Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2019/01259

 

 

 

 

 

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2019/01259

 

 

 

 

 

ХХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 183/ШШ2019/01037 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч  Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х, Д нарт холбогдох

 

Зээлийн гэрээний гэрээний үүрэгт 12 902 558.98 төгрөг гаргуулж, үүргийг гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч Хын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин, А.Энхмаа, хариуцагч нарын өмгөөлөгч Г.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Х нь Х-тай 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 1090012968 тоот барьцаат гэрээ байгуулан 25 000 000 төгрөгийг, 30 хоногт 2.25 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар үндсэн хөрөнгийн зориулалтаар авсан бөгөөд 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр тус зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж зээлийн хугацааг сунгаж зээлийн дансны дугаарыг 1090025553 тоот болгож өөрчилсөн. Мөн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1090025553 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний дуусах хугацааг 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр болгон сунгаж зээлийн дансны дугаарыг 1090012968 тоот болгож өөрчилсөн. Дээрх гэрээнд Д хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлдэгч үндсэн зээлэнд 16 390 926.86 төгрөг, зээлийн хүүнд 12 564 310.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 105 022.68 төгрөг, нийт 29 060 259.65 төгрөгийг төлсөн.

Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1090012968 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс хойш төлөлгүй, нэхэмжпэл гаргах өдрийн байдлаар 684 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. 1090012968 тоот зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1090012968-01 тоот баталгаат ипотекийн гэрээгээр ...хаягт байршилтай 65.1 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгө, мөн тус хаягт байршилтай 414.38 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрын хамт барьцаалсан. Х удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж байсан ч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах заалт болон 1090012968 тоот зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 8 609 073.14 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн хүүнд 3 865 909.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 427 576.10 төгрөг, нийт 12 902 558.95 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Х, Д нараас 12 902 558.95 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291 591 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х, Д нараас улсын тэмдэгтийн хураамжид 291 591 төгрөг гаргуулж, нэхэмжпэгч ХХХК-д олгож,

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь төлбөр гөлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд Хын өмчлөлийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн ... хаягт байршилтай 65.1 м.кв хувийн сууц, улсын бүртгэлийн Г-2206000574 дугаарт бүртгэгдсэн ... нутаг дэвсгэр 18633305896278 нэгж талбарын дугаартай 414.38 м.кв газар буюу барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Х давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хавтас хэрэгт авагдсан 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэхүү гэрээний зорилго нь банк нь зээлдэгчид 25 000 000 төгрөгийн зээлийг, 30 хоногт 2.25 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, үндсэн хөрөнгийн зориулан зээл олгох... гэж заасан. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний хугацаа 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болохоор байхад зээлийн гэрээний хугацаа дуусахаас 8 сарын өмнө буюу 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 1090012968 дугаартай барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-г байгуулж, уг нэмэлт гэрээний 1.1-д үндсэн гэрээний дагуу 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болохоор заасан хугацааг зээлдэгчийн хусэлтээр 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болгоно гэж тусгав гэжээ. Гэтэл нэхэмжлэгч Х ХХК-аас гаргаж өгсөн нотлох баримтаас харахад хариуцагч нар зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлтийг гаргаагүй бөгөөд харин 10 сарын хугацаанд үндсэн зээлийг төлөлгүй хүү төлөх хүсэлтийг гаргасан. Энэ байдлыг нэхэмжлэгч банкны зүгээс өөрт ашигтайгаар давуу байдлаа ашиглаж, талуудын хүсэл зоригийн илэрхийллийг өөрөөр шийдвэрлэн зээлийн хугацааг сунгасан нь хэлцэл байгуулагдаагүй гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 1090012968 дугаартай барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-д зээлдэгчийг төлөөлж хамтран үүрэг гүйцэтгэгч Д гарын үсэг нэмэлт гэрээнд зураагүй байхад анхан шатны шүүхээс гэрээнд гарын үсэг зурсанаар хэлцэл хүчин төгөлдөр болсон гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй.

Мөн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр №109001268/НӨ-2 тоот 1090012968 тоот зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт-г байгуулж, уг нэмэлт гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д Үндсэн гэрээний 1.1 дэх хэсэгт заасан ерөнхий хугацааг 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 5 сарын хугацаагаар сунгав гэжээ. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний хугацаа дуусахаар бүтэн 2 жилийн өмнө дахин зээлийн гэрээний хугацааг ямар ч үндэслэл, хүсэл зоригийн илэрхийлэлгүй банк өөрийн давуу байдлаа ашиглаж дахин сунгаж байна.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл байхгүй нөхцөлд хэлцэл байгуулагдаагүй гэж үзэх үндэслэлтэй. 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 1090012968 тоот барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт болон 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 109001268/НӨ-2 тоот 1090012968 тоот зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт-ийг хариуцагч нар байгуулагдаагүй гэж үзэж байгаа бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болсон. Хариуцагч нар 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд 1 456 049.67 төгрөг төлсөн. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн дүнг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлээс хасч тооцон шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч ХХХК нь хариуцагч Х, Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12 902 558.95 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

  Талуудын хооронд 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 25 000 000 төгрөгийг, сарын 2.25 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, үүргийн гүйцэтгэлд ..., 65.1 м.кв талбай бүхий хувийн сууц, 414.38 м.кв талбайтай газрыг барьцаалсан зээлийн болон баталгаат ипотекийн гэрээ байгуулагдсан байна. /Хэргийн 11-20 дугаар тал/

 

Зохигчид дээрх гэрээний хугацааг 2015 оны 9 дугаар сарын 23-ны өдөр 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэл, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 5 сараар тус тус сунгасан байна. /хэргийн 21-22 дугаар тал/

 

Гэрээний 4.1-д зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч зээлийн үндсэн төлбөр болон хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх ба нэмэгдүүлсэн хүүгийн нийт хэмжээ нь зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрт ногдох үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байна гэж талууд тохиролцжээ.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцогдох тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас шаардах эрхтэй.

 

Хариуцагч нар зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргаагүй байхад 2015, 2016 оны зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ нэхэмжлэгч тал давуу байдлаа ашиглан сунгасан гэж маргажээ.

 

Хэргийн 107 дугаар талд хариуцагч нарын Манайх 5 сард газар болон хүлэмж түрээслэн хөрөнгө оруулалт хийж ногоо тарьсан. Энэ хугацаанд ногоо, ургац муу авч ашиггүй ажилласан болно. Ийм болоод банкны хугацааг хэтрүүлэн зээл төлж чадаагүй. Бидний энэ байдлыг харгалзан үзэж, бизнесийн орлого сайжиртал 10 сарын хугацаанд хүү төлөх хүсэлтэй байна гэх өргөдөл авагдсан байна. 2015 оны 9 дүгээр сарын 23, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээнд хариуцагч нар харилцан зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар дээрх нэмэлт гэрээнүүд нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэлтэй нийцсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүх зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн эргэн төлөлтийн талаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, үндсэн зээлд 8 609 073.14 төгрөг, зээлийн хүүнд 3 865 909.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 427 576.10 төгрөг, нийт 12 902 558.95 төгрөг хариуцагч нараас гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 , 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй байна. 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээнд гарын үсэг зурахыг зээлдүүлэгч талаас хүчээр тулгасан, дарамталсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаарх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Тиймээс зээлдэгчийн төлсөн мөнгөн төлбөрийг 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүртэл зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд суутган тооцсоныг буруутгах хуулийн үндэслэлгүй болно.

 

Мөн нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч Д гарын үсэг зурсан эсэх талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд маргаж, шинжээч томилох хүсэлт гаргах, тухайн гэрээний хүчин төгөлдөр бус байдлын талаар сөрөг нэхэмжлэл гаргах зэргээр маргаагүй байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Үүний зэрэгцээ хариуцагч Дын 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Х зээлийн хэлтсийн удирдлагын хэлтэст гаргасан хүсэлт, 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагч Холгосон итгэмжлэл зэрэг баримтуудад зурсан гарын үсгийг /хэргийн 107, 117 дугаар тал/ 2015, 2016 оны зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээтэй харьцуулан үзэхэд тэрээр гарын үсгээ хэд хэдэн янзаар зурсан байна.

 

Иймд хариуцагч Хын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 183/ШШ2019/01037 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Хын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

А.МӨНХЗУЛ