Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2021/00543

 

М.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

          2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00862 дугаар шийдвэр,

 

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1095 дугаар магадлалтай,

 

          Нэхэмжлэгч: М.Б-

          Хариуцагч: “.. банк” ХХК

 

          Нэхэмжлэл: Тушаал хүчингүй болгуулах, ажил эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбямба, өмгөөлөгч Н.Баасанжав нарын хяналтын журмаар 2020.06.17-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Б-, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцэцэг, өмгөөлөгч Н.Баасанжав, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

           Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Би ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Гэтэл .. банкны Улаанбаатар хотын салбарын аудитын газраас 2019.12.17-ны өдөр иргэдийн харилцагчийн данс руу нэвтрэн орсон талаар тодруулга хүссэн и-мэйл ирүүлсэн бөгөөд учрыг тодруулахад .. банкны харилцагч Ц.А-ээс өөрийн данс руу нэвтэрсэн гэх гомдол гаргасан байсан. Ц.А- нь манай хүргэн ахын төрсөн дүү бөгөөд манай салбарт хандан өөрийн дансанд мөнгө орсон эсэхийг шалгаж өгөхийг хүссэн ба түүний зөвшөөрлийн дагуу данс руу 3 удаа нэвтэрч мэдээллийг түүнд өгсөн. Энэ талаар .. банкны Улаанбаатар хотын салбарын аудитын газарт и-мэйлээр хариу өгсөн. Гэтэл .. банкны захирлын 2019.12.23-ны өдрийн 06/2853 дугаар тушаалаар намайг хувийн зорилгоор харилцагчийн дансыг 65 удаа лавласан, гуравдагч этгээдэд задруулах боломж олгож, банкинд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулсан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 5.7-р ажлаас халсан. Банкны тухай хуулийн 7-д банкинд хориглох үйл ажиллагааг тогтоосон бөгөөд харилцагчийн өөрийн хүсэлтээр өөрт мэдээлэл гаргахыг хориглоогүй, .. банкны Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар харилцагчийн хүсэлтээр дансны мэдээллийг өөрт өгөх эрх банкны ажилтанд байгаа. Энэ эрх болон харилцагчийн хүсэлтийн дагуу 3 удаа нэвтэрч мэдээллийг өөрт нь өгсөн. Уг мэдээллийг гуравдагч этгээдэд өгсөн, задруулсан явдал байхгүй бөгөөд баримтгүй байхад зөрчил гаргасан мэтээр дүгнэсэн байна. Нөгөө талаас харилцагч Ц.А- нь надад холбогдуулан ийм өргөдөл, гомдол гаргаагүй, өөрөө хүсэлт гаргаж дансны мэдээллээ шалгуулсан талаараа .. банкинд хандан бичгээр тайлбар гаргасан ч харгалзан үзээгүй. Би харилцагчийн хүсэлтээр 3 удаа нэвтэрч лавлаж өгсөн байхад 65 удаа нэвтэрсэн гэдэг нь илтэд үндэслэлгүй байна. Намайг үндэслэлгүйгээр ажлаас халж, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа тул намайг .. банкны Улаанбаатар хотын иргэдийн банкны харьяа Их цайз тооцооны төвийн захирлын албан тушаалаас халсан 06/2853 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Улаанбаатар хотын Иргэдийн банкны харьяа Их цайз тооцооны төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож гаргаж өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: 2019.12.11-ний өдөр харилцагч Ц.А-ээс .. банкинд гомдол гаргасан бөгөөд харилцагчийн гомдлын мөрөөр тус банкны салбар аудитын газраас асуудлыг шалгаж үзэхэд Их цайз тооцооны төвийн захирал М.Б- нь өөрийн хандах эрхээр 2019.09.01-с 2019.12.10-г хүртэлх 100 хоногийн хугацаанд харилцагч Ц.А-ийн дансыг нийтдээ 65 удаа лавласан болох нь тогтоогдсон. Аудиторын зүгээс М.Б-г гомдол гаргасан харилцагчийн дансыг хувийн зорилгоор лавласан улмаар энэ нь банкны холбогдох журмыг зөрчсөн гэдгийг тогтоож аудитын дүгнэлтийг 2019.12.17-ны өдөр гаргаж, Хүний нөөц хариуцсан дэд захиралд ирүүлсэн. Харилцагчийн дансанд буюу мөнгөн хөрөнгийн мэдээлэлд хандах эрхтэй банкны ажилтан, албан тушаалтан Банкны тухай хуулийн 7.2-т заасныг хатуу баримтлах үүрэгтэй байдаг. М.Б- нь программд нэвтрэх, улмаар харилцагчийн дансан дахь мөнгөн хөрөнгийн талаар мэдэх эрхийг зохисгүй байдлаар хэрэгжүүлсэн, харилцагчид дансанд нь байгаа мөнгөн хөрөнгийн талаар харилцагчийн зөвшөөрөлгүйгээр түүнд ямарваа нэг хувийн зорилгоор мэдээлсэн байсан. М.Б-гийн энэхүү үйлдэл түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.7.3, 5.7.29, .. банкны нууцын журам, мэдээллийн аюулгүй байдлын цогц бодлого, ёс зүйн дүрмийг зөрчиж, банкны нууцад хамаарах харилцагчийн болон ажилтны, мэдээлэл, мэдээллийн хөрөнгийг лавлах, задруулах, нууц мэдээлэлд хандах, хувьдаа болон бусдад ашиглуулах, ийм нөхцөл байдал бий болох нөхцөлийг бүрдүүлэх, энэхүү үйлдлээ бусдаар гүйцэтгүүлэх ноцтой зөрчил тул Хөдөлмөрийн гэрээний 5.7 болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасныг тус тус баримтлан, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг гаргасан, хуульд нийцсэн гэжээ.

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 183/ШШ2020/00862 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан “.. банк” ХХК-д холбогдох М.Б-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. 

 

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1095 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00862 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан М.Б-г “.. банк” ХХК-ийн Их цайз тооцооны төвийн захирлын албан тушаалд эгүүлэн томилж, олговорт 17,242,194 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэжээ.   

 

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ИХШХШТХ-н 25.1.6, 34.3.17 болон 172.1-д заасан зохигч ба өмгөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргах эрхийн хүрээнд 172.2.1 ба 172.2.2 заалтуудад заасан үндэслэлээр 1095 дугаартай Магадлалд хяналтын журмаар гомдол гаргаж уг Магадлалыг хүчингүй болгох үндэслэлтэй харин анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн болохыг хянан шийдвэрлүүлэхээр ийнхүү хандаж байна. Магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлдээ “Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан хэмээн дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болсон байна. Тодруулбал гэрч Ц.А- шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэхдээ “би М.Б-гийн ажил дээр хэд хэдэн удаа очиж, хамтарч миний дансыг шалгасан, би М.Б-д миний дансыг шалгасан, би М.Б-д миний дансыг шалгах эрхийг олгосон, утсаар ярьж гүйлгээгээ шалгуулсан” гэх агуулгатай мэдүүлгийг өгчээ (Магадлалын 5-р тал 3-р догол мөр) ... Талуудын байгуулсан байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7-д “ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүдийг заасан бөгөөд 5.7.29-д харилцагчийн мэдээллийг задруулах, нууц мэдээлэлд хандах, хувьдаа болон бусдад ашиглуулах, ийм нөхцөл бүрдүүлэх, бусдаар гүйцэтгүүлсэн” гэх агуулгатай байх тул М.Б-г хувийн зорилгоор харилцагчийн дансыг лавласан гэж үзэх үндэслэлгүй. Энэхүү нөхцөл байдал нь гэрч Ц.А-ийн мэдүүлгээр тогтоогдож байна” гэсэн (Магадлалын 5-р тал сүүлийн 6-р догол мөр). Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гол үндэслэл болсон гэрч Ц.А-ийн мэдүүлгийг тухайлан авч үнэлсэн нь ХХША-ны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Давж заалдах шатны шүүхээс ИХШХШТХ-н 169.1-н дагуу давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэх журмыг баримтлах үүрэгтэй тул нотлох баримтыг тус хуулийн 40.1 ба 40.2-г баримтлан үнэлэх ёстой байсан атал энэхүү журмыг баримталсангүй. Тухайлбал: 1) гэрч Ц.А- нь анх өөрийнх нь дансыг банкны дотроос лавлаж дансны нууцлал алдагдаад байгаа талаар гомдол гаргасан харилцагч юм. Ц.А- нь банкинд ирж М.Б-тай хамт өөрийнхөө дансыг лавлаагүй болохыг 2019.11.29-ний өдрийн бичлэгээр М.Б-тай уулзахаар Ц.А- банкинд огт ирээгүй болох нь нотлогдсон (ХХ-т CD-ээр М.Б-гийн харилцагч Ц.А-ийн дансыг лавласан бичлэг авагдаж, анхан шатны шүүхэд уг СD бичлэгт үзлэг хийж бэхжүүлэхэд М.Б-гийн зүгээс харилцагч Ц.А- ирээгүй болохыг зөвшөөрсөн) мөн М.Б- “Ц.А- нь манай хүргэн ах Цэвээндоржийн Дарамын төрсөн дүү юм. Харилцагчийн дансыг нэрээр хайж лавлаж байсан боловч мэдээллийг гуравдагч этгээдэд мэдээлэл задруулаагүй. Тухайн данснаас миний дансанд мөнгө шилжүүлж байсан бөгөөд тухайн хугацаанд хэд хэдэн удаа лавлаж байсан” гэсэн тайлбарыг аудитад өгсөн байдаг. 2) Харилцагч Ц.А-ээс захирал М.Б-д дансыг нь лавлах эрхийг огт олгоогүй болохыг харилцагч Ц.А-ийн гомдлыг шалгасан .. Банкны аудит тогтоож Банкны тухай хуулийг зөрчсөн хөдөлмөрийн гэрээний 5.7.29-д заасан ноцтой зөрчлийг гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг (.. Банкны Аудитын дүгнэлт XX-12). Нэхэмжлэгч М.Б- нь харилцагчаас данс лавлах эрхийг утсаар авсан гэж харилцагч Ц.А- ч утсаар данс лавлахыг хүссэн гэдэг нь хуулийн үндэслэлгүй тайлбар учир нь Ц.А- анх .. Банкинд гомдол гаргахдаа дансыг нь банкны дотроос хүн лавлаад мэдээд байгааг мөн хэн нэгэнд дансыг нь лавлах эрхийг олгоогүйг дурдсан байдаг ба үүнийг хариуцагч СD бичлэгээр гаргаж анхан шатны шүүхэд бичлэгээр бэхжүүлсэн байдаг. Хэрэгт М.Б-д эрх олгосныг нотлох аливаа баримт буюу Итгэмжлэл зэргийг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх гэрчийн тайлбарын энэхүү зөрүүтэй байдлыг огт харгалзаагүйгээр ИХШХШТХ-н 40.2 “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэдгийг зөрчсөн. Давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. 1) Банкны тухай хуулийн 7.2.1 “7.2.1.тухайн этгээд өөрийн нууцыг задруулахыг бичгээр зөвшөөрсөн”, 2) Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалт “ажилтан ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан”, 3) Хөдөлмөрийн гэрээний 5.7.3 ба 5.7.29 дэх заалтуудыг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн. Банкны тухай хуулийн 7.2.1-т “тухайн этгээд өөрийн нууцыг задруулахыг бичгээр зөвшөөрсөн” гэдгийг харилцагч Ц.А-ээс .. Банк дахь дансных нь мэдээллийг лавлахыг зөвшөөрсөн Итгэмжлэлийг .. Банкны захирал М.Б-д олгосон байхыг ойлгох байтал “утсаар ярьж зөвшөөрөл өгсөн” гэдгийг гэрчийн мэдүүлгийг Банкны тухай хуулийн 7.2.1 дэх заалтыг баримталсан гэж буруу тайлбарласан. Харин хөдөлмөрийн гэрээний 5.7.3 ба 5.7.29 гэдэг ноцтой зөрчлийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд М.Б- нь тооцооны төвийн захирлын хувьд .. Банкны ашигладаг БАНКС программд нэвтрэх улмаар харилцагчийн дансан дахь мөнгөн хөрөнгийн талаар мэдэх эрхийг зохисгүй байдлаар хэрэгжүүлсэн, харилцагчид дансанд нь байгаа мөнгөн хөрөнгийн мэдээллийг харилцагчийн зөвшөөрөлгүйгээр удаа дараа лавлаж мэдээллийг хувьдаа ашиглаж харилцагчид дансны мэдээлэл алдагдаж байгааг мэдэх нөхцөлд оруулсан. Харин тус гэрээний 5.7.29 “харилцагчийн мэдээллийг задруулах, нууц мэдээлэлд хандах, харилцагчийн мэдээллийг хувийн ба бусдын эрх ашгийн зорилгод ашиглах” заалтыг зөрчсөн тухайд; Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлд эд хөрөнгийн нууц гэдэгт данс, дансан дахь мөнгөн хөрөнгийн мэдээлэл багтах ба харилцагчийн дансыг түүний бичгээр өгсөн зөвшөөрөлгүй лавласан нь энэ заалтыг зөрчих хангалттай үндэслэл болсон. Шүүхээс хөдөлмөрийн гэрээг буруу тайлбарлан хэрэглэснээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг зөрчөөгүй гэж үзэх үндэслэл болсон. Иймд магадлалыг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээхийг хүсэж байна.

ХЯНАВАЛ:

         М.Б- 2020-01-16-ны өдөр “.. банк” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2019.12.23-ны өдрийн 06/2853 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, “.. банк” ХХК-ийн Улаанбаатар хотын иргэдийн банкны харьяа Их цайз тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангасан байна.

         Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         1. Ажил олгогч 2019.12.23-ны өдөр 06/2853 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 9.1, хөдөлмөрийн гэрээний 5.7-г үндэслэн “...хувийн зорилгоор харилцагчийн дансыг 65 удаа лавласан, гуравдагч этгээдэд задруулах нөхцөлийг бүрдүүлж харилцагчийн итгэл, Банкны нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн үйлдэл гаргасан..” гэж М.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.   

        Хэрэгт авагдсан баримтаар, хариуцагч нь Ц.А-ийн гомдлоор шалгалт хийсэн, уг шалгалтаар нэхэмжлэгч нь харилцагчийн дансны гүйлгээг 2019 оны 10 дугаар сарын 03 болон 31-ний өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр үзсэн /3 удаа нээхдээ нийт 65 удаа лавлагаа хийсэн/ нь тогтоогдсон байх тул “гомдол болон аудитын дүгнэлтэд заасан нөхцөл байдал М.Б-гийн үйлдэлд хамааралгүй..” талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.           

 

        Түүнчлэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа гэрч Ц.А-ийн мэдүүлгийг хэргийн бусад баримттай харьцуулан дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3 дахь хэсэгт нийцээгүй байна. 

 

        Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгоно.

 

        2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ хэрэгт буй баримтуудад тулгуурлан, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

 

        Ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан нь ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол  хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно. 

 

        Талууд ямар зөрчлийг “ноцтой”-д тооцохыг хөдөлмөрийн гэрээгээр урьдчилан тохиролцсон байх бөгөөд эдгээр зөрчлийг нэхэмжлэгч гаргасан нь тогтоогджээ.

 

        Тухайлбал, нэхэмжлэгч нь харилцагчийн хүсэлтээр банкны дансны мэдээлэлд 3 удаа нэвтэрсэн, энэ нь хөдөлмөрийн гэрээний 5.7-д заасан ноцтой зөрчилд хамаарч буй тухай ажил олгогчийн тайлбарыг М.Б- үгүйсгэж чадаагүй, анхан шатны шүүхийн дүгнэлтийг  буруутгах баримтгүй байна.  

 

       Ажилтан хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн тохиолдолд ажил олгогч нь сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй.   

 

        Зохигчийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолтоос үзвэл, нэхэмжлэгч нь гүйцэтгэж буй ажил албан тушаалын хувьд тодорхой чиг үүрэг хүлээсэн, уг үүргээ зөрчсөн байна.

 

        3. Нэхэмжлэлийн шаардлага, татгалзлыг нотлох баримтыг гаргах үүргийг зохигч хүлээнэ. Шүүх нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийнэ. 

        Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1095 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00862 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 244,161 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.

 

                                   ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                  ШҮҮГЧИД,                            Х.СОНИНБАЯР

                                                                                                Б.УНДРАХ

                                                                                                Д.ЦОЛМОН

                                                                                                Х.ЭРДЭНЭСУВД