Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

             Нэхэмжлэгч: О.А-ийн нэхэмжлэлтэй

             Хариуцагч: ОАЗД-д холбогдох

“ОАЗД-ын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Б/23 “Сахилгын шийтгэл ногдуулах тухай”, Б/24 дугаар “Албан тушаалд томилох...тухай” захирамжуудыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, гуравдагч этгээд Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч О.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О.А намайг Захиргааны хэргийн гурван шатны шүүхээс ...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан ... ОАЗД-ын 2016.10.06-ны өдрийн Б/44 дугаартай захирамжийг хүчингүй болгож..., Орхон аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан 2016.10.06-ны өдрөөс 2017.03.15-ны өдөр хүртэлх хугацааны цалингийн зөрүү 1.908.263 төгрөгийн хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Гурван шатны шүүхийн шийдвэр биелэгдээгүй учир шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж 2017 оны 11-р сарын 27-ны өдрийн 297 тоот захирамж гарч албадан гүйцэтгэх ажиллагаа хийхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 54-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Гантулгатай 2017 оны 11-р сарын 30-ны өдөр гэрээ байгуулсан.

Ингээд 2018 оны 05-р сарын 14-ний өдөр ОАЗД-ын Б/21 тоот захирамж гарсан боловч ажил хүлээлцэх комисс тодорхой шалтгаангүйгээр ажил хүлээлцэхгүй байж байгаад шийдвэр гүйцэтгэгч Б.Гантулга 2018 оны 05 сарын 18-ны өдрийн 14 цагт ажил хүлээлцэнэ гэж хэлээд яваад очтол аймгийн Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Ганзориг Засаг даргын 2018 оны 05-р сарын 14-ний өдрийн Б/21 тоот О.А-ийг ажилд томилсон, 2018 оны 05-р сарын 15-ны өдрийн Б/22 тоот Ж.Б-г ажлаас халсан, 2018 оны 05-р сарын 18-ны өдрийн Б/23 тоот О.А-ийг ажлаас халсан, 2018 оны 05-р сарын 18-ны өдрийн Б/24 тоот Ж.Б-г ажилд /сонгон шалгаруулалтгүйгээр/ томилсон захирамжийг нэг дор уншиж танилцуулаад ажил хүлээлцсэн гэж тэмдэглэл хөтлөж Орхон аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын үүрэгт ажлаас /нэг цаг, нэг минут ч ажлаа хийгээгүй байхад/ чөлөөлсөн бөгөөд ажил хүлээлцэх ажлыг ШШГГазар албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байхад, аймгийн Хууль, эрх зүйн хэлтсээс санаатай таслан хууль бус үйл ажиллагаа явууллаа. Энэ нь хууль шүүхийн байгууллагыг үл хүндэтгэсэн, эрх мэдэлтнүүд дураараа авирласан, Засаг дарга хуулийг бүх шатандаа хэрэгжүүл гэдэг мөртлөө өөрөө шүүхийн шийдвэр, хуулийг үл дээдэлсэн бүдүүлэг алхам болсон. Миний төрийн албан хаагчийн Төрийн албаны тухай хуулиар хамгаалагдсан эрхүүд дахин дахин зөрчигдөж байгаа.

2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Засаг даргын ажилд томилсон шийдвэр гарсан. Энийг шийдвэр гүйцэтгэлийн газраас надад мэдэгдсэн. Тэгээд 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ажил хүлээлцэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэнтэй хамт очсон. Гэвч А.Бумансор дарга ажил дээрээ байгаагүй. Би өөрөө дураараа байгууллага хэсээд хэрүүл маргаан үүсгээд явж байгаа зүйл огтхон ч байхгүй. Дандаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүмүүс хамт явж байсан. Байхгүй байгаа тохиолдол болгонд мэдэгдэх хуудсууд өгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн тэмдэглэл хөтлөөд явж байсан. 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр бас А.Бумансор дарга ямар нэгэн шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн асуухаар гадуур ажилтай гэж байсан. 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн үдээс хойш Боловсрол, соёл урлагийн газар очсон. Мөн ажилтай, төрөлтэй гээд Ж.Б дарга байхгүй байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн надтай хамт ирээд зөндөө хүлээж байгаад явсан. Тэгээд та энийгээ танилцуулчихаад яваарай, бид нар арга буюу хүлээж байгаад явлаа гэж тэмдэглэл хөтлөөд намайг үлдээгээр явсан. Би Ж.Б даргад ийм юм болсон гээд хүлээж байгаад өгсөн. Дараа нь байгууллагын хүмүүсийг цуглуулаад хэлсэн. Ер нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ийм, ийм зүйл болдог юм байна, энэ бол хоёр даргын үйл ажиллагаа учраас та нар айж ичиж цочирдох юм байхгүй, зүгээр өөрсдийнхөө ажлыг хийгээд яваарай гэсэн сэтгэл зүйн бэлтгэлийг өмнө нь өгсөн учраас ерөнхийдөө тэнд байсан хүмүүст л хэлж яриад явсан. Маргааш өдөр нь 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүмүүс нь ирээд Ж.Б-д албадан гүйцэтгэх ажиллагаа хийсэн. Ж.Б дарга өөрөө өрөөндөө орж ирээд тамгаа сейфэлж түгжээд, өөрөө өрөөндөө байсан хүн цаашаа коридороор гараад зугтах хүртлээ явсан. Ж.Б миний хажуугаар дайрахад нь би Ж.Б-д чи хууль зөрчиж байна, чи өөрөө хариуцлагад орно шүү дээ гэж хэлсэн болохоос Ж.Б-гийн саяны хэлсэн шиг орилж бүдүүлэг ааш авир гаргасан зүйл ерөөсөө байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааныхан Ж.Б-г коридорт хориглож зогсоож байгаад маш олон зүйлийг тайлбарлаж хэлж ярьж байгаад буцаагаад өрөөнд нь оруулаад тайлбарлаад 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 14 цагаас ажлаа хүлээлгэж өгнө гэдэг шийдвэр дээр тохиролцсон. Би нэгэнт та нар эхлүүлсэн үйл ажиллагаагаа дуусга гэсэн чинь бид Ж.Б даргын хувьд хүндэтгэлтэй хандаж байна, энэ хүмүүс нэгэнт төрийн хүн учраас худлаа ярихгүй байлгүй, маргааш өөрөө ажлаа хүлээлгэж өгье гэж хэлсэн гэсэн. Ингээд 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ажлаа хүлээлгэж өгөх юм байна гэж бодоод хүрээд иртэл эсрэгээрээ эргэсэн. Ажил хүлээлцэх гэж байгаа комиссын дарга А.Бумансор нь ирээгүй. Харин ажлаас халж байгаа ажлын хэсгийн дарга болох Хуулийн хэлтсийн дарга Б.Ганзориг нь тэнд нэлээн бүдүүлэг загнасан. Тэгээд 14 цагт шууд халсан тушаал уншаад, томилсон тушаал уншаад намайг маш хүнд байдалд оруулсан. Ажлаа хүлээж аваад 1 минут ч болоогүй байхад халсан тушаал уншаад намайг гаргасан. Иймд ОАЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/23, Б/24 тоот захирамжуудыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Б/21 дугаартай захирамжаар 3 шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж, О.А-ийг буцааж ажилд томилсон Засаг даргын захирамж гарсан. Энэ Засаг даргын захирамж хэдийгээр гарсан боловч үүний хэрэгжилт буюу ажил хүлээлцэх ажиллагаа нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр болсон. Ажил хүлээлцэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн, О.А нар очсон, Ж.Б дарга ажил дээрээ байсан. Засаг даргын зүгээс Хууль зүйн хэлтсийн дарга Б.Ганзориг гэж хүн очсон байдаг. Б/21 дугаартай захирамжийн дагуу А.Бумансор гэдэг дарга ажлыг Ж.Б-гаас О.А-д хүлээлгэн өгөх ёстой байсан. Энэ ажиллагаа байхгүйгээр 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/23 гэдэг захирамжийн дагуу ажлаас нь халсан ажлыг хүлээлцэх ёстой комиссын дарга Б.Ганзориг дарга очоод, үйл ажиллагаа хийсэн баримт байдаг. Ингэхдээ захирамжуудыг уншиж танилцуулаад шийдвэр гүйцэтгэл ажлыг хийлээ, бид нар дараагийнхаа ажлыг гэсэн байдлаар хандсан нь хавтаст хэргийн 94-95 дугаар хуудсанд байгаа ажил хүлээлцэх хурлын тэмдэглэл гэсэн баримтаас харагдаж байгаа. Засаг дарга хууль ёсны дагуу захирамжаа гаргасан юм байна, Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх ажил хүлээлцэх комисс нь мэдээж захирамжаа уншиж танилцуулаад, ядахдаа тамга тэмдгийг нь нэгнээс нь нөгөөд нь бариулах ёстой. Ийм ч ажиллагаа явуулаагүйгээр шууд ажлаас нь чөлөөлж байгаа. Гэтэл Б/21 дүгээр захирамжаар О.А-ийг ажилд нь томилчихлоо, тэгвэл одоо Б/23 дугаар захирамжаар ажлаас нь чөлөөллөө, Б/24 дүгээр захирамжаар Ж.Б-г буцааж тавилаа гээд үлгэр уншиж байгаа юм шиг дуржигнаад өнгөрчихсөн. Ийм үйл ажиллагаа явсан. Д.Б даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/23 дугаартай захирамж дээр сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлээ заахдаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг үндэслээд О.А-ийг ажлаас чөлөөлж байна. Ингэж чөлөөлөхдөө төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орохгүйгээр сахилгын шийтгэл оногдууллаа гэж байгаа. Энэ захирамж дээр яагаад О.А-д сахилгын шийтгэл оногдуулсан, эрх зүйн факт ерөөсөө байхгүй. Хариуцагч Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэсэн тайлбар гаргадаг. Энэ тайлбарыг нь шүүхээс албан бичиг явуулж, 15 дугаар зүйлийг зөрчсөн гэж байгаа юм бол ямар зөрчил гаргасан юм бэ, үүнтэй холбоотой баримтаа шүүхэд ирүүл гэхэд ерөөсөө байхгүй байсан. Өнөөдөр би хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргаж байгаа тайлбараас энэ зүйлийг сонсож байна. Нэг дэх зөрчил нь 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Боловсрол, соёл урлагийн газар О.А өөрөө очоод, санаачилгаараа тэр хүмүүсийг цуглуулаад Боловсрол, соёл урлагийн газрын дарга хийж байгаа Ж.Б-гийн эрх чөлөөнд нь халдаад ёс зүйгүй байсан гэж байна. Хоёр дахь зөрчил нь А.Бумансор гэдэг хүнийг машиныг нь хүчээр онгойлгосон, ёс зүйгүй хандсан гэдэг зүйл өнөөдөр энэ шүүх хуралдаан дээр ярьж байна. Тэгэхээр энэ хоёр сахилгын шийтгэл оногдуулах эрх зүйн факт дээр нотлоод гаргаад ирсэн баримт байхгүй. Ж.Б дарга саяны өөрийнхөө хэлээд байгаа тайлбартай холбогдуулаад цагдаад өргөдөл өгсөн байдаг. Энэ өргөдөлд ямар нэгэн эрүүгийн хэрэг үүсгээгүй. Мөн зөрчлийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Энэ баримтаас харахад О.А нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэнтэй хамт яваад ажиллагаа хийсэн, үнэхээр Ж.Б гуравдагч этгээдийн хэлээд байгаагаар ёс зүйгүй хандсан үйл ажиллагаа хэргийн материал дотроос харагддаггүй. Засаг даргын Б/23, Б/24 дүгээр захирамжуудыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байна. О.А нь 2012-2016 онд Боловсрол, соёл урлагийн газрын даргын ажил хийж байгаад 2016 онд зохион байгуулалтын өөрчлөлтөөр халагдсан. Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтаар энэ хүн тамгаа бариад Боловсрол, соёл урлагийн газрын дарга гэдэг албан тушаал дээр оччихсон үеэс энэ хүнийг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзнэ. Тэрнээс биш урьд нь хийж байсан юм байна, тийм учраас та төрийн жинхэнэ албан хаагч, тиймээс та өөр ямар нэгэн үйл ажиллагаа хийж байхад таны буруу гэж хэлэх юм байхгүй. Ажил хүлээлцэх комисс гэж зөвхөн захирамж уншдаггүй юм. Захирамжийг уншсан бол хэрэгжүүлэх дараагийн ажиллагаа нь хоорондоо тамгаа солих ёстой. Тамгаа аваад ажлаа хийгээгүй байхад энэ хүнийг төрийн жинхэнэ албан хаагч байж гээд сахилгын шийтгэл оногдуулж болохгүй. Сахилгын шийтгэл оногдуулах гэж байгаа саяны хариуцагчийн хэлээд байгаа 2 тайлбараар сахилгын зөрчил гаргажээ гэдгийг нотлох баримт хэрэг дотор байхгүй. Тийм учраас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т зааснаар О.А-ийг ажилд нь буцаагаад томилох хууль зүйн үндэслэл байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т заасан тохиолдлоос бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх баталгаа нь О.А-д өөрт нь байгаа. Тийм учраас энэ хүн төрийн жинхэнэ албан хаагч нь гурван шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдчихсон. Дээр нь энэ хүнд ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад ажлаас чөлөөлсөн нь дахиад хууль зүйн үндэслэлгүй байна. Тийм учраас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасны дагуу Засаг даргын Б/23, Б/24 дүгээр захирамжуудыг хүчингүй болгох үндэслэлтэй байна” гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О.А-ийн гаргасан нэхэмжлэлд хариуцагчийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна. Засаг даргын гаргасан маргаан бүхий акт нь нэхэмжлэлд дурдсанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болно. Нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн арга хэмжээг төлөвлөж, зохион байгуулж, Төрийн албаны тухай хуулийн 15-д заасныг зөрчсөн. Энэ нь төрийн албан хаагчийн хувьд гаргаж боломгүй, хориглох зүйлд заасан үйлдлийг гаргасан байдаг. О.А шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хүмүүстэй Нийгмийн бодлогын хэлтсийн даргатай уулзахаар ирсэн боловч А.Бумансор дарга байхгүй байсан. Тэгээд замд машиныг саатуулж, машиныг нь хүчээр онгойлгосон байдаг. Ийм зөрчил гаргачихсан байж байгаад сүүлд нь Боловсрол, соёл урлагийн газар дээр болсон үйлдлийг гаргасан. Боловсрол, соёл урлагийн газрын нийт албан хаагчдыг хурлын танхимд цуглуулаад өнөөдрөөс эхлээд би дарга болж байна гэж төрийн жинхэнэ алба хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын хувьд байж боломгүй үйлдлүүдийг гаргасан байдаг. Эдгээр нөхцөл байдлуудыг нь үндэслээд ОАЗД-аас Төрийн албаны тухай хуулийн 15.1-т заасныг зөрчсөн учраас энэ хүнд хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзээд Б/23 дугаар Сахилгын шийтгэл оногдуулах тухай захирамжийг гаргасан байдаг. Б/24 дүгээр захирамжийн тухайд гуравдагч этгээд буюу Ж.Б-г албан тушаалд томилсон захиргааны акт гарсан. Энэ нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг ямар нэг хэлбэрээр зөрчсөн акт биш. Зөвхөн гуравдагч этгээд Ж.Б-гийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой, Ж.Б-г ажилд томилсон тушаал байгаа учраас Б/24 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах асуудлыг хэрэгсэхгүй болгож өгөөч. Мөн Б/23 дугаар захирамж нь түрүүн хэлсэнчлэн төрийн жинхэнэ алба хаагчийн хувьд төрийн жинхэнэ алба хаагчийн хориглох зүйлд заасан заалтыг зөрчсөн учраас сахилгын шийтгэл оногдуулсан юм. Тухайн үед нь акт гарсны дараа цагдаагийн байгууллага, холбогдох хууль хяналтын байгууллагад уг үйлдлийг шалгуулахаар хандсан байдаг. Үүний дагуу холбогдох дүгнэлтийг гаргаад эрүүгийн хэрэг, захиргааны зөрчил биш байна гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргасан үйлдэл нь захиргааны зөрчил биш боловч Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл оногдуулах ёстой зөрчлийг гаргасан учраас Б/23 дугаар захирамж гарсан юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Ж.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.Б миний бие нь боловсролын салбарт тасралтгүй 26 жил ажиллаж байгаа бөгөөд үүнээс 10 жилийг нь сургуулийн захирлаар 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар ажиллаж байна. Төрийн албаны шалгуур журмын дагуу албан ёсны сонгон шалгаруулалтад 2 хүн энэхүү ажлын байранд өрсөлдөж, миний бие тэнцэж, аймгийн Засаг даргын албан ёсны шийдвэрээр Боловсрол, соёл, урлагийн газрын даргын үүрэгт ажилд томилогдон өнөөдрийг хүртэл ажил үүргээ хууль дүрмийн дагуу нэр төртэй хашиж байна. Иргэн О.А-ийн аймгийн Засаг даргын Б/23, Б/24 дугаар захирамжуудыг бүхэлд нь хүчингүй болгуулах хүсэлтийн гуравдагч этгээд болох надтай холбоотой Б/24 дугаар захирамжийг хүчингүй болгуулах хүсэлтийг хууль бус хүсэлт гэж үзэж байна. Учир нь миний бие төрийн албаны босго шалгуурыг давж сонгон шалгаруулалтад орж өрсөлдөж тэнцэн аймгийн Засаг даргын албан ёсны захирамж, шийдвэрээр ажил үүргээ хэвийн сайн гүйцэтгэж байгаа болно.

Энэ хүн нь 2 жил шахуу завсарлачихаад өөрийгөө ажлын байрны шаардлага хангаж байгаа, сонгон шалгаруулалтгүй орох эрхтэй гэж үзэж байгаа бол би нэг өдөр ч төрийн албыг завсардуулаагүй явж байгаа мөртлөө томилогдоход энэ хүн сонгон шалгаруулалтгүй орсон гэж надтай маргах эрх байхгүй байх. Хоёрдугаарт Төрийн албаны хуулиар хамгаалагдсан удирдах ажил хийж байгаа хүн ёс зүйтэй байх ёстой байх. Энэ нэг жилээр чөлөөлөгдсөн захирамжийг үндэстэй гэж үзэж байгаа. Албадан гүйцэтгүүлэхээр урд өдөр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн 3 хүнтэй хамт ирсэн. Төр нэгэнт ажил үүргээ гүйцэтгэх гээд ирсэн байхад тэр хүмүүсээс өмнө миний биед халдсан, өрөө тасалгаанд орилсон, хашгирсан, коридорт манай хамт олныг үймүүлсэн. Дээр нь хамт олныг цуглуулж би ажлаа авах гэж байгаа гэж миний нэр хүндэд халдсан, шууд сөргөөр сурталчлах хурал хүртэл зохион байгуулсан. Миний биед халдсан, түлхсэн, зулгаасан. Тэрийг нь хэлэхээр би чиний хувцас хунарыг урсан уу, хөхрүүлж гэмтээсэн үү гэсэн зүйлийг шүүх, цагдаа яриад байгаа. Шүүхийн шийдвэрийнхэн бичлэг хүртэл хийж байсан. Удирдах хүнийхээ хувьд төр ажил үүргээ гүйцэтгэж байгаагаараа гүйцэтгэнэ биз, сайхан налайж суугаад төрөөр үйлчилгээгээ үзүүлчихгүй өөрөө ийм байдлаар ёс зүйгүй зүйл үзүүлж харуулаад хүний биед хүртэл халдаж, төрийн албан хаагчийн нэр хүндэд халдсан үйлдэл гаргасан учраас би Засаг даргын шийдвэрийг ийм байдал гаргасан гэдэг өнцгөөс нь үндэстэй гэж үзэж байгаа” гэв.

            Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч О.А нь ОАЗД-д холбогдуулан “ОАЗД-ын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Б/23 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай”, Б/24 дугаар “Албан тушаалд томилох...тухай” захирамжуудыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

“О.А нь Орхон аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын албан тушаалд ажиллаж байгаад ОАЗД-ын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дугаар захирамжаар төрийн жинхэнэ албанаас халагдсан байх бөгөөд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0363 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 332 дугаар тогтоолоор ОАЗД-ын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дугаар захирамжийг хүчингүй болгож, О.А-ийг Орхон аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Хариуцагч ОАЗД-аас дээрх шүүхийн шийдвэрүүдийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг албадан биелүүлэх ажиллагаа явагдаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ОАЗД-ын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б/21 дугаар “Албан тушаалд томилох, цалингийн хэмжээ тогтоох тухай” захирамжаар О.А-ийг Орхон аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын албан тушаалд томилсон шийдвэр гаргасан.

Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ОАЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/21 дугаартай захирамжийн дагуу О.А-ийн ажлыг хүлээлцэх ажиллагааг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 17 минутад эхлүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Ц.Бямбасүрэн О.А-ийг Орхон аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын албан тушаалд томилсон ОАЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/21 дугаар захирамжийг танилцуулсны дараа ОАЗД-ын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Б/23 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжаар томилогдсон ажил хүлээлцүүлэх комиссын дарга Б.Ганзориг О.А-ийг ОАЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/23 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлж байгааг танилцуулж, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 дугаар захирамжийг танилцуулан Ж.Б-г Орхон аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын албан тушаалд томилон ажиллуулсан тухай мэдэгдсэн нөхцөл байдлууд хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Дээрх байдлаас дүгнэхэд О.А-ийг шүүхийн шийдвэрийн дагуу ОАЗД-ын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б/21 дугаар захирамжаар өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь томилсон шийдвэр гаргасан боловч тухайн албан тушаал, ажлын байрыг түүнд хүлээлгэн өгөөгүй, ажил үүргийг гүйцэтгүүлээгүй атлаа 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/23 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг бодитойгоор биелүүлээгүй гэж үзэхээр байна. Тодруулбал, О.А-ийг Орхон аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр нь түүнийг ажилд нь буцаан томилсон Засаг даргын захирамж гаргаж, танилцуулснаар хэрэгжих бус түүний албан тушаал, ажлын байрыг хүлээлгэн өгч, албаны чиг үүргээ хэрэгжүүлэх эрхтэй болсноор шүүхийн шийдвэр хэрэгжсэн гэж үзнэ.

ОАЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/23 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжаар О.А-ийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл ногдуулсан үндэслэлээ хариуцагч талаас төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн арга хэмжээг төлөвлөж, зохион байгуулсан гэж үзэж, Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь:

Нэгдүгээрт: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэг /Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмыг Засгийн газар тогтооно/, Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-д зааснаар захиргааны байгууллагаас сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлээ шалгаж тогтоогоогүй, хоёдугаарт: О.А-д Орхон аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын ажил, албан тушаалыг хүлээлгэж өгөөгүй, албаны чиг үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй байхад сахилгын зөрчил гаргасан гэж үзэж, шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй болно.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан хаагч нь төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх баталгаагаар хангагдах тул О.А нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3-т заасны дагуу төрийн жинхэнэ албанаас халагдах үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд ОАЗД-аас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчсөн үйлдэл гаргаж, О.А-д өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын байрыг хүлээлгэн өгөөгүй атлаа түүнийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийдвэр гаргаж, Ж.Б-г төрийн албанд томилсон нь хууль бус бөгөөд дээрх шийдвэрүүдийн улмаас О.А-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөж байх тул ОАЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/23 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай”, Б/24 дугаар “Албан тушаалд томилох...тухай” захирамжуудийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 106.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.9, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ОАЗДын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/23 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай”, Б/24 дугаар “Албан тушаалд томилох...тухай” захирамжуудыг тус тус хүчингүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч О.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ОАЗД-аас 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          П.УУГАНЦЭЦЭГ