| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0377/Э |
| Дугаар | 423 |
| Огноо | 2020-07-17 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 423
Б.Х-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай /цахимаар/, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 392 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 12 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаар захирамж, мөн шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаар тогтоолтой, Б.Х-д холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин,
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сар хорих ял шийтгэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан Т Б-н Х-.
Б.Х- нь 2019 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-ны хооронд Төв аймгийн Өндөрширээт сумын 3 дугаар багийн нутаг “Зөөлөн” гэх газраас П.Н-н эзэмшлийн 6 тооны адууг хулгайлж 6,250,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Х-ийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч түүнийг 2 жил хорих ял шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад “...Шүүгдэгч Торгууд Б-н Х-ийг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Х- түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Улсын дээд шүүхийн шүүгчийн захирамжаар Б.Х-д холбогдох хэргийг гомдлын шаардлага хангаагүй үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр буцаасан байна.
Мөн шүүхийн 52 дугаар тогтоолоор Б.Х-ид холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Х- гаргасан гомдолдоо “...Улсын яллагч энэ хэрэг дээр 550 цагийн албадан ажил хийлгэх ялын санал гаргасан бөгөөд шүүх 2 жил хорих ял оногдуулсан. Анх өгсөн 550 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийдэж өгнө үү. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч хэвээр үлдээсэн тул хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгтээ бичээгүйн улмаас давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Би ам бүл 6, эхнэр 5-10 насны 4 хүүхдийн хамт амьдардаг, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, дахин ийм хэрэгт орохгүй гэснийг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-ийн гэмт үйлдлийн улмаас бусдад учирсан адууг хайхад гарсан зардал гэх 350,000 төгрөг төлөгдсөн байна. Өөрөөр хэлбэл адууг буцаан өгч учирсан хохирлыг барагдуулсан нь хэрэгт авагдсан баримт талуудын тайлбараар тогтоогдож байна. Харин шүүгдэгч Б.Х- нь гэм буруутай талаар маргадаггүй хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн цагаас эхлэн үйлдсэн хэргээ хүлээдэг юм.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Х-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, ...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээгүй байна.
Иймд магадлалд өөрчлөлт оруулж Б.Х-ид оногдуулсан 2 жилийн хорих ялыг 550 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хуульд заасан хэмжээнд ял оногдуулсан. Хэргийн зүйлчлэл тохирч, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангасан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Х-ид холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Б.Х- нь 2019 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-ны хооронд Төв аймгийн Өндөрширээт сумын 3 дугаар багийн нутаг “Зөөлөн” гэх газраас П.Н-н эзэмшлийн 6 тооны адууг хулгайлж 6,250,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Х-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон зөв үнэлж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Х-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Харин түүний үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал, ар гэр, амьдралын нөхцөл, улсын яллагчийн зүгээс ял шийтгэлийн талаар гаргасан санал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.Х-д анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил хорих ялыг 1 жил болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд шийтгэх тогтоол, магадлалд ял хөнгөрүүлсэн дээрх өөрчлөлтийг оруулж, тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан “...анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авч, түүний өмгөөлөгчийн гаргасан “...шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, оногдуулсан 2 жил хорих ялыг 550 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж, хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлын зарим хэсгийг нь хүлээн авч, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 392 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 12 дугаар магадлалд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-д 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН