Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2167

 

                                    

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2018/02167

                 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “УБ С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “З” ХХК-д холбогдох,

 

Түрээсийн төлбөрт 72 478 909  төгрөг гаргуулах, 92 нэр төрлийн эд хөрөнгийн өмчлөгчөөр  тогтоолгох  тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагчийн, түрээсийн байранд үлдээсэн эд хөрөнгө буюу 60 051 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчид холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий  иргэний хэргийг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр  хүлээн авснаар  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, Р.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн өмгөөлөгч М.Б, гэрч А.Б, Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Маралмаа нар оролцов.

                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “УБ С” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, Р.М нараас  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “УБ С” ХХК, “З” ХХК нарын хооронд анх 2008 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “Түрээсийн гэрээ” байгуулагдсан бөгөөд 15 жилийн хугацаатай байсан боловч талууд гэрээг дуусгавар болгоод “УБ С” ХХК шүүхэд хандаж түрээсийн төлбөрийг нэхэмжлэл гарган уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь 2018 оны 02 дугаар сард эцэслэн шийдвэрлэгдэж дууссан. Иймд  “З” ХХК-ийн төлөөгүй түрээсийн төлбөрт 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл  65 165 821 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ түрээсийн гэрээний дагуу “З” ХХК нь  анх Г блокын  1, 2, 3 дугаар давхрын 660 м.кв талбайг түрээсэлж үйл ажиллагаа явуулж байгаад 2015 онд 1 дүгээр давхрын 220 м.кв талбайг  хүлээлгэж өгсөн. Талбайн хэмжээ нь 2015 оноос хойш 440 м.кв болсон бөгөөд түрээсийн төлбөр нь 1 м.кв нь  6 ам.доллар буюу сарын 2 640 доллараар төлөх ёстой байсан. Бид энэ дүнгээр нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцоод 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 65 165 821 төгрөг болж байгаа юм. Мөн дулаан болон цахилгааны төлбөрийн дээрх  хугацаагаар тооцон 2 848 780 төгрөгийг цахилгааны төлбөрт, 4 927 703 төгрөгийг дулааны төлбөрт, усны мөнгийг нэхэмжилсэн байсан боловч өмнөх шүүх хуралдааны явцад 118 230 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан. Үүний дараагийн шаардлага нь 1 дүгээр давхарт байгаа нийт  60 051 900 төгрөгийн эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох  тухай шаардлага юм.

2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр болон 03 дугаар сарын 01-ний өдрүүдэд түрээсийн 2, 3 дугаар давхруудын талбайг “З” ХХК-иас акт үйлдэж хүлээж авсан. 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр манай компанийн захирал н.Энх-Амгалан “З” ХХК-ийн захиралтай уулзаад 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр талбайг чөлөөлж авахаар тохиролцсон боловч ирэхгүй байсан тул мессежээр энэ тухайгаа мэдэгдсэн, үүнийг шүүхээс үзлэг хийж баталгаажуулсан. Тухайн өдөр “З” ХХК-ийн нягтлан бодогч н.Сийлэгмааг байлцуулж байгаад хүлээж авсан. Цахилгааны төлбөрийг хариуцагч тал 1 дүгээр давхрын өөр түрээслэгчийн цахилгааны төлбөр орсон гэж байгаа боловч тоолуураар өөр ялгаатай байдаг, тусдаа төлбөрөө төлдөг, энэ талаар хэрэгт баримтууд өгсөн.  Бид нарыг ороход тог цахилгааны зүйлс нь залгаатай байсан, ихэвчлэн оройн цагаар орж гардаг байсан тул талбайг ашиглаж байсан гэж үзэж байна. Энэ 92 төрлийн эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох шаардлагатай холбоотой түрээсийн гэрээний 2.9-д “гэрээний 2.7-д заасан нөхөн төлбөрийг түрээслэгчид төлөхөөр болсон тохиолдолд тоног төхөөрөмж тавилга болон бусад эд хөрөнгийн элэгдэл хорогдлыг дундажлан жилийн 5 хувь байхаар тооцно” гэсэн заалттай бөгөөд хөрөнгө оруулалт болон засан сайжруулалт гэсэн байдлаар “З” ХХК-ийн анх талбайг түрээсэлж аваад хийсэн засварын зардлуудыг өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 500 000 000 төгрөгөөс тооцож 217 000 000 төгрөгийг “З” ХХК-д олгохоор шийдсэн. Уг мөнгөнд барилгад оруулсан бүхий л засвар, тавилга эд хөрөнгө орсон, тиймээс шаардаж байгаа эд хөрөнгө нь “УБ С” ХХК-ийн өмч буюу өмнөх шүүхийн шийдвэрийн дагуу засвар хөрөнгө оруулалтын зардал гэсэн нэрийн дор гэж явсан учраас өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан. Мөн түрээсийн гэрээнд сар бүр түрээсийн төлбөрийг төлөх үүрэг түрээслэгч талд байсан боловч түрээсийн төлбөрийг төлөхгүй байсаар байгаад 10 сар өнгөрсөн. Тухайн хөрөнгийг бид нар бусдад түрээсэлж, захиран зарцуулж чаддаггүй өдийг хүрсэн. Иймд нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байна. Гэрээ цуцлагдсан бол заавал талбайг буцааж өгөх үүрэгтэй. Хариуцагчийн 1 ширхэг сандал, 1 ширхэг хадаас байгаа бол тэр талбайг ашиглаж байна гэж үзнэ. Хариуцагч талын хэлж байгаагаар талбай хүлээлгэж өгнө гэхээр дээр нь байгаа хөрөнгөнүүдийг хураагаад ачаад явахыг хэлэхгүй, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээлцсэн шиг акт үйлдэж хүлээлгэн өгөх ёстой байсан. Үүргээ биелүүлээгүй учир түрээсийн төлбөрийг төлөх ёстой гэж үзэж байгаа гэв.

 

 Хариуцагч  “З” ХХК-иас шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн  төлөөлөгч Б.С-с шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгчийн зүгээс, түрээсийн төлбөрт 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцож гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ хэрэг нь анх удаа шүүхээр хянан хэлэлцэгдээгүй. Өмнө нь бас шүүх шийдвэрлэсэн байдаг. Талуудын хооронд байгуулагдсан 2008 оны түрээсийн гэрээ 2017 оны 06 сарын 16-ны өдрөөр цуцлагдаад үүнээс хойш уг талбайг хариуцагч буюу “З” ХХК ямар нэг байдлаар ашиглаагүй. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 07 дугаар сарын  17-ны өдрийн 1510 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоол гарч энэ маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцаа дуусгавар болоод холбогдох зардал, хөрөнгө оруулалтыг буцааж өгөхөөр шийдвэрлэсэн. 2017 оны 06 сараас хойш дээр дурдсан шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 13028 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж гарч, түрээсийн талбайд байсан уг эд хөрөнгийг битүүмжлүүлж, хариуцагч ямар нэг байдлаар ашиглах, үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон. Мөн нэхэмжлэгч нь халуун хүйтэн усыг байнга тасалдаг, түрээслэгч байгууллага хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй, өвлийн улиралд халууныг бууруулах, паар халаалтын системийг доголдуулж байсан бөгөөд энэ талаар гэрч мэдүүлсэн.  Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн үйл ажиллагаанаас шууд шалтгаалаад тухайн талбайг ашиглах боломжгүй байсан. Өнөөдрийг хүртэл бодитоор хариуцагч байгууллага түрээсийн зүйлийг эзэмшиж  ашиглаагүй, өмнөх шүүхийн шийдвэрээр гэрээний харилцаа дуусгавар болсон байхад одоо гэрээний дагуу түрээсийн төлбөр шаардах боломжгүй. Мөн цахилгаан, ус, дулааны төлбөрийг шаардсан. Бид түрээсийн талбайг нэгэнт ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй, нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сараас хойш дулааныг тасалсан тул шаардах үндэслэлгүй. Үйл ажиллагаа явуулаагүй учраас ашиглалтын зардал гарах боломжгүй. 2017 оны 06 сараас хойш ашиглаагүй юм. 92 нэр төрлийн эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага нь манай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай шууд холбогдож байгаа бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр түрээсийн төлбөр шаардаад байгаа 1 дүгээр давхрыг хүлээлгэн өгөхдөө талууд эд хөрөнгийн тооллого гэх жагсаалт гаргаад акт үйлдээд 107 төрлийн эд хөрөнгийг үнэлээд  нийт 68 231 900 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүлээлгэж өгсөн. Өмнөх Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1510 дугаар шийдвэрээр  15 нэр төрлийн 8 180 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг буцаан гаргуулахаар заасан. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрээр нэгэнт дүгнэгдээд хариуцагч компанийн өмч болохыг нь тогтоогоод өгсөн байдаг. Тухайн үед нэхэмжлээгүй үлдсэн, одоо бид сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилж байгаа эд хөрөнгөнүүдийг хариуцагч байгууллагаас шаардсан байх тул энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

 

Хариуцагч “З” ХХК-иас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дээрх дурдсан  68 231 900 төгрөгийг үнэ бүхий 107 нэр төрлийн эд хөрөнгөнөөс үлдсэн зүйлсийг тухайн үеийн эд хөрөнгийн тооллогод дурдсан үнээр тооцон бид нэхэмжилсэн.  Эдгээр хөрөнгөөс зарим нь барилгад ямар нэг байдлаар суурилагдсан буцааж авах боломжгүй, зарим нь алга болсон зэрэг нь шинжээчийн дүгнэлтээр дурдагдсан байна. Тиймээс бид 26 нэр төрлийн 16 370 500 төгрөгийн эд хөрөнгийг биет байдлаар, бусад эд хөрөнгийн үнийг буюу 33 681 400 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан ба үүнийг дэмжиж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, Р.М нараас  сөрөг нэхэмжлэлийн талаар  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Өмнө нь 15 нэр төрлийн эд хөрөнгө дээр шүүх шийдвэр гарсан байж болно. Одоо марагж байгаа 92 нэр төрлийн эд хөрөнгийн өмчлөгчийг хэн бэ гэдгийг шүүх тогтоосны дараа яригдах тусдаа асуудал юм. Мөн 26 нэр төрлийн эд хөрөнгийг гаргуулах, үлдсэн эд хөрөнгийн мөнгийг нь авна гэсэн. Гэтэл жижиг поднос гэхэд давхардсан байдлаар бичигдсэн байна. Өөрөөр хэлбэл  жижиг подносыг нь мөнгөөр нь авна, биетээр нь авна гээд давхцсан байна. Бид шинжээчтэй хамт явсан бөгөөд 10 секцтэй мармед, 85х140 см хэмжээтэй модон ширээ, ширмэн тогоо гэсэн 3 зүйлийг Ц захирал нь өөрөө авсан гэсэн. Түүнийг энэ хүснэгтэд оруулаад бичсэн байна. Одоо эдгээр хөрөнгөнүүд нь 3 дугаар давхарт байгаа. Аяга, таваг, шаазан зэрэг зүйлсүүдийн ихэнх нь үрэгдэж хагарсан зүйлс байгаа, бусад хөрөнгүүд нь бүгд байсан. Модон ширээ гэх мэт одоо байхгүй, шинжээч дүгнэлт гаргаагүй хөрөнгөнүүд байна. Байгаа эд хөрөнгөнүүдийг ямар зааг ялгаа гаргасан нь ойлгомжгүй байна. Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд эд хөрөнгөөр нь авна гэж байгаа мөнгөн дүн нь 1 456 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгүүд байгаа бөгөөд мөнгөөр нь авна гээд байгаа эд хөрөнгийн үнэлгээ нь 4 469 000 төгрөг болж байна. Шинжээчийн дүгнэлт дээр 2015 оны байдлаар, биет байдлаар гаргуулна гэсэн 26 нэр төрлийн эд хөрөнгө нь 2 583 000 төгрөг байгаа. Мөнгийг нь авах гэсэн 67 нэр төрлийн эд хөрөнгөнүүд нь 5 234 500 төгрөг байна гэсэн. Ингээд нийт 7 817 500 төгрөгийн эд хөрөнгө 1 дүгээр давхарт байгаа нь үнэн. Шүүхээс томилсон шинжээч үнэлгээг тогтоосон. Тэгэхээр өөрсдийн зохиож тавьсан үнээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:                                                       

                                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч “УБ С” ХХК нь хариуцагч “З” ХХК-д холбогдуулан 2017 оны 04 дүгээр сараас 2018 оны 02 дугаар сарын 26-ныг хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 65 165 821 төгрөг, ашиглалтын зардалд 7 313 088 төгрөг, нийт 72 478 909 төгрөг гаргуулах, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Тэнгис” кинотеатрын байрны Г блокын 1 дүгээр давхарт байх, талуудын хооронд үйлдсэн, 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Эд хөрөнгийн толлого”-д дурдсан 92 нэр төрлийн эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад усны төлбөрт нэхэмжилсэн 118 230 төгрөгийн  шаардлагаас татгалзжээ.

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч тал үл зөвшөөрч хариуцагчийн бүхий л эд хөрөнгүүдийг битүүмжилсэн тул учир түрээсийн талбайг ашиглах боломжгүй, цахилгаан, халуун, хүйтэн усыг тасалсан учир ресторан, караокены зориулалтаар ажиллуулах, ашиглах ямар ч боломжгүй болгосон, гэрээний үүрэг 2017 оны оны 06 дугаар сарын 17-ны өдрөөр дуусгавар болсон учир түрээсийн төлбөр, ашиглалтын төлбөрийг төлөх үндэслэлгүй, түрээсийн талбайн 1 дүгээр давхарт үлдээсэн манай өмчлөлийн эд хөрөнгүүдээс шүүхийн шийдвэрээр 8 180 000 төгрөгийн эд хөрөнгийг буцааж олгосон, бусад эд зүйлсийг өөрийн өмчлөлийн зүйл гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж тайлбарлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1 дүгээр давхарт эд хөрөнгийн тооллогоор хүлээлгэн өгсөн  60 051 900 төгрөгийн эд хөрөнгөөс 16 370 500 төгрөгийн эд хөрөнгийг, буцаан авах боломжгүй эд хөрөнгийн үнэ 43 681 400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгч байгууллагад холбогдуулан сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгүүдийг хангаж, үлдэх хэсгүүдийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

1. 2008 оны 08 дугаар сарын 01-ний өдөр болон 2008 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Жуулчны гудамж-17, “Тэнгис” кинотеатрын нийт 660 м.кв талбайг 15 жилийн хугацаатайгаар үйлчилгээний зориулалтаар түрээслэхээр хариуцагч “З” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, хариуцагч нь эд хөрөнгө ашигласны төлбөрт сар бүр 4 455 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д заасан түрээсийн гэрээг байгуулж, талууд 2014 оны 05 дугаар сарын 12-ны 01 тоот нэмэлт гэрээгээр 1 сарын түрээсийн төлбөрийг 4 620 ам.доллар болгон өөрчлөн, хариуцагч тал нь 2015 оны 11 дүгээр сарын 30-нд түрээсэлсэн талбайн 1 дүгээр давхарт  байрлах 220 м.кв талбайг түрээслүүлэгчид  буцаан хүлээлгэн өгчээ.

Эдгээр үйл баримтууд нь талуудын хооронд байгуулсан 2008 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Түрээсийн гэрээ”, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1510 дугаартай шийдвэр, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2116 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 197 дугаартай тогтоол, “УБ С” ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2202015059 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

 

2.Нэхэмжлэгч тал нь 2017 оны 04 дүгээр сараас 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч тал түрээсийн талбайг ашигласан гэж үзэн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “УБ С” ХХК-ийн захирлын 026 тоот “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаал, 2018 оны 02 дугаар сарын  28-ны өдрийн №1, №2  “Түрээсийн талбай, эд хөрөнгө хүлээлцэх акт, тэмдэглэл” /1-р хх-ийн 123-133/, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 88548086 дугаараас 91999192 дугаарт бичигдсэн цахим захидалд шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 200-201/, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хоорондох хугацааны Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаанууд /1-р хх-ийн 112-122/,  “УБ С” ХХК-ийн нэхэмжлэхүүд, УБЦТС ХК-ийн төлбөрийн нэхэмжлэлүүд /1-р хх-ийн 135-152/, УБДС ТӨХК-ийн төлбөрийн нэхэмжлэлүүд /1-р хх-ийн169-179/, Хас банк дахь дансны хуулгууд /1-р хх-ийн 153-168, 180-191/ зэргийг нотлох баримтаар гарган, гэрч Б.З, А.Б нарын мэдүүлгээр гэрчлүүлэн түрээсийн төлбөрт 1 м.кв-ыг 6 ам.доллараар тооцон 440 м.кв талбайд 2 640 ам.долларыг хэрэгт авагдсан ам.долларын ханшийн лавлагааг үндэслэн 65 165 821 төгрөг, ашиглалтын зардалд 7 313 088 төгрөг, нийт 72 478 909 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа боловч талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь 2017 оны 06 дугаар сарын 16-нд 17/06/16 тоот албан бичгээр түрээслэгч буюу хариуцагч талаас цуцлах мэдэгдэл гаргаснаар дуусгавар болсон байна.

Өөрөөр хэлбэл талуудын хоорондох “Түрээсийн гэрээ”-ний 2.2-т “Түрээслэгч нь ...хугацаа дуусахаас 3-6 сарын өмнө гэрээний хугацааг ...дуусгавар болгох саналаа түрээслүүлэгчид бичгээр гаргаж болно”, 2.6-д “Аль нэг тал түрээсийн гэрээг дуусгахаар шийдсэн бол 3-6 сарын өмнө дуусах өдөр хугацааг нөгөө талд бичгээр урьдчилан мэдэгдэнэ” гэж заасны дагуу хариуцагч буюу түрээслэгч талаас гэрээг цуцлах тухай мэдэгдэл өгснөөр  Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.3.-д зааснаар “Түрээсийн гэрээ” дуусгавар болсон байх бөгөөд энэ талаар дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдэд дүгнэсэн байна.

 

3. Хариуцагч  “З” ХХК нь  2017 оны 04 дүгээр сараас 06 дугаар сарын 17-ныг хүртэл хугацаанд түрээсийн зүйлийг эзэмшин ашиглаж байсан бөгөөд энэ хугацааны түрээсийн төлбөрт хэрэгт авагдсан ам.долларын ханшийн лавлагаануудыг үндэслэн түрээсийн төлбөр болох 2 640 ам.долларыг  2017 оны 04 дүгээр сард  1 ам.долларыг 2 422.08 төгрөгөөр тооцож  6 394 291 төгрөг, 05 дугаар сард 2 418.19 төгрөгөөр тооцон  6 384 022 төгрөг, 06 дугаар сарын 17-ныг хүртэл 16 хоногт  2 359.27 төгрөгөөр тооцон 3 321 852 төгрөг, бүгд 16 100 312 төгрөгийг, ашиглалтын зардал болох цахилгааны төлбөрт 2017 оны 04 дүгээр сард 576 065 төгрөг, 05 дугаар сард 585 703 төгрөг, дулааны төлбөрт 2017 оны 04, 05 дугаар сард 949 256 төгрөг, нийт 18 211 336 төгрөгийг   Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д зааснаар болон талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1.4-т зааснаар нэхэмжлэгч талд төлөх үүрэгтэй.

Хэрэгт авагдсан “УБ С” ХХК-ийн 1264 тоот нэхэмжлэх дээр /1-р хх-ийн 137/  “...06-р сарын ашиглалтын зардал...788 059 төгрөг...” тусгасан байх боловч хариуцагчийн хэрэглэсэн цахилгааны хэмжээг тодорхойлсон цахилгааны тоолуурын заалт байхгүй байх тул хариуцагч “З” ХХК нь 2017 оны 06 дугаар сард 777 489 төгрөгийн цахилгаан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байна.

 

4.Шүүх хуралдаанд гэрч А.Батмэдээс мэдүүлсэн “...караоке нь 2017 оны наадмын үеэс л үйл ажиллагаагаа зогсоосон байх...шүүхээс ирж лацадсан тэр үеэс  ашиглахгүй болсон...” гэх мэдүүлэг, гэрч Э.Сийлэгмаагийн шүүхэд мэдүүлсэн “...2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хүртэл үйл ажиллагаа явуулсан...2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс ашиглаагүй, харилцагч байгууллагын эд хогшил байгаа учраас би ...орж гарч...байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 202-205/, хариуцагч “З” ХХК-ийн эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн буюу 101 120 675 төгрөгийн хэмжээнд битүүмжилсэн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 13028 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж /2-р хх-ийн 27/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 4/123 тоот  хариу  мэдэгдэх хуудас /1-р хх-ийн 206/, хариуцагчийн тайлбар зэргээс үзэхэд хариуцагч буюу түрээслэгч нь гэрээг дуусгавар болсноос хойш 2018 оны 02 дугаар сарын 28-ныг хүртэл хугацаанд түрээсийн зүйлийг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж чадаагүй гэж үзэхээр байна.

Мөн талуудын хооронд байгуулсан “Түрээсийн гэрээ”-ний 13.1-д “Гэрээг дуусгавар болсноос хойш түрээслэгч нь түрээсийн талбай, эд хөрөнгийг түрээслүүлэгчийн тогтоосон хугацаанд хүлээлгэж өгөөгүй, түрээсийн талбайг чөлөөлөөгүй бол түрээслэгчийн эд хөрөнгийг өөр газарт шилжүүлж түрээсийн талбай, эд хөрөнгийг чөлөөлөх бөгөөд энэ талаар түрээслэгчид мэдэгдэнэ...” гэж заасны дагуу  түрээслүүлэгч  нь дээрх эрхээ  болон Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1., 106 дугаар зүйлийн 106.1.-д заасны дагуу өөрийн хөрөнгөө аливаа халдлагаас хамгаалах, бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхээ хэрэгжүүлэн 2017 оны 06 дугаар сарын 16-наас хойш 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд түрээслэгчээс түрээсийн зүйлийг шаардаж, мэдэгдэж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Талуудын хоорондох “Түрээсийн гэрээ” 2017 оны 06 дугаар сарын 16-нд дуусгавар болоход хөлслөгч буюу хариуцагчийн зүгээс түрээсийн зүйлийг буцаан өгөх хугацааг хойшлуулсан гэж үзэх боломжгүй бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, дээрх хугацаанд хариуцагч түрээсийн зүйлийг зориулалтын дагуу эзэмшин ашиглаж, үйл ажиллагаа явуулаагүй байна.

 Түүнчлэн түрээсийн байранд түрээслэгч үйл ажиллагаа явуулахгүй байгаа талаарх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч тал өөр баримтаар үгүйсгээгүй байна.

Иймд дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь  гэрээ дуусгавар болсноос хойш гэрээний үүрэгт 2018 оны 02 дугаар сарын 28-ныг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр, ашиглалтын зардлыг  нэхэмжлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

5.Зохигчид  2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Тэнгис” кинотеатрын байрны Г блокийн 1 дүгээр давхарт байрлах 107 нэр төрлийн, 68 231 900 төгрөгийн өөрийн өмчлөлийн эд зүйлсийг хариуцагчаас нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн тухай “Эд хөрөнгийн тооллого”  /2-р хх-ийн 24-26/  гэсэн баримтыг үйлдсэн байх бөгөөд уг баримтын 3, 4, 6, 8, 9, 11, 14-19, 21, 22, 107 дугаарт бүртгэгдсэн 15 нэр төрлийн, 8 180 000 төгрөгийн эд хөрөнгөөс бусад эд зүйлсийг нэхэмжлэгчээс хариуцагчид буцаан шилжүүлээгүй, нэхэмжлэгчид байгаа болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон. 

Талууд түрээсийн гэрээнд дээрх хариуцагчийн өмчлөлийн эд зүйлсийг гэрээ дуусгавар болоход Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.2.-д заасны дагуу дээрх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг  нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохиролцоогүй бөгөөд түүнчлэн Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.4.-т заасан хөлслүүлэгч нь салгаж үл болох засан сайжруулалтын үнийг төлөхөөс татгалзах нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Иймд тооллогоор хүлээлцсэн 92 нэр төрлийн эд хөрөнгийг  шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу  түрээсийн зүйлийг 2017 оны 04 дүгээр сарын 01-нээс 2023 оны 06 дугаар сарын 01-нийг хүртэл ашиглах хэмжээгээр тооцон  “УБ С” ХХК-иас “З” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн 217 261 900 төгрөгийн ашиглалтын зардалд /гэрээнд зааснаар нөхөн төлбөр/-т хамаарсан гэж үзэх боломжгүй, хариуцагчийн өмчлөлийн эд зүйлс байх тул нэхэмжлэгчийн 60 051 900 төгрөгийн эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага үндэслэлгүй юм.

 

6.Хариуцагч “З” ХХК нь сөрөг нэхэмжлэлээр дээрх шаардлагатай холбоотойгоор 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Эд хөрөнгийн тооллого”-ыг үндэслэн нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн 92 төрлийн 60 051 900 төгрөгийн  эд хөрөнгөөс 26 нэр төрлийн 16 370 500 төгрөгийн хөрөнгийг биет байдлаар буцаан авахаар, бусад эд хөрөнгийг үнээр нь буюу 43 861 400 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсан бөгөөд одоо уг эд хөрөнгөнүүд нь нэхэмжлэгчийн эзэмшилд ашиглагдаж байгаа талаар зохигчид маргаагүй байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5.-д “энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан ба 289 дүгээр зүйлийн 289.2.5.-д зааснаар талууд өөрөөр тохиролцоогүй бол хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр хөлслүүлэгч нь өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр шаардах, 298.2.6.-д зааснаар хөлслөн авсан эд хөрөнгөд салгаж болох засан сайжруулалт хийсэн бол гэрээ дуусгавар болоход түүнийгээ салгаж авах эрхийг эд хөрөнгө хөлслөгч эдлэхээр заажээ.

Хэрэгт нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхээс томилсон шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 226 дугаартай “Хөрөнгө үнэлсэн тухай” шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайлан авагдсан бөгөөд үүнээс үзэхэд хариуцагчийн өмчлөлийн  дээрх эд хөрөнгийн 2015 оны зах зээлийн үнэ цэнийг 7 817 500 төгрөгөөр, үүнээс зөвхөн тавилга, эд хогшлын үнийг 3 387 500 төгрөгөөр тодорхойлсон байна.

Дээрх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хариуцагч талын биет байдлаар нэхэмжилсэн эд хөрөнгө болох хос тосон шарагч 1 ш 10 000 төгрөг, 70х80 см ажлын ширээ 2 ш  120 000 төгрөг, тохируулагч плитка 1 ш 30 000 төгрөг, хөргүүртэй ширээ 2 ш 300 000 төгрөг, грилл шарагч 1 ш 90 000 төгрөг, ширмэн тогоо 2 ш 30 000 төгрөг, тас хөлдөөгч 1 ш 130 000 төгрөг, галын хор 2 ш 20 000 төгрөг, 50 кг-ын гурилын хуванцар сав 2 ш 30 000 төгрөг, жижиг поднос 1 ш 2 000 төгрөг, хайруулын таваг 3 ширхэг 90 000 төгрөг, түмпэн 2 ш 12 000 төгрөг, 2 тосгууртай 1 цорготой угаалтуур 1 ш 80 000 төгрөг, хөгжмийн төхөөрөмж 1 ш 30 000 төгрөг, цагаан утас 1 ш  20 000 төгрөг, хогийн төмөр сав 1 ш 10 000 төгрөг, дугуй цагаан яригч 10 ш 50 000 төгрөг, хундага тогтоогч 5 ш 50 000 төгрөг, 4 хаалгатай ханын шүүгээ 1 ш 30 000 төгрөг, хувцасны шүүгээ 2 ш 60 000 төгрөг, 70х140 см модон ширээ 8 ш буюу 320 000 төгрөг, 70х220 см модон ширээ 2 ш 120 000 төгрөг, 70х70 см модон ширээ 4 ш буюу 100 000 төгрөг, буйдан сандал 6 ш 120 000 төгрөг, жижиг сандал 42 ш 630 000 төгрөг, зурагт-42  1 ш буюу 80 000 төгрөг, бүгд 2 564 000 төгрөгийн эд зүйлсийг,  бусад эд зүйлсийн үнэ буюу 5 253 500 төгрөгийг Иргэний хуулийн 289 дүгээр 289.2.5., 289.2.6.-д зааснаар нэхэмжлэгчээс хариуцагч шаардах эрхтэй.

 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс 118 230 төгрөгийн шаардлагаас татгалзсаныг батлан, хариуцагч “З” ХХК-иас 18 211 336  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “УБ С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нийт 7 817 500 төгрөгийн шаардлагыг хангаж сөрөг нэхэмжлэлийн үлдэх хэсгийг тус тус  хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан “З” ХХК-ийн бэлэн мөнгөний зарлагын баримтууд, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, зарлагын баримтууд, “Барилгын хөрөнгө оруулалтын тооцоо 2008 он” гэх баримт, шүүхийн үзлэгээр баталгаажсан гэрэл зургууд, “С” ХХК болон “З” ХХК-ийн хоорондох 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ зэрэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдав.

 

Хэрэгт шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн санхүүгийн тэмдэг бүхий 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2 200 000 төгрөгийн дүн бүхий нэхэмжлэх авагдсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1., 54 дүгээр зүйлийн 54.1.4.-д заасны дагуу шинжээчийн ажлын хөлсийг талуудад хуваарилан, нэхэмжлэгч “УБ С” ХХК-иас 286 000 төгрөг, хариуцагч “З” ХХК-иас 1 914 000  төгрөгийг тус тус гаргуулан шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн  1 073 940 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 458 210 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 249 007 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид,  нэхэмжлэгчээс 140 030 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгох нь хуульд нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2., 115 дугаар зүйлийн 115.2.2.,  116., 118. дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                             ТОГТООХ нь:

           

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 111 дүгээр зүйлийн 111.2.2., 288 дугаар зүйлийн 288.2.4.-д заасныг баримтлан хариуцагч “З” ХХК-иас 18 211 336 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “УБ С” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 54 267 573 төгрөгийн шаардлага болон  92 нэр төрлийн эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг, мөн нэхэмжлэгч нь 118 230 төгрөгийн шаардлагаас татгалзсаныг батлан холбогдох хэргийг  тус тус  хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5., 289.2.6.-д заасныг баримтлан нэхэмжлэгч “УБ С” ХХК-иас 26 нэр төрлийн эд хөрөнгө буюу 10 000 төгрөгийн хос тосон шарагч 1 ш, 30 000 төгрөгийн тохируулагч плитка 1 ш,  300 000 төгрөгийн хөргүүртэй ширээ 2 ш, 90 000 төгрөгийн грилл шарагч 1 ш, 30 000 төгрөгийн ширмэн тогоо 2 ш, 130 000 төгрөгийн тас хөлдөөгч 1 ш, 20 000 төгрөгийн галын хор 2 ш, 30 000 төгрөгийн 50 кг-ын гурилын хуванцар сав 2 ш, 2 000 төгрөгийн жижиг поднос 1 ш, 90 000 төгрөгийн хайруулын таваг 3 ш,  12 000 төгрөгийн түмпэн 2 ш,  80 000 төгрөгийн 2 тосгууртай 1 цорготой угаалтуур 1 ш, 30 000 төгрөгийн хөгжмийн төхөөрөмж 1 ш, 20 000 төгрөгийн цагаан утас 1 ш, 10 000 төгрөгийн хогийн төмөр сав 1 ш, 50 000 төгрөгийн дугуй цагаан яригч 10 ш, 50 000 төгрөгийн хундага тогтоогч 5 ш, 120 000 төгрөгийн 70х80 см ажлын ширээ 2 ш, 30 000 төгрөгийн 4 хаалгатай ханын шүүгээ 1 ш, 60 000 төгрөгийн хувцасны шүүгээ 2 ш, 320 000 төгрөгийн 70х140 см, модон ширээ 8 ш,  120 000 төгрөгийн 70х220 см модон ширээ 2 ш, 100 000 төгрөгийн 70х70 см модон ширээ 4 ш, 120 000 төгрөгийн буйдан сандал 6 ш, 630 000 төгрөгийн жижиг сандал 42 ш, 80 000 төгрөгийн зурагт-42  1 ш буюу бүгд 2 564 000 төгрөгийн эд зүйлсийг болон 5 253 500 төгрөгийг тус тус гаргуулан хариуцагч “З” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 52 234 400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1., 54 дүгээр зүйлийн 54.1.4.-д заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлсөнд нэхэмжлэгч “УБ С” ХХК-иас 286 000 төгрөг, төгрөг, хариуцагч “З” ХХК-иас 1 914 000 төгрөгийг тус тус гаргуулан шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгосугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1 073 940 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 458 210 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж,  хариуцагчаас 249 007 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид,  нэхэмжлэгчээс  140 030 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус  олгосугай.

 

 5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                              

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ж.БАЙГАЛМАА