Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2019/01769

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2019/01769

 

 

 

 

 

Б нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/01659 дугаар шийдвэртэй Б нэхэмжлэлтэй, хариуцагч Д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 37 379 250 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндсэн, барьцааны эрх дуусгавар болсон тул Улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэлтэй, ... хаягт байршилтай орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие Дтэй 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 19 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн барьцаанд ...40 м.кв талбайтай, ...тоот улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Д нь 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 5 000 000 төгрөг, 09 дүгээр сарын 05-ны өдөр 7 500 000 төгрөгийг гэрээнд бичигдсэн түүний охин Г ... дансанд, 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 5077120186 тоот дансанд 2 000 000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 4 500 000 төгрөгийг бэлнээр тус тус авсан. Зээлдэгч Д нь 2014 оны 11 дүгээр сард үндсэн зээл 3 500 000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл зээлийн хүүнд 5 192 500 төгрөг тус тус төлсөн. Үүнээс хойш ам гэрээгээр 1 жил 6 сар сунгасан боловч 2018 оны 12 сар хүртэл огт төлөлт хийгээгүй, үндсэн зээл 15 500 000 төгрөг, зээлийн хүү, алданги 12 459 750 төгрөг, нийт 37 379 250 төгрөг тооцогдсон. Дгээс удаа дараа зээлээ төлөхийг шаардаж байсан тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Энэ талаарх баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн хүү, алданги болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа ихэсгэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Бтэй 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлд өөрийн өмчлөлийн ...дугаартай, ... байрлах, 40 м.кв талбайтай орон сууцаа барьцаалсан. Гэхдээ бодит байдал дээр Б надад 19 000 000 төгрөг зээлдүүлээгүй. Би Бгээс банкны дансны хуулгаар нотлогдож байгаа 14 500 000 төгрөгийг хэсэгчилж шилжүүлж авсан бөгөөд уг зээлийг түүний тооцоолсны дагуу  бодогдсон хүүгийн хамт тухай бүрт нь шилжүүлж, зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусгасан. Би Бгийн Хаан банк дахь ... тоот данс руу, өөрийн биеэр болон охин Г, ач охин С нарын дансаар дамжуулан 2014 оны 10 дугаар сарын  02-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нийт 17 122 500 төгрөгийг гэрээний төлбөрт шилжүүлсэн. Б нь миний охин Гд 4 500 000 төгрөг бэлнээр зээлдүүлсэн мэтээр шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлж, түүний гарын үсгийг дуурайлган зурсан бөгөөд бусдыг иймэрхүү аргаар ор үндэсгүй гүжирдэж, бусдад явдал чирэгдэл учруулахдаа гаршсан нэгэн. Тэрээр миний охин Гтай хувийн таарамжгүй харилцаатай болсон бөгөөд энэхүү нөхцөл байдлаас үүдэн, хувийн сэдлээр өс санаж надад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Б нэхэмжлэлдээ 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс хойш зээлийн гэрээг ам гэрээгээр 1 жил 6 сараар сунгасан гэж ор үндэсгүй, зохиомол зүйл бичсэн байна. Ийм зүйл огт болоогүй бөгөөд би зээлийн гэрээний үүргээ 2015 оны 06 дугаар сард бүрэн биелүүлж дуусгасан. Түүний нэхэмжлэлдээ зориудаар худал зүйл зохиож бичсэн шалтгаан нь шүүхэд гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэх ойлголтыг төрүүлж, төөрөгдүүлэх санаа зорилгыг агуулж байгаа нь харагдаж байна. Түүний олгосон зээл, зээлийн гэрээний огноо, зээлийн хүү тооцооллын хүснэгт зэрэг нь хоорондоо маш их зөрүүтэй, ойлгомжгүй байх бөгөөд огт олгоогүй зээлэндээ хүү тооцож нэхэмжилсэн болох нь харагдаж байна. Би гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсээр байтал Б миний өмчлөлийн орон сууцыг барьцаанаас чөлөөлөхгүй байгаа нь хувийн сэдлээр бусдыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд санаатайгаар саад учруулж буй үйлдэл гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд: 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээгээр Б нь бодит байдал дээр 14 500 000 төгрөгийг хэсэгчилж зээлдүүлсэн. Д нь дээрх зээлийн гэрээний үүргээ 2015 оны 06 дугаар сард бүрэн биелүүлж дуусгасан ч Б нь түүний өмчлөлийн орон сууцыг барьцаанаас чөлөөлөх бичгээ хийж өгөхгүй байсаар өдийг хүрсэн. Учир нь Б ажилладаг П ББСБ ХХК болон Д охин Г нарын хооронд зээлийн гэрээний маргаан үүсч, уг маргаан нь одоог хүртэл хууль шүүхийн байгууллагаар хянан шийдвэрлэгдэж байна. Мөн Б хамаарал бүхий дээрх ББСБ-ын хууль бус үйл ажиллагааны талаари мэдээллийг Г нь эрх бүхий байгууллагад мэдэгдэж, гомдол гарган, хяналт шалгалт оруулсан гэдэг. Б дээрх нөхцөл байдлаас үүдэж Дгийн өмчлөлийн ...дугаартай орон сууцыг барьцаанаас чөлөөлөхгүй, тусдаа гэрээний маргааныг Д нялзааж, өмчлөх эрхэнд нь бүдүүлгээр халдсаар өдийг хүрсэн. Зээлдэгч гэрээний үүргээ бүрэн биелүүлснээр 236 дугаар зүйлд заасны дагуу түүний үүрэг дуусгавар болох бөгөөд үүнийг дагаад зээлдүүлэгчийн барьцааны эрх Иргэний хуулийн 160 дугаар зүйлд заасны дагуу дуусгавар болно. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болсон. Д нь 2015 оны 06 дугаар сард гэрээний төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Иймд Дгийн өмчлөлийн ...дугаартай ... байрлах 40 м.кв талбайтай орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн тайлбарт: 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний 1, 2, 3-т заасан үүргээ Д бүрэн биелүүлээгүй. Үндсэн зээл 15 500 000 төгрөг, сунгалт хийсэн 1 жил, 6 сарын хүү 9 419 500 төгрөг төлөөгүй. Энэ хугацаанд Дтэй Б нь гэрийн утас 77191011 дугаараас байнга ярьж, хүү үндсэн зээлээ төлөхийг шаардаж байсан. Зээлийн гэрээний 1, 2 дахь хэсэгт заасан үүргээ бодитойгоор биелүүлж зээл, хүү төлөөгүй үндсэн зээл 15 500 000 төгрөг, хүү 9 419 500 төгрөг, алданги 12 459 750 төгрөг төлөөгүй байх тул Дгийн өмчлөлийн ...дугаартай Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 07-55 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай орон сууцыг барьцаанаас чөлөөлөх тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Б Д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 37 379 250 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 160 дугаар зүйлийн 160.1.6-д заасныг баримтлан барьцааны зүйл болох Улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэлтэй, ... хаягт байршилтай орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг Бд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 502 800 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200  төгрөгийг тус тус улсын төсөвт үлдээж, нэхэмжлэгчээс 70 200 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Улмаар Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 160 дугаар зүйлийн 160.1.6-д заасныг баримтлан барьцааны орон сууцыг чөлөөлөхийг нэхэмжлэгч Бд даалгасан шийдвэр гаргасан нь шүүх илэрхий хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, хариуцагчийн талд үйлчилсэн. Шүүх зээлийн гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хуулийн зохицуулалтыг зориулалтыг зориуд үндэслэлгүй буруу тайлбарласан. Д нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул хэлэлцэн тохиролцож төлбөр төлөх хугацааг сунгаж, утсаар шаардах бүрт зээлийн гэрээний үндсэн үүрэг болох үлдэгдэл мөнгийг төлнө гэдгээ зөвшөөрөн хойшлуулж байсан. Улмаар зээлийн төлбөрийн үлдэгдэл төлбөрөөс 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 700 000 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгон барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгөө өдий хүртэл шаардаагүй байсан нь нэхэмжлэлд шаардсан зээлийн гэрээний үүргээ хүлээн зөвшөөрч байсны баталгаа мөн. Шүүх хэргийн зохигч нараас гаргасан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх журмыг хэрэгжүүлээгүй. Шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэхдээ гаргасан энэ үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар тогтоон тунхагласан иргэн миний үндсэн эрх, эрх чөлөөг үл хайхарсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг гажуудуулсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсгийг илт хайхрахгүй орхиж, улмаар шүүх эсрэгээр нь 79.1 дэх хэсэгт хамаарахгүй байна гэж дүгнэхдээ уг заалтын шаардлагыг хүлээн зөвшөөрч байсан энэ хугацаанд барьцааны хөрөнгөө шаардаагүй байсан, миний шаардлагыг хүлээн зөвшөөрч байсан байдал, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төлбөр төлж байсан зэрэг хэрэгт авагдсан үйл баримт нотолгоог орхигдуулсан. Энэ байдал нь шүүгчийн зүгээс асуудалд зориуд хэрэгжүүлж байгаа санаатай үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлтэй. Эдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, шийдвэрийг нотлох баримтын үндсэн дээр гаргах шаардлагыг тус тус зөрчсөн. Иймээс Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/01659 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б нь хариуцагч Д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37 379 250 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч барьцааны эрх дуусгавар болсон тул ... 55 тоот хаягт байршилтай орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхийг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Талууд 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, хариуцагч нь 19 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай нэхэмжлэгчээс зээлдэн авах, гэрээнд заасан хугацаанд зээл, зээлийн хүүг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй мөнгөн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцож 14 500 000 төгрөг шилжүүлэн өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх4-5/

Шүүх талуудын хооронд 14 500 000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хэргийн 8-10 дугаар тал дахь ХААН банкны орлогын мэдүүлэг буюу 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 2 000 000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 7 500 000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 5 000 000 төгрөгийн баримтад үндэслэгдсэн байх ба хариуцагчийн гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үүргийг 17 980 000 төгрөг гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцжээ.

Нэхэмжлэгч гэрээний хугацааг амаар 1 жил 6 сарын хугацаатай сунгасан гэж энэ хугацааны хүүг нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаас үзэхэд хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулах шаардлагатай боловч талууд дээрх шаардлагыг хангасан бичгийн гэрээ байгуулаагүй байна.

Хариуцагч зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 14 500 000 төгрөг, хүүнд 3 480 000 төгрөг, нийт 17 980 000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хооронд нийт 17 122 500 төгрөг төлсөн байх тул үүний зөрүүг төлөх үндэслэлтэй боловч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх ба хариуцагч хамгийн сүүлд 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр зээлийн төлөлт хийсэн тул энэ үеэс хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно.

Нэхэмжлэгчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Ггаас 700 000 төгрөгийн зээл төлөлт хийгдсэн тул хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэх гомдол үндэслэлгүй байна.

Хэргийн 56 дугаар тал дахь нэхэмжлэгчийн ХААН банкны депозит дансны хуулгаас үзэхэд Г нь 700 000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр П ХХК-д С гэх утгаар шилжүүлсэн байх ба үүнийг Г би П ББСБ ХХК-аас найздаа 35.0 сая төгрөг авч өгсөн. 700 000 төгрөг бол тус ББСБ-ийн зээлийн эргэн төлөлт гэж мэдүүлсэн байх тул энэ өдрөөр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүй. /хх95/

Нэхэмжлэгч нь хариуцагчид зээлээ төлөхийг удаа дараа сануулж утсаар ярьж байсан, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж тайлбарлан нотлох баримтаар Монголын цахилгаан холбоо ХК-ийн телефон хэрэглэгчийн ярианы дэлгэрэнгүй лавлагааг ирүүлсэн байх боловч уг баримтанд нэхэмжлэгч нь хариуцагчтай ярьж байсан ярианы агуулга байхгүй, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан болохыг хангалттай нотолж чадахгүй байна.

Шүүх ... 55 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлөх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн байх тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 гэж залруулсан өөрчлөлт оруулна.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 26 өдөр өдрийн 183/ШШ2019/01659 шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 гэснийг Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415 050 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

А.МӨНХЗУЛ