ХХК-ийн хүний нөөц хариуцсан захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулан, Их цайз тооцооны төвийн захирлаар ажиллаж байгаад тус банкны хүний нөөц хариуцсан дэд захирлын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06/2853 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 9.1, хөдөлмөрийн гэрээний 5.7-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, ажлаас халсан тушаал зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 46-49, 55-р тал/

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ... харилцагч Ц.А-ийн өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу түүний дансны мэдээллийг өөрт нь өгсөн, уг мэдээллийг гуравдагч этгээдэд өгөөгүй, нууцыг задруулаагүй ... гэсэн бол хариуцагч татгалзалдаа нэхэмжлэгч Ж.Буян нь хувийн зорилгоор харилцагчийн дансыг лавласан нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон, энэ нь Банкны тухай хууль болон холбогдох дүрэм, журмыг зөрчсөн гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан хэмээн дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болсон байна. Тодруулбал, гэрч Ц.А- шүүх хуралдаанд ... би М.Б-гийн ажил дээр хэд хэдэн удаа очиж, хамтарч миний дансыг шалгасан, би М.Б-д миний дансыг шалгах эрхийг олгосон, утсаар ярьж гүйлгээгээ шалгуулсан" гэх агуулгатай мэдүүлгийг өгчээ. /хх-ийн 99-р тал/

 

Дээрх мэдүүлгээс дүгнэвэл хариуцагч Х- ХХК-ийн 18001917 дугаарт өгсөн харилцагч Ц.А-ийн ... миний данс руу танай дотоод сүлжээнээс хүн нэвтрээд байх шиг байна, шалгаж өгнө үү гэх гомдол болон аудитын дүгнэлтэд заасан нөхцөл байдал нь нэхэмжлэгч М.Б-гийн үйлдэлд хамааралгүй гэж үзэхээр байна.

 

Хэрэгт авагдсан хариуцагч Х- ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн аудитын дүгнэлтэд Их цайз тооцооны төвийн захирал М.Б- нь харилцагч Ц.А-ийн дансыг хувийн зорилгоор лавласан, энэхүү үйлдэл нь Х-ны нууцын журмын 3.2.1, 3.2.2, хөдөлмөрийн дотоод журмын 4.4.1, 4.4.3, БПАТЖ-ын 02.01.01 дэх заалтуудыг зөрчсөн гэж дүгнэжээ. /хх-ийн 51-р тал/

 

Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүдийг заасан бөгөөд 5.7.29-д харилцагчийн мэдээллийг задруулах, нууц мэдээлэлд хандах, хувьдаа болон бусдад ашиглуулах, ийм нөхцөл бүрдүүлэх, бусдаар гүйцэтгүүлсэн гэх агуулгатай байх тул нэхэмжлэгч М.Б-г хувийн зорилгоор харилцагчийн дансыг лавласан гэж үзэх үндэслэлгүй. Энэхүү нөхцөл байдал нь гэрч Ц.А-ийн мэдүүлгээр тогтоогдож байна. /хх-ийн 47, 50-р тал/

 

Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэгч М.Б-г Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дах хэсэгт Банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг дор дурдсанаас бусад тохиолдолд бусдад гаргаж өгөх, задруулах, ашиглахыг банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, хянан шалгах зөвлөл, ажилтанд хориглоно гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй.

Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн заалт нь нэхэмжлэгчийн сахилгын зөрчил гаргасан гэх үйл баримтад шууд хамааралгүй буюу харилцагч Ц.А-ийн өөрийнх нь зөвшөөрснөөр түүнтэй хамт дансыг нь шалгаж, лавласан нэхэмжлэгч М.Б-гийн үйлдэл нь харилцагчийн дансны мэдээллийг бусдад задруулсан, хувийн зорилгоор ашигласан гэх нөхцөл байдалд хамаарахгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч М.Б-г хариуцагч Х- ХХК-ийн Их цайз тооцооны төвийн захирлын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговорт 17 242 194 төгрөгийг хариуцагч Х- ХХК-иас гаргуулан, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу ажилтны сүүлийн 3 сарын /2019 оны 10 сард 3 591 000 төгрөг, 11 сард 1 970 454 төгрөг, 12 сард 4 832 205 төгрөг, нийт 10 393 659 төгрөг : 3 = 3 464 553/ дундаж цалин хөлсийг 3 464 553 төгрөгөөр тооцон тодорхойлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гарсан өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс магадлал гарах өдөр хүртэл буюу 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх 4 сар 21 /3 464 553 : 21,5 өдөр = 161 142, 161 142 х 21 хоног = 3 383 982, 3 464 553 х 4 сар = 13 858 212, 13 858 212 + 3 383 982 = 17 242 194/ хоногийн цалин 17 242 194 төгрөгийг хариуцагч Х- ХХК-иас гаргуулан, нэхэмжлэгч М.Б-д олгуулахаар шийдвэрлэсэн болно. /хх-ийн 85-р тал/

 

Харин, нэхэмжлэгч М.Б- нь хариуцагч Х- ХХК-ийн хүний нөөц хариуцсан захирлын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06/2853 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг бие даасан шаардлага гэж үзэх боломжгүй буюу үүнийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж үзлээ.

 

Мөн нэхэмжлэгч М.Б-г ажилд эгүүлэн тогтоосон тул хариуцагч Х- ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт зааснаар ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл, хураамж төлж, нөхөн бичилт хийх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00862 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч М.Б-г Х- ХХК-ийн Их цайз тооцооны төвийн захирлын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговорт 17 242 194 төгрөгийг хариуцагч Х- ХХК-иас гаргуулан, нэхэмжлэгч М.Б-д олгосугай гэж,

2 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117 150 төгрөгийг Хан-Уул дүүргийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас /100200100941 тоот данс/ буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Х- ХХК-иас 117 150 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 , 뿿 㺺 .

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

Г.ДАВААДОРЖ