Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 1394

 

                                                                                     

                                            

 

 

 

 

 

2019 оны 6 сарын 17 өдөр                   Дугаар 183/ШШ2019/01394                                 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М” Сууц өмчлөгчдийн холбооны /РД: / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Тод /РД: / холбогдох,

Дундын өмчлөлийн ашиглалт засвар, үйлчилгээний зардалд 388,600 /гурван зуун наян найман мянга зургаан зуу/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баянмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амар, хариуцагчийн өмгөөлөгч П.Ганбилэг, нарийн бичгийн дарга Э.Энхзул нар оролцов.                                                                                                                       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус СӨХ нь М хотхоны дундын өмчлөлийн засвар үйлчилгээ, ашиглалтын хэвийн ажиллагааг хангаж ирлээ. Тус хотхоны 25 байр, 43 тоотод оршин суугч Ш.Т нь Иргэний хуулийн 147.1-д “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, цэвэр бохир ус, ариутгал, хог цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-д төлнө” гэж заасныг биелүүлээгүй тул 2018 оны 8 сараас 2018 оны 11 сарыг дуустал хугацааны СӨХ-ны төлбөрт 550,600 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 30,000 удирдлагыг буцаан өгсөн тул нэхэмжлэхгүй, үлдэх 520,600 төгрөгөөс 2018 оны 10, 2019 оны 1 сард тус бүр 66,000 төгрөг буюу 132,000 төгрөг төлсөн тул 388,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. ТУЗ-ийн дарга Анугийн гарын үсгийг би зурсан нь үнэн. Ану нь гарын үсгээ зураад өгөөч гэхэд би ажилтай байна өөрөө зурчих гэсний дагуу зурсан. 50 хувьд хүрээгүй гэж байна хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд бичгээр санал хүсэлтийг авдаг. Нийт 13 айл  бичгээр хүсэлтээ өгөөд хуралд оролцох боломжгүйгээ мэдэгдсэн гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би М байрны үндсэн оршин суугч бус, тус байрны зоорийн давхрын 3 орцны 23, 25 тоот өрөөг уран бүтээлийн зориулалтаар урлан болгон эзэмшигч, хуулиар бол өмчлөгч юм. Би Романа ресиденсэд байдаг. Тус СӨХ нь, надтай ямар ч гэрээ хэлцэл хийж байгаагүй, олон удаа энэ талаар асуудал тавихад зориуд хариулт өгдөггүй. Гэрээ хэлцэл байхгүй нөхцөлд би юуг үндэслэж төлбөр төлөх нь ойлгомжгүй байна. СӨХ нь үйл ажилгааныхаа зардлаа оршин суугч нартаа тайлагнаж байхыг би мэдэхгүй, иймээс би төлбөрийг төлөхгүй. ТУЗ-ын үйл ажиллагааг хянан шалгах, оршин суугчдын хяналтын зөвлөл байгуулахыг шаардсаар л байх болно. Уг СӨХ-оос зардлын задаргааг олон удаа шаардахад гаргаж өгдөггүй, үзүүлдэггүй. Сууц Эзэмшигчдийн Дээд Зөвлөлөөс жишиг тогтоосон 4 төрлийн хураамжийг л иргэд төлөх үүрэгтэй.  Засвар үйлчилгээний хөлс 1 м2-200 төгрөг, лифтийн үйлчилгээний хөлс 5000 төгрөг, цэвэрлэгээний хөлс 5000 төгрөг, ажилчдын цалин 5-10000 төгрөг, Энэ жишгээр сарын хураамж 94 м2 талбайд сард 18,800 төгрөг төлнө. Цэвэрлэгээ 5000 төгрөг, ажилчдын цалин 10,000 төгрөг, Нийт дүн 33,800 төгрөг болно. Бидний маргааны гол нь хувийн эзэмшлийн автомашины гараашийн зардлыг ямар ч үндэслэлгүй нэхэмжилж гарааштай, гараашгүй айлын зааг ялгаагүй төлүүлдэг нь миний эрх ашгийг санаатай хохироож байна. Надад тус хотхонд хувийн эзэмшлийн гарааш байхгүй, гараашийн хаалгаар нэвтрүүлдэггүй, зөвхөн айлуудад л хамаатай, гараашийн харуул хамгаалалт, урсгал засвар үйлчилгээ, тог цахилгаан, халаалт цэвэрлэгээний төлбөрөөс хасаж бичих ёстой. Захирал Б.Баянмөнхийн үүрэг гүйцэтгэх хугацаанд хулгай орсон, бидэнд хамаагүй гэдэг тул ийм харуул хамгаалалт шаардлагагүй. Хувийн эзэмшлийн гараашийн зардлаа нийт эзэмшигчдээр төлүүлж болохгүй. Гараашид бороо цасны ус гоождог, засвар хийх нэрийдлээр манай орцны эвдрэл гэмтэлгүй довжоог эвдлэн мэдэгдэл өгөлгүй нурааж, ахин шинээр хийх төлбөрийг нэхэмжилсэн нь зүйд нийцэхгүй. Тухайн байранд иргэдийн эзэмшиж байгаа талбайг м2-ээр бодон зохих үнэлгээ тарифаар нь нийт оршин суугчдаас тооцож авч байх нь шударга ёсонд нийцнэ гэжээ.

 

 Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс өгсөн СӨХ-ийн төлбөрийг нэмэгдүүлсэн 2018 оны 4 сарын 08-ны өдрийн бүх гишүүдийн хурлын 1801 тоот тогтоолд ТУЗ-ийн дарга Ану гэж хүн гарын үсэг зураагүй гэж өмнөх шүүх хуралдаанд хэлсэн тул хурал хүчинтэй эсэх нь эргэлзээтэй, бүх гишүүдийн хурлын ирцийн бүртгэл нь 50 хувьд хүрээгүй буюу 33 хувь гарын үсэг зурсан байна. 33 хувьд 16 айл гарын үсэг, дахин 4 айлаас зурсан гарын үсэг дээр Баянмөнхийн гарын үсэг байна. Баянмөнх оршин суугч биш СӨХ дарга байхад 4 айлыг төлөөлөн гарын үсэг зурсан тул төлбөрийг үндэслэлтэй нэмээд байгаа нь эргэлзээтэй, хэсэг хүний ашиг сонирхол явагдаад байгаа мэт харагдаж байна. Т энэ байранд амьдардаггүй, урлангийн зориулалтаар ашигладаг. 173 айлын 73 машины дулаан зогсоолыг 1 ч айлаас ашигладаггүй байхад СӨХ-ийн мөнгө болон машины зогсоолын тоо нэмэгдээд байдаг гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

М” нь Ш.Тод холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардалд 550,600 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 30,000 төгрөгийн удирдлагыг /чип/ буцаан өгсөн үндэслэлээр, 132,000 төгрөгийг төлсөн үндэслэлээр шаардлагаа 388,600 төгрөг гаргуулахаар багасгажээ.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ бүх гишүүдийн хурлаар айлаас 1 сард авах төлбөрийн 137,150 төгрөгөөр тогтоосон ч хариуцагч 33,000 төгрөгөөр 4 сарын төлбөрийг төлсөн, манайх гараашийн төлбөр 7,000 төгрөгийг хасч, 130,150 төгрөгөөр 4 сарын хугацааны /520,600-33,000х4/ зөрүү 388,600 төгрөгийг нэхэмжилсэн гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь төлбөр нэмсэн бүх гишүүдийн хурлын тогтоолд ТУЗ-ийн дарга гарын үсэг зураагүй, СӨХ-ы дарга итгэмжлэл олгоогүй байхад зурсан, хурлын ирц 50 хувьд хүрээгүй, Баянмөнх оршин суугч биш байж 4 айлыг төлөөлж гарын үсэг зурсан  тул хурал хүчинтэй эсэх нь эргэлзээтэй, төлбөрийг үндэслэлгүй нэмсэн, шүүхийн шийдвэрээр сар бүр 33,000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн тул 4 сарын хугацааны төлбөрт 132,000 төгрөг төлсөн, энэ байранд амьдардаггүй, урлангийн зориулалтаар ашигладаг, одоо төлөх төлбөргүй гэж маргалаа.

 

Сууц өмчлөгч нь заавал тухайн сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байх ёстой бөгөөд тус холбооны гишүүн нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг Сууц өмчлөгчдийн холбоонд төлнө” гэж заасан байна.

 

Ш.Т нь Хан-Уул дүүрэг, 15 хороо, Махатма Гандигийн гудамж, М хотхон, 25 байр, 23 тоот 44.74 м2 талбай бүхий орон сууцыг өмчилдөг боловч соёл урлаг, олон нийтийн зориулалтаар ашигладаг болох нь Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байх тул хариуцагч нь төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч нь зардлыг шаардах эрхтэй байна.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн  зориулалттай орон  сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.2-т сууц, сууцны бус зориулалттай хэсэгт хууль тогтоомжид нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа бол дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдөөр нь бусад сууц өмчлөгчдөөс илүү өндөр хэмжээгээр төлүүлж болох бөгөөд ийнхүү төлөх хэмжээг бүх гишүүдийн хурлаар тогтоохоор заажээ.

 

Хариуцагч нь үл хөдлөх хөрөнгийг урлангийн зориулалтаар ашиглаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч байгууллага нь бүх гишүүдийн хурлыг зарлаж, тухайн асуудлыг хэлэлцэж, төлөх хэмжээг тогтоосон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотлох, нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болгосон дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, ашиглалтын зардлыг нэмэгдүүлсэн бүх гишүүдийн хурлын тогтоолд тухайн хурлыг даргалсан ТУЗ-ийн дарга гарын үсэг зураагүй, СӨХ-ы захирал Б.Баянмөнх нь түүний зөвшөөрснөөр зурсан гэж тайлбарлаж байх боловч тэрээр өөрийн гарын үсгийг олгогдсон итгэмжлэлийн дагуу зураагүй, харин Ану гэж бичсэн, хурлын ирц 50 хувьд хүрээгүй, СӨХ-ы захирал Б.Баянмөнх 4 айлыг төлөөлөх эрхгүй атлаа гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдож байна.

 

Иймд сар бүр 137,150 төгрөг төлөхөөр тогтоосон бүх гишүүдийн хурлын хуульд нийцээгүй дээрхи тогтоолыг үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үзэхгүй тул хариуцагчаас уг тогтоолыг үндэслэн зардлыг гаргуулах үндэслэл болохгүй юм.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-д “Орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторхи дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны тоонд хуваана” гэж, 148 дугаар зүйлийн 148.2.3-т “дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр сууц өмчлөгч нь оролцох үүрэгтэй” гэжээ.

 

Нэхэмжлэгч нь өмнө нь бүх гишүүдийн хурлын тогтоолоор айл бүрээс сард 65,000 төгрөг авхаар шийдвэрлэсэн гэж тайлбарлах ч хэрэгт уг баримтыг гаргаж өгөөгүй, хариуцагч нь сар бүр 1 айлаас төлөх төлбөрийн хувьд маргаж байх тул хариуцагчийн тодорхойлсон болон хуулийн хүчин төгөлдөр болсон тус шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1951 дугаар шүүхийн шийдвэрийг үндэслэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагчийн сар бүр засвар үйлчилгээний 1 м2 200 төгрөг, лифтийн үйлчилгээний 5000 төгрөг, цэвэрлэгээний 5000 төгрөг, ажилчдын цалин 5000-10000 төгрөг буюу сарын хураамж 94 м2 талбайд 18,800 төгрөг, цэвэрлэгээ 5000 төгрөг, ажилчдын цалин 10,000 төгрөг, нийт 33,000 төгрөгийг төлөхөөр тооцоход 2018 оны 8 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарыг дуусталх /нийт 4 сар/ хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон /33,000х4/ зардалд 132,000 төгрөг төлснийг үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэхээр байна.

 

Иймд хариуцагчаас 2018 оны 8 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 388,600 төгрөг гаргуулах тухай “М” СӨХ-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 15,188 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 15.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн  зориулалттай орон  сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар Тоос /РД: / нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт үйлчилгээний зардалд 388,600 /гурван зуун наян найман мянга зургаан зуу/ төгрөг гаргуулахыг хүссэн “М” Сууц өмчлөгчдийн холбооны /РД: / нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 15,188 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ