Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01792

 

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01792

 

 

Ш.Д-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2018/01451 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ш.Д-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: цэцэрлэгт холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч: Э.Чулуунцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017-2018 оны хичээлийн жилд тус цэцэрлэгт хөгжмийн багшаар ажилласан. 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус цэцэрлэгийн хүүхдүүдэд хүүхэлдэйн тоглолт хийж 1 863 000 төгрөгийн орлого олж өгсөн ба 2 хоноод ажлаас халсан. Учир нь дахин нээлттэй хичээл заа гэсэн. Найм хоногийн өмнө 4 ангид нэг дор заасан учир дахин заах боломжгүй, шинэ жилийн баярын тоглолтыг анги бүрд зохион байгуулахаар ачаалал ихтэй ажиллаж байсан. Улмаар хөдөлмөрийн маргаан болсон.

Нэг дэх өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ажилдаа ирэхэд халсан учир цаг бүртгэхгүй гэж манаач хэлсэн. Би 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Багшлах эрхгүй байсан хэдий ч боловсролын салбарт 30 гаруй жил ажилласан, сургууль цэцэрлэгт хөгжмийн багшаар ажиллаж байсан туршлагыг нь үнэлээд 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ажилд авсан. Ш.Д- багш нь 2017 оны 12 дугаар сарын 01-нийг дуустал ажиллаад 12 дугаар сарын 02-ны өдрөөс ажлаа орхиод явсан. Ш.Д- багшийг ажилдаа ирэх байх, холбоо барих байх гээд 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хүлээсэн. Тушаалыг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан.

Ш.Д- багшийг ажлаас чөлөөлсөн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, 11.2.7, 12.2, 12.8.1, 12.8.5, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсгүүд, Цэцэрлэгийн дотоод журмын 11.2.2, 11.2.6, 11.2.12 дахь хэсгүүд, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ахлах А бүлгийн эцэг эхчүүдээс гомдол ирсэн. Мөн багшийн сар бүрийн ажлыг дүгнэх үзүүлэлт хангалтгүй, 9 дүгээр сард 35 хувь, 10 дугаар сард 42 хувь, 11 дүгээр сард 44 хувьтай буюу хангалтгүй гэж үнэлэгдсэн. Багшийн ажлын байрны тодорхойлолтын чиг үүргийн дагуу хөгжүүлэх үйл ажиллагааг 9, 10, 11 дүгээр сард огт батлуулаагүй ажилласан.

Цэцэрлэгийн дотоод журмын заалтанд багш ажилчид тоглолт бэлтгэн хүүхдүүдийн дунд улиралд 1 удаа үзвэр үзүүлж орсон орлогыг цэцэрлэгийн тохижилт болон бусад зүйлд зарцуулна гэсний дагуу 1 дүгээр улиралд багш нар тоглолт бэлтгэн 11 дүгээр сарын 28-ны өдөр 621 хүүхдэд үзүүлж багш нар эцэг эхчүүдээс мөнгийг авч арга зүйчид хураалгасан. 2018 оны 01 дүгээр сарын 11-ний байдлаар нийт 1 863 000 төгрөг цугларсан. Заалны тохижилтонд 1 174 100 төгрөг зарцуулсан, тайлан байгаа. Хийгдсэн ажлуудын жагсаалт гарсан. Тоглолтын баг хийсэн материалийн зардалд Ш.Д- багшид 100 000 төгрөг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн. Ангийн засвар болон бусад багшийг урамшуулах зэргээр зардал гарсан. Нийт 1 924 100 төгрөг зарцуулсан. Нийслэлийн хэмжээний цэцэрлэгүүдийн Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас шалгалтын комисс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр багш ажилчдад цэцэрлэг дээр ирж хурал зохион байгуулсан. Тухайн хуралд Ш.Д- багш ирсэн боловч эрхлэгчээс тушаал гарсан эсэх талаар хандаагүй. Ийм учраас Ш.Д- багшийн гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан цэцэрлэгээс 2 875 606 төгрөгийг гаргуулан Ш.Д-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16 700 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ш.Д-д олгож, хариуцагч цэцэрлэгээс 62 154 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Ажилтан Ш.Д- нь ажил олгогчтой уулзалгүй 80 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчоос өөрт холбогдох материалыг аваад 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр "Арвист хангай" гэх хувийн ЕБС-д ажилд орсон байдаг. Тус байгууллагын захирлын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаар тушаалаар ажилд орсон. Энэ нь нэхэмжлэгч Ш.Д- нь ажлын байрыг орхиж, өөр ажилд орсон нь эрх зөрчигдсөн гэдгээ мэдээгүй байх боломжгүй юм.

Хэдийгээр ажлаас халагдсан тушаалыг ажил олгогч албан ёсоор гардуулаагүй буруутай боловч, тодорхой шалтгаангүй ажлын байраа орхиж явсан ажлтны хувьд ч хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох зөрчил гаргасан байна.

Ш.Д- 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байдаг. Эрх зөрчигдсөн гэдгээ мэдсэн буюу мэдэх боломжтой байсан ба хугацааг дээд шүүхийн зөвлөмжийн дагуу болон хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэвэл нэхэмжлэгч тал Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтэрүүлсэн, мөн хүндэтгэн үзэх шалтгаанаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээх талаар хүсэлт, тайлбар нотолгоог ирүүлээгүй байхад шүүх өөрийн санаачлагаар хугацаа сэргээж, ажил олгочийн шийдвэр хууль ёсны эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч Ш.Д- нь ажлын байрыг тодорхой шалтгаангүй, ажил олгогчид албан ёсоор мэдэгдэлгүй орхиж явсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгийн явцад талуудын тайлбараар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Ажил олгогчийн ажпаас халах шийдвэр Ш.Д-г ажил хаяж явснаас хойш 20 гаруй хоногийн дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гарсан байдаг. Энэ хугацаанд Дуламжав нь ямар нэг байдлаар холбоо бариагүй, өөр ажилд орж, тухайн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлгүй хандсан. Үүнийг өайгууллагын дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.2.12-т зааснаар "хоёроос дээш хоногоор ажил тасалсан...ажлын үнэлгээ 2 сараас дээс хугацаагаар 60-69 хувь, 50-доош хуваар үнэлэгдсэн...." бол ноцтой зөрчил гэж үзэж хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болох талаар заасан байна. Хариуцагч Ш.Д- нь ажлын байрыг шалтгаангүй, хэл чимээгүй, удаан хугацаагаар орхиж явсан. Ажлын үнэлгээний үзүүлэлт 3 сарын турш хангалтгүй байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Энэ нь хөдөлмөрийн хуулийн 40.1.4 дүгээр зүйлд заасан ажлаас халах үндэслэлд бүрэн хамаарна гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс "Р үнэлгээ авсан 2 багшийн нэгийг халаад нөгөөг нь халаагүй хөдөлмөрийн харилцаанд ялгаварлал бий болгосон" гэж дүгнэсэн байна. Ажил олгогчийн зүгээс ажилтан Ш.Д-г ажлаас халах туйлын хүсэл зориг байгаагүй бөгөөд ажилтан ажлын байраа орхиж явж, өөр ажилд орсон тул халах тушаал гаргасан гэдэг фактыг үл харгалзан үзсэн.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ш.Д- нь хариуцагч цэцэрлэгт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ш.Д- нь 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн цэцэрлэгт багшаар ажиллаж байгаад тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/109 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн, уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, Сургуулийн өмнөх Боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т заасныг тус тус баримтлан, Ш.Д- нь заах арга, ур чадварын хувьд хангалтгүй, ажиллах хугацаандаа хүүхдэд олгогдох хөгжмийн чадамжийг бүрэн эзэмшүүлээгүй, багшийн ёс зүй, харилцааны доголдолтой гэх үндэслэлээр 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Ажил олгогчоос ажлаас чөлөөлсөн тушаалыг ажилтанд гардуулаагүй талаар талууд маргаагүй. Харин хариуцагчийн талаас тушаал үндэслэлтэй гарсан ба нэхэмжлэгчийг шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж маргажээ.

Тушаалыг гардуулж өгөөгүй тул нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэхгүй.

 

Ажилтан Ш.Д- нь ажиллах хугацаандаа хүүхдэд олгогдох хөгжмийн чадамжийг бүрэн эзэмшүүлээгүй, багшийн ёс зүй, харилцааны доголдолтой гэх зөрчлийг ажил олгогч тогтоогоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Өөрөөр хэлбэл ажилтны гаргасан зөрчлийг ажил олгогч шалгаж тогтоосны үндсэн дээр сахилгын шийтгэл ногдуулна. Зөрчил нотлогдоогүй тул тушаал үндэслэлгүй болно.

 

Түүнчлэн ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд талууд ноцтой зөрчлийн талаар тохирсон гэж үзэхгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Иймд ажил олгогчийн тушаал үндэслэлгүй байх тул Ш.Д- нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргах эрхтэй. Нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны олговор шаардсан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

Анхан шатны шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7 дахь хэсэгт заасантай нийцүүлэн нийт 2 875 606 төгрөгийн олговрыг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

 

Нэхэмжлэгч Ш.Д- нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Арвист хангай ЕБС-д дуу хөгжмийн багшаар ажилд орсон нь хариуцагч байгууллагаас олговор шаардахад саад болохгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2018/01451 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Э.ЗОЛЗАЯА