Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2018/0592

 

О.А-ийн нэхэмжлэлтэй захиргааны

хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д нарыг оролцуулан, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдийн гомдлын дагуу О.А-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.9. 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/23 дугаар “Сахилгын шийтгэл оногдуулах тухай”, Б/24 дүгээр “Албан тушаалд томилох...тухай” захирамжуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

            Гуравдагч этгээд шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Иргэн Ж.Б миний бие боловсролын салбарт багшаас эхлэн нийгмийн ажилтан, сургуулийн захирал хүртэл бүх шат дамжлагыг дамжин 26 жил тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд 2016 онд Төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан ажлын байранд болзол шаардлага шалгуурыг ханган 2 хүн шалгалтанд орж өрсөлдсөнөөс, шалгалтыг хангалттай сайн өгч төрийн албан хаагчийн тангараг өргөн Засаг даргын албан ёсны шийдвэрээр энэхүү албанд томилогдон төрийн ажлыг нэр төртэй хашиж ирсэн. Нэхэмжлэгч О.А нь Шүүхийн гүйцэтгэх албаныхантай ирэхдээ шийдвэр гүйцэтгэх үүрэг хүлээсэн ажилтнуудын өмнүүр ажилд нь шууд өөрийн биеэр оролцож, төрийн байгууллагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг 2 өдөр алдагдуулж, төрийн албан хаагчийг хэл амаар доромжлон биед нь халдах зэргээр төрийн албан хаагч удирдах албан тушаалтанд байх ёсгүй харьцаа, ёс зүйн алдаа зөрчлийг удаа дараа гаргаж байсан. Иргэн миний хувьд аймгийн Засаг даргын Б/24 тоот захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн хүсэлт, захиргааны анхан шатны шүүхийн шийдвэрийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие төрийн албанд олон жил тогтвор суурьшилтай ажиллаж төрийн албаны босго шаардлага шалгуурыг зохих хууль, дүрэм журмын дагуу хангаж төрийн албан хаагчийн тангараг өргөсөн энэхүү албыг өнөөдрийг хүртэл хэвийн хэмжээнд нэр төртэй хашиж авч явна. Нэхэмжлэгч өөрт холбоотой Б/23 тоот захирамжийн хүрээнд гомдол саналаа гаргах нь тухайн хүний эрх боловч давхар Б/24 тоот захирамжийг хүчингүй болгуулах гомдол санал нь зохих журмаар төрийн албаны шаардлага шалгуурыг ханган тэнцэж, төрийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хангаж ажиллаж буй иргэн миний хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг хөндөж, шууд хааж боосон, бусдын нэр төр, эрх чөлөөнд халдсан гомдол хүсэлт гэж үзэж буй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч сонгон шалгаруулалтгүй шууд томилсон гэх мэт үндэсгүй олон зүйлийг дурдаж өөрийн гэм бурууг үгүйсгэсэн тайлбар мэдээллийг хийж байгаа нь үнэнд нийцэхгүй учир хууль журмын дагуу гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

          Нэхэмжлэгч О.А нь Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан “Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/23, мөн өдрийн “Албан тушаалд томилох, цалингийн хэмжээ тогтоох тухай” Б/24 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзнэ. 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч О.А нь Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дүгээр захирамжаар Орхон аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын албан тушаалаас халагдсан байх ба Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 363 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 332 дугаар тогтоолоор урьд эрхэлж байсан албан тушаалдаа эгүүлэн тогтоогдсон, улмаар хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/21 дүгээр захирамжаар нэхэмжлэгч О.А-ийг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын албан тушаалд томилсон үйл баримтууд тогтоогджээ.

Гэвч нэхэмжлэгчийг албан тушаалаа хүлээж аваагүй байхад Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/23 дугаар захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6/а/, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсгийг тус тус үндэслэн “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагдах эрхийг зөрчсөн талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.

Хэдийгээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилсон хэдий ч ажлыг нь  хүлээлцүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэх, ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл бололцоогоор хангаагүй атлаа Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т заасан “ажил хаялт болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцохыг хориглосон үйл ажиллагаа явуулсан” гэх үндэслэлээр ажлаас халсан нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэж заасныг зөрчсөн зөрчил болно.

          Түүнчлэн, хариуцагч Орхон аймгийн Засаг дарга нь  Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ...”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй...” гэж заасныг зөрчин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн мэт дүр эсгэж, нэхэмжлэгч О.А-ийг үндэслэлгүйгээр, удаа дараа ажлаас чөлөөлж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хориглосон үйлдэлд хамаардаг бөгөөд Захиргааны ерөнхий хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэл болохыг дурьдах нь зүйтэй.

          Ийнхүү О.А-ийг ажлаа хүлээж аваагүй байхад түүнийг Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/23 дугаар захирамжаар ажлаас халсан нь хууль бус тул тухайн өдөр гуравдагч этгээд Ж.Б-г аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын албан тушаалд томилсон Орхон аймгийн Засаг даргын “Албан тушаалд томилох, цалингийн хэмжээ тогтоох тухай” Б/24 дүгээр захирамж мөн адил хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар шүүх зөв дүгнэлт хийжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                   Г.БИЛГҮҮН

                ШҮҮГЧ                                                                   О.НОМУУЛИН