Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/00965

 

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/00965

 

 

....-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/00378 дугаар шийдвэртэй, ....-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Төрийн тусгай хамгаалалтын газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ....-, түүний өмгөөлөгч С.Энхцэцэг, П.Цэрэн-Очир

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Төрийн тусгай хамгаалалтын газрын Их тэнгэр цогцолбор үйлчилгээний албанд үйлчлэгч, угаагчаар 2002 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилласан ба хүнсний хангалт хариуцсан ажилтанаар хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ажиллаж байсан. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын Б/417 дугаартай тушаалаар санхүүгийн баримт хуурамчаар удаа дараа үйлдэж ажил олгогчийн итгэлийг алдсан гэж хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Ажлаас халах тухай даргын тушаалд бичигдсэн санхүүгийн баримт хуурамчаар удаа дараа үйлдсэн асуудал байхгүй. Санхүүгийн баримтыг миний бие бичиж ирдэггүй, санхүүгийн падааныг тухайн байгууллагын ажилтан бичиж надад хүлээлгэн өгдөг. Ерөнхий тогоочийн захиалгын дагуу хүнсний зүйлийг захиалж авдаг. Тухайн өдөр ерөнхий тогооч утсаар хүний тоо өөрчлөгдсөн гэж захиалгаа нэмсэн дагуу Натур фүүд ХХК-аас захиалсан зүйлийг нь авсан. Ер нь дандаа ийм маягаар захиалга хийгддэг, одоо ч ийм байгаа, 196 900 төгрөгийг хувьдаа завшаагүй, ерөнхий тогоочийн захиалсан материалыг авсан. Байгууллагын зүгээс намайг өөрөө хүсэлт өг, эсхүл үйлчлэгчээр ажиллах уу гэж удаа дараа санал болгосон боловч би ажлаа солихгүй гэсэн. Дахин 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хуулийн зөвлөх Э.Ариунаа нь та өөрийн хүсэлтээр ажлаас гарсан нь дээр юм биш үү эсвэл үйлчлэгчийн ажил хийсэн нь дээр гэх мэтээр ажлаас гарахыг шахах буюу сэтгэл санааны дарамтыг байнга учруулж байсан. Мөн хүний нөөцийн ахлах ажилтан 2016 оны 11 дүгээр сард намайг дуудан, та өөрийн хүсэлтээр Их тэнгэр цогцолборт няравын ажлаар яв гэж хэлээд өргөдлөө өг гэсэн ба хэрэв өргөдлөө өгөхгүй бол таныг ажлаас хална гэж дарамталсан. Аюулгүй байдлын төлөөх 2 дугаар зэргийн медалыг 2017 онд надад өгөх байсныг 2019 онд өгсөн нь дараагийн 5 жилийн хугацаанд авах ёстой байсан медалыг хойшлуулж хугацаа алдуулсан. Надад өгөөгүй Алтан гадас одонг хувийн хэрэгт 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр шагнагдсан гэж худлаа бичсэн. Иймд ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн томилж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....- нь тус газарт анх Их тэнгэр цогцолборын захирлын 2002 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 93 дугаартай тушаалаар үйлчлэгчээр томилогдон ажилд орсон бөгөөд Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/416 дугаар тушаалаар Их тэнгэр цогцолборын Санхүүгийн хэсэгт хүнсний хангалт хариуцсан ажилтнаар томилогдон ажилласан. Тус газарт Натур фүүд ХХК-аас ирсэн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр тус газрын Их тэнгэрийн цогцолборыг хариуцсан ажилтан нь 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр бараа бүтээгдэхүүн захиалж авахдаа зарлагын баримтыг хүлээн авч буй барааны тоо ширхэг, үнийг өөрчлөн хоёр өөр байдлаар давхардуулж бичүүлэн авсан байна. Зарлагын баримт давхар бичүүлэн авч, худалдан аваагүй бараа бүтээгдэхүүний үнийн дүн бүхий зарлагын баримтыг тус газарт гарган өгч байгаа нь хууль бус үйлдэл бөгөөд үүнээс шалтгаалж манай компани та бүхэнд худалдаагүй бараа бүтээгдэхүүнээ худалдсан мэтээр буруу, зөрүү ойлгогдож байна. Улмаар тус газрын ажилтны энэхүү хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдлээс болж манай компанийн үйл ажиллагаанд хохирол учирч байна. Иймд та бүхэн ажилтан, албан хаагчдынхаа дээрх хууль бус, ёс зүйгүй үйлдлийг анхаарч цаашид ийм үйлдэл дахин гаргахгүй байхыг хүсье гэх гомдол ирсэн. Дээрх гомдлын дагуу албаны шалгалт явуулж шалгалтын дүнг Төрийн тусгай хамгаалалтын газрын даргад 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр илтгэх хуудсаар танилцуулагдсан ч нөхцөл байдлыг бүрэн тогтоогдоогүй болон хуурамч бичиг баримт байж болзошгүй үндэслэлээр нэмэлт шалгалт явуулахыг даалгасны дагуу нэмэлт албаны шалгалт явуулж шалгалтын дүнг 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр илтгэх хуудсаар танилцуулсан. Албаны шалгалтаар Натур фүүд ХХК-аас ирүүлсэн 2019 оны 06/05 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт дурдсан Төрийн тусгай хамгаалалтын газрын зарим ажилтнууд худалдан авалт хийхдээ худалдан авсан барааны тоо, хэмжээ, үнийн дүнг нэмэгдүүлж бичүүлэх замаар зарлагын баримтыг хуурамчаар бичүүлдэг гэсэн мэдэгдэл нь үндэслэлтэй байна, Их тэнгэр цогцолборын хүнсний хангалт хариуцсан ажилтан ....- нь Натур фүүд ХХК-аас ирсэн зөрчилтэй гэх 1 ш баримтыг шууд харьяалах дээд албан тушаалтан хошууч Э.Ариунчимэгийн өгсөн үүргийн дагуу хуурамчаар, бусад 3 ширхэг зарлагын баримтыг өөрөө хуурамчаар бичүүлсэн, эдгээр баримтуудын бодит худалдан авалтын зөрүү нийт 226 900 төгрөгийн тооцоог байгууллагатай хийгээгүй зэрэг нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ зөрчсөн үйлдэл юм гэсэн дүгнэлт гарсан. Иймд Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/471 дугаар тушаалаар санхүүгийн баримт бичиг удаа дараа хуурамчаар үйлдэж ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан Их тэнгэр цогцолборын санхүүгийн хэсгийн хүнсний хангалт хариуцсан ажилтан Ц. Ганхуягийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэн ажил олгогчийн санаачилагаар хөдөлмөрийн гэрээг нь цуцалж ажлаас халсан. Иймд ....-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төрийн тусгай хамгаалалтын газрын Их тэнгэр цогцолборын хүнсний хангалт хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай ....-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч ....- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ....- давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүй. 2019 оны 5 дугаар сарын 30,31-ний өдрүүдэд худалдан авалтын 4 баримтын 3-ыг нь намайг хуурамчаар үйлдсэн гэж буруутгасан бөгөөд 1 баримт нь ахлах нягтлан бодогчийн заавраар гаргуулан авсныг зөвшөөрсөн байдаг. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт намайг худалдан авсан барааныхаа үнийг өсгөн бичлүүлж байгууллагадаа 196 900 төгрөгийн хохирол учруулсан буруутай гэж дүгнэсэн. Шүүхээс санхүүгийн баримтуудыг үнэлэхдээ яагаад баримтуудыг тийнхүү үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгааныг анхаарч үзээгүй. Хэрэв удирдах албан тушаалтан ахлах нягтлан бодогч анхнаасаа нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг баримтлан өөрсдөө хуурамч баримт бүрдүүлээгүй бол, нэгэнт батлагдсан захиалгад өөрчлөлт оруулаагүй бол миний бие албан үүргээ хэвийн гүйцэтгэх байсан. Хэдийгээр шүүхээр хэлэлцэгдэж буй энэхүү маргаан нь иргэний шүүхэд харьялагдаж байгаа боловч нэг талд төрийн байгууллага, албан тушаалтан байгаа нөхцөл байдлыг шүүх анхаараагүй. Төрийн тусгай хамгаалалтын газраас гаргасан журмын дагуу архивлагдаж үдэгдсэн байх ёстой баримтууд үдэгдээгүй, нотлох баримтын үнэн байдалд эргэлзэж байна гэж шалгуулъя гэхэд энэ хүсэлтийг хүлээн аваагүй. Шалгаж дуусаагүй гэсэн атлаа шалгалтын эцсийн дүгнэлт гараагүй байхад түрүүлээд намайг ажлаас халсан зөрчилдөөнтэй байдлыг мөн харгалзан үзээгүй. Зөрчил гарснаас хойш бүтэн 3 сарын дараа ажилтан эмнэлэгийн чөлөөтэй байх хугацаанд ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч ....- хариуцагч Төрийн тусгай хамгаалалтын газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэн, холбогдох бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Төрийн тусгай хамгаалалтын газарт хүнсний хангалт хариуцсан ажилтанаар хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан ....-ийг тус газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/471 дугаар тушаалаар санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан гэх үндэслэлээр, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-д заасныг баримтлан, ажлаас халж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь хүнсний хангалт хариуцсан ажилтан ....-ийг санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл гаргасан буруутай гэж ажлаас халах үндэслэл болгосон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлана гэж заажээ. Энэхүү зохицуулалт нь ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь эрх бүхий байгууллагын шалгалт болон ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байх-ыг шаарддаг.

Иймээс Төрийн тусгай хамгаалалтын газрын үйл ажиллагааны журмын 120.3-д Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн сахилга, ёс зүйн зөрчлийн талаар гаргасан өргөдөл, гомдол, мэдээлэл болон үйл баримтыг үндэслэн Төрийн тусгай хамгаалалтай газрын шийдвэрээр эрхий бүхий нэгж, албан тушаалтан шалгаж бодит байдлыг тогтоож, дүгнэлт өгөх чиглэлээр албан шалгалтыг явуулах-аар заасны дагуу хариуцагч нь Натур фүүд ХХК-аас ирүүлсэн мэдэгдэлд дурьдсан асуудлаар 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр, 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр тус тус албаны шалгалт явуулжээ. /хх 37-50/

 

Тус шалгалтаар нэхэмжлэгч нь 2019 оны 5 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Натур фүүдс ХХК-аас 3 удаа бодитоор худалдан авсан 2 285 150 төгрөгийн хүнсний барааны санхүүгийн баримтыг 2 480 050 төгрөгөөр бичүүлж, зөрүү 196 900 төгрөгийг байгууллагад буцааж тушаагаагүй, эд хөрөнгө хариуцсан ажилтны хувьд ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай болох нь тогтоогдсон байна.

Хариуцагч байгууллагын тушаалд дурьдсан нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасантай нийцсэн байна. Иймд шүүх нэхэмжлэгчийн хууль бус үйлдлийн талаар нотлох баримтад үндэслэсэн дүгнэлт хийснийг буруутгах үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан Төрийн тусгай хамгаалалттай газрын 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд 2 удаа явуулсан албаны шалгалт, мөн нэхэмжлэгч 2019 оны 9 дүгээр сарын 04-нөөс 2019 оны 9 дүгээр сарын 11, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус тус эмнэлгийн чөлөөтэй байсан болон амбулториар эмчлүүлсэн баримтуудыг үндэслэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна. /хх-20, 77/

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/00378 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч ....- нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Д.БАЙГАЛМАА