Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 450

 

                                                             Л.Нт холбогдох                                                               

эрүүгийн хэргийн тухай   

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Л.Н, түүний өмгөөлөгч Т.Багахүү, Ш.Алтангадас, хохирогч М.А, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 501 дүгээр магадлалтай, Л.Нт холбогдох 1805000080315 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү, Ш.Алтангадас, хохирогч М.А, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1979 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Мэргэн овогт Л.Н нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Л.Ныг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Наас 884.482.000 төгрөг гаргуулж, хохирогч М.Ад олгуулах, 83-99 УНӨ улсын дугаартай Тоёота Ландкруизор-200 загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, өмчлөгч Гложекс ХХК-д буцаан олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Нт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадас гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 501 дугаар магадлал тус бүрийг эс зөвшөөрөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дугаар зүйлд заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь шүүгдэгч Л.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн, шүүгчдэгчийн өмгөөлөгчдийн зүгээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан ч давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Нт холбогдох 1805000080315 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байдаг.

Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд: Магадлалын тодорхойлох хэсэгт “...шүүгдэгчийг бусдыг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо гэм буруутай гэж тооцох болсон хууль зүйн үндэслэл, хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдлын талаар бүрэн гүйцэт дүгнэж тодорхойлж чадаагүй” гэж дүгнэсэн байна. Энэхүү дүгнэлтийн агуулгыг тайлбарлахдаа “...шүүгдэгч Л.Нын хохирогч М.Аын “Эрдэнэлинк” ХХК-ийн эзэмшлийн Хэнтий аймгийн Цэнхэнмандал сумын нутаг дэвсгэрт байрлах 011928А, 011730А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй лицензүүдийг 1.200.000.000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн, нэмэлт хэлцэл хийх замаар төлбөр төлөх хугацааг хойшлуулж, уг лицензийг Хас банкнаас авсан зээлийн барьцаанд тавьсан, мөн зээлийг төлж барагдуулсан, мөн өөр хуулийн этгээдэд Уурхай худалдах, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ, Зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг гэрээгээр халхавчлан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг худалдсан, төлбөрөө авсны дараа хохирогчид үнийг төлөхгүй өдийг хүрсэн зэрэг хэргийн бүх нөхцөл байдалд бүхэлд нь дүгнэлт хийх шаардлагатай байна.” хэмээн дүгнэсэн байна.

Хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухай гомдол тайлбарлахын тулд хэрэгт авагдсан нотлох баримтыг болон хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдийг дахин тодруулах шаардлагатай байгаа болно.

Гэрч ОХУ-ын иргэн В.Мын “2013 оны 11 сарын 1-ний өдөр ТУЗ-н гишүүн, компанийн Ерөнхий захирал Б.Мтай ...Уурхай худалдан авах, ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ байгуулсан”, мөн төлбөрийг бүрэн хэсэгчлэн төлж барагдуулсан гэсэн мэдүүлэг, хохирогч М.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “гэрээний төлбөрт төлөгдсөн төлбөрүүдийг заримдаа Б.М авч ирдэг байсан” гэх мэдүүлэг, Б.М болон “Эй Эйч Жи Металс Групп” ХХК-ийн хооронд байгуулагдсан Уурхай худалдах-худалдан авах, ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжүүлэх №05/13 тоот гэрээ /3хх-73/, тус гэрээний дагуу төлбөр хийсэн байдал /3хх-81/, гэрч А.Гийн  “Тухайн үед Л.Н нь Ад Баруун салаанд байдаг ажилчдын зуслан, баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж, 11 дүгээр хорооллын Саруул хотхонд 3 өрөө байр өгье гэж хүртэл хэлсэн чинь А зөвшөөрөөгүй, би уг нь байрыг үзэхэд хамт явж байсан юм” /хх-90/ гэх мэдүүлэг.

Дээрх болон хэрэгт цугларсан бүхий л баримтаар хэрэг учралыг дан ганц шүүгдэгч Л.Нын зүгээс үйлдсэн гэдэг нь тогтоогдохгүй байх ба “Гложекс” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Б.М мөн адил тэнцүү оролцоотой байсан, мөн хохирогч М.Ад гэрээний үлдэгдэл төлбөрийг барагдуулах санал гаргаж байсан ч зөвшөөрөөгүй болох нь тогтоогдож, уг болсон хэрэг учралыг анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх тухай заалтыг хэрэглээгүй нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй үндэслэл болж байна.

Үүнээс гадна, Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ", мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 болон 2-д зааснаар гэмт хэргийн шинжгүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруутай нь тогтоогдоогүй тул цагаатгах хууль зүйн бүрэн үндэслэлтэй болно.

Анхан шатны шүүх хэргийн бүх нөхцөл байдалд бүхэлд нь дүгнэлт өгч чадаагүй гэж үзэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангаагүй, дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй бөгөөд хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзвэл шүүгдэгч, хохирогч нарын хооронд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг компанийн хувьцааг худалдах, худалдан авах хэлцлийн хүрээнд харилцан тодорхой эрх, үүрэг хүлээн ажиллахаар тохиролцож, тухайн хэлцлийн хүрээнд талууд харилцан мэдээлэл солилцон ажиллаж байх явцдаа уг лиценз бүхий тапбай нь Усны тухай урт нэртэй хууль болон Засгийн газрын 194 дүгээр тогтоолын хязгаарлалтад орж, тухайн талбайд хэрэгжих төсөл хэрэгжээгүй, гүйцэтгэлийн үр дүн, удаашрал, үүссэн эрсдэлээс улбаалан, төлбөр төлөлт удааширсан, хэлцэлд оролцогч талууд гомдлын шаардлага гаргаж маргалдсан байх бөгөөд үүнийг бусдын эд хөрөнгийг гэрээгээр халхавч хийн залилан мэхэлж авсан гэж үзэх үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, дээрх хэлцлийн хүрээнд шүүгдэгч Л.Нын хийсэн үйлдлүүдийг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх субъектив санаа зорилгын хүрээнд үйлдсэн байж болзошгүй гэж удаан хугацааны турш холбогдох шалгалтуудыг хийсэн боловч мөрдөн байцаалтаар, шат шатны шүүхийн хэлэлцүүлгээр түүнийг гэм буруутай болохыг тогтоож чадаагүй байх бөгөөд энэ нь хохирогч болон шүүгдэгч нарын хооронд үүссэн харилцаа Иргэний хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэгдвэл зохих, гэрээний эрсдэлээс үүдсэн иргэний эрх зүйн маргааны шинжтэй болохыг харуулж байна. Энэ тухай гомдлыг ч давж заалдах шатны шүүхэд тайлбарласан ч шүүхээс тайлбар хийгээгүйд гомдолтой байна.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно. Тодруулбал, тэрхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай бөгөөд дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог.

Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоосон байхыг шаарддаг. Гэрээний үүргийн биелэлтээс шалтгаалсан эрсдэл, төлбөр тооцооны үлдэгдлийн маргаан одоог хүртэл Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэгдээгүй хүлээгдэж байна. Өөрөөр хэлбэл, 784 орчим сая төгрөгийн үлдэгдэлтэй байтал хохирогч М.Аас 1.3 тэрбумыг нэхэмжлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Дээрх байдлаар Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлэх бүрэн боломжтой буюу энэ хэрэг нь гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаан байхад шат шатны шүүх Л.Ныг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй.

Нөгөө талаар, давж заалдах шатны шүүх Л.Нт холбогдох эрүүгийн 1805000080315 дугаартай хэргийг тухайн шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь уг хэргийн буюу болсон үйл явдлын нэг тал болох Б.Мт ял завших боломж олгож буйд гомдолтой байна. Зүй нь давж заалдах шатны шүүхээс уг хэргийг прокурорт буцааж Б.Мөнхбаатартай холбоотой хэсгийг болон уг хэргээс тусгаарласан нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн хэргийг нэгтгэн дахин ажиллагаа хийлгүүлж хэргийг үнэн зөв, нэг мөр шийдвэрлэх боломж бүрэн байсан билээ.

Хэрэгт цугларсан баримтуудаар шүүгдэгч Л.Н болон Б.М нар хамтран М.Атай гэрээ байгуулж гэрээний харилцааг эхлүүлсэн ба тусгай зөвшөөрлүүд шилжсэний дараа Б.М нь Хас банкны зээлийг төлж барагдуулж, уг тусгай зөвшөөрлүүдийг өөр хуулийн этгээдэд зарж борлуулан төлбөрийг авсан байгаа нь бүрэн нотлогдож байхад дан ганц хохирогчийн хүсэл зоригт тулгуурлан дээрх бүхий л нотлох баримтуудыг ойшоолгүй шийдвэр гаргасан нь Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иймээс Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 55 дугаар шүүхийн шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 сарын 23-ны өдрийн 501 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Л.Ныг цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч Л.Нт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ дараах үндэслэлээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

1.Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

Анх 2016 оны 4 дүгээр сард хохирогч М.А нь Цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хяналтын прокурор С.Батгэрэл нь “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай 4641 тоот тогтоол гаргасан бөгөөд хохирогч нь хуульд заасан хугацаанд дээд шатны прокуроруудад гомдол гаргасан боловч 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Улсын Ерөнхий прокурорын газраас 4641 тоот тогтоолыг хэвээр үлдээсэн. Өөрөөр хэлбэл Л.Н, М.А нарын харилцаа нь Эрүүгийн хуульд заасан залилан мэхлэх гэмт хэргийн субъектив санаа зорилгогүй, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэх маргаан гэж шийдвэрлэсэн. Гэтэл бүтэн 1 жил 3 сарын дараа хүчин төгөлдөр шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүйгээр хүчингүй болгон 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь залилах санаа зорилгоор бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг боловч Л.Нын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангадаггүй. Учир нь Л.Нын 50 хувийн хувьцаа эзэмшдэг “Гложекс” ХХК нь хохирогч Л.Аас эд хөрөнгийн эрхийг 2012 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-ний /1хх-47/ дагуу шилжүүлж авсан бөгөөд уг гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөр төлсөн. Үүнийг хохирогч нь өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрдөг. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 1.3 дахь хэсэгт заасны дагуу “Гложекс” ХХК нь гэрээнд заасан ордыг ашиглаж, хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа хэсэгчлэн төлнө гэж зохицуулсан. Гэтэл Монгол улсын Засгийн газрьн 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 194 тоот тогтоолоор М.Ариунтулгын худалдсан гэх ордын ихэнх хэсгийг улсын тусгай хамгаалалтад авч, үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Энэ үед “Гложекс” ХХК нь тус газарт их хэмжээний бодит хөрөнгө оруулалт хийж, уг хөрөнгө оруулалтаа нөхөх үйл ажиллагаа явуулаагүй байсан бөгөөд ордыг ашиглаж чадаагүй байсан. Өөрөөр хэлбэл “Гложекс” ХХК нь М.Ариунтулгын эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авахдаа залилах мэхлэх үйлдэл хийж аваагүй байна. Харин Монгол улсын Засгийн газрын дээрх тогтоолд хамрагдсаны улмаас орд газар нь тусгай хамгаалалтад орсон учраас талууд харилцан гэрээний маргааныг иргэний журмаар шийдвэрлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй юм. Үүний дагуу ч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 онд дээрх маргаанд иргэний хэрэг үүсгэж, өнөөдрийг хүртэл дээрх асуудал шийдвэрлэгдэж байгаа. “Гложекс” ХХК нь 2012 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулж, ашиг орлого олох боломжгүй нөхцөл байдал “Гложекс” ХХК болон Л.Наас үл хамаарч бий болсон. Мөн анхан шатны шүүх нь 2012 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр байгуулсан “Зээлээр худалдах, худалдан авах” гэрээний дагуу Л.Ныг буруутгасан боловч дээрх хугацаанд М.А нь “Гложекс” ХХК-д улсын эзэмшлийн газрыг худалдсан гэж үзэхээр байна. Гэтэл Л.Нын ямар үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл болохыг нотлоогүй хэрнээ түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шийтгэх тогтоолын 24 дүгээр талд “шүүгдэгч нь 011948А, 011730А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй лицензүүдийн эрхийг өөрт шилжүүлэн авахын тулд Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлж /4.1.21-р зүйл/ хохирогчтой хуулийн этгээд хооронд гэрээ байгуулж эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан нь гэрээгээр халхавч хийн хохирогчийг төөрөгдөлд оруулж гэмт санаа зорилгоо хэрэгжүүлсэн үйлдэл юм" гээд “Улмаар шүүгдэгч нь гэмт санаа зорилгоо хэрэгжүүлэхдээ дээрх 011948А, 011730А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй лицензүүдийг худалдан авахтай холбоотойгоор зээлээр худалдах, худалдан авах гэрээ, ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ???, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ зэрэг гэрээнүүдийг 2012 оны 6 сарын 4-ний өдөр буюу нэг огноотойгоор төлбөрийн нөхцлүүдийг өөрчилж гэрээг байгуулж аль нэг гэрээгээ дүгнэж дуусгалгүйгээр нэмэлт гэрээнүүдийг байгуулжээ” гэжээ. Гэтэл:

- 2012 оны 6 сарын 4-ний өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2012 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр нотариатч н.Цогзолмаа гэгч хүн гэрчилсэн байх бөгөөд уг гэрээнд ямар зүйлийг худалдан борлуулж байгаа нь ойлгомжгүй, Монгол улсын Иргэний хуулиар тогтоосон харилцан үүргийг тооцох буюу гол нөхцөл тусгагдаагүй хэлбэрийн шаардлага хангаагүй эрхийн зөрчилтэй гэрээ байсан /1хх-21, 5хх-152/

- 2012 оны 5 сарын 30-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ нь “Эрдэнэлинк” ХХК-ийг “Гложекс” ХХК-д 10 сая төгрөгөөр худалдан борлуулах гэрээ болохоос дээр дурдсан 2 тусгай зөвшөөрлийг худалдан борлуулахтой холбоотой гэрээ биш юм. /1хх-20/ Уг гэрээнд ч талууд маргадаггүй бөгөөд одоог хүртэл “Гложекс” ХХК-ийн охин компаниар “Эрдэнэлинк” ХХК нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар бүртгэлтэй байх ба Гүйцэтгэх захирлаар У.С ажиллаж байна. /1хх-43/.

- 2012 оны 6 сарын 4-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байдаг ба уг гэрээнд “Эрдэнэлинк” ХХК-ийг төлөөлж М.А, “Гложекс” ХХК-ийг төлөөлж тэнцүү хувьцаа эзэмшигчид болох Л.Н, Б.М нар гарын үсэг зурж, компанийхаа тамга тэмдгийг дарж, холбогдох төрийн байгууллагад хүргүүлж дээрх гэрээнд заасан зүйл худалдан авагч тал руу шилжсэн байдаг. Гэрээг нотариатч н.Э тус өдөр нь гэрчилсэн болно.

- Шийтгэх тогтоолд дурдсан 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн “Нэмэлт гэрээ” нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 сарын 23-ны өдрийн 6428 тоот шинжээчийн дүгнэлтээр “иргэн Л.Нын гарын үсэг нь биш болох нь тогтоогдсон, мөн эрүүгийн 1805000080315 тоот дугаартай хэргийг шийдвэрлэх 2019 оны 9 сарын 27-ны өдрийн 1713 дугаартай Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 14 дүгээр талд хохирогч гэх М.А “би нэмэлт гэрээн дээр Нын гарын үсэг нь өөр байсан нь үнэн, гаргахгүй байхаар нь тамгыг нь дарчихсан юм гэж мэдүүлсэн байдаг зэргээс үндэслэн тусгаарлагдан шалгагдаж байгаа ба уг хэрэгт шүүгдэгч Л.Н хохирогчоор тогтоогдон оролцож байгаа болно. Гэтэл анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үнэлэхдээ эдгээрээс хамгийн ойлгомжгүй, хууль бус буюу тамга тэмдэггүй, юуг, хэдэн төгрөгөөр хэзээ зарсан нь ойлгомжгүй гэрээг үндэслэж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Нөгөө талаар шийтгэх тогтоолд “... иймд Л.Ныг ... хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гээд залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэнд тооцсон. Гэтэл залилан мэхлэх гэмт хэрэг нь эзэмшигч, эсхүл өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлийг ойлгодог. Гэтэл дээр дурдсанчлан төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тохирч тухайн үедээ 415 орчим сая төгрөг төлсөн буюу хариу төлбөрийг үүргийг хэсэгчлэн гүйцэтгэсэн байхад шүүх огт анхаараагүйд гомдолтой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэсэн шударга ёсны зарчим зөрчигдөөд байна. Учир нь яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт гэрч Б.Мтай холбоотой хийсэн ажиллагааг дүгнэсэн зүйл байхгүй байдаг. Хэдийгээр 2019 оны 10 сарын 24-ний өдөр Б.Маас гэрчээр мэдүүлэг /5хх-195/ авсан хэдий ч түүний мэдүүлгийн үнэн зөвийг тогтоох ажиллагааг огт гүйцэтгээгүй, шүүх ч энэ талаар дүгнээгүй. Өөрөөр хэлбэл, хохирогч нь өөрөө “Гложекс” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Б.Маас гэрээний дагуу мөнгө өгч байсан гэж мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн, мөн уг хэргийн гэрч ОХУ-ын иргэн В.Мын мэдүүлэгт “2013 оны 11 сарын 1-ний өдөр ТУЗ-ын гишүүн, компанийн Ерөнхий захирал Б.Мтай ... Уурхай худалдан авах, Ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ байгуулсан, мөн төлбөрийг бүрэн хэсэгчлэн төлж барагдуулсан” гэсэн мэдүүлгүүд байсаар атал Б.Мын зориуд худал өгсөн мэдүүлгийг нялтлан шалгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ, мөн Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж заасныг зөрчөөд байна. Өөрөөр хэлбэл “Эрдэнэлинк” ХХК-ийг, мөн түүний 2 тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан “Гложекс” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Б.М, “Эрдэнэлинк” ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд тухайн төслийг хөрөгжүүлэх ажлыг гардаж гүйцэтгэсэн У.С нарыг ял завших нөхцлийг шүүх бүрдүүлээд байна. Харин Л.Н нь хувьдаа мөнгө авсан гэдэг нотлох баримт уг хэрэгт нэг ч байдаггүй болохыг шүүх анхаарч үзэхийг хүсч байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас тус хэргийг 2012 оны 6 дугаар сарын 4-ний өдөр үйлдэгдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хүргүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд шинжлэн судлаагүй, хэлэлцэгдээгүй нотлох баримтаар гэмт хэргийг 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр төгссөн гэж үзсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дугаар зүйлд зааснаар тус эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил өнгөрсөн байхад Баянгол дүүргийн цагдаагийн байгууллага, прокурор, шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйпийн 1.2 дахь хэсгийг зөрчиж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эрүүгийн хариуцлага хулээлгэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй хэд хэдэн тохиолдол үүссэн байхад тус зохицуулалтыг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улсын ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар нь №1/53 тоот тогтоолоор тус эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Учир нь уг асуудлыг 2016 оны 5 сарын 11-ний өдөр хяналтын прокурор С.Батгэрэл нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах 4641 тоот тогтоол гаргаж, 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ё.Сагсай нь 5/157 тоот тогтоолоор “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” тогтоол гарган уг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Уг шийдвэрт хэн ч гомдол гаргаагүй бөгөөд уг маргаан нь Иргэний шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа. Гэтэл бүтэн нэг жилийн дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 4641 тоот тогтоолыг хууль зүйн үндэслэлгүйгээр /хэнээс ч гомдол гаргааүй байхад/ хүчингүй болгон шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг зөрчиж буюу Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол хүчин төгөлдөр хэвээр байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. Өөрөөр хэлбэл 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр УЕП-ын орлогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийг хянаагүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүйгээр шийдвэр гаргасны улмаас өнөөдөр Баянгол дүүргийн цагдаагийн газар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, нотлох баримт бэхжүүлж, цуглуулсан учраас энэхүү хэрэг нь анхнаасаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зуйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрсөн. Мөн уг асуудлаар Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байдаг бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Хан- Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор н.Пүрэвтогтох нь 35 тоот тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон. Өнөөдөр дээрх тогтоол нь мөн хүчин төгөлдөр байхад шүүх Л.Нт холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

2012 оноос 2017 оныг хүртэл Авилгатай тэмцэх газраас дээрх орд газрыг шилжүүлсэн асуудалтай холбоотойгоор мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан гэх бөгөөд дээрх асуудлын талаар М.Аын гэрчийн мэдүүлэг болон тухайн үед түүний гарган өгсөн “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу уг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өнөөдөр дээрх тогтоол нь хүчинтэй хэвээр байгаа болно.

Хохирогч М.А нь ХУД-т гомдол гаргахдаа 2012 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн “Хувьцаа худалдах, худалдан авах” гэрээний дагуу хохирсон гэсэн хэрнээ БГД-т гомдол гаргахдаа 2012 оны 6 дугаар сарын 4-ний өдөр байгуулсан гэх “Зээлээр худалдах, худалдан авах” гэрээний дагуу хохирсон гэдэг. Мөн Авилгатай тэмцэх газраас өөрийг нь болон гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг шалгахад 2012 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн “Хувьцаа худалдах, худалдан авах” гэрээг өгч, ямар нэгэн маргаангүй гэж хэргийг хаалгадаг. Өөрөөр хэлбэл М.А нь хуулийн байгууллага өөрийг нь шалгахаар “Гложекс” ХХК-тай байгуулсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-г үнэн зөв гэдэг, харин өөрөө хохирогч болохдоо “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г үнэн зөв гэдэг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийг зөрчсөн байна.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.9 дүгээр зүйлд зааснаар хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт, гомдлыг хавтаст хэрэгт хавсаргах боловч хохирогч М.Аас 2017 оны 12 дугаар сард гаргасан гомдол хэрэгт байдаггүй. Өөрөөр хэлбэл УЕП-ын орлогч нь хэргийн оролцогчоос гомдол гаргаагүй байхад эрх мэдлээ хэтрүүлэн хэргийг хувийн сонирхлоор шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Улсын ерөнхий прокурорын газраас дээрх гомдлыг гаргасан эсэхийг хүсэхэд хариу өгөөгүй байсаар байна.

3.Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлолгүй шийдвэрлэсэн. Учир нь тухайн гэмт хэрэг хаана үйлдэгдсэн буюу эд хөрөнгийг ямар төрийн байгууллагын шийдвэрийн дагуу шилжүүлж авсан болохыг тогтоолгүй шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл лиценз, хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөн нь зохих төрийн байгууллагын шийдвэр гарснаар бусдад шилждэг бөгөөд харин хуулийн этгээд хоорондоо гэрээ байгуулснаар хувьцаа болон лиценз бусдад шилждэггүй. Залилан мэхлэх гэмт хэргийн хамгийн гол шинж нь эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлж авснаар төгсдөг тул уг эрүүийн хэрэг хаана үйлдэгдэж, хэзээ төгссөн болохыг эцэслэн тогтоох ёстой бөгөөд давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар хэлэлцэн тогтоох боломжтой гэж үндэслэлгүй шийдвэр гаргасан. Тус эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд “Гложекс” ХХК-ийг төлөөлж н.С, Б.М нар гарын үсэг зурж санхүүгийн үйл ажиллагаа явуулж байсан, мөн гэмт хэрэг хэзээ үйлдэгдэж төгссөн болохыг эцэслэн тогтоож чадаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсгийг зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болдог. Гэтэл 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Л.Н хохирогч М.Ад хохирол төлсөн гэсэн нотлох баримтыг улсын яллагч, хохирогч, шүүгдэгч, тэдний өмгөөлөгч хэн аль нь ч судлаагүй. Гэтэл анхан шатны шүүх дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн бөгөөд давж заалдах шатны шүүх үүнд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Мөн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасныг зөрчиж буюу Л.Н мөнгө төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.

4.Нийслэлийн давж заалдах шатны шүүх өмгөөлөгч миний гаргасан давж заалдах гомдолд тодорхой хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2.7, 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна. Учир нь өмгөөлөгч миний хуулиар олгогдсон давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцүүлэх боломжтой ЭХХШТХ-ийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэсэн үндэслэлд дүгнэлт хийгээгүйн улмаас хуулиар олгогдсон үндэслэл бүхий гомдлоо хянан шийдвэрлүүлэх боломжгүй боллоо. Давж заалдах шатны шүүх өмгөөлөгч миний дээрх үндэслэл бүхий гомдлыг хянан хэлэлцсэн бол Л.Нт холбогдох эрүүгийн хэргийн хэрэгсэхгүй болгож, цагаатгах нөхцөл байдал үүсэх байсан юм.

5. Анхан шатны шүүх өмгөөлөгч нарын санал дүгнэлтэд үндэслэл болгосон баримт, дүгнэлтийг бүрэн дүүрэн няцаан үгүйсгэж чадаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгийг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл гэрч Б.Мын /3-хх-128/ 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн мэдүүлэг хэргийн материалаас алга болсон тухай, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн хэргийн дугаарлалт өөрчлөгдсөн, 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн нэмэлт гэрээг хэрхэн яагаад анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон тухай /уг асуудлыг тусгаарласан/. Л.Нт холбогдуулж Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсанаас хойш мөрдөн байцаалтын хугацааг сунгалгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан талаар, хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий гэрч Б.М, М нарын мэдүүлгийн зөрүү, хэргийн талаар сайтар мэдэж буй “Эрдэнэлинк” ХХК-ийн захирал н.С, “Гложекс” ХХК-ийн нягтлан Ү.Б, ажилтан н.А, гэрээг гэрчилж байсан нотариатч нараас мэдүүлэг аваагүй асуудлын талаар, мөн Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газартай холбоотой баримтын талаар /Зхх-98, Зхх-100/ зэрэг бодит баримт бүхий санал дүгнэлтийг няцаасан дүгнэлт хийгээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Өмгөөлөгч миний бие давж заалдах шатны шүүх хуралдаанд Л.Ныг гэмт хэрэг үйлдээгүй болохыг нотолсон, нотлох баримтыг шинжлэн судалсан бөгөөд уг нотлох баримтуудыг няцаан үгүйсгэж чадаагүй болно.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 501 дүгээр магадлал нь дээрх үндэслэлүүдээр хууль зүйн үндэслэлгүй байх тул дээрх шийдвэрүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйл, 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд хохирогч М.А гаргасан гомдолдоо: “...Миний бие уг хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсэг болох “...хуурамч нотлох, тэмдэглэл, баримт бичгийг үндэслэж шийдвэр гаргасан нь тогтоогдсон” бол шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй сэргээн шалгах хууль зүйн үндэслэл бүрддэг байтал шүүхээр шийдвэрлээгүй эрүүгийн хэргийн нотлох баримттай холбоотой асуудлаар тусад нь шалгаж байгаа явдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, зарчимд нийцэхгүй болохыг энэхүү магадлалд дурьдах нь зүйтэй. Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул шүүгдэгч Л.Нын өмгөөлөгч Багахүүгийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн тодорхой дүгнэлт хийгээгүй болно.” гэсэн хэсэгт гомдол гаргаж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтанд хуурамч гэж тогтоогдсон нэг ч нотлох баримт байхгүй байхад ямар учраас “хуурамч нотлох баримт, шийдвэр, тэмдэглэлийг үндэслэж шийдвэр гаргасан нь тогтоогдсон” гэж үзэж байгаа юм. Мөн яагаад шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж урьд гаргасан гэх ямар хэргийг сэргээн шалгах хууль зүйн үндэслэл бүрдсэн гэж үзэж байгаа нь огт үндэслэлгүй бөгөөд яагаад ийм шалтгаанаар өмгөөлөгч Багахүүгийн гаргасан гомдолд тодорхой хууль зүйн дүгнэлт хийхгүй байгаа нь маш учир дутагдалтай гэж үзэж байна.

Тус шүүх хуралдаан дээр яригдсан хуурамч гэх “нэмэлт гэрээ” гэрээ нь ямар учиртай, яагаад энэ хэрэгт холбоогүй талаар тайлбараа хэлье. 2015 оны 1 сарын 25-ны өдрийн “Нэмэлт гэрээ”-г би шүүгдэгч Л.Нтай холбоотой нэхэмжлэлдээ Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүх дээр 2016 онд нотлох баримтаар өгсөн. Тэгээд миний нотлох баримтаар өгсөн энэ гэрээг миний зөвшөөрөлгүйгээр Н хууль бусаар өөрийн өмгөөлөгч болох Мөнхдаваагаар дамжуулж аваад Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст хуурамч бичиг баримт үйлдсэн гэдгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээлгэж байсан юм. Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурор Алтанцэцэгийн 2018 оны 6 сарын 29-ний 407 тоот надад ирсэн хариу мэдэгдэх хуудсанд “нэмэлт гэрээ гэх зүйл нь Ариунтулгын нотлох баримтаар шүүхэд гаргасан баримт мөн эсэх нь тодорхойгүй... Уг гэрээг хуулийн дагуу шүүхээс Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс гаргуулж авах боломжтой байсан.” Цагдаагийн мөрдөгч Ариунболдын хэрэг бүртгэлт нээхээс татгалзах саналыг хүлээн авч шийдвэрлэсэн болохыг мэдэгдсэн юм. Тийм учраас урьд гарсан гэмт хэрэг гэх юм байхгүй, энэ хэрэгтэй огт холбоогүй болсон үйл явдал. Энэ гэрээг хууль бусаар өгсөн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Мөнхжаргалын туслах Хишигсүрэнд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын 2018 оны 8 сарын 15-ны өдрийн Б/170 дугаар тушаалаар М.Аын нэхэмжлэлтэй нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн эх хувь нотлох баримтыг шүүгчийн зөвшөөрөл болон холбогдох байгууллагын хүсэлт ирээгүй байхад хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр түүнд эх хувиар нь хэргээс дур мэдэн өгсөнд...” нь хариуцлага ноогдуулж сахилгын шийтгэл хүлээлгэсэн юм.

Ингээд Хан-Уул дүүргийн анхан шатны шүүх рүү Аас гаргасан нэхэмжлэл буцсан. Дараа нь Баянгол дүүргийн Цагдаагаас бичиг явуулж Хан-Уул дүүргийн шүүхээс энэ хэрэгт нэгтгэгдэж ирсэн байдаг. Ямар зорилгоор хэн үүнийг учруулахыг хүссэнийг мэдэхгүй, би нотлох баримтаар өгөөгүй, Н нотлох баримтаар өгөх боломжгүй. Тиймээс энэ хэрэгт нэгтгэгдэж ирсэн зорилго ойлгомжгүй, яагаад гэвэл би энэ гэрээгээр бас залилуулсан юм гэж мэдүүлж байгаагүй, дээрээс нь миний хохирлоо тогтоолгох хүсэлт, аудит, шүүхийн шинжилгээгээр тогтоосон хохиролд энэ гэрээний нэр болон хохирлын хэмжээ огт байхгүй. Нэгтгэгдэж ирсэн хойно нь энэ нэмэлт гэрээний тухай хариу тайлбар хийж байсан. Эрдэнэбаяр прокурор 1-рт хохирлын хэмжээнд энэ гэрээ ороогүй, 2-рт энэ хэрэгт энэ гэрээ хамааралгүй, чи энэ гэрээгээр хохирсон гэж мэдүүлээгүй юм чинь одоо байгаа хэрэгт нөлөөлөхгүй учраас чи хуурамчаар хийсэн гээд зөвшөөрчих, тэгвэл тэртээ тэргүй хугацаагаараа хэрэгсэхгүй болно. Тэгээд энэ гэрээний асуудал дуусгавар болбол амар байна гэхээр нь би дээр дурьдсанчлан нотлох баримтаар өгөөгүй, энэ гэрээгээр хохирсон тухай мэдүүлээгүй учраас энэ гэрээтэй хамаагүй юм чинь, гэхдээ би хуурамчаар хийгээгүй учраас тусад нь шалгуулж үнэнийг нь олно гээд өөрөө хүсэлт гаргаад одоог хүртэл шалгуулж байгаа юм.

Анхан шатны шүүхийн захирамжтай холбоотой тал нь энэ захирамжид дурьдсан нэг ориг гэрээнээс гадна нэмэлт гэрээ хэлцлүүдтэй юм билээ гэдэг дотор нь энэ нэмэлт гэрээний тухай дурдагдаагүй, энэ дотор Эрдэнэхүүгийн байгуулсан гэх гэрээ, АТГ-аас гаргуулж авсан гэх гэрээ, 9 сарын 5-ны нэмэлт хэлцэл гэх мэт эх хувиараа байдаг болон байдаггүй гэрээ хэлцлүүдийг л хэлээд байгаа юм. Тэгээд дээрээс нь өмгөөлөгч Багахүүгийн гомдлуудыг хянаж үзээгүй гэсэн мөртлөө хэрэгт огт хамаагүй, анхан шатны шүүх дээр нотлох баримтаар огт яригдаагүй Багахүү өмгөөлөгчийн гомдолд ч байхгүй, тухайн хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын ярьсан яриан дундаас нь өлгөж авч “хуурамчаар тогтоогдсон бол сэргээн шалга” гэсэн дүгнэлт магадлалд байгаа нь 7 жил намайг хохироож яваа залилагчийн үйлдлийг өөгшүүлсэн дүгнэлт гаргасанд маш их гомдолтой байна.

Төгсгөлд нь одоо мөрдөн байцаалтанд байгаа “нэмэлт гэрээ”-ний хуурамчаар хийгдсэн эсэхийг тогтоох. Энэ хэрэгт миний бие хохирогчоор тооцогдож яваа бөгөөд хэрэгт одоо шалгаж тогтоогдсон болон тогтоолгохоор гаргасан хүсэлтүүдийг дор дурьдья.

Тогтоогдсон нь:

-Нэмэлт гэрээн дээрх миний гарын үсэг, Л.Нын “Гложөкс” ХХК-ийн тамга 2 шинжилгээгээр үнэн, нөгөө хоёрын гарын үсэг нь хуурамч гарсан.

-2017 онд Л.Нын Сүхбаатар дүүргийн иргэний шүүхэд миний эсрэг өгсөн өөрийнх нь нэхэмжлэл доторх нотлох баримтууд дээрх өөрийнх нь компанийн хувьцаа эзэмшигч Мынхаа гарын үсгийг Л.Н нь хуурамчаар зурсан нь шинжилгээгээр тогтоогдсон.

-4 тэрбум төгрөгийн миний нэрийг оролцуулсан хуурамч зээлээр худалдаж худалдан авах гэрээ Нийслэлийн архиваас олдсон. Нотариатч Эийн гэрээ бүртгэлийн дэвтэр дээр Аын гарын үсэг огт байхгүй, Мын гарын үсгийг нотариатч Э өөрөө зурсан болох нь шүүхийн шинжилгээгээр тогтоогдсон. Нын гарын үсгийг Э биш өөр гуравдагч хүн зурсан байна. /магадгүй Н зурсан/ гэдэг нь шүүхийн шинжилгээгээр нотлогдчихсон. Э нь би тийм гэрээ хийгээгүй гэж надтай мөрдөгчийн дэргэд нүүрэлдэхдээ худал хэлсэн.

Миний хүсэлтүүд:

-Н, М, Э нартай нүүрэлдэх, бүртгэлийн дэвтэр дээрх Нын нэр дээр зурсан гуравдагч этгээдийн гарын үсгийг Нын гарын үсэгтэй хэв шинжийг нь шинжлүүлэх, чөлөөт бичгийн хэв шинжлэлийн шинжилгээг М, Н, над дээр хийлгэх гэсэн хүсэлтүүд тавьсан байгаа

-Би чөлөөт бичгийн хэв шинжлэлийнх нь бичгээ өгчихсөн. Н энэ хэрэгтэй холбогдуулж ямар ч хүсэлт миний мэдэхээр гаргаагүй байсан, энэ баримтууд авагдсаны дараа нэг ч удаа тайлбар өгөөгүй байгаа” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Ж.Гантулга гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт “Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, хохирогч, хэн аль нь М.А, Л.Н, Б.М нарын хооронд 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Нэмэлт гэрээнд /1хх 23-24/ шүүгдэгч Л.Нын гарын үсгийг хуурамчаар зурсан асуудлыг Баянгол дүүргийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа талаар тайлбарлаж байх ба яригдаж байгаа нотлох баримт нь шүүгдэгч Л.Нт холбогдох эрүүгийн хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтойгоос гадна аливаа шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ прокуророос яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэмжээний дотор дүгнэлт хийж, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлж дүгнэж шийддэг тул хавтаст хэрэгт байгаа нотлох баримтыг хуурамч эсэхийг энэ хэргээс тусад нь шалгах хууль зүйн үндэслэлгүй болно...” гэжээ.

Шүүгдэгч Л.Нт холбогдох эрүүгийн хэрэгт 2012 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээнд /3хх-154/ зурагдсан гарын үсэг хохирогч М.А, шүүгдэгч Л.Н нарын гарын үсэгтэй тохирсон тухай шинжээчийн 6428 дугаар дүгнэлтийг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэр гаргасан нь үндэслэлтэй байсан талаар давж заалдах шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Хохирогч М.А 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн нэмэлт гэрээг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч, анхан шатны шүүх гэрээнд заасан үнээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоогоогүй үйл баримт эрүүгийн хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүүгийн гаргасан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг зөрчсөн магадлал гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан аль үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон үндэслэлээ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шийдвэртээ зааж тусгалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсгийг зөрчин хууль зүйн үндэслэлгүй магадлал гаргажээ.

Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 938 дугаар магадлалын зарим хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг үндэслэн хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх хууль зүйн үндэслэлтэй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Л.Н нь хохирогч М.Аын “Эрдэнэлинк” ХХК-ийн эзэмшлийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий лицензийг зээлээр худалдан авахаар гэрээ байгуулсан бөгөөд төлбөр төлөх хугацааг хойшлуулсан байдаг. Мөн тусгай зөвшөөрлийг өөр компанид худалдсан боловч М.Ад гэрээний дагуу төлбөрийг төлөөгүй нөхцөл байдал тогтоогдсон. Гэвч анхан шатны шатны шүүх хэргийн талаар бодитой дүгнэлт хийж чадаагүй байна. Мөн шүүгдэгчээс 884.000.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь үндэслэл муутай болсон. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү, Ш.Алтангадас, хохирогч М.А, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Л.Нт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Л.Ныг 2012 оны 6 дугаар сарын 4-ний өдөр гэрээгээр халхавч хийн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, М.Аын “Эрдэнэлинк” ХХК-ийн эзэмшлийн Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын нутаг дэвсгэрт байрлах 011928А, 011730А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй лицензүүдийг 1.200.000.000 төгрөгөөр буюу зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ хийж, төлбөрийг 2012 оны 12 дугаар сарын 25-ны дотор барагдуулах үүрэг хүлээсэн боловч төлөлгүй эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, 1.200.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэж дүгнэн, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Л.Ныг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Наас 884.482.000 төгрөг гаргуулж хохирогч М.Ад олгуулах, 83-99 УНӨ улсын дугаартай “Тоёота Ландкруизер-200” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, өмчлөгч “Гложекс” ХХК-д буцаан олгуулахаар шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх Л.Ныг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох зарим нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй гэж дүгнэн, хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Л.Ныг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар зайлшгүй нотолбол зохих нөхцөл байдлыг дутуу шалгасан, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол…” хэмээн тодорхойлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний … эд хөрөнгө…-д шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж хуульчилсан.

Прокуророос Л.Ныг залилах гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчлэхдээ тухайн гэмт хэрэгт халхавч болгож ашигласан гэх “Эрдэнэлинк” ХХК-ийн хувьцааг 1.200.000.000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах тухай 2012 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн гэрээний /1хх-21,47/ үнийн дүнг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн эсэх, М.А, Л.Н нарын “Эрдэнэлинк” ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлэх нэрээр ашигт малтмалын лицензийг 1.200.000.000 төгрөгөөр үнэлж худалдан борлуулсан үйл ажиллагаа нь хуульд нийцсэн эсэхэд шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.” гэж заасан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дугаар зүйлд “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, баримт бичгийн хамт холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно.” гэж зааснаас үзэхэд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь лиценз буюу төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийг шууд үнэлэн зарж ашиг олохыг зөвшөөрөөгүй, харин уурхайд оруулсан хөрөнгө оруулалтаа бодитой үнэлж, зохих албан татвар төлсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг худалдан авагчид шилжүүлэхээр хуульчилжээ.

Гэтэл 011928А, 011730А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий “Эрдэнэлинк” ХХК-ийн захирал М.А нь 2012 онд өөрийн компанийг бусдад шилжүүлэхээс өмнө тухайн ашигт малтмал бүхий газарт ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагааны зардал гаргасан, тухайн компанид хэдэн төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгө, техник тоног төхөөрөмж бүртгэлтэй байсныг нотолсон баримт хавтаст хэрэгт байхгүйгээс гадна М.А нь “Эрдэнэлинк” ХХК-ийн хувьцааг Л.Нт шилжүүлсний улмаас түүнд 1.200.000.000 төгрөгийн бодит хохирол учирсан эсэхийг мөрдөн байцаалтын шатанд шалгаж тогтоогоогүй байна.

Энэ хэргийн улмаас хохирогч М.Ад 1.200.000.000 төгрөгийн бодит хохирол учирсан эсэхийг тогтоохдоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсэгт “Газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлоход энэ хуулийн 30.6-д заасан аргачлалыг баримтална.”, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 30.4-т заасан орлогод албан татвар ногдуулах журам, газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлалыг тус тус санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж заасны дагуу Сангийн сайдын баталсан “Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох аргачлал”-ыг үндэслэн М.А нь 2012 онд “Эрдэнэлинк” ХХК-ийн хувьцааг бусдад шилжүүлэх үеийн 011928А болон 011730А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээг тогтоох боломжтой юм.

Түүнээс гадна “Эрдэнэлинк” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй байсан 011928А болон 011730А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газарт “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн дагуу Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор баталсан хилийн заагтай хэсэгчлэн давхцал үүссэн нь ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээнд өөрчлөлт оруулах, улмаар гэмт хэргийн хохирол өөрчлөгдөх үндэслэл болох эсэхийг анхаарах нь зүйтэй.

“Эрдэнэлинк” ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 29-нд MV-016913 тоот тусгай зөвшөөрлийг гээгдүүлсэн үндэслэлээр өмнөх зөвшөөрлөө хүчингүйд тооцуулж, Ашигт малтмалын газраас MV-017430 тоот тусгай зөвшөөрлийг нөхөж авсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд “Тэд-Аудит” ХХК-ийн гаргасан 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн Аудитын дүгнэлт /4хх-49/ болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /4хх-134/ “Эрдэнэлинк” ХХК нь ашигт малтмалын 016913А тоот тусгай зөвшөөрлийг 100.000.000 төгрөгөөр, 11928А тоот тусгай зөвшөөрлийг 10.000.000 төгрөгөөр тус тус үнэлэн “Эй Эйч Жи Металс групп“ ХХК-д худалдаж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8.1.2, 8.2.2-т заасны дагуу эрх борлуулсны орлогод төлөх 30 хувийн татварт 26.538.000 төгрөг болон 3.000.000 төгрөг, нийт 29.538.000 төгрөг төлсөн болохыг тогтоожээ.

Түүнчлэн хохирогч М.А нь 011928А, 011730А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий “Эрдэнэлинк” ХХК-ийн хувьцааг 1.200.000.000 төгрөгөөр үнэлж Л.Нт худалдсан гэх боловч хавтаст хэрэгт М.А, Л.Н нар гарын үсэг зурж байгуулсан 2012 дугаар 5 дугаар сарын 30-ны өдрийн “Эрдэнэлинк” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ буюу тус компаний 1000 ширхэг хувьцааг 10.000.000 төгрөгөөр худалдах гэрээ /1хх-20/, мөн М.А, Л.Н, Б.М нарын байгуулсан 2012 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн “Эрдэнэлинк” ХХК-ийн хувьцааг 1.200.000.000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ /1хх-21,46,47, 3хх-152/, мөн М.А, “Эрдэнэлинк” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.С нарын байгуулсан 2012 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн нэмэлт гэрээ /1хх-50/, М.А, Л.Н, Б.М нарын байгуулсан 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн нэмэлт гэрээ /1хх-23, 4хх-34/ тус тус нотлох баримтаар авагдсан бөгөөд талууд 2012 онд байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэж, төлбөр төлөх хугацааг Хас банкнаас 2012 оны 9 дүгээр сарын 6-нд авсан 1.000.000 ам долларын зээлийг төлж дуусах хүртэл хугацаагаар хойшлуулах, мөн төлбөрийн үлдэгдэл 610.000 долларыг 2015 оны 6 дугаар сарын 20-ны дотор төлөхөөр 2015 онд нэмэлт гэрээ байгуулсан үйл баримтыг ямар үндэслэлээр залилах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэх, хэрэв Л.Ныг гэрээний харилцааг ашиглан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл тухайн гэмт хэрэг хэзээ эхэлж, ямар хугацаанд үргэлжилсэн, хавтаст хэрэгт авагдсан зарим гэрээг хуурамчаар, эсхүл дүр үзүүлж хийсэн эсэх, М.А, Л.Н, Б.М нарын гарын үсэг бүхий “Эрдэнэлинк” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэмт хэргийн улмаас хэнд ямар хэмжээний бодит хохирол учирсан, энэ хэрэгт “Эрдэнэлинк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.М хамтран оролцсон эсэх, улмаар хэрэгт авагдсан өөр өөр үнийн дүн бүхий 2012 дугаар 5 дугаар сарын 30-ны өдрийн “Эрдэнэлинк” ХХК-ийн 1000 ширхэг хувьцааг 10.000.000 төгрөгөөр худалдах гэрээ /1хх-20/, “Эрдэнэлинк” ХХК-ийн эзэмшдэг MV-016913 тоот тусгай зөвшөөрөл бүхий уурхайг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, баримт бичгийн хамт 1.400.000 ам доллароор “Эй эйч жи металс групп” ХХК-д худалдах, ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн гэрээ /3хх-73/, мөн 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 15/627 тоот гэрээгээр MV-011928 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг 10.000.000 төгрөгөөр, МV-017430 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг 100.000.000 төгрөгөөр тус тус үнэлж “Эй эйч жи металс групп” ХХК-д шилжүүлэх тухай /1хх-208, 211, 2хх-220, 227/ гэрээнүүд нь татвар төлөхөөс зориуд зайлсхийх зорилго агуулсан эсэх, дээр дурдсан өөр өөр үнийн дүн бүхий гэрээнүүд нь хохирлын хэмжээг бодитой тогтооход ач холбогдолтой эсэхэд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд “Тэд-Аудит” ХХК-ийн гаргасан 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн Аудитын дүгнэлтэд “Л.Н нь 2012 оны 7 дугаар сарын 4-ний өдөр гэрээний төлбөрт “Тоёота Ландкруизое-200” маркийн 2 ширхэг автомашиныг 200.000.000 төгрөгөөр тооцож, 2014 оны 5 дугаар сарын 19-нөөс 2016 оны 3 дугаар сарын 7-ны хооронд 4 удаа нийт 215.518.000 төгрөгийн төлбөр хийж, нийт 415.518.000 төгрөгийг төлж барагдуулсан” гэсэн байхад прокурорын яллах дүгнэлтэд эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө хийгдсэн дээрх төлбөрийг гэмт хэргийн хохирлоос хасч тооцоогүй нь ойлгомжгүй болжээ.

Иймд дээр дурдсан шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болох мөрдөн байцаалтын дутуу ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Хяналтын шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг дутуу шалгасан, уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлээр шүүгдэгч Л.Нт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэнтэй холбогдуулан өмгөөлөгч Ш.Алтангадас, өмгөөлөгч Т.Багахүү нарын гаргасан “Л.Нт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй  буюу гэм буруутай нь тогтоогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах тухай”, мөн хохирогчийн өмгөөлөгч Ж.Гын гаргасан “Давж заалдах шатны шүүх өмгөөлөгч Т.Багахүүгийн гаргасан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, ямар үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон үндэслэлээ шийдвэртээ тусгаагүй тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” тухай гомдолд тус тус хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Харин М.А, Л.Н, Б.М нарын байгуулсан гэх 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн нэмэлт гэрээг хуурамчаар үйлдсэн эсэхийг энэ хэрэгт нэгтгэн шалгах нь Л.Нт холбогдох эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэхэд хамааралтай бөгөөд шүүхийн шийдвэрт нөлөөлөх нотолгооны ач холбогдолтой тул энэ талаар хохирогч М.Ариунтулгын хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан хэсгийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 501 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Л.Нт холбогдох 1805000080315 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр прокурорт буцаасугай.

2.Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Л.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү, Ш.Алтангадас, хохирогч М.Аын өмгөөлөгч Ж.Гантулга нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                   Б.БАТЦЭРЭН

                                                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН