Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2020/00446

 

 

 

 

 

 

 

 

 

А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/03417 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 67 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: А-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Ундармаа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Ариунаа,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Алтанцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А- нь В-ын хууль ёсны өв залгамжлагч. Б- нь 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр В-аас 117 000 000 төгрөг зээлдэж авсан. Үүнийгээ баталгаажуулж тохиролцоо гэх бичгийг үйлдсэн.

Б- зээлийн гэрээний дагуу 117 000 000 төгрөгийг зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч 50 000 000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 67 000 000 төгрөгийг өгнө гэдэг боловч өгөөгүй. Тохиролцоо гэх бичгийг В-, Б- нар үйлдэж гарын үсэг зурсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Иймд хариуцагч Б-ээс 67 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 117 000 000 төгрөгийг шилжүүлсэн баримт байхгүй. Тохиролцоо гэсэн бичгийг нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэлээ болгодог боловч ямар ч зээлийн гэрээ хийгдээгүй. 50 000 000 төгрөгийг төлсөн.

В-ыг нас барсны дараа эхнэр А- цагдаагийн байгууллагад 117 000 000 төгрөгийг залилсан гэж хандсан боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж иргэний маргаан гэж үзсэн. Эрүүгийн хэрэг шалгаж байх явцад тохиролцоо гэх бичгийг гаргаж өгөөгүй, ямар ч шинжилгээ хийгдээгүй.

Шинжээч н.Эрдэнэжаргалын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлтээр Б- гэсний урд зурсан шинжилж буй гарын үсэг нь бичигч хэрэгслээс шалтгаалж ерөнхий хэв болон үсгийн элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинжүүд хангалттай дүрслэгдээгүй, чиглэл дараалал тодорхой бус, давхардсан байх тул адилтгалын шинжилгээгээр тэнцэхгүй гэж бичсэн шинжээчийн дүгнэлтийг шүүхэд гаргаж өгсөн. Уг шинжээчийн дүгнэлтийг мөрдөгчийг хувийн журмаар гуйж гаргасан байдаг. Гэтэл шүүхийн шатанд шинжээч томилж н.Эрдэнэжаргал нь Б-ийн гарын үсэг мөн гэсэн дүгнэлтийг гаргасан.

Нэг объект дээр нэг шинжээч хоёр өөр дүгнэлт гаргасан учир дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Б-ээс 67 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А-т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б-ээс 492 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолд Шинжээчийн нэг баримт дээр хийгдсэн 2792, 4393 тоот дүгнэлт зөрүүтэй байхад ....бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах тухай хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлт-ийг анхан шатны шүүх хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж үзнэ гэж заасан.

Анхан шатны шүүх хэргийг дахин хянан хэлэлцэхдээ 2019 оны 07 сарын 16-ны өдөр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон ба тус байгууллага 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 10/4102 тоот албан бичгээр Шинжээчийн дүгнэлтийн аль нь үндэслэлтэй гарсан гэсэн асуултад шинжээчийн зүгээс хариулт өгөх боломжгүй байна, иймд шинжилгээ хийхээс татгалзан буцаав гэсэн хариу хүргүүлсэн байдаг.

Гэтэл анхан шатны шүүх уг хариуг хариуцагч талд огт танилцуулаагүй атлаа, 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн нэхэмжлэгчийн Тохиролцоо гэх бичигт бичсэн гарын үсэг нь Б-ийнх мөн эсэхийг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авч 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээч томилон дүгнэлт гаргуулсан бөгөөд уг дүгнэлтийг үндэслэн хариуцагч Б-ээс 67 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч талд олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн хуралдаанаас гаргасан тогтоолын заалтыг хангаж биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Маргааны гол баримт болох Тохиролцоо гэх бичиг дээр зурагдсан гарын үсэг Б-ийнх мөн эсэх нь тодорхойгүй, эргэлзээтэй хэвээр байгаа гэж үзэж байна.

Учир нь шинжээчийн 4393 тоот дүгнэлтэд Тохиролцоо гэх бичиг дээр зурагдсан гарын үсэг Б-ийнх мөн гэж тодорхойлогдсон. Гэтэл өмнө нь энэ гарын үсгийн загварт хийгдсэн 2792 дүгнэлтэд уг бичиг баримтад шинжилгээ хийх боломжгүй, Шинжилгээнд тэнцэхгүй гэсэн байдаг.

Шинжилгээ хийсэн, шинжээч нар 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гаргасан 4564 тоот дүгнэлтдээ 2792 тоот дүгнэлтэд дурдсан Тэнцэхгүй гэсэн дүгнэлтийг ямар байдлаар, ямар техник хэрэгсэл ашиглан Тэнцэх болсныг тодорхойлоогүй байгаа нь уг дүгнэлт бүрэн үндэстэй гэж үзэх үндэсгүй, хариуцагч талаас гаргаж байгаа удаа дараагийн хүсэлтэд хариулт өгөөгүй гэж үзэж байна.

Иймд шүүхийн захирамжаар нэмэлт шинжилгээ томилж, 2014.12.03-ны өдрийн Тохиролцоо гэж гарчигласан бичиг дээрх Б- гэсэн гарын үсэг ямар техник хэрэгсэл, багаж төхөөрөмж ашиглан шинжилгээнд Тэнцэх болсон, өмнө хийгдсэн шинжилгээний 2792 тоот дүгнэлтийн эх материал шинжилгээнд "Тэнцэхгүй гэсэн үндэслэл нь юу болохыг тодорхойлуулах, мөн өмнө хийгдсэн 2 шинжилгээг шинжээч М.Эрдэнэжаргал аль алиныг нь хийж, эрс зөрүүтэй 2 дүгнэлт гаргасан асуудлыг Авилгатай тэмцэх газраас шалгасан эрүүгийн хэргээс шинжээч М.Эрдэнэжаргалын өгсөн мэдүүлгийг шүүхийн журмаар албадан авч иргэний хэрэгт хавсаргуулах хүсэлтийг хангаж өгөхийг хүссэн. Анхан шатны шүүх өмгөөлөгчийн дээрх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах шийдвэр гаргасан.

Анхан шатны хуралдаанд оролцсон 3 шинжээч өөрсдийн гаргасан дүгнэлтийг хамгаалж хариу өгсөн ба хариуцагч талын удаа дараагийн хүсэлтэд огт хариу өгөөгүй, шинжээч М.Эрдэнэжаргалын 4393 тоот дүгнэлт хэрхэн яаж, хэний даалгавраар гаргасан гэдэг нь хэрэгт баримтаар авагдаагүй үлдсэн.

М.Эрдэнэжаргал шинжээч гаргахдаа дээрх шинжилгээний материал өөрчлөгдөөгүй байхад Тэнцэнэ гэсэн дүгнэлтийг гаргасан. Шинжээч М.Эрдэнэжаргал нь Авилгатай тэмцэх газарт өгсөн гэрчийн мэдүүлэг, мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дотоод хяналтын албанд гаргасан тайлбар мэдүүлэгтээ тухайн үед хариуцаж байсан даргынхаа даалгавраар хийсэн, шинжээч нэг материалд 2 удаа шинжилгээ хийх ёсгүй, энэ бол нэмэлт шинжилгээ гэх мэтээр ярьсан байдаг.

Шинжээчийн дүгнэлтийн аль нь үндэстэй гарсан гэсэн асуултад хариулт өгөх боломжгүй гэх хариуг өгч, шинжилгээ хийхээс татгалзаж байсан шинжилгээний байгууллага, А-ийн хүсэлтээр дахин шинжилгээ хийж, өмнөх захирамжид заасан асуултуудыг орхин, шинжээчийн 4564 тоот дүгнэлт гаргасныг үндэслэж, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 67 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

В- нь Б-тэй 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тохиролцоо гэх бичгийг үйлдэж, уг бичигт Б- би найз В-аас 117 000 000 төгрөгийг өөрийн хэрэгжүүлж буй төсөлд хөрөнгө оруулахаар түр зээлсэн, төслийн ажил ... түр зогссон, ...дээрх мөнгөн дүнг тэргүүн ээлжинд шуурхай барагдуулна гэж тэмдэглэж, 2 тал гарын үсэг зурж баталгаажуулжээ.

 

Хариуцагч Б- нь дээрх тохиролцоо гэх бичигт гарын үсэг зураагүй гэсэн агуулгаар тайлбар гаргаж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч М.Эрдэнэжаргал 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 2792 тоот шинжээчийн дүгнэлтдээ тохиролцоо гэж гарчигласан бичгийн доод хэсэгт Б- гэсний урд зурсан шинжилж буй гарын үсэг нь бичиг хэрэгслээс шалгаалан ерөнхий болон үсгийн элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинжүүд хангалттай дүрслэгдээгүй, чиглэл, дараалал тодорхой бус, давхардсан байх тул адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй гэж,

иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч М.Эрдэнэжаргал 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гаргасан 4393 тоот шинжээчийн дүгнэлтдээ хэргийн 20 дугаар талд авагдсан баримтын доод хэсэгт Б- гэсний урд хар өнгийн будагчтай бичиг хэрэгслээр зурсан шинжилж буй гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Б-ийн гарын үсгийн загваруудтай тохирч байна гэж зөрүүтэй дүгнэлт гаргасан боловч

шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШЗ2019/11279 дугаар захирамжаар томилогдсон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4564 дугаар дүгнэлтээр шинжилгээнд ирүүлсэн 2014.12.03 гэсэн огноотой тохиролцоо гэсэн баримтын Б- гэсний зүүн дээд талд зурагдсан шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Б-ийн гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирно гэснийг анхан шатны шүүх үндэслэн Б-, В- нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь нотлох баримтад тулгуурласан байна.

 

В- нь 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нас барсан, түүний эхнэр А- нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар В-аас Б-т зээлээр олгосон 67 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг өвлөн авсан нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр олгосон өвлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон тул анхан шатны шүүх мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Б-ээс зээлийн гэрээний үүрэгт 67 000 000 төгрөг гаргуулж А-т олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Түүнчлэн хариуцагч Б- нь Хаан банк дахь В-ын эхнэр А-ийн эзэмшлийн 5076256890 тоот дансанд 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 30 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 20 000 000 төгрөг, нийт 50 000 000 төгрөгийг шилжүүлсэн болохыг анхан шатны шүүх зөв тогтоосон, талууд энэ талаар маргаагүй байна.

 

Нотлох баримт гаргуулахтай холбоотой гаргасан хариуцагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШЗ2019/14147 дугаар захирамжийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/03417 дугаар хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА