Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 393

 

“З м” ХХК-ийн

нэхэмжлэлтэй,

 Ашигт малтмал газрын тосны газрын

Кадастрын хэлстийн даргад

холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг        

            Шүүгчид:                     М.Батсуурь

                                               Х.Батсүрэн

                                               Б.Мөнхтуяа

            Илтгэгч шүүгч:             Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа

            Нэхэмжлэлийн шаардлага: “...”З м” ХХК-ийн ХV-...дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцож сэргээх хүсэлтээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 8/1704 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоон, ХV-...дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг геологи хайгуулын үйл ажиллагаа явуулахыг түдгэлзүүлсэн хугацаагаар нь сэргээхийг хариуцагчид даалгах”,

              Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2020/0431 дүгээр шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 502 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, Э.Б нарыг оролцуулж,

            Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлстийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2020/0431 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “З м” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “ХV-...дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцож сэргээх хүсэлтээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 8/1704 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоон, ХV-...дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг геологи хайгуулын үйл ажиллагаа явуулахыг түдгэлзүүлсэн хугацаагаар нь сэргээхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 502 дугаар магадлалаар: Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасныг баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 431 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгч “З м” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “З м” ХХК-ийн XV-... дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцож сэргээх хүсэлтээс татгалзсан Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 8/1704 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, XV-... дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг геологи хайгуулын үйл ажиллагаа явуулахыг түдгэлзүүлсэн хугацаагаар нь сэргээхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлстийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн /2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон/ 1 дүгээр зүйлд заасан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана” зохицуулалтын дагуу нэхэмжлэгч хариуцагчид хандаж байсан эсэх талаарх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

4. Нэхэмжлэгчийн эзэмшиж байсан ашигт малтмалын Х\/-013670 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл Засгийн газрын 2018 оны “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай” 300 дугаар тогтоолын хавсралтад заасан солбицолтой бүхэлдээ давхцал үүссэн тул Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1 дэх хэсэг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарахгүй” заасны дагуу хуулийн хориглолтоос гарч үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэнийг 6 жил орчим түдгэлзсэн мэтээр дүгнэж ийнхүү дүгнэлт хийхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т заасныг /маргааны үйл баримтад үл хамаарах хуулийн зохицуулалт/ удирдлага болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Ашигт малтмалын ХV-...дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд орсон болохоос тухай талбайг тусгай хэрэгцээ, нөөцөд авсантай холбоотойгоор үйл ажиллагаа явуулах эрх зүйн боломж хязгаарлагдаагүйг шүүх анхаарч дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 106.2-т “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” заасан шаардлагыг тус тус хангахгүй байна.

5. “З м” ХХК-ийн 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 04/14 тоот албан бичгийн хариуг Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Геологийн албаны даргын 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4-2944 тоот албан бичгээр, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10/44 тоот албан бичгийн хариуг 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 4-6422 тоот албан бичгээр тус тус хүргүүлсэн байх бөгөөд дээрх хариу албан бичгүүдийн гол агуулга нь ...Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно... гэж заасны дагуу тус компанийн 2014 онд гүйцэтгэх хайгуулын ажлын төлөвлөгөөг хянаж, баталгаажуулах боломжгүй талаар мөн Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон талбайтай хэсэгчлэн давхцал үүссэн нөхцөл байдлыг мэдэгдсэн үйл баримтыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ашигт малтмалын ХV-...дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг эрх бүхий этгээд түдгэлзүүлсэн мэтээр /хуульд ийм зохицуулалт байхгүй/ хуулийг буруу тайлбарлаж, түүндээ дүгнэлт хийж анхан шатны шүүхийн 431 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь магадлал хууль зүйн үндэслэлгүй болсныг илтгэж байна.

6. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл түүнтэй холбоотой харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан бөгөөд хуульд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, түдгэлзүүлсэн хугацаагаар сэргээх тухай хууль зүйн зохицуулалт байхгүй.

7. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх харилцааг хуульчилсан бөгөөд 13 дугаар зүйлийн 13.1-д “тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагын дугнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага түүнийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно”, 13.2-д “тусгай зөвшөөрлийг олгосон эрх бүхий байгууллага нь түдгэлзүүлсэн шийдвэрийн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд 3 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ”, 13.3-т “тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тохиолдолд уул зөвшөөрлийг сэргээнэ” гэж тус тус заасан хуулийн зохицуулалтад хамаарах харилцаа биш байгааг давж заалдах шатны шүүх хянаж үзэлгүй буруу дүгнэлт хийсэн.

8. “З м” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын Х\/-013670 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг эрх бүхий этгээдээс түдгэлзүүлж, хязгаарлалтын бүртгэлд бүртгэсэн бүртгэл өнөөдрийг хүртэл байхгүй байгааг дурдах нь зүйтэй.

9. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 431 дүгээр шийдвэрийн /13-17хуудас/ Үндэслэх нь хэсэгт нэхэмжлэлийн шаардлага тус бүрд хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

10. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.3-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 431 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 502 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь бодит байдалд хэрэгжих хууль зүйн боломж, үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            11. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

12. Булган аймгийн Бугат, Сэлэнгэ сумдын нутагт орших “Холбоо” нэртэй талбайд анх 2008 онд хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдож, 2011 оноос уг тусгай зөвшөөрлийг “З м” ХХК эзэмших болсон, тусгай зөвшөөрлийн хугацаа 2011, 2014, 2017 онд тус тус 3 жилийн хугацаагаар сунгагдаж, хайгуулын тусгай зөвшөөрөлд олгогдох хуулиар тогтоосон нийт хугацаа нь 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөр дуусгавар болсон, түүнчлэн уг талбай нь Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар “ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон” газар нутагтай давхцсаны улмаас хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, тусгай зөвшөөрөл эзэмшигч “З м” ХХК тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй байна.

13. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “З м” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандаж, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16/20 дугаартай албан бичгээр “... /манай/ компанийн XV-... дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг түдгэлзүүлсэн нөхцөл байдал арилсан тул ... /Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.3-т заасан чиг үүргийн дагуу/ хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцож, сэргээж өгнө үү” гэх хүсэлтийг, мөн оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 17/20 дугаартай албан бичгээр “... “З м” ХХК-ийн XV-... дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг үйл ажиллагааг түдгэлзүүлсэн хугацаагаар буюу 6 жилийн хугацаагаар нөхөн сэргээж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргасан, хариуцагч  Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 8/1704 дүгээр албан бичгээр “... Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд ... заасан хуулийн зохицуулалттай хамаарах нөхцөл байдал тогтоогдохгүй байна, ... Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд /хариуцагчийн/ ... хэрэгжүүлэх чиг үүргийг заасан бөгөөд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, түдгэлзүүлсэн хугацаагаар тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцож сэргээхтэй холбоотой асуудлыг зохицуулаагүй тул танай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэх хариу өгсөн, “З м” ХХК-иас “... ХV-...дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцож сэргээх хүсэлтээс татгалзсан /уг албан бичиг/ шийдвэрийг хууль бус болохыг тогтоон, ХV-...дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг геологи хайгуулын үйл ажиллагаа явуулахыг түдгэлзүүлсэн хугацаагаар нь сэргээхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

14. Нэхэмжлэгч “З м” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд орж манай компанийн тусгай  зөвшөөрлийн үйл ажиллагаа түдгэлзсэн... энэ нөхцөл байдал нь Засгийн газрын 2018 оны Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай 300 дугаар тогтоол гарснаар арилсан, ... манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх нээгдсэн ... /байхад/ хариуцагч манай гаргасан хүсэлтийг хангахаас татгалзсан нь хууль бус” гэж, хариуцагчаас “... хуулийн үйлчлэлд хамаарч “З м” ХХК-ийн үйл ажиллагаа нь хориглогдсон, ... Кадастрын хэлтэс нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, түдгэлзүүлсэн хугацаагаар тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцож сэргээх /боломжгүй/, ... албан бичиг /шийдвэр/ хууль зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.

15. Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлээр “... тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг ... Засгийн газрын шийдвэрээр нөөцөд авах”, 14 дүгээр зүйлээр “... эрх бүхий байгууллага .../-ын шийдвэрээр/ тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах”-тай холбогдон үүсэх ашигт малтмал эрэх хайх, ашиглах харилцааг нарийвчлан зохицуулсан, түүнчлэн Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлээр “тусгай хэрэгцээний газар”-ыг тодорхойлж, түүний эрх зүйн дэглэмийг тусгайлан тогтоосноос үзвэл, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар тодорхой газар нутагт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон нь Ашигт малтмалын тухай болон Газрын тухай хуулиар тогтоосон газрыг “нөөцөд авах”, “тусгай хэрэгцээнд авах” харилцааны аль алинд нь хамааралгүй байхад давж заалдах шатны шүүх хуулийн тусгайлсан зохицуулалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

16. Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг Засгийн шийдвэрээр тодорхой зорилгоор, “хугацаатай” нөөцөд авахаар, 13.5-д “нөөцөд авсан талбай ... чөлөөлөгдсөн тохиолдолд урьд нь уг талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд тухайн талбайг үргэлжлүүлэн эзэмших давуу эрх эдлэх”-ээр, 14 дүгээр зүйлийн 14.2-т газрыг тусгай хэрэгцээнд “хугацаатай” авахаар, 14.8-д “...газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан бол ... урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд ... хүсэлт гаргавал тэрээр тусгай зөвшөөрлийг тэргүүн ээлжинд авах давуу эрх эдлэх”-ээр, 14.9-д “... чөлөөлөгдсөн талбайг урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан этгээдэд үргэлжлүүлэн эзэмшүүлэхдээ тусгай зөвшөөрлийн хугацааг тусгай хэрэгцээ, нөөцөд байсан хугацаагаар сунгаж тооцох”-оор тус тус заасан нь тухайн маргааны үйл баримтад холбогдох харилцаанд хамааралгүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч   “З м” ХХК-ийн эзэмшлийн XV-013670 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд орж, хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тохиолдлыг тусгай зөвшөөрлийн талбайг “нөөцөд авсан” эсхүл “тусгай хэрэгцээнд авсан” гэж үзэх үндэслэлгүй, энэ тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасан зохицуулалтыг маргааны үйл баримтад холбогдуулж төсөөтэй хэрэглэхээр дүгнэсэн нь давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх үндэслэл болно, хариуцагчийн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан “... давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад үл хамаарах хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн” гэх гомдол үндэслэлтэй.

17. Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д “… ашигт малтмалын орд гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадарга, түүний хэвлийд бүрэлдэн тогтож чанар, нөөц нь тодорхойлогдсон, үйлдвэрийн аргаар олборлоход эдийн засгийн хувьд ашигтай эрдсийн хуримтлалыг”, 4.1.12-т “… стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг” тус тус ойлгохоор заасан, Монгол Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор Эрдэнэтийн зэс-молибдений ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулж, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.12-т “стратегийн ач холбогдол бүхий ордын талбайн хил заагийг ... /Засгийн газар/ тогтоох”-оор заасны дагуу Засгийн газрын 2018 оны 300 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий Эрдэнэтийн зэс-молибдений ордын талбайн хил заагийг солбицлоор тогтоосон нь нэхэмжлэгч “З м” ХХК-ийн эзэмшлийн XV-013670 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн “дуусгавар болсон хугацааг сэргээх”, “хугацааг нөхөн тооцох үндэслэлтэй эсэх” маргаанд хамааралгүй байхад давж заалдах шатны шүүх “... /хайгуулын тусгай зөвшөөрлийн/ талбай нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрын хил заагт багтсан …/-аар/ хуулиар хориглосон талбайд хамааралгүй болсон”, “...  Засгийн газрын 2018 оны 300 дугаар тогтоол гарснаар ... нэхэмжлэгч дахин /хайгуулын/ үйл ажиллагаагаа явуулах боломжтой болсон”, “нэхэмжлэгч компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 6 жил орчим хугацаагаар сунгаж тооцох нь үндэслэлтэй” гэх зэргээр үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

18. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т “... /ашигт малтмалын/ тусгай зөвшөөрлийг ... Ашигт малтмалын тухай ... хуулиар зохицуулах”-аар заасан байх тул ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл, түүнд хамаарах харилцаанд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг хэрэглэхгүй, нарийвчлан зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтууд хэрэглэгдэх тул нэхэмжлэгчийн “... Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.3-т заасан чиг үүргийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцож, сэргээх үүрэгтэй ... /байтал/ татгалзсан нь ... хууль бус” гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хүлээж авах боломжгүй, хариуцагчийн төлөөлөгч нарын  “...Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль ... /хамааралгүй/, ... ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцож, сэргээх … /эрх хариуцагчид хуулиар олгогдоогүй/” гэх тайлбар, хяналтын журмаар гаргасан “...хуульд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, түдгэлзүүлсэн хугацаагаар сэргээх тухай хууль зүйн зохицуулалт байхгүй ... /байхад/ давж заалдах шатны шүүх ... тусгай зөвшөөрлийн эрхийг эрх бүхий этгээд түдгэлзүүлсэн мэтээр хуульд байхгүй дүгнэлт хийсэн” гэх гомдол үндэслэлтэй байна.

19. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар “... /хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч/ ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах /эрхтэй/”, хуулиар тогтоосон уг зохицуулалт нь хариуцагч захиргааны байгууллагад хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 4 дэх удаа сунгах, цаашид үргэлжлүүлэн сунгах эрхийг олгоогүй гэж үзэх үндэслэл болно, түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг аливаа шалтгаанаар нөхөн тооцох, дуусгавар болсон хугацааг сэргээх эрхийг хариуцагчид олгоогүй тул хариуцагчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 8/1704 дугаар албан бичиг хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч “З м” ХХК-ийн шаардлагаар “...ХV-...дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг 6 жилийн хугацаагаар нөхөн тооцож, сэргээхийг хариуцагчид даалгах” боломжгүй, нэхэмжлэгчийн “...тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн атлаа үйл ажиллагаа явуулж чадаагүй... /хохирсон/” гэх агуулгатай нэхэмжлэлийн үндэслэл нь энэ тохиолдолд хуулиар эрх олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргах үүргийг хариуцагчид ногдуулах үндэслэл болохгүй, нэхэмжлэгч хохирол, төлбөрийн асуудлаар зохих журмын дагуу гомдол хүсэлтээ гаргаж эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэхэд энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.       

20. Эдгээр үндэслэлээр, хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлстийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмагнай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрхэмбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй, анхан шатны шүүх нэхэмжлэгч “З м” ХХК-ийн “... ХV-...дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцож сэргээх хүсэлтээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 8/1704 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоон, ХV-...дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг геологи хайгуулын үйл ажиллагаа явуулахыг түдгэлзүүлсэн хугацаагаар нь сэргээхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагад холбогдох маргааны үйл баримтуудад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв, харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталбал зохих хуулийн заалтыг оновчтой зөв баримтлаагүй байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 502 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2020/0431 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2” гэснийг “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.12” гэж өөрчлөн, “21 дүгээр зүйлийн 21.1.5” гэсний дараа “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3” гэж нэмэн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Ч.ТУНГАЛАГ

                   ШҮҮГЧ                                                    Д.МӨНХТУЯА