Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2019/00698

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2019/00698

 

 

 

 

М  СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01ий өдрийн 183/ШШ2019/00505 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч МСӨХ, хариуцагч Т-д холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 484 600 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амар, нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: МСӨХ нь ...Мхотхоны дундын өмчлөлийн засвар үйлчилгээ, ашиглалтын хэвийн ажиллагааг хариуцан хангаж ажилладаг. Манай хотхоны... сууц өмчлөгч Т-д нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь СӨХ-д төлөх төлбөрөө холбоонд төлнө гэсэн үүргээ биелүүлээгүй, иргэний үүргээ удаа дараа биелүүлдэггүй, дандаа шүүхэд нэхэмжлэл гаргуулдаг.  Т-д нь эхлээд манай хотхоны 3 дугаар орцны зоорийн  давхарт амьдардаг байсан. 2017 оны 04 дүгээр сараас эхлээд хажуу талын ...гэх хотхонд нүүж очсон. Үүнээс хойш урлангийн зориулалтаар ашиглаж байгаа. Хуульд зааснаар СӨХ-ны дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байдаг. МСӨХ-ны бүх гишүүдийн хурлын 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 18/01 дугаар тогтоол гарсан, уг тогтоолд МСӨХ-ны оршин суугчаас сар бүр авах төлбөрийг хогны 2 000 төгрөг, жижүүрийн 40 000 төгрөг, СӨХ 65 000 төгрөг, баримт 150 төгрөг, хуримтлал 20 000 төгрөг болгон шинэчлэн  тогтоож, сард төвлөрүүлэх нэг айлын СӨХ-ны төлбөр нь 117 150 төгрөг байсныг 10 000 төгрөгөөр нэмэгдүүлэн 127 500 төгрөг болгож, энэ тогтоолын 4 дэх хэсэгт 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд засвар үйлчилгээний зардалд 10 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн зүйтэй гэж оршин суугчид өөрсдөө үзээд нэг айлаас 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 137 150 төгрөг болгож өөрчилсөн байдаг. Учир нь  энэ хотхон  2009 онд ашиглалтанд орсон, бүх зүйл нь муудаж эхэлсэн учраас сар болгон засвар үйлчилгээтэй холбоотой зайлшгүй засах засвар шаардлагатай болсон. Нэхэмжлэлийн үнийн дүн анх 484 600 төгрөг байсныг багасгаад 388 600 төгрөг болгож байна. Хариуцагчийн авчирсан баримтаас үзэхэд 2018 оны 10,11 сарын төлбөрөөс 66 000 төгрөгийг төлсөн, мөн 30 000 төгрөгний үнэтэй зогсоолын чип буцааж өгсөн тул үнийн дүнгээс хассан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлага 388 600 төгрөгийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Маш энгийнээр тайлбарлахад нөгөө хашаанд нь арай өөр зэрэглэлийн манай гэр байгаа. Би байрны төлбөрт сард 60 000 төгрөгийг л төлдөг. Тэгтэл зураач хүний урлангийн байранд сард 130 000 төгрөгийг төлөх ёсгүй гэж үзэж байна. Энэ сууц өмчлөгчдийн холбоо надтай ерөөсөө гэрээ хийгээгүй, байранд цэвэрлэгээ хийдэггүй, хулгай орсон үед манайд хамаагүй гэж хэлдэг. Ийм СӨХ-нд мөнгө төлөхгүй, энэ СӨХ маш будлиантай, урьд нь манай эхнэр энэ ажлыг хийж байсан. Модерн таунд 84 мкв талбайтай урлангийн байр байдаг. Хэд хэдэн гараж эзэмшдэг айл, нэг урлангийн өрөө эзэмшдэг хүн хоёр нэг адилхан хэмжээний төлбөр төлдөг нь шударга ёс биш гэж үздэг. Нийт 42 айлаас ашигладаг талбайн м/кв-аар нь бодож төлбөрийг тооцох ёстой. Надад харуул хамгаалалт хэрэггүй, би гараж ашигладаггүй болохоор зөвхөн хогны, цэвэрлэгээний мөнгийг төлнө. Өмнөх шүүхийн шийдвэрээр сарын 33 000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн тул би энэ хэмжээгээр төлж байгаа гэжээ.

   Шүүх:  Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар Т-доос дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 388,600 төгрөгийг гаргуулж ...СӨХ-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Т-доос 12,308 төгрөг гаргуулж ...СӨХ-нд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,188 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амарын давж заалдах гомдолд: Т-д нь Мхотхоны үндсэн оршин суугч бус тус байрны ...подволын өрөөг Монгол зураг, Уран зургын зориулалтаар урлан болгон хуулийн дагуу өмчилж байгаа. 23 тоот өрөөг агуулахын зориулалтаар, 25 тоот өрөөг зураг зурах өрөө болгон ашигладаг. Би гэр бүлийн хамтаар ... хотхонд оршин суудаг. Мхотхон 42 айлын орон сууц, 50 машины дулаан зогсоол, 44 ширхэг зоорийн давхар (подвол) ашиглалтанд орсон байдаг. Иргэн Т-д 3 дугаар орцонд анх ашиглалтанд ороход нь 23, 25 тоот өрөөг түрээсэлж байсан. МХХК-ийн н.Ариунболдын менежер н.Гончигоо "сар бүр түрээс төлж байхаар худалдаж ав таньд ашигтай зургийн урлан болгон ашиглаж болно" гэж санал тавьснаар гэрээ хийж, худалдаж авсан. Анх ашиглалтанд орсоноос нь хойш ашиглалтын зардлыг төлсөөр ирсэн. МХХК-д ашиглалтын зардал СӨХ-ны төлбөр өндөр байна гэж удаа дараалан шаардлага тавьж байсан. Тус байранд үндсэн оршин суугч 42 айлаас СӨХ-ны төлбөр авах байтал 40 айлын СӨХ-ны төлбөр авдаг. 2 гэрчилгээтэй 23 тоот н.Ариунаа, 24 тоот н.Б гэх айл дундаа нэг СӨХ-ны төлбөр төлдөг. Бас 11 тоотын н.А 12 тоотын н.Ц гэх 2 айл дундаа нэг СӨХ-ны төлбөр төлдөг. Үүн дээр н.Н 30 тоот айлыг нэг хаалга нэмж гаргасан гэж 1 гэрчилгээтэй айлаас 2 СӨХ-ны төлбөр авдаг. Ингээд үндсэн оршин суугчдаас бүгд 41 тоотын СӨХ-ны төлбөр авдаг. Тус байранд 44 ширхэг зоорийн подвол өрөө тус бүрдээ 44 ширхэг гэрчилгээтэй подволын өрөөнүүд байдаг. 41 ширхэг гэрчилгээг үндсэн оршин суугчид болох 1-3 давхарт амьдардаг айл өрхүүд эзэмшдэг.

Гаднаас үндсэн оршин суугч бус 3 дугаар орцны подволд зургийн урлан, 6 дугаар орцонд хөгжмийн хичээл заадаг подвол байдаг. Үндсэн оршин суугч болох 1-3 давхарт амьдрах айлуудаас подвол ашигласны төлбөр, машины дулаан зогсоолыг ашигласан төлбөрийн, жишиг үнээр төлбөр авдаггүй, 73 ширхэг дулаан зогсоол гараашийн төлбөр болох цэвэрлэгээ, тог цахилгаан урсгал зардлыг нарийн тооцож төлбөрийг нарийн тооцон төсөвдөө тусгадаггүйгээс СӨХ төлөгч дундын мөнгөөр ашиглан 1 ч дулаан зогсоолгүй айл, 1 дулаан зогсоолтой айл, 4 дулаан зогсоолтой айл бүгд төлбөрийн зааг ялгаа байдаггүй. Дулаан зогсоол ашигладаг хүмүүсээс гараашийн тооноос хамааран нарийн тооцож төлбөр тогтоолгүй нэг бүр нь 12 000 төгрөгийн үнэтэй гэрлийг 20-30 ширхэгийг авч суурилуулсан байдаг. 73 дулаан гараашийн 1 сарын тогны мөнгө зун шөнө 12 цаг тасралтгүй асаж, тогны гэрэлтүүлгийн төлбөрийн мөнгө 300 000-400 000 гаруй төгрөг, өвөл 700 000900 000 төгрөг сар бүр гардаг. Подвол эзэмшигчдийн СӨХ-ны төлбөрийн мөнгө, гараашгүй айлуудын төлбөрийн мөнгө дунд нь хавтгайруулан ашиглаж, хэрэглээгүй дулаан зогсоолын урсгал зардалд оруулж луйварддаг. 1-3 давхарт оршин суугчид ямар үндэслэлээр подвол болон дулаан зогсоол ашигласны жишиг үнэ болох СӨХ-ны төлбөр төлөлгүй болоод байдаг. Энэ байдлаас болж ажлын цалин, тогны мөнгө дутахаар хавтгайруулан нэмдэг энэ завхарсан үнийн тогтолцоог МСӨХ-өөс залруулахыг шаардаж байна.

 

Нэг айл өрхөөр бодоход олон м.кв орон сууц, олон дулаан зогсоол, олон подволын өрөөнүүдтэй хүмүүст ашигтай СӨХ-ны төлбөр байдаг. Тухайлбал: Орон сууц 2 ширхэг, Подволын өрөө 2 ширхэг, Дулаан зогсоол 2 ширхэг, СӨХ-ны нэхэмжлэл 137 000 төгрөг, Орон сууц 1 ширхэг, Дулаан зогсоол З ширхэг, СӨХ-ны төлбөр 137 000 төгрөг, Орон сууц 1 ширхэг, Подволын өрөө 2 ширхэг, дулаан зогсоол 1 ширхэг, СӨХ-ны нэхэмжлэл 137 000 төгрөг, Орон сууц 0, Подволын өрөө 2 ширхэг, Дулаан зогсоол 0 бол СӨХ-ны нэхэмжлэл 130 000 төгрөг, орон сууц 0, подволын өрөө 1 ширхэг, дулаан зогсоол 0 бол СӨХ-ны нэхэмжлэл 130 000 төгрөг байдаг. ТУЗ-ийн дарга гэх А, хяналт Ү, гишүүн А гүйцэтгэх захирал Б нар удаа дараа СӨХ-ны төлбөрийг 92 000 төгрөгөөс 117 000 төгрөг болгон 117 000 төгрөгөөс 137 000 төгрөг болгон дур мэдэн нэмдэг. ТУЗ гэх гурван хүн "бидэнд хэл бид 3 тэр айлыг загинана гэж зарлигддаг" гэж байгаа. Гүйцэтгэх захирал Б нь ах дүү нар, найз нөхдөөрөө дүүргэж бүлэглэж нэг нэгнийгээ улайран хамгаалах лоозонтой. Хийсэн хийгээгүй цалин бичиж гаргадаг. Б нь хууль зөрчин гүйцэтгэх захирал, нягтлан 2-ыг зэрэг хийн 800 000 төгрөгийн цалин авч ТУЗ-ын дарга н.А гэх хүний гарын үсгийг үнэ нэмэх тогтоол дээр н.А гэж өөрөө гарын үсгийн дур мэдэн дуурайлган бичдэг. Энэ гарын үсэг н.А гэх хүнийх биш байна гэхэд ажилтай болохоор нь би гарын үсгийг нь дуурайлгаад зурсан гэж СӨХ-ны хууль дүрэм зөрчиж танхайрдаг. СӨХ төлөгч нар хэрэглэсэн хэрэглээгээрээ биш хэрэглээгүй дүлаан зогсоол, 1-3 давхарт амьдардаггүй байтал 1-3 давхарт амьдарч дулаан зогсоол ашигласан мэтээр яг адилхан 137 150 төгрөг нэхэмжилдэг.

 

Мхотхоны 44 тоот подволын гэрчилгээтэй, өрөө эзэмшигчдээс 4 ширхэг орцноос СӨХ-ны төлбөр авдаг. 2 дугаар орцны подволд 4 тоотын үндсэн оршин суугч Б 3-4 айл ажилчдаа авчиран амьдруулж 137 150 төгрөг төлдөг. 3 дугаар орцны подвол өмчлөгч Т-д 1-3 давхарт айл эзэмшдэггүй, дулаан зогсоол ашигладаггүй зөвхөн подвол ашигласны төлбөр гэж 130 150 төгрөг (дулаан зогсоол ашигладаггүй гэж тогны мөнгө барагцаалан 7 000 төгрөг хассан). 5 дугаар орцонд 41, 42 тоотод амьдардаг н.Б 2-3 айл оруулан түрээслэж 137 150 төгрөг СӨХ-д төлдөг. 6 дугаар орцонд гэр сургалт хөгжмийн хичээл заадаг гэж 130 150 төгрөг төлдөг. Нийлээд подволоос 2, 3, 5, 6-р орцноос нийлээд 534.600 төгрөгийг СӨХ авдаг. 1, 4, 7-р орцноос подвол ашигласны СӨХ-ны төлбөр авдаггүй. 44 ширхэг подволоос 8-9 подволоос СӨХ төлбөр авдаг. 36 подвол ашиглагч 1-3 давхарт амьдардаг айлууд СӨХ-д төлбөр төлөлгүи ашигладаг. 1-3 давхарт амьдардаг үндсэн оршин суугчид подволоо есөн зүйлээр ашигладаг. Ажлын өрөө, хүн хүлээж авдаг өрөө, ажилчдаа авчран амьдруулах, ах дүү нараа авчиран амьдруулах өрөө, найз нөхдөө авчиран уулзалдах, 2 чихмэлийн өрөө, барилгын компани авчиран түрээслэх, фитнессийн өрөө, 1 давхарын айлууд доод подвол руу цоолон шат тавьж амьдрах өрөөнийхөө нэг хэсэг болгож ашиглах, спортоор хичээллэх өрөө, хүүхдийн өрөө, кароакены өрөө гэж төрөл бүрээр ашигладаг. Үндэслэлгүй СӨХ-ны төлбөрөөс болж урлан хийх аргагүй байна. Урлан худалдаж авчихаад түрээсийн подволд байгаа мэт дарамтанд байна. Подволын 2 өрөөгөө зараад явья гэхээр үндэслэлгүй өндөр СӨХ-ны төлбөрөөс болж зарагддаггүй. Зарагдахгүй зураг зураад суухаар 130 000 төгрөгийг үндэслэлгүй нэхэмжлэл сар бүр орж ирж дарамтанд оруулдаг. СӨХ-ны өрөөнд ороход хяналт н.Үрлээхүү гүйцэтгэх захирал Б нар одоо СӨХ-ны төлбөр 170 000 төгрөг болох гэж байгаа төлөхгүй хаачдаг юм гэж түрээсийн байрын эзэд шиг танхайрсан. Энэ нь шүүхэд өгч хүчээр авна гэсэн үг. СӨХ-ны төлбөрөө өгдөггүй гэж иргэн миний нэр хүндэд халдаж шүүх дээр доромжилж байна. Үндсэн оршин суугч болох 1-3 давхарт амьдрах 42 айл өрхийн СӨХ, подвол, дулаан зогсоол ашигласны жишиг үнэ тогтоож хэрэглэсэн, хэрэглээгүйн зааг ялгааг нарийн гаргаж иргэн миний хохирсон эрх ашгийг хамгаалж өгнө үү гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч МСӨХ нь хариуцагч Т-д холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардалд 484 600 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа багасгаж 388 600 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч Т-дыг М хотхоны 27 дугаар байрны 43 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч учраас дундын өмчлөлийн ашиглалт, засварын зардлыг төлөх үүрэгтэй гэж тайлбарладаг боловч хэрэгт уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авагдаагүй тул хариуцагч хичнээн м.кв талбай бүхий сууцыг ямар зориулалтаар ашиглаж байгааг тодорхойлох боломжгүй байна.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасан байдаг бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдсанаар маргааны үйл баримт тодорхой болно. Тодруулбал хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийг оршин суух эсхүл үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай ашиглаж байсан эсэх нь тодорхой болсноор хэргийн 28 дугаар тал дахь Сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөлийн 2014 оны 06 дугаар тогтоолын хавсралтаар баталсан орон сууцны байршил болон түүний хонгилын хэсэгт үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас авах засвар үйлчилгээний хуримтлалын жишиг тариф, холбогдох хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэх нөхцөл бүрдэнэ.

 

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01ий өдрийн 183/ШШ2019/00505 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 180 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

А.МӨНХЗУЛ