Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2018/0548

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 17 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2018/0548

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

Л.Н, Н.Ч нарын

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийг

хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Нийтийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 128/ШШ2018/0483 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б давж заалдах гомдлоор, Л.Н, Н.Ч нарын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа:

“2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн А/06 дугаар тогтоолын 10 дугаар хороонд холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралдааны анхдугаар хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох, 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн “Тооллогын комисс байгуулах тухай” 01 дүгээр тогтоол, “Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаар тогтоол, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 03 дугаар тогтоол, “Хорооны Засаг даргыг сонгох тухай” 04 дүгээр тогтоол, Тооллогын комиссын 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн “Санал хураасан дүнгийн тухай” 01, 02, 03 дугаар тогтоолуудыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 128/ШШ2018/0483 дугаар шийдвэрээр:

“Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.3, 47.1.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2, 8 дугаар зүйлийн 8.2, 17 дугаар зүйлийн 17.1, 20 дугаар зүйлийн 20.1, 23 дугаар зүйлийн 23.4, 23.10, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгүүдийг тус тус баримтлан иргэн Л.Н, Н.Ч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн А/06 дугаар тогтоолын Хан-Уул дүүргийн иргэдийн Нийтийн Хурлын 10 дугаар хороонд холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б дээрх шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн А/06 дугаар тогтоолын Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасныг баримтлан илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэрнээ нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Анхдугаар хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн “Тооллогын комисс байгуулах тухай” 01 дүгээр тогтоол, “Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаар тогтоол, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 03 дугаар тогтоол, “Хорооны Засаг даргыг сонгох тухай” 04 дүгээр тогтоол, Тооллогын комиссын 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн “Санал хураасан дүнгийн тухай” 01, 02, 03 дугаар тогтоолуудыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйл “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж” 2.1-т “3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, ...энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ” гэж заасан.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэснийг зөрчиж илт хууль бус захиргааны акт болох А/06 дугаар тогтоолын дагуу хуралдсан хурлыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17.1, 17.1.1, 17.1.2, 17.1.3, 23 дугаар зүйлийн 23.10, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг баримтлан хурлын ирц болон явц хүчин төгөлдөр, асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэсэн тул хурлын шийдвэр хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн хүчингүй, өөрөөр хэлбэл эрх зүйн үйлчлэлгүй байдаг. Ийм захиргааны актыг ямар ч захиргааны байгууллага, шүүх, иргэн биелүүлэх үүрэггүй. Ялангуяа уг захиргааны актыг гаргасан захиргааны байгууллага түүнийг хэрэгжүүлж болохгүй. Энд хууль зөрчсөн ердийн захиргааны акт болон илт хууль зөрчсөн захиргааны актын эрх зүйн ялгаа оршино. Ердийн хууль зөрчсөн захиргааны актыг захиргааны байгууллага шүүх, иргэн хүчингүй болох хүртэл нь дагаж мөрдөх үүрэгтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан. 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр болсон Анхдугаар хуралдаан бол захиргааны акт. Энэхүү Анхдугаар хуралдаан нь шүүхээс тогтоосны дагуу илт хууль бус гэж тогтоосон а/06 дугаар захиргааны актын үндсэн дээр хуралдсан тул мөн л илт хууль бус захиргааны акт мөн.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж зааснаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн илт хууль бус тогтоолын дагуу хуралдсан Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаан илт хууль бус учраас уг хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлууд нь хууль зүйн үр дагавар үүсгэхгүй, гарсан бүх тогтоолууд нь эрх зүйн үйлчлэлгүй тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд:

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хуралдсан мэтээр 04 дугаартай хуурамч тогтоол үйлдэж, мөн 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдөр 04 дугаартай Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн болох нь Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн хурлын 02 дугаар тэмдэглэл /уг хуралдаан 16:35 цагт эхэлж 18:10 цагт дууссан байхад 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан 15:00 цагт эхэлж 15:35 цагт дууссан/, мөн гэрч Ш.А, Я.Г, Д.Г нарын мэдүүлгээр нотлогдсон боловч анхан шатны шүүхээс энэхүү хууль бус үйлдэл нь 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан Анхдугаар хуралдааныг хууль бус гэж үзэх боломжгүй, тус хорооны иргэд сонгох эрхээ хэрэгжүүлж Хурлын дарга, Тэргүүлэгчид, Засаг даргаа сонгосон байна гэж дүгнэсэн нь хууль бус.

Нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгч өмнөх хурлын Тэргүүлэгчид нь Анхдугаар хуралдаанаа зарласан мэтээр харагдуулах гэж хууль бус үйлдэл хийсэн этгээдийн мэдүүлгийг буруу үнэлсэн.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 128/ШШ2018/0483 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосон шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд тухайн акт илт хууль бус байхаас гадна үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн болохыг нэхэмжлэлийн үндэслэлд тусгах шаардлагатай.

Гэтэл нэр бүхий нэхэмжлэгчдийн тухайд Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн А/06 дугаар тогтоолоор тус дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдааныг мөн оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 14.00 цагт хуралдуулах хуваарь баталснаар тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон болон хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

1.Анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх тогтоолын холбогдох хэсгийг “…Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж Хурлын Тэргүүлэгчид зарлан хуралдуулна” гэснийг зөрчин, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар шийдвэр гаргаж, хорооны иргэдийн Нийтийн Хурлын эрх мэдэлд халдсан…” гэж үзэн илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосон байх боловч энэхүү тогтоолын улмаас нэхэмжлэгчдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар огт дүгнээгүй, түүнчлэн нэхэмжлэлийн зөвхөн энэхүү шаардлагыг хангаснаар нэхэмжлэгчдийн зөрчигдсөн гэх эрх хэрхэн сэргэх нь тодорхойгүй байна.

Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 6 дугаар тогтоолоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байхаар тогтоосноос үзэхэд Хан-Уул дүүргийн 10 хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдээс хуулийн дээрх заалт ёсоор 19-ний өдрөөс хойш /магадгүй дахин сонгууль явагдсан тохиолдолд тухайн сонгууль явагдсан өдрөөс хойш/ 20 хоногийн дотор Анхдугаар хуралдааныг товлон зарлах үүргээ биелүүлэлгүй 1 жил гаруй хугацаа өнгөрсөн нь хариуцагчийн хувьд хуулиар шууд эрх олгогдоогүй ч Анхдугаар хуралдаан хуралдах хуваарийг нэгдсэн журмаар баталсан байх магадлалтай.

“…нэхэмжлэгч Л.Н тухайд 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргад, Н.Ч тухайд хорооны Засаг даргад тус тус нэр дэвшихээр Ардчилсан намын үүрээс сонгогдсон байсан…” гэх тайлбарыг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б гаргасан бөгөөд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор хуваарь баталсан нь тэдгээрийн сонгогдох эрхийг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 1, 2 дугаар сарын 8-ны өдрийн 19, 3 дугаар сарын 14-ний өдрийн 30 дугаар албан бичгээр хороодын иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгч нарт хандаж нэгдсэн хуваарийн дагуу хороодын иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг зохион байгуулах талаар, хэрэв нэгдсэн хуваариас өмнө хуралдаж зохион байгуулалтын асуудал хэлэлцсэн тохиолдолд Хурлаас гарсан аливаа шийдвэрийг батламжлахгүй байх талаар зөвлөмж, чиглэлийг удаа дараа хүргүүлж байсан нь тогтоогдох бөгөөд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны А/06 тогтоолын хавсралтаар баталсан хуваарийн дагуу 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор анхдугаар хуралдааныг мөн оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 14:00 цагт хуралдуулахаар товлон зарласан нь тус хорооны иргэдийн Нийтийн Хурал дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээрх зөвлөмж, чиглэл болон хуваарийг хүлээн зөвшөөрч байсны нотолгоо болно.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчид нь сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж үйл ажиллагаанд нь дэмжлэг туслалцаа үзүүлнэ” гэж заасан байдаг.

Гэтэл нэр бүхий нэхэмжлэгч нар бүрэн эрхийн хугацаа нь дуусч буй 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид биш, иймд сонгуульт албан тушаалтны хувьд хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болгосон гэсэн үндэслэлээр маргах эрхгүй, харин тухайн хорооны оршин суугчдын хувьд товлон зарласан Анхдугаар хуралдаанд оролцож Засаг дарга болон Хурлын даргад нэр дэвшиж өрсөлдөх эрх нь нээлттэй байхад тэдгээрийн хуралдаанд оролцоогүйг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуваарь баталсан тогтоолоос л шалтгаалсан гэж үзэх нь хэт өрөөсгөл юм.

2.Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн нийтийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Учир нь 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан 10 хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдааныг зөвхөн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан хуваарийн дагуу хуралдсан гэж үзэх боломжгүй, өөрөөр хэлбэл дээр дурдсанчилан мөн өдөр анхдугаар хуралдааныг хуралдуулахаар тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид 2018 оны 2 дугаар сарын 7-ний өдөр 4 дүгээр тогтоол гаргасан байна.

Хэдийгээр уг тогтоолыг тухайн өдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж гаргасан эсэх нь эргэлзээтэй, өөрөөр хэлбэл тэргүүлэгч Я.Г, Д.Г нар уг хуралд оролцоогүй, мөн хурлын тэмдэглэлд Д.Г дараа нь нөхөж гарын үсэг зурсан болох нь тэдгээрийн мэдүүлгээр тогтоогддог ч нэхэмжлэгчдийн зүгээс энэхүү 4 дүгээр тогтоолтой маргаагүй.

Иймд нэгэнт хүчин төгөлдөр байгаа тогтоолоор товлосон өдөр 10 хорооны оршин суугч нар хуульд заасан ирцтэйгээр Анхдугаар хуралдаанаа хийж Хурлын дарга, Тэргүүлэгчдийг тус тус сонгосон, хорооны Засаг даргад сонгогдсон нэр дэвшигчдийг томилуулахаар дүүргийн Засаг даргад уламжилсан, мөн эдгээртэй холбоотой Тооллогын комиссын гаргасан “Санал хураасан дүнгийн тухай” 1, 2, 3 дугаар тогтоолыг илт хууль бусад тооцох үндэслэлгүй.

Хорооны Хурал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д зааснаар Хорооны хуралдааны дарга, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох, 17.1.2-т зааснаар хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх саналыг хэлэлцэн дүүргийн Засаг даргад уламжлах бүрэн эрхтэй бөгөөд хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт “Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан …хорооны Хурлын Тэргүүлэгчдийг 3-5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж заасны дагуу 10 хорооны иргэдийн Нийтийн Хурал Анхдугаар хуралдаанаа хуульд заасан журмын дагуу хийж холбогдох шийдвэрийг гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 128/ШШ2018/0483 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2, 20 дугаар зүйлийн 20.2, 23 дугаар зүйлийн 23.4, 23.5, 23.10, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Н, Н.Ч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б гаргасан “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн А/06 дугаар тогтоолын хавсралтын 10 дугаар хороонд холбогдох хэсэг, тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан Анхдугаар хуралдаан, мөн өдрийн “Тооллогын комисс байгуулах тухай” 01, “Хурлын даргыг сонгох тухай” 02, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 03, “Хорооны Засаг даргын сонгох тухай” 04, Тооллогын комиссын “Санал хураасан дүнгийн тухай” 01, 02, 03 дугаар тогтоолуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж; 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                       О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН