Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/ма2021/01335

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/01335

 

 

Д.Ж-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2021/01228 дугаар шийдвэртэй, Д.Ж-ы нэхэмжлэлтэй хариуцагч М-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 3 714 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: У-ын харьяа Дорнод аймаг дахь Баянтүмэн тасгийн ажилчид тасгийн даргын гаргасан шийдвэрийн дагуу төмөр замын түймрээс хамгаалах цурав татах ажлыг 2012 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гүйцэтгэж байгаад гал алдаж түймэр тавьсны улмаас түймэр үргэлжлэн шатаж Чулуун хороот сумын айл өрх, мал эд хөрөнгийг шатаасан бөгөөд уг хэргийг Цагдаагийн газар 2012 оны 5 дугаар сараас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 2017 оны 5 дугаар сард 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэдийг хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Уг түймэрт Чулуун хороот сумын Цагаан чулуут багийн Хонхор нуур гэх газарт нутаглаж байсан малчин Д.Ж-ых өртөж малын хашаа саравч, пингүүд худаг жижиг эсгий гэр, идэж уух гурил будаа мах борц эмээл гэх мэт олон зүйл шатсан. Иймд 3 714 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2012 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гарсан гал түймрээс хамгаалах цурвыг төмөр замын дагуу тавьж байгаад, оч үсэрч, түймэр гарсан.

Гэтэл зөвхөн хашаа саравчны мөнгийг нэхэмжилсэн байгаа. Төслөөр баригдсан худгийг нэхэмжлэгчид хариуцуулсан байсан. Сумын захиргаатай ярихад, төслийн худгийг албан ёсоор мөнгийг нь төлж дуусах хүртэл, сумын Тамгын газарт бүртгэлтэй байдаг тул 1 369 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч, 3 714 000 төгрөгийг нэхэмжлэх шаардлага гаргасан. Хариуцагч тал түймэр манайхаас гараагүй гэх байдлаар маргаж 4 жилийн хугацаа өнгөрч байна. 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Айл бүхэлдээ шатаж өмссөн хувцастайгаа л үлдсэн учирсан байгаа 3 714 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, Д.Энхтуяа нар шүүхэд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Прокурорын газрын 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 5/38 дугаартай зарим сэжигтэн яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 05/91 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолуудаар У- ХНН-ийн нэр бүхий ажилтнуудад холбогдох галтай болгоомжгүй харьцсаны улмаас гал түймэр алдаж, Чойбалсан, Гурванзагал, Дашбалбар, Чулуунхороот сумдын нутаг дэвсгэрт экологийн 80 478 087 төгрөгийн хохирол, мөн сумдын иргэдэд 680 502 470 төгрөгийн буюу нийт 760 980 557 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт сэжигтэн Н.Наранбаатар, яллагдагч Л.Энхболд, Ш.Энхтүвшин нар нь галтай болгоомжгүй харьцсаны улмаас дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдоогүй, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү прокурорын тогтоолуудад өмгөөлөгч М.Энхтуяа гомдол гаргасан боловч Дорнод аймгийн прокурор Т.Ууганбаатарын 5/33 тоот прокурорын тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна.

Хэрэгт авагдсан Д.Ж-ы хохирлыг тогтоосон болон хохирлын үнэлгээний талаарх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Үнэлгээг хэрхэн хийсэн, хэн хийсэн нь ойлгомжгүй. Эрүүгийн хэргийн баримтад авагдсан, зөвхөн хохирогчийн мэдүүлснээр хохирлын хэмжээг тогтоосон байх бөгөөд эрүүгийн хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болсон тул хохирлын хэмжээг бүрэн шалгаж тогтоогүй байна. Иймд У- ХНН-ийн ажилтнууд галтай болгоомжгүй харьцсаны улмаас гал түймэр гаргасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдоогүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Алдсан галын улмаас Д.Ж-д гэм хорын хохирол учирсан эсэх нь шинжээчийн дүгнэлт болон эрүүгийн журмаар эцэслэн тогтоогдоогүй. Тухайн цаг хугацаанд иргэн Д.Одсүрэнгийн тавьсан галын улмаас Гурванзагал, Дашбалбар, Чулуунхороотын сумдаар галтай байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Шүүхийн 2013 оны 09 тоот тогтоол авагдсан байгаа. Үүнд иргэн Д.Одсүрэнгийн тавьсан галын улмаас хохирол учирсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан талаар баримт байгаа. Иргэн Д.Одсүрэнгийн тавьсан галын улмаас Д.Ж-д хохирол учирсан эсэх, эсвэл У-ын тавьсан галаас хохирол учирсан эсэхийг тогтоож чадаагүй. Энэ талаар шинжээчийн дүгнэлт 3 удаа гаргуулсан. 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлтүүд байгаа. Уг дүгнэлтүүд Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан хуулийн шаардлага хангахгүй, эргэлзээтэй, зөрүүтэй, 6 дугаар сарын 26-ны өдрийн шүүхийн тогтоолоор шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэвч 2021 оны Онцгой байдлын бичгээр дахин шинжээч томилохгүй татгалзсан байгаа. Шинжээчийн дүгнэлтүүд яагаад шаардлага хангахгүй байна вэ гэхээр эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэгт үндэслэж, дүгнэлт хийсэн байсан. Шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар шинжээч дүгнэлтээ гаргахдаа эрх зүйн тусгай мэдлэгийн хүрээнд, үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой. 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянтүмэн тасгийн Төмөр замын 145 дугаар километрийн дотор орчмоос гарсан гал иргэн Д.Ж-ы байрлаж байсан Чулуунхороотын Хөнхөр гэх газарт хүрсэн эсэх, үүнээс үүдэн хохирол учирсан эсэх нь шинжээчийн дүгнэлтээр эцэслэн тогтоогдоогүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү,

 

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У--аас 3 714 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ж-д олгож , Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Д.Ж- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У--аас улсын тэмдэгтийн хураамжид 74 374 төгрөг гаргуулж улсын төсөвт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүйгээр нэг талыг барьж нотлох баримтыг үнэлснээс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлтүүд нь шинжлэх ухааны арга техник, тусгай мэдлэгт суурилаагүй, зөвхөн эрүүгийн хэргийг шалгах явцад авагдсан зөрүүтэй, тодорхой бус хохирогчийн мэдүүлэг болон иргэдийн таамаг ярианд үндэслэсэн бөгөөд шинжээчид тавигдсан асуултад бүрэн хариулаагүй, тодорхой бус, эргэлзээтэй гарсан болох нь шүүх хуралдааны мэтгэлцээний явцад тогтоогдсон боловч шүүх үнэлээгүй. Тодруулбал, Шинжээч дүгнэлтээ ямар баримт материалд үндэслэн гаргасан болох нь тодорхойгүй, энэ талаар дүгнэлтдээ тусгаагүй тул шинжээчийн дүгнэлт үндэслэл бүхий бодитой, эргэлзээгүй байх шаардлагыг хангаагүй. Шинжээч нар дүгнэлтээ гаргахдаа зөрүүтэй, тодорхой бус гэрч, хохирогч нарын мэдүүлэг, иргэдийн таамаг яриа зэрэгт үндэслэсэн байх бөгөөд дүгнэлтийн үндэслэл тодорхойгүй байх тул шинжлэх ухааны үндэслэлтэй, бодитой, үнэн зөв, эргэлзээгүй дүгнэлт гаргана гэсэнтэй нийцэхгүй, үндэслэлгүй дүгнэлт гаргасан.

Тухайлбал, 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Шинжээчийн дүгнэлтийн в хариултад зөвхөн хохирогч Б.Гонгоржав, иргэн С.Цогтбаатар нарын мэдүүлэгт үндэслэн төмөр замын ажилтнууд цурав тавьж байгаад алдсан гэх гал түймрийн Энэхүү маягт итгэмжлэлийн хамт хүчин төгөлдөр байна. Тархалт нь анх гарсан газраас тархаж, Гурванзагал, Дашбалбар, Чулуунхороот сумдыг дайрч өнгөрсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд тэдгээрийн мэдүүлэгт галын тархалтын талаар юу ч дурдагдаагүй болохыг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан тул нотлох баримтыг бүх талаас нь харьцуулан дүгнэлт хийх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2012 оны 4 дүгээр сарын 17-23-ны өдрүүдэд Дорнод аймгийн Дашбалбар, Гурванзагал, Чулуунхороот, Чойбалсан сумдад хээрийн түймэртэй байсан нь тогтоогддог.

У--ын Баянтүмэн тасаг энэхүү хээрийн түймрээс төмөр замын дэр мод, холбооны шугам зэргийг хамгаалах зорилгоор гарцаагүй байдлын улмаас цурав тавих хамгаалалтын ажил хийж байсан болохыг, мөн зэргэлдээ сумдад галтай байсан нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ОХУ-ын гал түймрийн мэдээлэл бүхий хиймэл дагуулын fires.ru цахим сайтад үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр Баянтүмэн тасгийн гэх түймэр гарахаас өмнө Дорнод аймгийн Гурванзагал, Дашбалбар, Чойбалсан сумдад түймэртэй байсан болох нь, 2 эх үүсвэртэй хээрийн түймэр нийлсэн болох илэрхий харагдаж, тогтоогдсон байхад тэрхүү 2 эх үүсвэртэй гал нийлээд аль галын эх үүсвэр нь нэхэмжлэгчийн байрлаж буй газарт хүрч, хохирол учруулсан талаар шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг шинжээч нар гаргаж чадаагүй, тухайн асуултад хариулт өгөөгүй байхад шүүх энэ талаар харьцуулж судлаагүй, дүгнэлгүй орхигдуулсан. Түүнчлэн хариуцагчийн зүгээс хоёр галын эх үүсвэр, нэхэмжлэгчийн амьдарч байгаа газар гал гарсан цэгээс хэдэн километр зайтай байсан, салхины чиглэл, өвс, ургамлын гарц, 2 түймрийн шатлалын талбай зэргийг тодорхойлуулахаар шинжээч томилуулсан байтал шинжээчийн дүгнэлтэд дээрх ажиллагааг огт хийгээгүй. Иймд шүүх эргэлзээтэй олон асуудлыг орхигдуулсан шинжээчийн дүгнэлтүүдэд тулгуурлаж шийдвэрээ гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үээж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Д.Ж-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.Ж- нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У-д холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 3 714 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хаиуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд У-ын харьяа Дорнод аймаг дахь Баянтүмэн тасгийн ажилчид тасгийн даргын гаргасан шийдвэрийн дагуу төмөр замын түймрээс хамгаалах цурав татах ажлыг Төмөр замын 145 дугаар километрийн дотор 2012 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гүйцэтгэж байгаад гал алдаж түймэр гарсан үйл баримт тогтоогдсон.

Уг хэргийг Цагдаагийн газар 2012 оны 5 дугаар сараас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 2017 оны 5 дугаар сарын 05-нд 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож иргэдийг хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ./хх52-53/ Тухайн түймэр орчны газар нутагт тархсан үйл баримтыг хариуцагч үгүйсгэж чадаагүй. Дорнод аймгийн Чулуун хороот сумын Цагаан чулуут багийн Хонхор нуур гэх газарт нутаглаж байсан малчин Д.Ж-ых түймэрт өртөж эд хөрөнгөөрөө хохирсон үйл баримтыг хариуцагч няцааж чадаагүй.

Хохирогчийн хохирлын хэмжээг 3 714 000 төгрөгөөр тогтоосон үнэлгээний баримт хэрэгт авагджээ./1хх4-12, 2хх170-183/

 

Хариуцагч нь тухайн үед хоёр эх үүсвэртэй түймэр явсан бөгөөд гал түймэрт өртсөн нь тодорхойгүй гэх үндэслэлээр маргасан.

 

Хариуцагч байгууллагын ажилчид 2012 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гал түймрээс хамгаалах цуривыг төмөр замын дагуу тавьж байгаад, оч үсэрч, түймэр гарсан. Дээрх түймэр 2012 оны 4 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд ассан үйл баримтыг талуудын хэн аль нь үгүйсгээгүй бөгөөд Дорнод аймгийн Чойбалсан, Гурванзагал, Дашбалбар, Чулуунхороот сумыг түймэр хамарсан, тэр дундаа уг галд нэхэмжлэгч өртсөн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх 2012 онд гарсан галын нөхцөл шалтгааны талаарх, нэхэмжлэгчийн эд хөрөнгө уг галд өртсөн талаарх тухайн үеийн эрүүгийн хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг үнэлснийг буруутгах боломжгүй.

Дорнод аймгийн прокурорын газрын прокурорын 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 05/91 дугаар тогтоолоор У-ын Баянтүмэн тасгийн ажилчид 2012 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн нутаг дэвсгэрт байрлах У-ын Баянтүмэн тасгийн Хавирга өртөөнөөс баруун тийш төмөр замын 145 км-ийн 7 дугаар зуутын шонгийн орчмоос цурав тавьж байгаад галтай болгоомжгүй харьцсаны улмаас гал түймэр алдаж, Чойбалсан, Гурван загал, Дашбалбар, Чулуунхороот сумдын нутаг дэвсгэрт хохирол учруулсан гэх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах ба мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т заасан хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн, байцаан шийтгэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх52-53/

Анхан шатны шүүх хээрийн түймрийн шалтгаан нөхцөлийг шалгасан тухай танилцуулга, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, эрүүгийн хэрэгт авагдсан баримтууд, гэрч Ү.Бөхчулууны мэдүүлэг, 2012 оны 4 дүгээр сарын 22-нд гарсан хээрийн гал түймрийн эхлэлийн цэгийн байршлын схем,Галын шинжээчийн дүгнэлт, Галын шинжээчийн нэмэлт дүгнэлт, 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 09 дугаартай шинжээчийн дүгнэлт, Дорнод аймгийн прокурорын газрын прокурорын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 05/91 дугаар тогтоол зэрэг баримтуудыг бичмэл баримтын хэмжээнд үнэлэн үзсэнийг буруутгах боломжгүй бөгөөд дээрх баримтуудыг хариуцагч няцааж чадаагүй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дах хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар гал түймэр гэж гал хараа хяналтаас гарч, хүний амь нас, эрүүл мэнд, хувь хүн, хуулийн этгээдийн эд хөрөнгө, байгаль орчин, нийгэмд хохирол учруулахыг ойлгох бөгөөд уг хуульд зааснаар гал түймрийн үед хүний амь насыг аврах, гал түймрийг унтраахын тулд тодорхой хүн хүч, техник хэрэгслээр тохирсон арга, хэлбэрийг ашиглан гүйцэтгэх үйл ажиллагааг явуулдаг байна. Мөн гал түймэр гарсан тухай акт үйлдэгдэх бөгөөд дээрх бичиг баримт нь гал түймрийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан болохыг нотолсон баримт бичгийг ойлгох юм.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээх тул хохирлыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлтүүд нь шинжлэх ухааны арга техник, тусгай мэдлэгт суурилаагүй, зөвхөн эрүүгийн хэргийг шалгах явцад авагдсан зөрүүтэй, тодорхой бус хохирогчийн мэдүүлэг болон иргэдийн таамаг ярианд үндэслэсэн бөгөөд шинжээчид тавигдсан асуултад бүрэн хариулаагүй, тодорхой бус, эргэлзээтэй гарсан болох нь шүүх хуралдааны мэтгэлцээний явцад тогтоогдсон боловч шүүх үнэлээгүй талаар давж заалдах гомдол гаргажээ.

Дээр дурсанаар гал түймрийн улмаас хохирол учирсан тохиолдолд 2 галын аль эх үүсвэр нь нэхэмжлэгчийн байрлаж буй газарт хүрч, хохирол учруулсан талаар, өөрөөр хэлвэл тухайн галын шалтгааныг шинжээчийн дүгнэлт болон бусад баримттай харьцуулан дүгнэж үйл баримтыг тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй, нэмэлт шинжээч тоимлох шаардлагагүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2021/01228 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дүгээр зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 374 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД