Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2019/00848

 

 

 

 

 

 

   2019 оны 04 сарын 10 өдөр

      Дугаар 181/ШШ2019/00848

         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Н.Ө нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.И ХХК-д холбогдох,

            17 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, М.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Д, хариуцагч Ц.И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

“Ц.И" ХХК нь Э М Я 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ЭМЯ-БУА/-001/1 дугаартай,  газрын өргөтгөлийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулан, нэгдүгээр амаржих газрын өргөтгөлийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Барилга угсралтын ажлын санхүүжүүлэгч нь “Б.Г” ХХК, “С Г М” ХХК байсан. Тус барилгын ажлыг 2011 оны 6 дугаар сараас эхлэн 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр барьж дууссан ба барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комисс 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр акт үйлдэж, 2013 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс барилгыг байнгын ашиглалтад оруулсан юм. Тус амаржих газар барилгыг ашиглах явцад барилгын дотоод заслын ажлын чанартай холбоотой доголдол дутагдал удаа дараа гарч байсныг барилгын гүйцэтгэгчээр засуулж байсан. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хариуцагчийн барьж гүйцэтгэсэн барилгад буюу тус амаржих газрын өргөтгөлийн барилгын 5 давхарын эмэгтэйчүүдийн стационарын мэс заслын хэсгийн 3 тоот хагалгааны өрөөний 60 см уналттай гипсэн хавтан бүхий дүүжин тааз нь бэхэлгээний төмрийн хамт бүхэлдээ нурж унасан бөгөөд ийнхүү тааз нурсны улмаас тус өрөөнд байсан коагуляцын аппарат, унтуулгын аппарат, мэс заслын 5  LED гэрэл зэрэг эвдэрсэн.

Тус амаржих газар чанарын шаардлага хангаагүй барилга бариулж, ашиглалтанд оруулсан нь гэмт хэргийн шинжтэй байх тул Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст “Ц К” ХХК-д холбогдуулан гомдол гаргасан бөгөөд уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай “Мэдэгдэх хуудсаар” манай байгууллагад их хэмжээний хохирол учраагүй, Эрүүгийн хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байна гэсэн үндэслэлээр 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 654 дугаар тогтоолоор Н.Б холбогдох ..... дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, учирсан хохирлоо арилгуулахаар иргэний хэргийн шүүхэд хандах нь зүйтэй гэсэн хариу өгсөн.

Дээрх хэргийн мөрдөн байцаалтын явцад шинжээч томилогдож эвдэрч, гэмтсэн тоног төхөөрөмжүүдийн ямар эд анги эвдэрч гэмтсэн, хэвийн ажиллах боломжтой эсэхэд дүгнэлт гаргасан байх ба уг дүгнэлтэд коагуляцын аппаратны өндөр давтамжийн боардын транзистор, микроэлементүүд шатсан, унтуулгын аппаратын даралт хэмжигч манометрийг гэмтээж гагнаасан хэсгээр цоорсон, агаарын шахуургын систем гацсан, мэс заслын 5 LED гэрэл шатсан байна гэсэн байдаг. Түүнчлэн тус амаржих газрын гэмтэл тогтоосон актаар дээр нэрлэсэн эд хөрөнгүүдэд гэмтэл байгааг тогтоож, авах арга хэмжээг тодорхойлохдоо эмнэлгийн тоног төхөөрөмжийн Монгол Улсын зөвлөх инженер Ж. Г оролцуулсан. Өөрөөр хэлбэл хариуцагч “Ц И” ХХК, “Ц К” ХХК-ийн барьж гүйцэтгэсэн барилгын тааз нурсны улмаас тус амаржих газрын эвдэрч гэмтсэн коагуляцын аппарат, унтуулгын аппарат, мэс заслын 5 LED гэрэл зэргийг ашиглах ямар ч боломжгүй болж хохироод байна.

Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6, 228, 229 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ашиглах боломжгүй болсон коагуляцийн аппаратны үнэ 1,709,400 төгрөг, унтуулгын аппаратын үнэ 44,010,000 төгрөг, мэс заслын 12 рефлектортой гэрлийн үнэ 23,500,000 төгрөг нийт 69,219,400 (жаран есөн сая хоёр зуун арван есөн мянга дөрвөн зуу) төгрөгийг “Ц И” ХХК, “Ц К” ХХК-иас тус тус гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.

Шүүх манай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагааг хийх явцад дээр нэрлэсэн коагуляцийн аппарат, унтуулгын аппарат, мэс заслын рефлектортой гэрэл зэргүүдийг “И С” ХХК засварлаж, ашиглах боломжтой болгосон бөгөөд уг засварын ажлыг “И С” ХХК гүйцэтгэж, засварын сэлбэг болон ажлын хөлс нийт 17 800 000 төгрөг болсон.

Тус байгууллага нь төсвийн хөрөнгө хүрэлцээгүйн улмаас “И С” ХХК-д засварын зардлыг төлж чадаагүй байгаа бөгөөд тус компани нь өнөөдрийг хүртэл манай байгууллагаас ажлын хөлс 17 800 000 төгрөгийг  нэхэмжилж байгаа. Иймд өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ 51 419 400 төгрөгөөр багасгаж, тоног төхөөрөмжийг засварласантай холбогдож гарсан эд анги болон ажлын хөлс 17 800 000 /арван долоон сая найман зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байна.

2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хариуцагчийн барьж гүйцэтгэсэн барилга, тус амаржих газрын өргөтгөлийн барилгын 5 давхарын эмэгтэйчүүдийн стационарын мэс заслын хэсгийн 3 тоот хагалгааны өрөөний 60 см уналттай гипсэн хавтан бүхий дүүжин тааз нь бэхэлгээний төмрийн хамт бүхэлдээ нурж унасан бөгөөд ийнхүү тааз нурсны улмаас тус өрөөнд байсан коагуляцын аппарат, унтуулгын аппарат, мэс заслын 12 рефлектортой гэрэл шатаж ашиглах боломжгүй болсон бөгөөд тэдгээрийг засварласантай холбогдож гарсан сэлбэг, засварын ажлын хөлс нийт 17 800 000 төгрөгийг “Ц И” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Монгол Улсын Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6, 228, 229 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ашиглах боломжгүй болсон коагуляцын аппаратын үнэ 1 709 400 төгрөг, унтуулгын аппаратын үнэ 44 010 000 төгрөг, мэс заслын 12 рефлектортой гэрлийн үнэ 23 500 000 төгрөг нийт 69 219 400 төгрөгийг Ц И, Ц К ХХК-иас тус тус гаргуулах нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан байсан.

Ц И ХХК нь ЭМЯ 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ЭМЯ-БУА/-001/1 дугаартай “амаржих газрын өргөтгөлийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ” байгуулан, өргөтгөлийн барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн, санхүүжүүлэгч нь “Б Г” ХХК, “С Г М” ХХК байсан, барилгыг 2011 оны 6 дугаар сараас эхлэн 2012 оны 11 дүгээр сарын 30-нд барьж дуусган, барилгыг ашиглалтанд оруулах Улсын комисс 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр акт үйлдэж, 2013 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс байнгын ашиглалтанд оруулсан. Мөн “тус амаржих газар барилгыг ашиглах явцад барилгын дотоод заслын ажлын чанартай холбоотой доголдол дутагдал гарч байсныг барилгын гүйцэтгэгчээр засуулж байсан, гэтэл 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр амаржих газрын өргөтгөлийн барилгын 5 дугаар давхарын мэс заслын хэсгийн 3 тоот хагалгааны өрөөний 60 см уналттай гипсэн хавтан бүхий тааз нь бэхэлгээний төмрийн хамт бүхэлдээ нурж унасан бөгөөд тааз нурсны улмаас тус өрөөнд байсан коугаляцын аппарат, унтуулгын аппарат, мэс заслын 5 лед гэрэл эвдэрсэн тул Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст “Ц К” ХХК-д холбогдуулан гомдол гаргасан бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 2017 оны 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаартай Мэдэгдэх хуудсаар манай байгууллагад их хэмжээний хохирол учраагүй, Эрүүгийн хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байна гэсэн үндэслэлээр 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 654 дугээр тогтоолоор Н.Б холбогдох .... дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, учирсан хохирлоо арилгуулахаар шүүхэд хандах нь зүйтэй гэсэн хариу өгсөн...” гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, улмаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нь тодорхойгүй, ойлгомжгүй өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгасан байна” гэж заасан байх бөгөөд 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг тодорхой заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээрээ 2 компаниас тус бүр 69 219 400 төгрөг шаардсан гэж ойлгогдож байгаа ба хамгийн гол нь юуг үндэслэж, ямар нотолгоо баримтаар ийм мөнгө шаардаж байгаагаа тодорхойлох ёстой бөгөөд энэ тохиолдолд хариуцагч тайлбар, нотлох баримтаа гаргаж мэтгэлцэх боломж үүсэх учиртай. Манай компани нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсан хохиролд ямар үндэслэлээр буруутай болох, яагаад ийм хэмжээний мөнгийг төлөх хохирол барагдуулах үндэслэлээ заагаагүй байх тул үүнтэй холбоотойгоор хариу тайлбар гаргах, мэтгэлцэх боломжгүй байна.

Манай компани нь Э М Я 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ЭМЯ-БУА/- 001/1 дугаартай “амаржих газрын өргөтгөлийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ” байгуулан, өргөтгөлийн барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд “Б Г”ХХК, “С Г М” ХХК хөрөнгө оруулж санхүүжүүлсэн ба энэ дагуу тухайн хөрөнгө оруулагч нарын төлөөлөл болох Япон улсын мэргэжилтэн, мөн Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газар мөн хяналтаа тус тус хэрэгжүүлж, барилгын ажлыг 2012 оны 11 дүгээр сарын 30-нд дуусган, 2013 оны 02 дугаар сарын 28-ны барилгыг ашиглалтанд оруулах Улсын комисс акт үйлдэж, 2013 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс байнгын ашиглалтад оруулсан байхад 3 жил хагас гаруй хугацаа болсны дараа тухайн барилгын өргөтгөлийн мэс заслын өрөөнд тааз нурсан гэсэн байгаа бөгөөд энэ асуудлаар манай компанид хандаж байгаагүй, улмаар дүүжин тааз нь барилгын зураг болон төсөвт тусгагдаагүй тул нэгэнт зураг байхгүй, төсөв төлөвлөгдөөгүй уг ажлыг манай компани хийж гүйцэтгээгүй, иймээс хийж гүйцэтгээгүй ажлыг мөн улсын комисст хүлээлгэн өгөхөд үүнд хүлээлцээгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурьдсанаар болон дээрх тааз нурсан асуудал нь манай компанид хамааралгүй ба энэ талаар мэдэгдээгүй, хамааралгүй болох нь барилгын зураг, мөн барилгын ажлын төсөв, барилгын ажлыг улсын комисст хүлээлгэн өгсөн акт зэргээр маш тодорхой нотлогдох юм. Харин манай компанийн захиалгаар уг барилгад гүйцэтгэгчээр ажилласан Ц К ХХК-д холбогдуулан цагдаагийн байгууллагаар гомдол гарган шалгуулсан байх ба энэ явцад барилгын ажлыг улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш хугацаанд тухайн дүүжин тааз хийлгэсэн, хэн хэзээ, ямар гэрээний үндсэн дээр хэрхэн хийсэн нь тодорхойгүй уг дүүжин таазны асуудлыг манай компанид холбогдуулан нэхэмжлэл гаргах үндэслэл байхгүй, холбогдуулж буй үндэслэлээ тодорхойлох ёстой боловч тодорхойлж чадахгүй байна.

Улмаар барилгын ажлыг гүйцэтгэгч компани хийгээгүй, гэрээ баримтгүй байхад түүний туслан гүйцэтгэгч хийсэн мэт болгож буруутгасан нь үндэслэлгүй, нотлогдохгүй байна. Мөн тухайн дүүжин тааз нь өргөтгөлийн барилгад хамааралтай тул манай гүйцэтгэгч компани засварлаж өгсөн бөгөөд энэ явцад зэргэлдээ яг ижил хийгдсэн өрөөний таазыг мөн буулгаж дахин засвар хийсэн ба энэхүү зэргэлдээ өрөөний тааз нурахааргүй, ямар нэг доголдолгүй байсан байдаг бөгөөд энэ нь дүүжин тааз хийгдсэний дараа нурсан тааз бүхий өрөөнд гадны өөр этгээдээр мэс заслын гэрэл суулгуулан тогтоолгосон, ингэхдээ энэ ажлыг хийхдээ тухайн дүүжин таазны бат бэх чанарыг алдагдуулсан болох нь нотлогдож байгаа ба энэ бүхий л нөхцөл байдлуудыг цагдаагийн байгууллага тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэн зөв тогтоогоогүйгээр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ явцад цагдаагийн байгууллага мөн шинжээч томилж хохирлын хэмжээг тогтоолгосон байдаг ба үүнд гомдол гаргаагүй байх атлаа нэгэнт шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон дүнгээс маш өндөр дүнгээр, 2 компанид холбогдуулан 2 зэрэг мөнгө нэхэн шаардлага гаргаж үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн байгаа нь тус тус хуулийн үндэслэлгүй байна гэв.

Шүүх, талуудын гаргасан нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н Ө газар нь анх хариуцагч Ц И ХХК, Ц К ХХК нарт холбогдуулан Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6, 228, 229 дугаар зүйлүүдэд зааснаар ашиглах боломжгүй болсон коагуляцийн аппаратны үнэ 1 709 400 төгрөг, унтуулгын аппаратын үнэ 44 010 000 төгрөг, мэс заслын 12 рефлектортой гэрлийн үнэ 23 500 000 төгрөг нийт 69 219 400 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хийх явцад хариуцагч Ц К ХХК-иас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа тааз нурсны улмаас тус өрөөнд байсан коагуляцын аппарат, унтуулгын аппарат, мэс заслын 12 рефлектортой гэрэл шатаж ашиглах боломжгүй болсон бөгөөд тэдгээрийг засварлсантай холбогдон гарсан сэлбэг, засвар, ажлын хөлс нийт 17 800 000 төгрөгийг хариуцагч Ц И ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасган тодорхойлж, түүнийгээ шүүх хуралдаанд тайлбарлан дэмжлээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй, манайх хариуцах үндэслэлгүй гэж тус тус эс зөвшөөрч маргасан.

Шүүх, хэргийг хянан хэлэлцээд дараах үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Ц И ХХК нь Э М Я 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ЭМЯ-БУА/001/1 дугаартай 1 дүгээр амаржих газрын өргөтгөлийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулан Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах 1 дүгээр амаржих газрын өргөтгөлийн барилга угсралтын ажлыг 6 283 164 690 төгрөгийн хэмжээнд багтаан гүйцэтгэхээр ирүүлсэн гүйцэтгэгчийн тендерийг үүгээр хүлээн зөвшөөрч, Б Г ХХК, С Г М ХХК-иас 2011-2012 онд санхүүжүүлэхээр, уг ажлыг 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2012 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэж ашиглалтад оруулахаар тохиролцжээ. /хх-67-69/

Мөн 2012 оны 6 дугаар сарын 08-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулахдаа Э М Я, Ц И ХХК нарын хооронд байгуулсан 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ЭМЯ-БУА/001/1 дугаартай 1 дүгээр амаржих газрын өргөтгөлийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээний 5 дугаар заалтыг “Гүйцэтгэгч тал нь амаржих газрын өргөтгөлийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэнэ. Уг барилга угсралтын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл гүйцэтгэж ашиглалтанд оруулна” гэж өөрчилсөн ба тухайн гэрээний тусгай нөхцөлийг мөн тохиролцсон байна./хх-70-71/

Талуудын хүсэл зоригийн илэрхийллээр Ц И ХХК нь Э М Я 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ЭМЯ-БУА/001/1 дугаартай 1 дүгээр амаржих газрын өргөтгөлийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулсан ба уг гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ байна.

  Дээрх гэрээний дагуу гүйцэтгэсэн барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01/32/2013 дугаартай актыг үйлдэж, улсын комисс хүлээн авч, захиалагч, ашиглагч болох НЭМГ амаржих газарт 2013 оны 03 сарын 01-ний өдрөөс ашиглалт үйлчилгээнд оруулахыг зөвшөөрчээ./хх-72-76/  

  Өмчийн харилцааны газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/98 дугаартай “Хөрөнгө бүртгэн авах тухай” тушаалаар Бороо гоулд ХХК-иас өөрийн хөрөнгөөр барьж, Монголын ар түмэнд бэлэглэж буй нийт 7 190 433 566 төгрөгийн өртөг бүхий Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 150 эх, хүүхэд хүлээн авах хүчин чадалтай амаржих газрын шинэ барилга байгууламжийг хавсралтын дагуу бүртгэлдээ бүртгэн авахыг Клиникийн нэгдүгээр амаржихад даалгажээ./хх-12-14/

  Хариуцагч тал Н Ө газар нь шаардах эрхгүй этгээд гэж маргаж буй тайлбар нь хэрэгт авагдсан Гүйцэтгэсэн барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, Өмчийн харилцааны газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/98 дугаартай “Хөрөнгө бүртгэн авах тухай” тушаал зэрэг бичгийн баримтаар үгүйсгэгдэж байх тул тухайн нэхэмжлэлийг гаргах эрхтэй болж байна.

  Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Цаст импекс ХХК хариуцах үндэсгүй гэсэн хариуцагчийн тайлбар нь Э М Я, Ц И ХХК нарын хооронд 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан дугаартай амаржих газрын өргөтгөлийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ, мөн 2012 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ зэрэг баримтаар тухайн барилгын угсралтын ажлыг гүйцэтгэхээр тохирч, үүрэг хүлээсэн этгээд гэж үзэх ба тухайн гэрээний нэг тал болох нь тогтоогдож байх тул Ц И ХХК-ийг хариуцагч гэж үзнэ.

  Хариуцагч Ц И ХХК нь тухайн гэрээний дагуу хийгдэх барилга угсралтын ажлыг Ц К ХХК /охин компани/-иар хийж гүйцэтгүүлсэн болох нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

  Харин хариуцагч тал нэхэмжлэгч байгууллага нь барилгын өргөтгөлийн ажлыг Улсын комисс хүлээн авч байнгын ашиглалтад оруулсны дараа өөр бусад этгээдээр хийгдэх ёсгүй ажлыг хийлгэсэн нь байгууллагын холбогдох албан тушаалтан, ажилтнуудын буруутай ажиллагаа болон сүүлд хийгдсэн Мэс заслын гэрэл зэрэг ажиллагааг гүйцэтгэсэн этгээдийн буруутай үйл ажиллагаанаас болсон …дүүжин тааз нурсан асуудалд манай компани буруугүй гэж маргаж байгаа боловч энэхүү үндэслэлээ баримтаар нотлоогүй байна гэж дүгнэлээ. Тухайлбал, өөр бусад этгээд гэж хэнийг тодорхойлж буй болох, мөн хийгдэх ёсгүй ажлыг хийлгэсэн гэх зэргийг ямар баримтыг үндэслэн татгалзаж буй үндэслэлээ нотолж чадахгүй байна.

  Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байх бөгөөд мөн хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д “Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно”, 347.2-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна” гэж заасны дагуу хариуцагч Ц И ХХК нь Ц К ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг нэхэмжлэгч Нийслэлийн өргөө амаржих газрын өмнө хариуцахаар байна.  

  Иргэний хуулийн 350 дугаар зүйл ба 350.1.6-д “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх”-ийг ажил гүйцэтгэгчийн үүрэг болгон заасан атал Нийслэлийн өргөө амаржих газар нь гэрээний дагуу баригдсан барилгыг ашиглах явцад буюу 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өргөтгөлийн барилгын 5 давхарын эмэгтэйчүүдийн стационарын мэс заслын хэсгийн 3 тоот өрөөний гипсэн хавтан бүхий дүүжин тааз нурсны улмаас тус өрөөнд байсан коагуляцын аппарат, унтуулгын аппарат, мэс заслын 5 LED гэрэл зэрэг тоног төхөөрөмж гэмтсэн үйл баримт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Гэмтсэн наркозны аппаратыг 2013 оны 12 сарын 05-ны өдөр И С ХХК-иас 44 010 000 төгрөгөөр /хх-5/, Коагуляцийн аппаратыг 2007 оны 11 сарын 12-ны өдөр Хүрд ХХК-иас 1 400 000 төгрөгөөр /хх-6/, мэс заслын 12 рефлектортой таазны гэрлийг 2013 оны 05 сарын 13-ны өдөр Л ХХК-иас 23 500 000 төгрөгөөр /хх-11/ тус тус худалдан авчээ.

Эдгээр гэмтсэн тоног төхөөрөмжийг И С ХХК-иар гэмтлийн онош тодруулан, гэмтэлтэй эд ангиудыг сольж, засвар үйлчилгээг хийлгэн нийт 17 800 000 төгрөгийн төлбөр гарсан болох нь хэргийн 133-137 дугаар талд авагдсан нэхэмжлэхийн баримтаар тогтоогдож байх тул уг зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.

  Тэрээр, хариуцагч нь хуульд заасан гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн гэж маргадаг боловч түүний маргаж буй үндэслэлийг тооцвол, уг барилгыг 2013 оны 02 сарын 28-ны өдөр улсын комисс хүлээн авч, 2013 оны 03 сарын 01-ний өдрөөс ашиглалт үйлчилгээнд оруулахыг зөвшөөрсөн ба улмаар Нийслэлийн өргөө амаржих газар нь үйл ажиллагаа явуулж байтал 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр...мэс заслын хэсгийн 3 тоот өрөөний тааз нурж, тоног төхөөрөмж гэмтсэн үйл баримт тогтоогдсон цаг хугацаа нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, 349.2-т заасан шаардлагыг хангаж байна.  

  Хариуцагч талаас хэргийн 161-180 дугаар хуудсанд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хуулбар үнэн гэсэн дардас дарсан нотлох баримтуудыг эрүүгийн хэргээс авч өгснийг шүүх тухайн иргэний хэрэгт үнэлээгүй ба хариуцагч нь Эрүүгийн хэрэгт гаргасан 2017.04.07-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр гэмтсэн тоног төхөөрөмжид тогтоосон үнэлгээ 2 027 810 төгрөг гэсэн байхад нэхэмжлэгч үндэслэлгүй өндөр үнэ нэхэмжилсэн гэж маргадаг боловч түүний тайлбартай холбогдох эрүүгийн хэргээс авсан шинжээчийн дүгнэлтийг шүүх тухайн иргэний хэрэгт нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн болно.                                                                    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                       ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6, 228 дугаар зүйлийн 228.1-т заасныг баримтлан Ц И ХХК-иас 17 800 000 төгрөгийг гаргуулан Н.Ө олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Ц.К ХХК-иас болон түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Ц.И ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 246.950 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ТҮМЭНЦЭЦЭГ