Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2019/01629

 

 

 

 

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2019/01629

 

 

 

Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/01783  дугаар шийдвэртэй, Бийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГт холбогдох, орон сууцны үнэлгээ дахин тогтоолгох ажиллагаа явуулахыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сэлэнгэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09884 дугаар захирамж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 11026 дугаар захирамж, 01211 дугаартай гүйцэтгэх хуудсын дагуу НШШГГт явагдаж буй албадан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд нэхэмжлэгч Бийн өмчлөлийн ... хаягт байрлах, улсын бүртгэлийн ...дугаартай, 39,4 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцанд мэргэжлийн шинжээч томилох тухай тогтоол 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гарч, хөрөнгийн үнэлгээний “Баян модот” ХХК нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр дээрхи орон сууцыг 54 040 000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээний талаар тухайн үед гомдол гарган шийдвэрлүүлсэн. Харин 2018-2019 онд манай улсын эдийн засаг сэргэж, Засгийн газраас орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэж, улмаар орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийг нэг дахин нэмэгдүүлж, сонгуулийн жил болж байгаатай уялдан зогсонги байдалд байсан барилгын салбарын үйл ажиллагаа идэвхижиж, орон сууцны үнэ ханш өссөн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д зааснаар нэхэмжлэгч өөрийн өмчлөлд дахин үнэлгээ хийлгүүлэх хүсэлтийг НШШГГт 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гаргасныг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 56 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй тухай мэдэгдсэн.

Нэхэмжлэгч Бийн өмчлөлийн орон сууцыг бүтэн нэг жилийн өмнө тогтоосон үнэлгээнээс тооцон 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн тухай мэдэгдсэнийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дээрхи орон сууцанд мэргэжлийн шижээчээр үнэлгээ тогтоохоор шийдвэрлэсэн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 28 дугаартай шинжээч томилох тухай тогтоол нь хууль бусаар гарсан. Хууль бус тогтоолын дагуу хийгдсэн үнэлгээ хүчингүй бөгөөд үнэлгээг дахин хийснээр нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаална.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар ажиллагааг хийх ёстой байтал энэхүү ажиллагааг хийлгүй шинжээч томилсон нь хууль зөрчсөн тул  2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 28 дугаартай шинжээч томилох тухай тогтоол хүчингүй. Иймд нэхэмжлэгч Бийн өмчлөлийн ...улсын бүртгэлийн ...дугаартай, 39,4 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцанд дахин шинжээчээр үнэлгээ тогтоолгох ажиллагаа явуулахыг хариуцагч НШШГГт даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Бийн өмчлөлийн ..., улсын бүртгэлийн ...дугаартай, 39,4 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу харилцан тохиролцож үнийн санал ирүүлэх тухай 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 4/684 тоот мэдэгдлийг талуудад хүргүүлэхэд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ хийлгэхэд орон сууцыг 54 040 000 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь заалт нь заавал үнэлгээ хийлгэнэ гэсэн үг биш бөгөөд зах зээлийн үнэлгээнд гуравны нэгтэй тэнцэх буюу 18 013 333 төгрөгийн үнийн өөрчлөлт орсон нь тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

 Гуравдагч этгээд “М ББСБ” ХХК-ийн тайлбарт: ... Одоогийн зах зээлийн ханшаар тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 3/1-ээс багагүйгээр өссөн, буурсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Б нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид дахин үнэлгээ хийлгэх болсон үндэслэл бүхий баримт гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч нь манай байгууллагаас зээл хүсэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний хуудсанд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 60.0 сая төгрөгөөр үнэлснийг зээлийн эдийн засагч 47.0 сая төгрөгөөр бууруулан үнэлэхэд хүлээн зөвшөөрч байсан. Б нь манай компанид төлөх төлбөрийн хэмжээнд маргадаггүй. Одоогоор 50 орчим хувийг барагдуулсан, үлдэгдэл 12 039 600 төгрөг байна. Энэ төлбөрийг бусад хэлбэрээр төлөх бүрэн боломжтой. Гэтэл одоог хүртэл төлбөрөө төлөхгүй, шүүхэд ямарваа нэгэн хэлбэрээр нэхэмжлэл гаргаж явж байгаа нь хугацаа хожих эсхүл уг төлбөрийг төлөхгүй байх санаа зорилго агуулагдаж байгаа нь илэрхий байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д зааснаар  нэхэмжлэгч Бийн гаргасан хариуцагч НШШГГт холбогдох орон сууцны үнэлгээ дахин тогтоох ажиллагаа явуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй. Хэргийг шийдвэрлэхдээ “ ... Монгол банкны үнийн индексийн мэдээлэл нь хуульд заасан нийтэд илэрхий үйл баримтад хамаарахгүй тул нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, энэ талаар хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна ... нэхэмжлэгч нь урьд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дахь эд хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргаж, шийдвэрлүүлж байжээ ..” гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулахдаа үнэлгээтэй холбоотой бус үнэлгээ хийлгэхээр шинжээч томилж тогтоол гаргаж байгаа ажиллагаа хуульд нийцээгүй буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 09884 дугаартай захирамж, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 11026 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1211 дугаартай гүйцэтгэх хуудсын дагуу НШШГГт явагдаж буй албадан шийдвэр гүйцэьгэх ажиллагааны хүрээнд нэхэмжлэгч Бийн өмчлөлийн ...хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай, 39,4 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцанд мэргэжлийн шинжээчээр үнэлгээ тогтоолгож “Баян модот” ХХК дээрх орон сууцыг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 54 040 000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Уг орон сууцанд мэргэжлийн шинжээчээр үнэлгээ тогтоохоор шийдвэрлэсэн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 28 дугаартай шинжээч томилох тухай тогтоол нь хууль бус гарсан байдаг. Хууль бусаар гарсан тогтоолын дагуу хийгдсэн үнэлгээ нь хүчингүй бөгөөд үнэлгээг дахин хийх нь төлбөр төлөгч, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах шаардлагатай.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх тухай асуудлыг зохицуулсан байх бөгөөд 9.1 дэх хэсэгт зааснаар ажиллагааг хийх ёстой байтал энэхүү ажиллагааг хийлгүй шинжээч томилсон нь хууль зөрчсөн байдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн орон сууцанд дахин үнэлгээ хийлгүүлэх тухай хүсэлтийг НШШГГт 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гаргасан ба 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 56 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй тухай мэдэгдсэн.

Албадан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа анхнаасаа хууль бус явагдаж байна гэж үзэж байна. Үнэлгээ тогтоосноос хойш 6 сараас дээш хугацаа өнгөрсөн нь тодорхой, хөрөнгийн үнэлгээнд өөрчлөлт орсон нь илт байхад шийдвэр гүйцэтгэх байгууллага анхааран үзэлгүй дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийншийдвэрийг өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б нь хариуцагч НШШГГт холбогдуулан орон сууцны үнэлгээ дахин тогтоолгох ажиллагаа явуулахыг даалгах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9884 дүгээр захирамжаар хариуцагч Бөөс 21 909 600 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 30 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байх ба төлбөр төлөгч нь уг шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар биелүүлэх үүрэгтэй, хэрэв сайн дураар албадан гүйцэтгээгүй бол мөн хуулийн 11.2 дахь хэсэгт албадан гүйцэтгэнэ гэж заажээ. /хх11/

 

Хариуцагч тал шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11026 дугаар захирамж, 1211 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна. Шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгчийн ... байрлах 39,4 м.кв 2 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураан авч, төлбөр төлөгчид эд хөрөнгийн үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцоогүй тул хариуцагч байгууллагын шинжээчээр томилсон “Баян Модот” ХХК 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр орон сууцыг 54 040 000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх58-64/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр төлбөрт хураагдсан эд хөрөнгөд дахин үнэлгээ хийлгэх үндэслэлээр төлбөр хураагдсан хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Энэ хуулийн агуулгаас үзэхэд үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болохоор байна.  

 

Нэхэмжлэгч дахин үнэлгээ хийлгэх үндэслэлээ “2018-2019 онд манай улсын эдийн засаг сэргэж, Засгийн газраас орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн, сонгуулийн жил болж байгаатай уялдан зогсонги байдалд байсан барилгын салбарын үйл ажиллагаа идэвхижиж, орон сууцны үнэ ханш өссөн” гэж тайлбарласан боловч хэрэгт энэ талаарх нотлох баримт хангалттай авагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй.

 

Тухайлбал, үнэлгээ хийх жил тухайн орон сууц ямар үнэ ханштай байсан, одоо ямар үнээр зах зээлд борлогдож байгаа зэргийг харьцуулан, орон сууцанд анхны үнэлгээнээс 1/3-ээс багагүй хэмжээтэй өөрчлөлт орсон гэж дүгнэх баримтгүй байна. 

Хариуцагч 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 28 тоот тогтоолоор “Баян-Модот” ХХК-ийг шинжээчээр томилж, энэ тогтоолын 3 дахь хэсэгт шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасныг танилцуулж, дүгнэлт өгөхөөс зайлсхийх, татгалзах, санаатайгаар худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулсан, шинжээч танилцаж гарын үсгээ зурсан нь хэргийн 58 дугаар талд авагдсан байна. Иймд нэхэмжлэгчийн шинжээч томилох тогтоолд гаргасан гомдол үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/01783 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ИЧИНХОРЛОО

 

    ШҮҮГЧИД                               А.ОТГОНЦЭЦЭГ

 

                 А.МӨНХЗУЛ