Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довдоны Очмандах |
Хэргийн индекс | 106/2016/0149/э |
Дугаар | 767 |
Огноо | 2016-12-01 |
Зүйл хэсэг | 215.3., |
Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 767
Б.Мэнджаргалд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Гансүх, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Оюун-Эрдэнэ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнгөнтуул, түүний өмгөөлөгч З.Ганчимэг,
ялтан Б.Мэнджаргалын өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр, Л.Мөнхсайхан,
нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Мэнджаргал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнгөнтуул нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Мэнджаргалд холбогдох 201624000651 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Дархчууд овогт Бууралын Мэнджаргал, 1975 оны 1 дүгээр сарын 14-нд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 6 дугаар гудамжны 1772 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны 64 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ДЮ75011418/;
Б.Мэнджаргал нь 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “ТБД андууд” дэлгүүрийн урд замд 83-98 УНА улсын дугаартай, “Тоёота приус” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Мөнгөншагайг мөргөж бие махбодид нь “...баруун чамархай ясны хугарал, зүүн тал бөмбөлгийн хатуу бүрхүүл доорхи цус харвалт, духны шарх, баруун тохой, зүүн шагайн зулгаралт, баруун суудал ясны дээд салаа, умдаг ясны доод салааны далд хугарал...” гэсэн гэмтлүүдийг учруулсан,
мөн уг зам тээврийн ослыг гаргаад Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх,” гэсэн заалтуудыг зөрчин зам ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Б.Мэнджаргалд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Дархчууд овгийн Бууралын Мэнджаргал нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай болон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Б.Мэнджаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Мэнджаргалын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр мөн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Мэнджаргалд оногдуулсан 3 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,
хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Мэнджаргал нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1,725,000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогчид баримтаар төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдан ирсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 096231 тоот үнэмлэх, машины гэрлийн хуванцар эд зүйлийг устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх, зам тээврийн ослын талаарх бичлэг бүхий улаан өнгийн флаш дискийг хэрэг хадгалах хүртэл хугацаагаар хавсаргаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн цаашид гарах эмчилгээний төлбөр 20,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж, хохирогч цаашид гарах эмчилгээний баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсэгт зааснаар Б.Мэнджаргалд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,
Б.Мэнджаргалд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Ялтан Б.Мэнджаргал давж заалдах гомдолдоо: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Би тухайн үед ногоон гэрлээр явж байгаад хараагүйн улмаас хохирогчийг мөргөж хүнд гэмтэл учруулсандаа харамсаж байна. Осол гаргаад машинаа зогсоогоод буух гэтэл миний толгой эргэж унах гэхээр нь сахар унаж байна үхэж магадгүй гэж айгаад сахарын тариагаа хийлгэх ёстой гэснээс өөр зүйл бодож чадалгүй гэртээ ирсэн. Үүнээс болоод хохирогчид тусалж цагдаа, эмнэлэг дуудаагүйдээ маш их харамсдаг. Тэгээд бөөрний аппаратад орох ёстой байсан тул ороод цагдаа дээр өөрөө очиж хэргээ хүлээсэн. Би бөөрний архаг дутагдлын төгсгөлийн шат, цусны эргэлтийн архаг дутагдлын төгсгөлийн шатны өвчтэй, цус шүүх эмчилгээнд 7 хоногт гурван удаа ордог, сэтгэл санаа цочирдох, ядрах болон бусад шалтгааны улмаас хялгасан судасуудад харвалт өгч цус алдахад тогтдоггүй, уушги устдаг, даралт байнга ихэсдэг, сахар унадаг, амь насанд аюултай хүнд өвчтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс цагдан хоригдож тус ангийн эмнэлэгт шууд хэвтэн 1 хоноод бүх бие хавагнаж биеийн байдал муудан яаралтайгаар гемодиализ эмчилгээ хийлгэдэг цэргийн госпиталийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж эмчлүүлж байна. Би хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлсөн, шүүх намайг одоогоор төлөх төлбөргүй гэсэн. Харин хохирогчийн нэхэмжлээд байгаа 20 сая төгрөгийг бөөнөөр төлөх ямар ч боломжгүй, түүний гомдлыг барагдуулж чадахгүй байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг хариуцан төлөх болно. Хорих газар байх нь эмчилгээ болон гам алдагдаж, сэтгэл санааны хямралаас болоод амь насаа алдаж болзошгүй байна. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнгөнтуул давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний хүү Б.Мэнджаргалын буруутай үйлдлийн улмаас эрүүл мэнд, амьдралаараа хохирч сэтгэцийн эмгэгтэй болж маш хүнд байдалд байна. Б.Мэнджаргал эмчилгээнд зарцуулсан мөнгө болох 1 сая гаруй төгрөгийг өгсөн. Миний бие хүүгээ цаашид эмчлүүлэх шаардлагатай байх бөгөөд энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хохирогчид ямар эмчилгээ сувилгаа хийлгэх нь тодорхойгүй, нотлох баримтгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангахгүй орхисонд гомдолтой байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолыг хянан үзэж хохирогчид учирсан гэм хорын хохирлыг гаргуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Б.Мэнджаргал цаашид гарах эмчилгээний зардлыг хариуцна, өнөөдөр 2,000,000 төгрөгийг хохиролд өгнө гэсэн. Өвчтэй хүнийг цагдан хорих шаардлага байхгүй гэж бодож байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнгөнтуулын өмгөөлөгч З.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэргийн улмаас хохирогч сэтгэцийн өвчтэй болж, гэм хор арилаагүй байгаа. Анхан шатны шүүх эмчилгээний зардлыг жич шийдвэрлүүлэхээр нээлттэй үлдээсэн. Хохирогч эмчилгээнд орох мөнгө байхгүй, хүүхдийнх нь сэтгэцийн өвчин эдгэрэхгүй байгаа учир давж заалдах гомдол гаргасан. Б.Мэнджаргалын талаас 2,000,000 төгрөг өгнө гэсэн. Ялтан бие муутай, бөөрний 3 дугаар зэргийн дутагдалтай хүн тул гомдолгүй гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэлж байна. Түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж үзэж байна...” гэв.
Ялтан Б.Мэнджаргалын өмгөөлөгч Л.Мөнхсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй. Б.Мэнджаргал нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн учир түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү. Тэрээр амь насанд аюултай хүнд өвчтэй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад Б.Мэнджаргалын “учирсан бодит хохирлыг бүрэн төлж барагдуулсан” гэсэн. Ялтны ар гэрийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2,000,000 сая төгрөгийг одоо хүлээлгэн өгнө. Харин цаашид гарах эмчилгээний зардлын талаар тухай бүрд нь харилцан ярилцаж байхаар тохиролцсон. Б.Мэнджаргал хэргээ хүлээж Цагдаагийн байгууллагад очсон, бие муутай зэргийг харгалзан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв
Ялтан Б.Мэнджаргалын өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цагдан хорих 461 дүгээр ангид 1 хоноод маргааш нь яаралтай заалтаар эрчимт эмчилгээнд шилжсэн. Амь насаа алдаж болзошгүй нөхцөл байдалд байна. Түүний ийм байдалд орсон нь хохирогчид сөрөг байдал үүсгэхээр байна. Хохирлын талаар тодорхой хэмжээнд ойлголцолд хүрсэн. Б.Мэнджаргал хохиролд 2,000,000 төгрөг өгье, цаашид гарах зардлуудыг төлөөд явна гэсэн. Б.Мэнджаргал нь цусны эргэлтийн, бөөрний архаг дутагдалтай тул зөвхөн автомашинаар эмчилгээнд явах боломжтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэх шалгуур нь хохирлыг нөхөн төлсөн буюу гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан байх юм. Тухайн этгээдийн хувийн байдал, гэм хор арилгасан нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах эрх хэмжээ шүүхэд байгаа...” гэв.
Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “...Б.Мэнджаргал нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа явган хүний гарцаар гарч байсан явган зорчигчийг мөргөж, зам тээврийн осол гарсан газрыг орхиж явсан. Энэ үйлдлээ өөрийн эрүүл мэндийн байдалтай холбож тайлбарладаг. Осол гаргаад ослын газар болох “ТБД Андууд” дэлгүүрийн урд талаас өөрийнхөө гэр хүртэл Улаанбаатар хотын хамгийн хөдөлгөөн ихтэй авто замаар явж гэртээ харьсан байдаг. Сахарын уналтад орсон хүн хэвийн үйлдэл хийх чадвар баримжаагаа алддаг. Гэтэл Б.Мэнджаргал нь ийм хол замыг туулж өөрийн амь насыг аварсан гэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Хохирогчийн хувьд гавал тархины суурь ясны хугарал гэмтлийн улмаас сэтгэцийн өвчтэй болсон. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болох хүртэлх 3 сарын хугацаанд Б.Мэнджаргал компьютер томографийн зураг авахуулахад 80,000 төгрөг, эм авахад 60,000 төгрөг, 105,000 төгрөгөөр эм авч өгснөөс өөр хохирол төлөөгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар 1,725,000 төгрөг гаргуулахаар байсныг шүүх хуралдааныг хойшлуулж байж төлсөн байдаг. Өнөөдрийн хувьд гэхэд, гомдолгүй гэж хэлбэл 2,000,000 төгрөг өгнө гээд мөнгөө цүнхэндээ хийгээд өгөө ч үгүй авч явж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хууль зүйн үндэслэл байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилсан гэж үзэх үндэслэл байхгүй. Хохирогч залуугийн өвчний түүхийг авч үзэхэд, өвчний эдгэрэл сайжралыг олсон гэх зүйлийг олж харсангүй. Эмчилгээний үр дүн гараагүй унаж байгаа, сэтгэцийн өөрчлөлтөд орж байгаа талаар ээж нь ярьж байна. Энэ нь өөрийгөө бие дааж авч явах чадваргүй, гэмтэл нь даамжирч байгааг харуулж байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.
Б.Мэнджаргалд холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг тогтоож, дүгнэлт хийн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Б.Мэнджаргал нь 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “ТБД андууд” дэлгүүрийн урд замд 83-98 УНА улсын дугаартай, “Тоёота приус” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Мөнгөншагайг мөргөж бие махбодид нь “...баруун чамархай ясны хугарал, зүүн тал бөмбөлгийн хатуу бүрхүүл доорхи цус харвалт, духны шарх, баруун тохой, зүүн шагайн зулгаралт, баруун суудал ясны дээд салаа, умдаг ясны доод салааны далд хугарал...” гэсэн гэмтлүүдийг учруулсан, мөн уг зам тээврийн ослыг гаргаад Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх,” гэсэн заалтуудыг зөрчин зам ослын газрыг санаатай орхиж зугтаасан болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнгөнтуулын “...М.Мөнгөншагай бол миний хүү байгаа юм, би 2 хүүхэдтэй, Мөнгөншагай том нь байгаа юм. Манай гэр ТБД-н урд байрлах Сод Монгол ШТС-ын замын урд талын байр юм. Хаяг нь Баянгол дүүргийн 3 хороо, 41-4-39 тоот юм. Мөнгөншагай одоо гэртээ байгаа, сэтгэхүй өөрчлөлттэй, хий юм хараад, одоогоос 5-6 жилийн өмнөх юм яриад маш хэцүү байна, мөн аарцагны яс гэмтэлтэй байгаа. Одоогийн байдлаар 2 сая төгрөг зарцуулсан. Мөн бас бус зардлууд байгаа. Түүнчлэн осолд өртөх үедээ Мөнгөншагайгийн өмсөж явсан шорт, фудволка, гар утас зэрэг нь эвдэрч гэмтсэн, дахин ашиглах боломжгүй болсон. Жолоочийн талаас КТГ-н зураг авахуулах 80,000 төгрөг, эм аваарай гэж 60,000 төгрөг, 105,000 төгрөгөөр эм авч өгсөн. Өөр мөнгө өгөөгүй. Эрүүл саруул хүүхэд байсан...” /1-р хх-ийн 44-45 тал/,
гэрч Д.Одончимэгийн “...2016 оны 7 дугаар сарын 16-ны орой 22 цагийн үед Эрдэнэт хотоос Улаанбаатар хотод ирчихсэн байсан Мэнджаргалын найз Пионер манай гэрт ирсэн юм. Мэнджаргал, Пионер хоёр юм ярьж суусаар байгаад бараг 2016 оны 7 дугаар сарын 17-ны шөнийн 03 цаг хүргэсэн. Пионерыг хоночихоод яв гэсэн чинь маргааш өглөө эрт Эрдэнэт рүү гарах ёстой, таван шард байх хамаатныдаа очиж хононо гээд 03 цаг өнгөрч байхад Мэнджаргал, Пионер хоёр гэрээс гарсан. Нөхөр маань 83-98 УНА улсын дугаартай, “Тоёота приус” загварын автомашинаа жолоодоод явсан бөгөөд 04 цаг өнгөрч байхад Мэнджаргал буцаж гэртээ ирсэн. Мэнджаргал орж ирэхдээ бие муудаад байна гэхээр нь даралтыг нь үзсэн чинь өндөрсчихсөн, мөн сахарыг нь үзсэн чинь багасчихсан байсан. Тэгэхээр нь даралтных нь эмийг уулгачихаад, глюкоз тариа тарьсан. Ингэсний дараа Мэнджаргалын бие нь тавирч дээрдсэн. Ингэж байтал бараг 06 цаг болсон байх, Мэнджаргал тэр үед нэг л сонин хямарсан байдалтай байгаад байсан. ...2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр нь амралтын өдөр бүтэн сайн байсан болохоор Мэнджаргал бид хоёр гэртээ амарсан. Орой 22 цагийн үед би Мэнджаргалаас чиний бие зүгээр үү, яагаад ийм сонин болоод байгаа юм бэ гэсэн чинь өөдөөс осол болсон, хүн шүргэчихлээ, “ТБД андууд”-ын урд гэсэн. Би тэр хүнээ яасан юм бэ гэхэд ард л хоцорсон, би уул нь машинаа зогсоогоод очих гэсэн чинь зүрх салгалаад бие муудаад байсан болохоор сахар болохоо байлаа, эхлээд өөртөө арга хэмжээ авахгүй бол үхэх юм байна гэж бодоод, шууд гэртээ ирсэн гэж хэлсэн. ...Маргааш өглөө нь 08 цаг 15 минутын үед бөөрний аппаратандаа /цус шүүлгэх зориулалттай/ орохоор Госпиталь руу явсан. Эмч Болороогийн хамт Баянгол дүүргийн Замын цагдаагийн тасаг дээр очиж болсон асуудлыг хэлсэн. 83-98 УНА улсын дугаартай автомашин нь Мэнджаргалын машин 2015 онд “Бичил глобус” ББСБ-аас 2,500,000 төгрөгийн зээл аваад барьцаанд тавьсан байгаа...” /1-р хх-ийн 59-61 тал/,
гэрч Б.Лхагвадоржийн “...Би 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр өөрийн ажил болох Баянгол дүүргийн Замын цагдаагийн тасаг дээр байж байхад манай ажилтан а/х Отгонбаяр дээр Мэнджаргал гэгч ирсэн. а/х Отгонбаяр Мэнджаргалыг осол хийсэн талаар мэдээд надад хэлсэн. Би Мэнджаргалтай уулзахад тэрээр осол хийчихээд, сахарын өвчин хөдлөөд тухайн үед ослын газар дээр байгаагүй гэж хэлсэн. Тухайн үед Баянгол дүүргийн “ТБД андууд”-ын урд замд осол үйлдэгдсэн талаар манай тасгийнхан мэдэж байсан бөгөөд холбогдож жолоочийг нь хайж байсан юм. Тэгээд Мэнджаргалыг дээрх осол үйлдсэн болохыг тогтоож, х/ч Мөнхзулд хүлээлгэн өгсөн. Мэнджаргал нь өөрөө цагдаагийн байгууллагад хүрэлцэн ирсэн...” /1-р хх-ийн 62-63 тал/,
гэрч Т.Пионерын “...Би он сар өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан 2016 оны 7 дугаар сарын дундуур бямба гаригт Улаанбаатар хотод хувийн ажил хөөцөлдөж байгаад оройн цагаар Сансар төвд Мэнджаргалын гэрт очиж Мэнджаргалтай уулзсан. Мэнджаргалын байрны гадаа уулзсан. Мэнджаргал намайг гадаа харанхуй болчихсон байна, гэрт чинь хүргэж өгнө гээд өөрийнхөө “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгсэлээр 5 шард хүргэж өгөөд ганцаараа гэртэй харина гээд явсан. Мэнджаргалын байрны гадна талын зогсоолоос хөдлөхөд шөнийн 01-02 цаг болж байсан. Мэнджаргал бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Мэнджаргал бөөрний архаг дутагдал оноштой, хоёр бөөр нь устчихсан, байнга аппаратанд ордог. Би элэгний 70 хувийн хавдартай байдаг тул архи уух ямар ч боломж байхгүй. Улаанбаатар хотын Хавдар судлалын эмнэлгийн элэгний тасгийн Эрдэнэбулган эмчийн байнгын хяналтад байдаг. Мэнджаргалтай багийн найзууд болохоор нэг нэгэнтэйгээ уулзахаар хуучилж хөөрдөг, нэг нэгэндээ сэтгэлийн дэм өгч өвчнөө ялна гэсэн утгатай ярьдаг. Мөн өвчинд тийм эм, өвс, ардын эмчилгээ сайн гэж нэг нэгэндээ хэлдэг, зөвлөдөг юм...” /1-р хх-ийн 66-67, 188 тал/,
шинжээч Т.Амартүвшингийн “...Гэмтлийн зэрэг тогтоох журамд гэмтлээс үлдсэн үлдэц, хор уршигийг тогтоох заалт байдаг. М.Мөнгөншагайд тогтоогдсон сэтгэцийн эмгэг нь одоогоор гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Энэ нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Уг эмгэг нь улам даамжирч ойгүйдэл нь сэргэхгүй, улмаар уналт таталтын шинж илэрвэл гэмтлийн зэрэгт хамаарна, хамаарахдаа тухай үеийн өөрчлөлтөөр гэмтлийн зэрэгт хамаарах эсэхийг шийднэ...” /1-р хх-ийн 112 тал/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 10017 дугаар “...Мөнгөншагайгийн биед баруун чамархай суурь ясны хугарал, зүүн тал бөмбөлгийн хатуу бүрхүүл доорхи цусан хураа, тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, духны шарх, баруун тохой, зүүн шагайн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний явцаас хамаарна...” /1-р хх-ийн 76 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1324 дугаар “...Мөнгөншагайгийн биед 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн зам тээврийн ослын улмаас баруун суудал ясны дээд салаа, умдаг ясны доод салааны далд хугарал гэмтэл учирсан байх боломжтой байна. Уг гэмтэл нь урьд гаргасан шүүх эмнэлгийн үзлэгийн 10017 тоот актанд тусгагдаагүй байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна...” /1-р хх-ийн 245-246 тал/,
Замын цагдаагийн газрын 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 442 дугаар “...83-98 УНА улсын дугаартай, “Тоёота приус” загварын тээврийн хэрэгслийн жолооч Б.Мэнджаргал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх, 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч М.Мөнгөншагай нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.5 Хөдөлгөөн зохицуулж байгаа үед зам хөндлөн гарахдаа явган зорчигчид зориулсан гэрлэн дохио /ийм гэрлэн дохио байхгүй бол зэрэгцээ хөдөлгөөний тээврийн хэрэгсэлд зориулсан гэрлэн дохио/ буюу зохицуулагчийн зөвшөөрсөн дохиогоор зорчих хэсэгт орно. Хэрэв зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй байхад дохио өөрчлөгдвөл энэ дүрмийн 5.2-т заасныг баримтална” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6142 дугаарт шинжээчийн дүгнэлтэд явган зорчигчийн “цусанд спиртийн агууламж илэрсэн, согтолтын хүнд” зэрэгт хамаарна гэсэн боловч явган зорчигч М.Мөнгөншагайг мөн дүрмийн “3.9 Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна. Учир нь согтууруулах ундаа нь хүний биеийн онцлог байдлаас хамаарч харилцан адилгүй байдлаар нөлөөлдөг, мөн камерын бичлэгээс харахад явган зорчигч М.Мөнгөншагай нь явган хүний гарцаар алхаж явсан бөгөөд түүнийг өөрийгөө хянаж, жолоодох чадвартай байсан гэж үзэхээр байна. 83-98 УНА улсын дугаартай, “Тоёота приус” загварын тээврийн хэрэгслийн урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан нь тухайн зам тээврийн осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй байна...” /1-р хх-ийн 109 тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 793 дугаар “...М.Мөнгөншагай нь “Тархи доргилтын дараах хам шинж, ойгүйдлийн хам шинж” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна. М.Мөнгөншагай нь “Тархи доргилтын дараах хам шинж, ойгүйдлийн хам шинж” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна. Уг эмгэг ямар шатандаа байгааг тогтоох боломжгүй. М.Мөнгөншагайн дээрх сэтгэцийн эмгэг нь 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Зам тээврийн ослын улмаас үүссэн олдмол эмгэг байна. 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна. М.Мөнгөншагайн “Тархи доргилтын дараах хам шинж, ойгүйдлийн хам шинж” хэмээх сэтгэцийн эмгэг нь зам тээврийн ослын улмаас үүссэн байна. ...М.Мөнгөншагай нь 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр буюу зам тээврийн осол, хэрэг үйлдэгдэх үед өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай байсан, мөн уг өдрөөс өмнө хэрэг хариуцах чадвартай байсан. М.Мөнгөншагай нь “Тархи доргилтын дараах хам шинж, ойгүйдлийн хам шинж” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байгаа тул байцаан шийтгэх ажиллагаанд оролцож мэдүүлэг өгөх чадваргүй байна. М.Мөнгөншагайн дээрх сэтгэцийн эмгэг нь цаашид эдгэрэх эсэх нь эмчилгээний үр дүн, дэглэм баримтлахаас хамаарна. Эдгэрэлт ямар шат дараалалтай явагдаж, хэдий хэмжээний хугацаа зарцуулагдахыг урьдчилан хэлэх боломжгүй болно...” гэх шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-ийн 115-120 тал/,
“...“Тоёота приус” загварын улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь баруунаас зүүн чигт явж, явган зорчигч эрэгтэй зам хөндлөн явган хүний гарцаар хойноос урд чигт явж мөргөгдөн унасан байв. Замын нөхцөл асфальт, шулуун тэгш, хуурай, зохицуулагддаг явган хүний гарцтай, суурингийн доторх үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэгтэй, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, 6 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй, 26,60м өргөн зам байв. ...Зорчих хэсэгт автомашины торомзны мөр байхгүй. Жолооч хэргийн газрыг орхиж явсан байв. Зорчих хэсэгт автомашины эвдэрсэн жижиг хуванцар зүйлс хэсгүүд тарж, цацарсан байлаа....” гэх Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 4-7 тал/,
Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /1-р хх-ийн 8-9 тал/,
М.Мөнгөншагай 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 04 цаг 05 минутаас 2016 оны 7 дугаар сарын 29-ний хугацаанд Гэмтэл Согог судлалын үндэсний төвд хэвтэж эмчлүүлсэн Өвчний түүх /1-р хх-ийн 32-39 тал/,
М.Мөнгөншагайгийн зам тээврийн ослоор эвдэрсэн гар утсыг 100,000 төгрөгөөр үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 56 тал/
“...явган зорчигч Мөнгөншагай нь ...явган хүний гарцаар хойноосоо урагшаа чиглэлд гарч байна. М.Мөнгөншагай нь тээврийн хэрэгсэл зүүнээс баруун чигт зорчих хэсгийг гарч дуусаад, баруунаас зүүн чигт явах зорчих хэсгээр догонцон байдалтай алхаж 2 дугаар эгнээгээр бараан өнгөтэй машин явж өнгөрлөө, түүний араас “Тоёота приус” загварын мөнгөлөг саарал өнгийн машин явж байгаад түүнийг шууд мөргөөд, мөргөлтийн улмаас автомашин 1 дүгээр эгнээ рүү дарж орон улмаар зогсолгүй явж, “Сод Монгол”-ын ШТС руу эргэдэг замын хэсэгт очиж зогслоо. Харин М.Мөнгөншагай зорчих хэсэг дээр шидэгдэн унаж байна. “Тоёота приус” автомашин 45 секунд “Сод Монгол”-ын ШТС руу эргэдэг замын хэсэгт зогсож байгаад ертөнцийн зүгээр урагшаа эргээд явж байна...” гэх Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 71-72 тал/ зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Б.Мэнджаргалын :
2016 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “ТБД андууд” дэлгүүрийн урд замд 83-98 УНА улсын дугаартай, “Тоёота приус” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Мөнгөншагайг мөргөж түүний бие махбодид Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай “...баруун чамархай суурь ясны хугарал, зүүн тал бөмбөлгийн хатуу бүрхүүл доорхи цусан хураа, тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт...” гэсэн хүнд гэмтэл учруулж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан “...жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас ...бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан бол...” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг,
мөн уг зам тээврийн осол гаргаад Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх,” гэсэн заалтуудыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан “...Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан...” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тус тус бүрэн агуулжээ.
Анхан шатны шүүхээс Б.Мэнджаргалд оногдуулсан биечлэн эдлэх үндсэн ял болох хорих ялын хэмжээ, нэмэгдэл ял болох тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд бүрэн тохирсон байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.Мэнджаргал нь зам тээврийн осол гарсан өдрөөс анхан шатны шүүх хуралдаан хүртэлхи хугацаанд гарсан материаллаг хохирол болох эмчилгээний зардлыг төлж барагдуулсан хэдий ч шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.Мөнгөншагайгийн бие махбодид учирсан гэмтлүүд бүрэн эдгэрээгүй, зам тээврийн ослын улмаас үүссэн олдмол “Тархи доргилтын дараах хам шинж, ойгүйдлийн хам шинж” хэмээх сэтгэцийн эмгэг нь эдгэрээгүй болох нь хохирогч М.Мөнгөншагайгийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнгөнтуулын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 10017 дугаар “...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний явцаас хамаарна...” /1-р хх-ийн 76 тал/ гэх Шинжээчийн дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 793 дугаар “...М.Мөнгөншагай нь “Тархи доргилтын дараах хам шинж, ойгүйдлийн хам шинж” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна. ...М.Мөнгөншагайд учирсан дээрх сэтгэцийн эмгэг нь цаашид эдгэрэх эсэх нь эмчилгээний үр дүн, дэглэм баримтлахаас хамаарна. Эдгэрэлт ямар шат дараалалтай явагдаж, хэдий хэмжээний хугацаа зарцуулагдахыг урьдчилан хэлэх боломжгүй...” гэх Шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 115-120 тал/ зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан “...гэм хорыг арилгасан тохиолдол...” үүсээгүй байна гэж үзнэ. Иймд Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж, нэгээс таван жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож болно.” гэж заасныг шүүх Б.Мэнджаргалд хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд ялтан Б.Мэнджаргалын гаргасан “...хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Мөн анхан шатны шүүхийн “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нотлох баримтаа гарган нэхэмжилсэн хохирлыг Б.Мэнджаргал төлж барагдуулсанг дүгнээд, нотлох баримтгүйгээр нэхэмжилж буй 20,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа болон цаашид гарах эмчилгээний зардлаа тус тус нотлох баримтаа гарган иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич Б.Мэнджаргалаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж...” шийдвэрлэсэн нь зөв байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “...гэм хорын хохирлыг гаргуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Тодруулбал, М.Мөнгөншагайгийн эмчилгээний төлбөрт хэдэн төгрөг гарч, хэзээ эдгэрэхийг ямар нэг нотлох баримтгүйгээр мөнгөн дүн зааж Б.Мэнджаргалаас гаргуулахаар шүүх тогтоох боломжгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн жич шүүхээр шийдвэрлүүл гэж зааж байгаа болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Мэнджаргал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнгөнтуул нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД Д.ГАНСҮХ
Д.ОЧМАНДАХ