Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2018/02358

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2018/02358

 

Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/02043 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х-, ХӨ-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон хохиролд 165 909 479 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б- ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саранцэцэгээс гаргасан тайлбартаа: Тус байгууллага 2016 оны 06 дугаар сарын 30-наас 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Хөдөлмөр эрүүл мэнд судлалын төвийн Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн барилгын гадна, дотор заслын засварын ажлыг гүйцэтгэсэн. Гэрээний үнийн дүн 249 487 918 төгрөгийн 50 хувь 124 743 959 төгрөгийг урьдчилгаанд авсан. Ажлын хөлсний үлдэгдэл 124 743 959 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй, 2 жилийн алдангид 41 165 520 төгрөг тооцон нэхэмжилсэн.

Мөн банк бус санхүүгийн байгууллагаас нийт 120 000 000 төгрөгийн зээл авч барилгад ажилласан ажилчдын цалинг олгосон тул зээлийн 15 000 000 төгрөгийг хохиролд нэмж нэхэмжилсэн, нийт 180 909 479 төгрөгийг Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвөөс нэхэмжилж байна. Хариуцагч Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлээсээ татгалзсан.Гэрээнд санхүүжилтийг яам хариуцна гэх зохицуулалт байхгүй. Иймд ажлын хөлсний үлдэгдэл, алданги хохиролд нийт 180 909 479 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХӨ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батмагнайгаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн сайд 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/91 дүгээр тушаалын 3санхүүжилтэд шаардагдах хөрөнгийг Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа хөтөлбөрийн зардлаас санхүүжүүлсэн. Сайдын тушаалыг үндэслэн тус төвийн захирал Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын эмнэлгийн барилгад их засвар хийх ажлын гэрээг Б- ХХК-тай 2016 оны 06 сарын 30-ны өдөр байгуулсан. Х-ны 900037001 тоот данснаас манай байгууллагын 900037404 тоот дансанд 125 000 000 төгрөг шилжүүлснийг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Б- ХХК-д шилжүүлсэн.

Х-анд гэрээний үнийн үлдэгдэл 50 хувийг шийдвэрлүүлэх хүсэлтийг удаа дараа албан тоотоор хүргүүлсэн. Х- төлбөр төлөх хариуцагч болох нь тогтоогдож байна. Засгийн газрын 2016 оны 08 сарын 24-ний Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай 55 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв гэсэн нэртэй байсныг ХӨ- гэж өөрчилсөн. Ажлын хөлс 124 743 959 төгрөгийн санхүүжилт олгохгүй байгаагаас төлж чадахгүй байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам 2017, 2018 оны төсөвт энэ асуудлыг тусгаж Сангийн яаманд явуулах ёстой байсан, гэтэл санхүүжилт төсөвт тусгагдаагүй. Иймд яам хариуцах ёстой тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндоржоос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь ажил гүйцэтгэх гэрээний тал биш учраас нэхэмжлэгч Б- ХХК нь манайд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан. Тухайн үеийн яамны сайд тус төвд 250 000 000 төгрөгийг үйл ажиллагааны зардлаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг бөгөөд эхний 125 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл 125 000 000 төгрөгийг шилжүүлэх гэхээр Сангийн яамнаас эрхийг нь нээгээгүй байдаг. Хөрөнгө оруулалтын ажиллагааг зардалдаа төсвийг суулгаж байж санхүүжүүлэх ёстой гэдэг гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 232 дугаар зүйлийн 232.6., 219 дүгээр зүйлийн 219.1.-д зааснаар хариуцагч ХӨ-өөс 124 743 959 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 56 165 520 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Х-д холбогдох нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Б- ХХК татгалзсаныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 062 497 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 157 949 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуу лж нэхэмжлэгчид, хариуцагчаас 781 700 төгрөгийг гаргуулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ё.Дэмбэрэл болон өмгөөлөгч Б.Цолмон нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээр Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөлийн 1.16-д алданги ногдуулах хэмжээ хоногт гэрээний үнийн 0,05 хувь байна гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцэхгүй байна гэсэн нь үндэслэлгүй. Алданги тооцсон 0,05 хувь нь хуульд нийцсэн. Мөн шүүхийн шийдвэрээр хохиролд нэхэмжилсэн 15 000 000 төгрөгийг ...хохиролд тооцох боломжгүй гэсэнд гомдолтой. Иймд алдангийн 41 165 520 төгрөгийг ХӨ-өөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б- ХХК нь хариуцагч Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яам болон ХӨ-д тус тус холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсний үлдэгдэл 124 743 959 төгрөг, ажлын хөлс төлөхгүй 1 жил 10 сар хугацаа хэтрүүлсэнд тооцсон анз 41 165 520 төгрөг,хохирол 15 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /хх-1-4, 55-56/

 

Нэхэмжлэгч Б- ХХК нь ХӨ-тэй 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулж, Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн барилгад гадна дулааны шугам болон дотор заслын засварын ажил гүйцэтгэхээр,ажлын хөлсөнд 249 487 918 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-7-8/

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн. Хариуцагч нь ажлын хөлс 249 487 918 төгрөгөөс 124 743 959 төгрөгийг төлсөнд, нэхэмжлэгч нь ажлыг хугацаанд нь гүйцэтгэж ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн үйл баримтад талууд маргаангүй. /хх-159-166/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь ажлын хөлс 124 743 959 төгрөгийг шаардах эрхтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн ажлын хөлсийг төлөхгүй 2 жил орчим хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй холбогдуулан анз 41 165 520 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ гэж заасан.

 

Талууд анз тооцохоор тохиролцсон гэрээний заалтын агуулгын талаар маргаж байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэжээ. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцлийн 1.16 дахь хэсэгт алданги ногдуулах хэмжээ хоногт, гэрээний үнийн 0,05 хувь байна гэж заасан нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс анз тооцох хуулийн агуулгад нийцээгүй. Гэрээний үнэ гэх ойлголт нь үгийн шууд утгаар авч үзвэл нийт 249 487 918 төгрөг гэж ойлгогдох юм. Хэдийгээр алдангийн хэмжээг 0,05 хувь байхаар тохиролцсон нь хуульд заасан хэмжээний дотор байгаа боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс бус, харин гэрээний нийт үнийн дүнгээс тооцохоор байгаа нь хуульд нийцэхгүй болжээ. /хх-7-8, 159-166/

 

Иймд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Харин хариуцагч мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгэхгүй Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдсон тул мөн зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч шаардах эрхтэй. Нэхэмжлэгчийн хариуцагчийн ажлын хөлс төлөх үүргээ биелүүлэхгүй 1 жил 10 сар хугацаа хэтрүүлснээс санхүүгийн хүндрэлд орж бусдаас хүүтэй мөнгө зээлснээр 120 000 000 төгрөгийн өртэй болсон, хүү, шимтгэл, хохиролд 15 000 000 төгрөг гаргуулна гэх шаардлагыг хариуцагч баримтаар няцааж чадаагүй.

 

Иймд хариуцагч ХӨ- нь нэхэмжлэгчийн зээлийн хүү, шимтгэлд төлсөн төлбөр, бодит хохирол болох нийт 14 244 166 төгрөгийг төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч Б- ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэн Д.Дашжидээс 40 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, 2016 оны 10 дугаар сарын 11-ны өдөр иргэн В.Отгонсүхбаасангаас 20 000 000 төгрөгийг сард 3,2 хувийн хүүтэйгээр 1 жилийн хугацаатай, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр банк бус санхүүгийн байгууллагаас 60 000 000 төгрөгийг сард 3,5 хувийн хүүтэйгээр 1 жилийн хугацаатай төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан, мөн Мөстийн өвөр булаг ББСБ ХХК-тай байгуулсан ҮЗГ-1612-26 тоот ээлийн гэрээ зэрэг баримтаас үзэхэд хариуцагчийн хугацаандаа үүргээ гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгчид бодитой хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдож байна. /хх-16-17, 123-124, 126-127, 129-132/ Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Х-анд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нэхэмжлэгчийн татгалзлыг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нарийвчилсан заалт байхад анхан шатны шүүхийн шийдвэрт тухайн заалтыг баримтлаагүй, нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хуулийн заалтаар хамтатгаж шийдвэрлэсэн алдааг залруулж өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/02043 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 232 дугаар зүйлийн 232.6., 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч ХӨ-өөс 138 988 125 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 26 921 354 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлйин 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б- ХХК нь хариуцагч Х-анд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж нэмж, 2 дахь заалтын 781 700 гэснийг 852 890 гэж өөрчлөн 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж дугаарлаж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б- ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363 777 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ш.ОЮУНХАНД