Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/00033

 

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/00033

 

 

У- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/02167 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: У- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З- ХХК-д холбогдох,

Түрээсийн төлбөрт 72 478 909 төгрөг гаргуулах, 92 нэр төрлийн эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, хариуцагчийн, түрээсийн байранд үлдээсэн эд хөрөнгө буюу 60 051 900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нандинцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч У- ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нандинцэцэг, Р.Мөнхзул нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигч 2008.08.15-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээ 15 жилийн хугацаатай боловч талууд гэрээг дуусгавар болгож, нэхэмжлэгч шүүхэд хандан түрээсийн төлбөрийг нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2018 оны 02 дугаар сард эцэслэж дууссан. Түрээсийн талбай, 2, 3 дугаар давхрын талбайг нэхэмжлэгч 2018.02.28, 2018.03.01-ний өдрүүдэд З- ХХК-иас хүлээн авсан. 2018.02.26-нд компанийн захирал Энх-Амгалан З- ХХК-ийн захиралтай уулзаад 2018.02.28-ны өдөр талбайг чөлөөлж авахаар тохиролцсон боловч ирээгүй тул мессежээр энэ тухай мэдэгдсэн, үүнийг шүүхээс үзлэг хийж баталгаажуулсан. Тухайн өдөр З- ХХК-ийн нягтлан бодогч н.Сийлэгмааг байлцуулж хүлээж авсан. Хариуцагч нь 1 дүгээр давхрын өөр түрээслэгчийн цахилгааны төлбөр давхар тооцогдсон гэж байгаа боловч тоолуураар өөр ялгаатай байдаг, тусдаа төлбөрөө төлдөг, энэ талаар хэрэгт баримтууд өгсөн. Энэ 92 төрлийн эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох шаардлагатай холбоотой түрээсийн гэрээний 2.9,2.7-д заасан нөхөн төлбөрийг түрээслэгчид төлөхөөр болсон тохиолдолд тоног төхөөрөмж тавилга,бусад эд хөрөнгийн элэгдэл хорогдлыг дундачлан, жилийн 5 хувь байхаар тооцно гэсэн заалттай. Хөрөнгө оруулалт, засан сайжруулалт гэсэн байдлаар З- ХХК-ийн анх талбайг түрээсэлж засварын зардлуудыг өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 500 000 000 төгрөгөөс тооцож 217 000 000 төгрөгийг З- ХХК-д олгохоор шийдсэн. Уг мөнгөнд засвар, тавилга эд хөрөнгө орсон, шаардаж байгаа эд хөрөнгө нь нэхэмжлэгчийн өмч буюу өмнөх шүүхийн шийдвэрийн дагуу засвар, хөрөнгө оруулалтын зардал учраас өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан. Түрээсийн төлбөрийг төлөхгүй 10 сар өнгөрсөн. Гэрээ цуцлагдсан бол талбайг буцааж өгөх үүрэгтэй. 2018.02.28-ны өдөр хүлээлцсэн шиг акт үйлдэж хүлээлгэн өгөх ёстой байсан. Үүргээ биелүүлээгүй учир түрээсийн төлбөрийг төлөх ёстой гэжээ.

Гэрээгээр З- ХХК нь анх Г блокын 1, 2, 3 дугаар давхрын 660 м.кв талбайг түрээсэлж байгаад 2015 онд 1 дүгээр давхрын 220 м.кв талбайг хүлээлгэж өгсөн. Талбайн хэмжээ нь 2015 оноос хойш 440 м.кв болсон, түрээсийн төлбөр 1 м.кв нь 6 ам.доллар буюу сарын 2 640 доллар. Нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцоод 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 сар хүртэл 65 165 821 төгрөг. Иймд З- ХХК-ийн төлөөгүй түрээсийн төлбөрт 2017.04.01-ний өдрөөс 2018.02.28-ны өдрийг хүртэл 65 165 821 төгрөг нэхэмжилж байна. Мөн дулаан, цахилгааны төлбөрийг дээрх хугацаагаар тооцон 2 848 780 төгрөгийг цахилгааны төлбөрт, 4 927 703 төгрөгийг дулааны төлбөрт гаргуулж өгнө үү. Усны мөнгө 118 230 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан. Үүний дараагийн шаардлага нь 1 дүгээр давхарт байгаа нийт 60 051 900 төгрөгийн эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгоно гэжээ.

Хариуцагч З- ХХК-иас шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түрээсийн төлбөрийг 2017.04.01-ний өдрөөс 2018.02.05-ны өдөр хүртэл тооцсоныг зөвшөөрөхгүй. Өмнө нь шүүх шийдвэрлэсэн. 2008 оны түрээсийн гэрээ 2017.06.16-ны өдрөөр цуцлагдаад талбайг З- ХХК ашиглаагүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцаа дуусаж холбогдох зардал, хөрөнгө оруулалтыг буцааж өгөхөөр шийдвэрлэсэн. 2017 оны 06 сараас хойш дээр дурдсан шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамж гарч, талбайд байсан эд хөрөнгийг битүүмжилж, ашиглах, үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон. Мөн нэхэмжлэгч нь халуун хүйтэн усыг байнга тасалдаг, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй, өвлийн улиралд халууныг бууруулах, паар халаалтын системийг доголдуулж байсан талаар гэрч мэдүүлсэн. Нэхэмжлэгчээс шалтгаалаад талбайг ашиглах боломжгүй байсан. Хариуцагч нь түрээсийн зүйлийг эзэмшиж ашиглаагүй, өмнөх шүүхийн шийдвэрээр гэрээний харилцаа дуусгавар болсон, одоо гэрээний дагуу түрээсийн төлбөр шаардах боломжгүй. Нэхэмжлэгч нь 2017 оны 11сараас хойш дулааныг тасалсан тул шаардах үндэслэлгүй. 92 нэр төрлийн эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага нь манай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай шууд холбоотой. 2015.11.30-ны өдөр 1 дүгээр давхрыг хүлээлгэн өгөхдөө талууд эд хөрөнгийн тооллого гэх жагсаалт, акт үйлдээд 107 төрлийн нийт 68 231 900 төгрөгийн эд хөрөнгийг хүлээлгэж өгсөн. Өмнөх Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.07.17-ны өдрийн 1510 дугаар шийдвэрээр 15 нэр төрлийн 8 180 000 төгрөгийн эд хөрөнгийг буцаан гаргуулахаар заасан. Шүүхийн шийдвэрээр нэгэнт хариуцагч компанийн өмч болохыг нь тогтоосон. Тухайн үед нэхэмжлээгүй үлдсэн, одоо сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилж байгаа эд хөрөнгүүдийг хариуцагчаас шаардсан байх тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч З- ХХК-иас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дээр дурдсан 68 231 900 төгрөгийн 107 нэр төрлийн эд хөрөнгөөс үлдсэн зүйлсийг тухайн үеийн эд хөрөнгийн тооллогод дурдсан үнээр тооцон нэхэмжилсэн. Эдгээр хөрөнгөөс зарим нь буцааж авах боломжгүй, зарим нь алга болсон зэрэг нь шинжээчийн дүгнэлтээр дурдагдсан. Тиймээс бид 26 нэр төрлийн 16 370 500 төгрөгийн эд хөрөнгийг биет байдлаар, бусад эд хөрөнгийн үнийг буюу 33 681 400 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан ба үүнийг дэмжиж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нандинцэцэг, Р.Мөнхзул нараас сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Өмнө нь 15 нэр төрлийн эд хөрөнгөөр шүүхийн шийдвэр гарсан. Одоо маргаантай байгаа 92 нэр төрлийн эд хөрөнгийн өмчлөгчийг шүүх тогтоосны дараа яригдах тусдаа асуудал юм. Мөн 26 нэр төрлийн эд хөрөнгийг гаргуулах, үлдсэн эд хөрөнгийн мөнгийг нь авна гэсэн. Гэтэл давхардсан байдлаар бичигджээ. Одоо эдгээр хөрөнгө нь 3-р давхарт байгаа. Шинжээч дүгнэлт гаргаагүй хөрөнгө байна. Байгаа эд хөрөнгөд ямар зааг ялгаа гаргасан нь ойлгомжгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр эд хөрөнгөөр нь авна гэж байгаа мөнгөн дүн нь 1 456 000 төгрөг, мөнгөөр нь авна гээд байгаа эд хөрөнгийн үнэлгээ нь 4 469 000 төгрөг болно. Шинжээчийн дүгнэлтээр 2015 оны байдлаар, биет байдлаар гаргуулах 26 нэр төрлийн эд хөрөнгийн үнэ 2 583 000 төгрөг болно. Мөнгийг нь авах гэсэн 67 нэр төрлийн эд хөрөнгө нь 5 234 500 төгрөг байна гэсэн. Нийт 7 817 500 төгрөгийн эд хөрөнгө 1 давхарт байгаа нь үнэн. Шүүхээс томилсон шинжээч үнэлгээг тогтоосон. Тэгэхээр өөрсдийн үнээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 111 дүгээр зүйлийн 111.2.2., 288 дугаар зүйлийн 288.2.4.-д заасныг баримтлан хариуцагч З- ХХК-иас 18 211 336 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 54 267 573 төгрөгийн шаардлага болон 92 нэр төрлийн эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг, мөн нэхэмжлэгч нь 118 230 төгрөгийн шаардлагаас татгалзсаныг батлан холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5., 289.2.6.-д заасныг баримтлан нэхэмжлэгч У- ХХК-иас 26 нэр төрлийн эд хөрөнгө буюу 10 000 төгрөгийн хос тосон шарагч 1 ш, 30 000 төгрөгийн тохируулагч плитка 1 ш, 300 000 төгрөгийн хөргүүртэй ширээ 2 ш, 90 000 төгрөгийн грилл шарагч 1 ш, 30 000 төгрөгийн ширмэн тогоо 2 ш, 130 000 төгрөгийн тас хөлдөөгч 1 ш, 20 000 төгрөгийн галын хор 2 ш, 30 000 төгрөгийн 50 кг-ын гурилын хуванцар сав 2 ш, 2 000 төгрөгийн жижиг поднос 1 ш, 90 000 төгрөгийн хайруулын таваг 3 ш, 12 000 төгрөгийн түмпэн 2 ш, 80 000 төгрөгийн 2 тосгууртай 1 цорготой угаалтуур 1 ш, 30 000 төгрөгийн хөгжмийн төхөөрөмж 1 ш, 20 000 төгрөгийн цагаан утас 1 ш, 10 000 төгрөгийн хогийн төмөр сав 1 ш, 50 000 төгрөгийн дугуй цагаан яригч 10 ш, 50 000 төгрөгийн хундага тогтоогч 5 ш, 120 000 төгрөгийн 70х80 см ажлын ширээ 2 ш, 30 000 төгрөгийн 4 хаалгатай ханын шүүгээ 1 ш, 60 000 төгрөгийн хувцасны шүүгээ 2 ш, 320 000 төгрөгийн 70х140 см, модон ширээ 8 ш, 120 000 төгрөгийн 70х220 см модон ширээ 2 ш, 100 000 төгрөгийн 70х70 см модон ширээ 4 ш, 120 000 төгрөгийн буйдан сандал 6 ш, 630 000 төгрөгийн жижиг сандал 42 ш, 80 000 төгрөгийн зурагт-42 1 ш буюу бүгд 2 564 000 төгрөгийн эд зүйлсийг болон 5 253 500 төгрөгийг тус тус гаргуулан хариуцагч З- ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 52 234 400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1., 54 дүгээр зүйлийн 54.1.4.-д заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлсөнд нэхэмжлэгч У- ХХК-иас 286 000 төгрөг, төгрөг, хариуцагч З- ХХК-иас 1 914 000 төгрөгийг тус тус гаргуулан шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1 073 940 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 458 210 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 249 007 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 140 030 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нандинцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талуудын 2018.02.15-ны өдрийн түрээсийн гэрээний 12.3-т түрээслэгч түрээсийн хөрөнгийг хугацанд нь өгөөгүй бол хохирол, хэтэрсэн хугацаанд ногдох түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй гэж заасан. Хариуцагч талбайг хүлээлгэж өгөхгүй байсан хугацааны төлбөрийг төлөх үүрэгтэй. Гэтэл шүүх түрээслэгчийн ажилтны мэдүүлгийг үндэслээд хариуцагчийг үйл ажиллагаа явуулаагүй байна гээд үүргээс чөлөөлсөн. Түрээслүүлэгчийн буруугаас үйл ажиллагаа явуулж чадаагүй гэх нотлох баримт байхгүй байхад ийм дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Түрээсийн гэрээний 2.6-д аль нэг тал түрээсийн гэрээг дуусгавар болгох бол 3-6 сарын өмнө нөгөө талд бичгээр урьдчилан мэдэгдэхээр заасан. Дээрх хугацаа өнгөрөөгүй байхад, мэдэгдэл өгсөн өдөр нь гэрээг дуусгавар болсон гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Шүүх гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцалсан гэх хуулийн заалтыг үндэслэсэн боловч дуусгавар болох талаар талуудын байгуулсан гэрээний 2.6 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хариуцагч компанид ажиллаж байсан А.Батмэд, Э.Сийлэгмаа нарын мэдүүлгийг үндэслэж түрээслэгчийг түрээсийн зүйлийг зориулалтын дагуу ашиглаж чадаагүй гэж дүгнэсэнд гомдолтой. Шүүх түрээсийн байранд түрээслэгч үйл ажиллагаа явуулахгүй байгаа талаарх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч тал өөр баримтаар үгүйсгээгүй гэж дүгнэсэнд гомдолтой. Гэтэл хэрэгт олон нотлох баримтууд авагдсан. Гэрээ дуусгавар болох хугацааг буруу дүгнээд улмаар өөрсдөө түрээсийн талбайг чөлөөлж авах үүрэгтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Гэрээний 2.6-д зааснаар гэрээ дуусгавар болох хугацаа нь 2017.12.16 байсан. Энэ хугацаанд гэрээ хүчинтэй хэвээр байгаа нөхцөлд түрээслүүлэгч түрээсийн талбайг чөлөөл хэмээн түрээслэгчид шаардлага тавих эрхгүй байсныг тодруулаагүй, зөв дүгнээгүй. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад тооцооны алдаатай. Нэхэмжлэгч нийтдээ 72 478 909 төгрөг нэхэмжилсэн ч 118 230 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж нэхэмжлэлийн үнийн дүн 72 360 679 төгрөг болсон. Анхан шатны шүүх үүнээс 18 211 336 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа бол хангаагүй үлдэх хэсэг нь 54 149 343 төгрөг байхаар байна. Гэтэл шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 54 267 573 гэж буруу тооцсон. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 54 149 343 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч У- ХХК нь хариуцагч З- ХХК-д холбогдуулан 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны түрээс 65 165 821 төгрөг, мөн дээрх хугацааны хариуцагчийн ашигласан ус, цахилгаан, дулааны зардалд нийт 7 313 088 төгрөг шаардсан. /1хх-62/ Хариуцагч түрээсийн талбайг дээрх хугацаанд ашиглаагүй тул түрээс болон ашиглалтын зардлыг төлөхгүй гэж маргажээ. /2хх-204/

 

Зохигч 2008 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн, мөн оны 8 дугаар сарын 15-ны өдрийн, 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн түрээсийн гэрээг тус тус байгуулсанд маргаагүй. Уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшлийн Тэнгис кино театрын байрны Г блокын 440 м.кв талбайг, 1 м.кв талбайг 6 ам. доллараар буюу сард 2 640 ам доллараар түрээслэн ашиглаж байсанд, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түрээсийн тооцоо дууссан үйл баримтад талууд маргаангүй. /2хх-203/

 

Анхан шатны шүүхийн шийдвэрээр сөрөг нэхэмжлэлээс 52 234 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосонд, мөн ашиглалтын зардал болох цахилгааны төлбөрт 2017 оны 04 дүгээр сард 576 065 төгрөг, 05 дугаар сард 585 703 төгрөг, дулааны төлбөрт 2017 оны 04, 05 дугаар сард 949 256 төгрөг буюу нийт 2 111 024 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргаагүй. Мөн 92 нэр төрлийн эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцжээ. / 3-р хх-4/

 

Талууд түрээсийн төлбөр, түрээсийн байранд оруулсан засан сайжруулалт зэрэг асуудлаар маргаж өмнө нь шүүхэд хандсан. Тухайн маргааныг хянан шийдвэрлэсэн 3 шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагджээ. /1хх-22-41/ Шүүхийн шийдвэрт талуудын хоорондын гэрээ 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр албан бичиг, мэдэгдэл өгснөөр цуцлагдсан гэж дүгнэжээ. Нэгэнт талууд 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл түрээсийн төлбөрийн бүх тооцоо дууссанд маргаангүй тул уг хугацаанаас гэрээ цуцлагдах хүртэл буюу 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх 2 сар 16 хоногийн түрээсийн төлбөрийг хариуцагч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар төлөх үүрэгтэй юм.

 

Харин 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс хойш түрээсийн эд хөрөнгөө эзэмшилдээ хүлээж авсан 2018 оны 02 дугаар сарын 5-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөрийг шаардаж байгаа үндэслэлээ нэхэмжлэгч .., түрээсийн зүйлийг хариуцагч хүлээлгэж өгөхгүй удаашруулсантай холбон тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй. Хариуцагч нь 2017 оны 7 дугаар сарын наадам өнгөрөөд караоке хоолны газрын үйл ажиллагаа зогссон гэж тайлбарласнаас бус түрээсийн талбайг бүрэн чөлөөлсөн гэх нотлох баримтыг гаргаагүй. /2хх-214/

 

Мөн гэрч Б.Золжаргалын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбараар 2018 оны 2 дугаар сарын 26-нд түрээсийн талбайг хариуцагч тал чөлөөлж өгсөн, хүлээлцсэн өдөр түлхүүрийг өгсөн үйл баримт тогтоогдсон. Уг үйл баримтыг хариуцагч няцаагаагүй, үгүйсгээгүй байна. /2-р хх 211/

 

Талуудын хоорондын өмнөх шүүхийн маргаан 2017 оны 2 дугаар сарын 23-нд Улсын Дээд шүүхээс эцэслэн шийдвэрлэгдсэн нь түрээсийн зүйлийн ердийн элэгдэл хорогдлыг тооцон түрээсэлсэн эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулах үндэслэл болохгүй юм. Хариуцагч нь нэхэмжлэгчийн .., манай компаниас түрээсэлдэг Г блок дах байрандаа үйл ажиллагаа явуулсаар байгаа, оройн цагаар караоке ажиллуулж, оффистоо тогтмол суудаггүй, оройн цагаар орж гардаг гэх тайлбарыг баримтаар няцаагаагүй /1хх-1-2/ Мөн хариуцагч нь ..,өөрийн хөрөнгийг тэр байрнаас авах боломжгүй болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явуулсан албан бичгийн хариугаар нотлогдоно гэх боловч уг албан бичиг сүүлд нөхөж авсан бичиг байна. /1хх-206/

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хугацааны түрээс 65 165 821 төгрөг, ашиглалтын зардал 7 313 088 төгрөгийн шаардлагыг бүрэн хангах ёстой гэж давж заалдах журмаар гомдол гаргажээ. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх түрээсийн төлбөрт 16 100 312 төгрөг гаргасан тул нэмж зөрүү 49 065 509 төгрөг, ашиглалтын зардалд нэмж буюу зөрүү 5 202 064 нийт 54 267 573 төгрөгийг гаргуулахаар гомдол гаргасан. Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тодруулахдаа тооцооллын алдаа гаргажээ. Үүнд: Хэргийн 62 дугаар дугаар хуудсанд нэхэмжлэгч ашиглалтын зардал нэхэмжлэхдээ үнийн дүнг 7 313 088 төгрөг гэж тодорхойлсон. Хэргийн 2-р хх 203 дугаар хуудсанд нэхэмжлэлийн шаардлага тодруулахдаа цахилгааны төлбөрт 2 848 780 төгрөг, ус, дулааны төлбөрт 4 927 703 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч халуун, хүйтэн усны мөнгө гэх 118 230 төгрөгийн хэмжээнд шаардлагаа багасгасан. Дээрх дүнг нэгтгэж үзвэл 7 658 253 төгрөг болж байгаа хэдий ч нэхэмжлэгч өөрөө ашиглалтын зардлаа 7 313 088 төгрөгөөр тооцож үүнээс 118 230 төгрөгөөр шаардлагаа багасгаж нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн нийт үнийн дүнг 72 360 679 төгрөг гэж үзлээ. / 7 313 088 -118 230 +65 165 821 төгрөг нийт 72 360 679/1хх-62, 3хх-4/

 

Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт зааснаар гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй юм. Нэхэмжлэгч хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсийг шаардсан шалтгаанаа хохирлын агуулгатай холбож буюу ..,өөр газарт түрээслүүлсэн бол ашиг олох байсан гэдэг утгаар нэхэмжилж байна гэжээ. /2-р хх 230/

 

Хариуцагч нь түрээсийн зүйлийг ашиглаж чадаагүй гэсэн тайлбар гаргасан нь түрээсийн зүйлийг хүлээлгэн өгөөгүй үйлдэлтэй шалтгаант холбоогүй юм. Иймд Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт зааснаар хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр буюу 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүртэл түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь 440 м.кв талбайн 1м.кв тутамд 6 ам. доллараар бодож 2 640 ам доллар 10 сарын хугацаагаар 26 400 ам.доллар шаардсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дах хэсэгт гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно гэж заасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан бөгөөд тухайн өдрийн Монгол банкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2,395.85 төгрөг байжээ. Нийт 26 400 ам.долларыг х2 ,395.85= 63 250 440 төгрөг болж байна. Энэхүү түрээсийг хариуцагч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад түрээсийн төлбөрийг бүрэн төлүүлэхээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.3 дахь хэсэгт зааснаар талууд тохиролцсон бол нэмэлт зардлын төлбөрийг нэгэн адил төлөхөөр байна. Талууд түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлд нэмэлт зардлыг төлөх талаар харилцан тохиролцсон / 1хх-55-61/

 

Цахилгаан, дулааны төлбөрийг тоолуурын заалт өгч байсан нэхэмжлэхүүд,2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн тооцоо нийлсэн баримт дээр үндэслэн нэхэмжилсэн гэх боловч уг баримтууд нэхэмжлэлийн шаардлагын дээрх хэсгийг бүрэн нотолж чадахгүй байна. Гэвч түрээсийн талбайг хүлээлгэн өгөх үед хариуцагчийн зарим цахилгаан хэрэгслүүд залгаатай ажиллаж байсан гэх тайлбар, гэрч А.Батмэдийн сард цахилгаан 180 000-230 000 гардаг. Дулаан 150 000 төгрөг орчим, ер нь тогтмол гардаг. 2017 оны наадмын үеэс л үйл ажиллагаа зогссон /2-р хх 203-204/, салгаагүй үлдээсэн ганц нэг хөргөгч, хөлдөөгч зэрэг зүйлээс цахилгааны төлбөр гарсан байх, /2-р хх 228/, түлхүүр манайд байсан нь ашиглаж байна гэж үзэхгүй гэх тайлбар зэргийг үндэслэн 2 111 024 төгрөгийг хариуцагчийн төлбөл зохих ашиглалтын зардалд гаргуулсныг хэвээр үлдээж шийдвэрлэв. / 2-хх 229/ Мөн уг ашиглалтын зардал төлүүлсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг дахин дурдаж байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон үнийн дүн, найруулга зэрэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс 65 361 464 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/002167 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 111 дүгээр зүйлийн 111.2.2, 288 дугаар зүйлийн 288.2.4 гэснийг 295 дугаар зүйлийн 295.4, 292 дугаар зүйлийн 292.3 гэж, 18 211 336 гэснийг 65 361 464 гэж, 54 267 573 гэснийг 7 117 445 гэж 4 дэх заалтын 249 007 гэснийг 484 757 гэж тус тус өөрчлөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД