Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2020/00378

 

        2020        02          04  

      181/ШШ2020/00378

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: Ц.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ТТХГ УТҮГ -т холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Г, түүний өмгөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, гэрч Э.А, С.С, Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Ц.Г нь ТТХГын Их тэнгэр цогцолбор үйлчилгээний албанд үйлчлэгч, угаагчаар томилогдон 2002 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилласан ба Хүнсний хангалт хариуцсан ажилтанаар 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн хугацаагүй гэрээ дахин байгуулж, хөдөлмөрийн хэвийн нөхцөлд нийт 17 жил ажилласан.

Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ТТХГын даргын Б/417 дугаартай тушаалаар удаа дараа санхүүгийн баримт хуурамчаар үйлдэж ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан гэж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан.

Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс мэднэ. Миний хувьд ажлаас халах тухай даргын тушаалд бичигдсэн удаа дараа санхүүгийн баримт хуурамчаар үйлдсэн асуудал байхгүй.            Санхүүгийн баримтыг би өөрөө бичиж ирдэггүй, санхүүгийн падааныг тухайн байгууллагын ажилтан бичиж надад хүлээлгэн өгдөг.

Ерөнхий тогоочийн захиалгын дагуу хүнсний зүйлийг захиалж авч ирдэг. Тухайн өдөр ерөнхий тогооч араас утасдаж хүний тоо өөрчлөгдөж нэмэгдсэн гээд захиалгаа нэмсэн. Намайг Натур фүүдсээс захиалсан зүйлийг нь авч ирэхэд буцаж очоод үнийг нь нэмүүлээд ир, оронд нь өөр зүйл авна гэж хэлсэн. Ер нь дандаа ийм маягаар захиалга хийгддэг, одоо ч ийм байгаа, 196.900 төгрөгийг би хувьдаа завшаагүй, ерөнхий тогоочийн захиалсан материалыг л авч ирж өгсөн.

Иймээс 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ТТХГын даргын Б/417 дугаартай тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Намайг 2019 оны 7 дугаар сарын сүүлээр эмнэлэгт хэвтэж байхад автын механик ажилтан Эрдэнэчимэг нь надад хандан утсаар та өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдлөө бичээд өгчих эвсэл үйлчлэгчээр ажиллах уу, би очоод хүсэлтийг чинь авъя, өглөө орой байсан ч хамаагүй гэж ярьж байсан.

Дараа нь дахин 2019 оны 7 дугаар сарын сүүлээр хүний нөөцийн ажилтан Эрдэнэтуяа нь утсаар газрын даргын тушаал гарах гээд байна та өөрийн биеэр ирж уулз гэсний дагуу би очиж уулзахад, хүний нөөцийн ахлах ажилтан Солонго, хүний нөөцийн ажилтан Эрдэнэтуяа, хуулийн зөвлөх Гансүх нар нь надтай уулзан таныг ажлаас халах гэж байна, та өөрийн хүсэлтээр ажлаас гарах уу эсвэл үйлчлэгчийн ажил хийх үү, өөр орон тоо байхгүй гэж хэлэхэд нь би ажлаа солихгүй гэж хэлж байсан.

Дахин 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хуулийн зөвлөх Ариунаа нь надтай уулзаж та өөрийн хүсэлтээр ажлаас гарсан нь дээр юм биш үү эсвэл үйлчлэгчийн ажил хийсэн нь дээр юм биш үү гэх мэтчилэн удаа дараа ахлах ажилтнууд намайг ажлаас гарахыг шахах буюу сэтгэл санааны дарамтыг байнга учруулж байсан. Тэр ч байтугай хуулийн зөвлөх Ариунаа нь байгууллагыг төлөөлж би тантай шүүхийн газар уулзах болно, намайг бол барахгүй, би байгууллагаа ялуулаад гарна, та бол барахгүй гэх мэт үгийг хэлж байсан.      

Мөн санхүүгийн албаны ахлах нягтлан буюу хэсэг бүлэг хүмүүс сэтгэл санааны дарамт, хавчих зэрэг асуудлуудыг байнга хэлж дарамттай ажиллуулж байсан.

Би энэ байгууллагад 2002 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчлэгчийн ажилд анх ороод өнөөг хүртэл үйлчлэгч, угаагч, нярав зэрэг ажлуудыг хийсээр улсад нийт 31 жил ажилласан юм.

Хүний нөөцийн ахлах ажилтан Солонго нь 2016 оны 11 дүгээр сард намайг дуудан, та өөрийн хүсэлтээр Их тэнгэр цогцолборт няравын ажлаар яв гэж хэлээд өргөдлөө өг гэсэн ба хэрэв өргөдлөө өгөхгүй бол таныг ажлаас хална гэж дарамталсан. Энэ шахалт дарамтаас болж өөрийн хүсэлтээр Их тэнгэрт цогцолборт няравын ажлаар очино гэсэн өргөдөл бичиж өгч байсан болно.

Үүнээс хойш Солонго нь ер нь намайг удаа дараа зөрчил дутагдалтай хүн гэж хамт олон, удирдах албан тушаалтнуудад буруу ойлголт төрүүлсээр ирсэн.

Аюулгүй байдлын төлөөх 2 дугаар зэргийн медалийг 2017 онд надад өгөх байсныг 2019 онд өгсөн нь дараагийн 5 жилийн хугацаанд авах ёстой байсан медалийг хойшлуулж хугацаа алдуулж намайг хохироосон.

Надад шагнагдаагүй байсан Алтан гадас одонг хувийн хэрэгт 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр шагнагдсан гэж хуурамчаар бичсэн байсныг хүний нөөцийн ажилтан Эрдэнэтуяа надад үзүүлсэн. Өгөөгүй шагналыг өгсөн гэж хувийн хэрэгт хуурамчаар бичсэнд би гомдож байна. Учир нь би энэ шагналыг улсад 31 жил ажилласан учраас авах ёстой байсан гэж миний хувьд үзэж байгаа юм.

Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эргүүлэн томилуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Ц.Г нь тус газарт анх Их тэнгэр цогцолборын захирлын 2002 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 93 дугаартай тушаалаар үйлчлэгчээр томилогдон ажилд орсон.

Үүнээс хойш бэлтгэл хэсгийн ахлах, сав сервиз, буфетийн нярав, сав угаагчаар, Тусгай үйлчилгээний автобаазад шатахуун түгээх станцын түгээгч, няраваар, Санхүүгийн хэсгийн хүнс, буфетын няраваар шилжин томилогдон ажиллаж байгаад ТТХГын даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/416 дугаар тушаалаар Их тэнгэр цогцолборын Санхүүгийн хэсэгт хүнсний хангалт хариуцсан ажилтнаар томилогдон ажилласан.

Тус газарт Натур фүүд ХХК-аас ирсэн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 06/05 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр тус газрын Их тэнгэрийн цогцолборыг хариуцсан ажилтан нь 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр манай компаниас бараа бүтээгдэхүүн захиалж авахдаа зарлагын баримтыг хүлээн авч буй барааны тоо ширхэг, үнийг өөрчлөн хоёр өөр байдлаар давхардуулж бичүүлэн авсан байна.

Өөрөөр хэлбэл худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ тоо ширхэгийг нэмж бичүүлж, аль эсхүл нэгжийн үнийг нэмж бичүүлэн авч ийнхүү нэмж бичүүлсэн буюу худалдан аваагүй бараа бүтээгдэхүүний үнийг тус газраас гаргуулсан байна.

Ийнхүү зарлагын баримт давхар бичүүлэн авч, худалдан аваагүй бараа бүтээгдэхүүний үнийн дүн бүхий зарлагын баримтыг тус газарт гарган өгч байгаа нь хууль бус үйлдэл бөгөөд үүнээс шалтгаалж манай компани та бүхэнд худалдаагүй бараа бүтээгдэхүүнээ худалдсан мэтээр буруу, зөрүү ойлгогдож байна. Улмаар тус газрын ажилтны энэхүү хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдлээс болж манай компанийн үйл ажиллагаанд хохирол учирч байна.

Иймд та бүхэн ажилтан, албан хаагчдынхаа дээрх хууль бус, ёс зүйгүй үйлдлийг анхаарч цаашид ийм үйлдэл дахин гаргахгүй байхыг хүсье гэж гомдол ирсэн.

Дээрх гомдлын дагуу албаны шалгалт явуулж шалгалтын дүнг ТТХГын даргад 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр илтгэх хуудсаар танилцуулагдсан ч нөхцөл байдлыг бүрэн тогтоогүй болон хуурамч бичиг баримт байж болзошгүй үндэслэлээр нэмэлт шалгалт явуулахыг даалгасны дагуу нэмэлт албаны шалгалт явуулж шалгалтын дүнг 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр илтгэх хуудсаар танилцуулсан.

Албаны шалгалтаар Натур фүүд ХХК-аас ирүүлсэн 2019 оны 06/05 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт дурдсан ТТХГын зарим ажилтнууд худалдан авалт хийхдээ худалдан авсан барааны тоо, хэмжээ, үнийн дүнг нэмэгдүүлж бичүүлэх замаар зарлагын баримтыг хуурамчаар бичүүлдэг гэсэн мэдэгдэл нь үндэслэлтэй байна, Их тэнгэр цогцолборын хүнсний хангалт хариуцсан ажилтан Ц.Г нь Натур фүүд ХХК-аас ирсэн зөрчилтэй гэх 1 ш баримтыг шууд харьяалах дээд албан тушаалтан хошууч Э.Ариунчимэгийн өгсөн үүргийн дагуу хуурамчаар, бусад 3 ширхэг зарлагын баримтыг өөрөө хуурамчаар бичүүлсэн, эдгээр баримтуудын бодит худалдан авалтын зөрүү нийт 226,900 төгрөгийн тооцоог байгууллагатай хийгээгүй зэрэг нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ зөрчсөн үйлдэл юм гэсэн дүгнэлт гарсан.

Ийм учраас ТТХГын даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/471 дүгээр тушаалаар удаа дараа санхүүгийн баримт бичиг хуурамчаар үйлдэж ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан Их тэнгэр цогцолборын Санхүүгийн хэсгийн хүнсний хангалт хариуцсан ажилтан Ц. Ганхуягийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэн ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг нь цуцалж ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд нэхэмжпэгч Ц.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанд гэрч Э.Ариунчимэг, С.Сувд-Эрдэнэ, Г.Ариунзаяа нарын мэдүүлгийг сонсов.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

            Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч ТТХГ УТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

            Ц.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ТТХГ УТҮГ -тай 005 дугаар бүхий Хөдөлмөрийн гэрээ байгуулан Их тэнгэр цогцолборт Хүнсний хангалт хариуцсан ажилтанаар ажиллаж байжээ /хх-ийн 17-18-р хуудас/

Ц.Гийг ТТХГын даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/471 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.-д заасан үндэслэлээр 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон Их тэнгэр цогцолборын Санхүүгийн хэсгийн хүнсний хангалт хариуцсан ажилтаны үүрэгт ажлаас чөлөөлжээ. /хх-ийн 19-р хуудас/

Уг тушаалдаа ажилтныг удаа дараа санхүүгийн баримт хуурамчаар үйлдэж ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан гэж буруутгасан байна.

Б.Ганхуяг нь ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан байна./хх-ийн 2,19-р хуудас/

Ажилтан Ц.Гийн ажлын байрны тодорхойлолтод Хүнсний хангалт хариуцсан ажилтан нь Их тэнгэр цогцолборын зоогийн үйлчилгээний захиалга болон ажилчдын гал тогтооны захилга хүнсний бүтээгдэхүүнийг нийлүүлэх ажлыг нягтлан бодох бүртгэлийн дагуу явуулж санхүүгийн сахилга батыг мөрдөж ажиллана гэжээ./хх-ийн 63, 64-р хуудас/

Ажил олгогч нь Ц.Гтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1.-т Ажилтан нь хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль, ТТХГын үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хорлбогдох дүрэм, журам, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны заавар, гэрээгээр хүлээсэн үүргээ чанд сахин биелүүлэх үүрэгтэй гэжээ./хх-ийн 17,18-р хуудас/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.-т заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хууль санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино гэжээ.

1.ТТХГын санхүү, хангалт үйлчилгээний хэлтэст 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Натур фүүд ХХК-иас ... тус газрын Их тэнгэр цогцолборыг хариуцсан ажилтан нь 2019 оны 5 дугаар сарын 30, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрүүдэд манай компаниас бараа бүтээгдэхүүн захиалж авахдаа зарлагын баримтыг хүлээн авч буй барааны тоо ширхэг, үнийг өөрчлөн хоёр өөр байдлаар давхардуулж бичүүлэн авсан байна. Өөрөөр хэлбэл худалдан авсан бараа, бүтээгдэхүүнийхээ тоо ширхэгийг нэмж бичүүлж , эсхүл нэгжийн үнийг нэмж бичүүлэн авч ийнхүү нэмж бичүүлсэн буюу худалдан аваагүй бараа бүтээгдэхүүний үнийг тус газраас гаргуулсан байна.

Ийнхүү зарлагын баримт давхар бичүүлэн авч худалдан аваагүй бараа бүтээгдэхүүний үнийн дүн бүхий зарлагын баримтыг тус гарган өгч байгаа нь хууль бус үйлдэл бөгөөд үүнээс шалтгаалж буруу зөрүү ойлгот үүсэж манай компанийн үйл ажиллагаанд хохирол учирч байна. Иймд та бүхэн ажилтан албан хаагчдынхаа хууль бус үйлдлийн анхаарч ажиллана уу гэсэн гомдол иржээ./хх-ийн 31-р хуудас/

ТТХГын Үйл ажиллагааны журмын 120.4.2.-т сахилга, ёс зүйн зөрчлийн талаар аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтнаас өгсөн мэдээллийн дагуу албаны шалгалт явуулна гэж,

120.3.-т Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн сахилга, ёс зүйн зөрчлийн талаар гаргасан өргөдөл, гомдол, мэдээлэл болон үйл баримтыг үндэслэн ТТХГын даргын шийдвэрээр эрх бүхий нэгж, албан тушаалтан шалгаж бодит байдлыг тогтоож, дүгнэлт өгөхөд чиглэсэн үйл ажиллагааг Албаны шалгалт гэнэ гэж тус тус заажээ./хх-ийн 124-128-р хуудас\

а.Дээрх журмын дагуу Натур фүүд ХХК-иас ирүүлсэн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 06/05 дугаартай албан бичигт дурдсан гомдлын дагуу шалгалт явуулах бүрэлдэхүүн, төлөвлөгөөг баталж уг төлөвлөгөөний дагуу 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрүүдэд албаны шалгалтыг явуулжээ./хх-ийн 106- р хуудас/

Шалгалтын явцад Натур фүүдс ХХК-иас ирүүлсэн зарлагын баримтууд, Их төнгөр цогцолборын 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх кассын баримт, гал тогоо дансны бараа материалын орлого, зардлагын баримт, тогоочийн хүнсний дэвтэр хүлээн авах бүртгэлийн дэвтэр бусад анхан шатны баримтуудыг шалган, шалгалтын явцад ажилтан Ц.Гаас болсон үйл явдлын талаар тайлбар мэдүүлгийг 2 удаа авч, холбогдох бусад ажилтануудтай уулзаж 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Илтгэх хуудсыг гаргажээ./хх-ийн 37-42, 89-95-р хуудас/

Илтгэх хуудаст:Натур фүүд ХХК-иас ирүүлсэн зарлагын баримтууд нь хоёр өөр янзаар буюу нэг нь хуурамчаар үйлдэгдсэн болох нь тогтоогдож байна гэж дүгнээд захиалыг үнэн зөв гаргах, захиалгын хуудсыг өөрчлөхгүй байх, өөрчилсөн тохиолдолд баталсан эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөл авах, хүнсний бүтээгдэхүүн хүлээн авсан бүртгэлийн дэвтрийг үнэн зөв, бүртгэх, хяналтыг хариуцсан нягтлан бодогч тавих, хүнсний няраваар материалын орлогыг дамжуулан тогоочид хүлээлгэн өгч байх, материалын зарлагыг үнэн бодитоор зарлагадах, нэр төрлийн тайланг тогтмол гаргаж хэвших, худалдан авалтын гүйлгээг бэлэн бусаар хийж хэвших гэсэн саналуудыг гаргасан байна./хх-ийн 37-42-р хуудас/

б.Дээрх шалгалтын дараа буюу 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Натур фүүд ХХК-иас ирүүлсэн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 06/05 дугаартай албан бичгийн дагуу хийсэн шалдгалтын дүнгийн хүрээнд зарим асуудлыг тодорхой болгох зорилгоор албаны шалгалтыг дахин явуулах ажилтан болон төлөвлөгөөг баталж уг төлөвлөгөөний дагуу 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрүүдэд албаны шалгалтыг явуулжээ./хх-ийн 105- р хуудас/

Албаны шалгалтаар: ажилтан Ц.Г нь 2019 оны 5 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Натур фүүд ХХК-иас хийсэн 3 удаагийн худалдан авалтын нийт 2.480.050 төгрөгийн үнийн дүнтэй баримтуудад бичигдсэн барааны төрөл, тоо хэмжээ, үнэ нь бодит биш байгаа тул Натур фүүд ХХК-ийн өгсөн тухайн худалдан авалтын бодит үнийн дүн гэх 2.077.150 төгрөгийн баримтуудыг үгүйсгэх боломжгүй байна. Баримтын зөрчилтэй энэхүү 3 удаагийн худалдан авалтын үнийн дүнгийн зөрүү нийт 402.900 төгрөг\2.480.050-2.077.150= 402.900\ болж байгаа, үүнээс нэмж авсан гэх тахиа амтлагч 20х2500 = 50.000, анчокрем 2х25000=50.000, зайдас 5кг х14000=36000, нийт 206.000 төгрөгийг хасахад 196.900 төгрөг үлдэж байгаа бөгөөд ийм үнийн дүнтэй хүнсний бараа материал тухайн арга хэмжээнд зориулж нэмэлтээр орлогод авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл хүнсний хангалт хариуцсан ажилтан Ц.Г нь тухайн худалдан авалтад зориулж Их тэнгэр цогцолборын касснаас нийт 2.480.050 төгрөгийг бэлнээр авсан, худалдан авалтын бодит үнэ 2.283.150 төгрөг болсон ба үлдэгдэл 196.900 төгрөгийг буцааж тушаасан байдал тогтоогдсонгүй.

Иймд мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтны хувьд ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон Их тэнгэр цогцолборын хүнсний хангалт хариуцсан ажилтан Ц.Гыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.-д заасан үндэслэлээр ажлаас халах, Их тэнгэр цогцолборын мөнгөөр хийсэн 3 удаагийн худалдан авалт болон санхүүгийн хуурамч баримтын зөрүү 196.900 төгрөгийг Ц.Гаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна гэжээ./хх-ийн 43-50-р хуудас/

Дээрх бүхнээс дүгнэхэд ТТХГын Их тэнгэр цогцолборын хүнсний хангалт хариуцсан ажилтан Ц.Г нь 2019 оны 5 дугаар сарын 30-ний өдөр Натур фүүдс ХХК-иас:

хушга... гэх мэт 21 нэр төрлийн барааг 610.400 төгрөгөөр, 725.400 төгрөгөөр авсан гэх баримтуудыг, мөн у.үзэм... гэх мэт 21 нэр төрлийн барааг 504550 төгрөгөөр, 791.550 төгрөгөөр авсан гэх баримтуудыг,

2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр у.алим гэх мэт 6 нэр төрлийн барааг 1.212.000 төгрөгөөр, 1.521.000 төгрөгөөр авсан гэх баримтуудыг, у.сонгино гэх мэт 26 нэр төрлийн барааг 962.100 төгрөгөөр, 1.043.100 төгрөгөөр авсан гэх баримтуудыг бичүүлэн авч Натур фүүдс ХХК-иас худалдан авсан барааныхаа үнийг өсгөн бичүүлж өөрийн ажиллаж буй байгууллагадаа 196900 төгрөгийн хохирол учруулж мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтны хувьд ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл хийсэн болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 114-122-р хуудас/

ТТХГын Их тэнгэр цогцолборын хүнсний хангалт хариуцсан ажилтан Ц.Гыг санхүүгийн баримт удаа дараа хуурамчаар үйлдэж ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан үйлдэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.- д заасан үндэслэлээр ажлаас халсан нь үндэслэлтэй байна.

Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн тайлбарын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ НЬ:

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан ТТХГын Их тэнгэр цогцолборын хүнсний хангалт хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай Ц.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Г нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

.

 

ДАРГАЛАГЧ                        Ч.ИЧИНХОРЛОО