Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2019/01037

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 01 өдөр

        Дугаар 183/ШШ2019/01037

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч:  Х /РД :/,

Хариуцагч: Д /РД: / нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 12 902 558.95 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхмаа, Х.Тэмүүжин, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, хариуцагч нарын өмгөөлөгч Г.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхмаа, Х.Тэмүүжин нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Д.Х нь “Х”-тай 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 1090012968 дугаартай гэрээ байгуулан 25 000 000 төгрөгийг 30 хоногт 2.25 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар үндсэн хөрөнгийн зориулаптаар авсан. 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр тус зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж зээлийн хугацааг сунгаж зээлийн дансны дугаарыг 1090025553 тоот болгож өөрчилсөн. Мөн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1090025553 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж зээлийн гэрээний дуусах хугацааг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр болгон сунгаж зээлийн дансны дугаарыг 1090012968 тоот болгож өөрчилсөн. Дээрх гэрээнд М.Д нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 16 390 926.86 төгрөг, зээлийн хүүнд 12 564 310.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 105 022.68 төгрөг буюу нийт 29 060 259.65 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1090012968 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс хойш төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 684 хоног хугацаа хэтрүүлээд байгаа бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан байна. 1090012968 тоот зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1090012968-01 тоот баталгаат ипотекийн гэрээгээр №000113409, Ү-2206005937 тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 7 гудамж 252 тоот хаягт байршилтай 65.1м.кв талбайтай хувийн сууцны зориулаптай үл хөдлөх хөрөнгө, мөн тус хаягт байршилтай №000011837, Г-2206000574 дугаартай 414.38 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрын хамт барьцаалсан. “Х” нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж байсан ч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлээгүй байна.  Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1090012968 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 8 609 073.14 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар хүү 3 865 909.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 427 576.10 төгрөг нийт 12 902 558.95 төгрөгийг Д.Х, М.Д нараас гаргуулж өгнө үү. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Банкнаас 25 000 000 төгрөгийг анх зээлсэн нь үнэн. Бид хувиараа хүлэмжээр ногоо тарьдаг. Тэгээд хувийн аж ахуй маань бүтэлгүйтэж зээлээ төлөхөд хэцүү болсон. Би огт ойлгоогүй тэр зээлийн гэрээний сунгалтууд дээр гарын үсэг зурсан байна. Бид хүүгээ төлье гэж хүсэлт гаргасан. Тухайн үедээ гэрээг нь гүйцэд уншаагүй зүгээр гарын үсэг зурсан гэв.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Г.Чинбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Х” ХХК-ийн зүгээс 12 902 558.95 төгрөг гаргуулахаар нэхэмжлэхдээ 3 гэрээний асуудал ярьдаг. 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Д.Х, М.Д нарт мөнгө зээлсэн. Үүнтэй холбоотой зээлийн гэрээнд 2 удаа нэмэлт өөрчлөлт хийж 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээний хугацааг өөрчилж, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулан 2018 оны 05 дугаар сарын 17-ны  өдрийг хүртэл сунгахаар тохиролцсон. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 5 сарын хугацаагаар сунгахаар тус тус гэрээ байгуулсан. Хариуцагч нар нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулж 25 000 000 төгрөг зээлсэнд маргахгүй. Өөрөөр хэлбэл үндсэн зээл төлөх асуудалд маргахгүй. Тооцоолол дээр маргаж байна. Зээлийн гэрээ 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдахдаа зээлийн гэрээний хугацаа 36 сар байхаар тохиролцсон. Гэтэл 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр буюу зээлийн гэрээний хугацаа дуусахаас 8 сарын өмнө зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад зээлийн гэрээний хугацааг сунгасан байдлаар нэмэлт өөрчлөлт оруулсан. Хавтаст хэрэгт “Хасбанк” ХХК-ийн гаргасан нотлох баримтаар хариуцагч нарын зүгээс “Хинд” гаргасан хүсэлт нь огт хугацаа сунгах талаар байгаагүй. Хариуцагч нарт зээлийн гэрээний хугацаа сунгах хүсэл сонирхол байгаагүй. Үндсэн зээлийн асуудлыг түр хойшлуулж өгөөч, зөвхөн хүүг төлөе гэх хүсэлт зоригийн илэрхийлэл хариуцагч нараас гартал “Хасбанк” ХХК-ийн зүгээс өөрсдийн давуу талыг ашиглан зээлийн хурлаар зээлдэгч М.Д, Д.Х нар зээлийн гэрээг сунгах хүсэлт гаргасны дагуу зээлийн гэрээг сунгахаар шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 39-д зааснаар хүсэл зоригийн илэрхийллийг шууд утгаар тайлбарлана. Хүсэл зоригийн илэрхийлэл байхгүй байхад гэрээ байгуулагдсан буюу Иргэний хуулийн 196-н асуудал яригдаж байгаа бол энэ анхнаасаа гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэл сунгасан гэрээ байхад ямар ч шалтгаангүйгээр дахин сунгасан. Хавтаст хэрэгт энэний хүсэл зоригийг илэрхийлсэн хүсэлт байдаггүй. Гэтэл хүсэлтийг үндэслэн гээд сунгасан. Д.Х, М.Д нараас бидний бизнесийн үйл ажиллагаа доголдож, бизнес амжилттай хэрэгжиж байх үеийн өндөр төлөлтийг хийхэд хүндрэлтэй байх тул бидэнд учирсан бизнесийн хүндрэлтэй нөхцөл байдлыг хүлээж аван эргэн төлөлтийн хуваарийг өөр байдлаар хийж өгнө үү гэх хүсэл зоригийн илэрхийллийг “Х” ХХК-ийн зүгээс өөрт ашигтайгаар зээлийн гэрээний хугацаа сунган 3 жилийн турш дахин хөөн бодох аргаар хийж байна. Энэ гэрээ бол хүсэл зоригийн илэрхийлэл байхгүй, анхнаасаа байгуулагдаагүй хэлцэл юм. Байгуулагдаагүй хэлцэл учраас Иргэний хуулийн 216.4-т заасны дагуу 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан “Х” ХХК, Д.Х, М.Д нарын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээний хугацааг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөр дуусгавар болгохоор байна. Энэ цаг хугацаанаас хойш төлөгдсөн төлбөрийг Иргэний хуулийн 216-д заасны дагуу хүүнд төлөгдсөн нөхцөлүүдийг үндсэн зээлээр тооцож, зээлийн тооцооллыг өөр байдлаар шийдэж өгнө үү. Тэгвэл тооцооллын хувьд өөр гарна. “Х” ХХК-ийн зүгээс тооцоолол гаргаж өгсөнгүй. Хариуцагчид зээл төлөлттэй холбоотой баримт байдаггүй, “Х” ХХК-иас гаргаж өгсөн дансны хуулга байдаг.Зээлийн гэрээний хугацааг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр дууссанаар тооцвол хугацаа нь дууссанаас хойш хүүнд төлөгдсөн төлбөрүүдийг үндсэн зээлээс хасалт хийх аргачлалаар бодвол өөр дүн гарна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Д.Х, М.Д нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 12 902 558.95 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэг үндсэн төлбөр 8 609 073.14 төгрөг, зээлийн хүү 3 865 909,71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 427 579,10 төгрөг, нийт 12 902 558,95 төгрөг гаргуулж, баталгаат ипотекийн гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тайлбарлажээ.

Хариуцагч нар нь 25 000 000 төгрөгийн зээл авч барьцаат зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээ байгуулагдсан талаар маргаагүй бөгөөд гагцхүү нэхэмжлэлийн шаардлагаас хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг, үндэслэлгүй гэрээг сунгасан хугацаанд төлсөн хүү, нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлээс хасах ёстой гэж маргав.

“Х” ХХК болон Д.Х, М.Д нарын хооронд 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 1090012968 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр банк 25 000 000 төгрөгийг 30 хоногт 2.25 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлсэн байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.

Хариуцагч нар нь зээлээ гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж чадахгүй байснаас 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрүүдэд тус тус гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж гэрээний хугацааг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр болгон сунгасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Ингэж гэрээний хугацааг сунгасан нь хариуцагч нарын хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй, хариуцагч нар 10 сарын хугацаанд зээлийн хүүг төлөх хүсэлт тавьсныг нэхэмжлэгч давуу байдлаа ашиглаж гэрээний хугацааг сунгасан тул сунгасан хугацаанд төлсөн хүү, нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлээс хасах ёстой гэсэн хариуцагч нарын өмгөөлөгчийн тайлбар нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.” гэж заасан.  

 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1090012968 тоот барьцаат зээлийн гэрээ, мөн өдрийн 1090012968-01 тоот баталгаат ипотекийн гэрээ, 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөд талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан байх тул шүүхээс хуульд заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзсэн бөгөөд уг зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн, нэхэмжлэгч нь 25 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн ба зээлдэгч нар нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байна.

Хэрэгт авагдсан барьцаат зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваариас үзвэл талууд зээл эргэн төлөлтийн хуваарийг баталсан, зээлийн гэрээнд үндсэн төлбөр, хүүг эргэн төлөлтийн графикийн дагуу төлөх, гэрээний 4.1-т зээлдэгч нь зээлийн хүү, үндсэн зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдол нэмэгдүүлсэн хүү төлөх ба нэмэгдүүлсэн хүүгийн нийт хэмжээ нь зээлийн төлөгдөөгүй нийт үндсэн төлбөрт ногдох үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж тус тус тохиролцжээ.

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний хугацаа 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дууссан хэдий ч талуудын тохиролцсоны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй юм.

Түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан учраас нэхэмжлэгч нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээний дагуу хариуцагч нараас шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд хариуцагч Д.Х, М.Д нар нь гэрээнд заасан үндсэн төлбөр, хүүг гэрээний дагуу төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 8 609 073,14 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байгаа талаар маргаагүй.

Нэхэмжлэгч “Х” ХХК болон хариуцагч Д.Х, М.Д нарын хооронд байгуулагдсан 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, мөн өдрийн баталгаат ипотекийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 7 гудамж, 252 тоот хаягт байршилтай 65.1 м.кв талбайтай Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2206005937 дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, тус хаягт байршилтай 414.38 м.кв талбайтай Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2206000574 дугаарт бүртгэгдсэн газрыг барьцаалжээ.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Иймд хуулийн дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч Д.Х, М.Д нараас зээлийн гэрээний үүрэгт 12 902 558.95 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 291 591 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 291 591 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Д.Х, М.Д нараас 12 902 558.95 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291 591 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Х, М.Д нараас улсын тэмдэгтийн хураамжид 291 591 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд Д.Хын өмчлөлийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2206005937 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн дугаар хороо, Дэнжийн дугаар гудамжны тоот хаягт байршилтай 65.1м.кв хувийн сууц, улсын бүртгэлийн Г-2206000 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн дугаар хороо, Дэнжийн дугаар гудамжны тоот нутаг дэвсгэр 1863330 нэгж талбарын дугаартай 414.38м.кв га газар буюу барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.САРАНТУЯА