Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2018/01451

 

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2018/01451

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш.Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц ТБ холбогдох,

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Д, хариуцагчийн төлөөлөгч Ц.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Э.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билэгжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017-2018 оны хичээлийн жилд тус цт хөгжмийн багшаар ажилласан ба хөдөлмөрийн маргааны улмаас ажлаас халагдсан. 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус цийн хүүхдүүд /621 хүүхэд/-д хүүхэлдэйн тоглолт хийж 1.863.000 төгрөгийн орлого олж өгсөн ба 2 хоноод ажлаас халсан. Учир нь дахин нээлттэй хичээл заа гэсэн. Найм хоногийн өмнө 4 ангид нэг дор заасан учир дахин заах боломжгүй, шинэ жилийн баярын тоглолтыг анги бүрд зохион байгуулахаар ачаалал ихтэй ажиллаж байсан. Улмаар хөдөлмөрийн маргаан болсон. Нэг дэх өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр ажилдаа ирэхэд халсан учир цаг бүртгэхгүй гэж манаач хэлсэн. Би өвлийн хүйтэнд 1 сар ажилгүй явсан учир хохирлоо нэхэмжилж байна. /1 сарын цалин 535.286 төгрөг/ Ажилдаа буцаж орох шаардлагагүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд бичилт хийлгэх шаардлагагүй. Зөвхөн 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Ц дугаар цийн төлөөлөгч Ц.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ш.Д багшийг 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр авч ажиллуулсан. Багшлах эрхгүй байсан хэдий ч боловсролын салбарт 30 гаруй жил ажилласан, сургууль цт хөгжмийн багшаар ажиллаж байсан туршлагыг нь үнэлээд авч ажиллуулсан. Ш.Д багш нь 2017 оны 12 дугаар сарын 1-нийг дуустал ажиллаад 12 дугаар сарын 2-ны өдрөөс ажлаа орхиод явсан. /ажлын шаардлагыг хүлээж аваагүй/ Ш.Д багшийг ажилдаа ирэх байх, холбоо барих байх гээд 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хүлээсэн. Тушаалыг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан. Ш.Д багшийг ажлаас чөлөөлсөн үндэслэл: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, 11.2.7, 12.2, 12.8.1, 12.8.5, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсгүүд, Цийн дотоод журмын 11.2.2, 11.2.6, 11.2.12 дахь хэсгүүд. 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр ахлах А бүлгийн эцэг эхчүүдээс гомдол ирсэн. Мөн багшийн сар бүрийн ажлыг дүгнэх үзүүлэлт хангалтгүй, 9 дүгээр сард 35%, 10 дугаар сард 42%, 11 дүгээр сард 44%-тай буюу хангалтгүй гэж үнэлэгдсэн. Багшийн ажлын байрны тодорхойлолтын чиг үүргийн дагуу хөгжүүлэх үйл ажиллагааг 9, 10, 11 дүгээр сард огт батлуулаагүй ажилласан. Харин ч энэ хүний ажлын үнэлгээг харгалзахгүйгээр 3 дугаар улиралд 10%-ийн үр дүнгийн мөнгөн урамшуулал олгож дэмжиж ажилласан. Дуламжав багш нь хөгжүүлэх үйл ажиллагааны хуваарийн дагуу хөгжүүлэх үйл ажиллагаа ордог. Энэ дагуу багш нарын дунд 11 дүгээр сард зохиогдсон Ур чадвар-2017 уралдаанд батлагдсан удирдамжийн дагуу 11 дүгээр сарын 23-нд Д багш нь бага А, дунд А, ахлах, бэлтгэл А бүлгүүдэд 1 сэдвийн дор сургалтын агуулгын хувьд хөнгөнөөс нь хүндрүүлэх зарчмаар, хоорондын уялдаа, залгамж холбоог гаргаж, үзүүлэх үүднээс хичээл явагдсан. Цийн дотоод журмын заалтанд багш ажилчид тоглолт бэлтгэн хүүхдүүдийн дунд улиралд 1 удаа үзвэр үзүүлж орсон орлогыг цийн тохижилт болон бусад зүйлд зарцуулна гэсний дагуу 1 дүгээр улиралд багш нар тоглолт бэлтгэн 11 дүгээр сарын 28-ны өдөр 621 хүүхдэд үзүүлж багш нар эцэг эхчүүдээс мөнгийг авч арга зүйчид хураалгасан. 2018 оны 1 дүгээр сарын 11-ний байдлаар нийт 1.863.000 төгрөг цугларсан. Заалны тохижилтонд 1.174.100 төгрөг зарцуулсан, тайлан байгаа. Хийгдсэн ажлуудын жагсаалт гарсан. Тоглолтын баг хийсэн материалийн зардалд Дуламжав багшид 100.000 төгрөг 2017 оны 11 сарын 29-нд өгсөн. Ангийн засвар болон бусад багшийг урамшуулах зэргээр зардал гарсан. Нийт 1.924.100 төгрөг зарцуулсан. Нийслэлийн хэмжээний цүүдийн Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас шалгалтын комисс 2018 оны 1 дүгээр сарын 31-нд багш ажилчдад ц дээр ирж хурал зохион байгуулсан. Тухайн хуралд Д багш ирсэн боловч эрхлэгчээс тушаал гарсан эсэх талаар хандаагүй. Ийм учраас Ш.Д багшийн гаргасан өргөдлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Д нь 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлхи хугацааны буюу ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Ц дугаар ц бүхэлд нь эс зөвшөөрснөөр талууд маргажээ.

Нэхэмжлэгч Ш.Д нь Сонгинохайрхан дүүргийн Ц дугаар цт, 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн хөгжмийн багшаар ажиллаж байгаад тус цийн эрхлэгчийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/109 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх 5 дугаар тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан нь иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй боловч ажил олгогч Сонгинохайрхан дүүргийн Ц дугаар ц нь хуулиар хүлээсэн энэхүү үүргээ биелүүлээгүй байна.

Ийнхүү ажил олгогч нь бичгээр хөдөлмөрийн гэрээ байгуулалгүйгээр иргэнийг авч ажиллуулсан, улмаар 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Б/109 дугаартай тушаал гаргаж Ш.Дыг ажлаас халсан байна.

Шүүх дараах үндэслэлээр ажил олгогчийн шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзлээ.

Ажил олгогч нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр, Ш.Дыг ажлаас чөлөөлөх тухай Б/109 дугаар тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан, ажлаас чөлөөлөх үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй байх тул ажил олгогчийн шийдвэр хуульд үндэслэгдээгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэл бий болсон нөхцөлд, тухайн тохиолдолд хамаарах хуулийн зохицуулалтыг үндэслэж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох эрхийг ажил олгогчид зөвшөөрсөн байна.

Түүнчлэн ажил олгогч нь хөгжмийн багш Ш.Дыг заах арга, ур чадварын хувьд хангалтгүй, ажиллах хугацаандаа хүүхдэд олгогдох хөгжмийн чадамжийг бүрэн эзэмшүүлээгүй, багшийн ёс зүй, харилцааны доголдолтой гэх үндэслэлүүдийг шийдвэртээ дурджээ. Эдгээр үндэслэлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4-т заасан үндэслэлүүдэд хамаарах боломжтой хэдий ч энэ нь ажил олгогчийн шийдвэрийг мөн л зөвтгөх үндэслэл болохгүй юм. Учир нь, ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй гэж үзсэн бол мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй юм. Ажил олгогч энэ үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч талаас, ажилтныг мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй гэж үзсэн нь хавтаст хэрэгт авагдсан Хөгжим, биеийн тамирын багшийн 9, 10, 11 дүгээр сарын үйл ажиллагаанд тавьсан хяналт баримтаар тогтоогдоно гэх боловч уг баримтуудыг үндэслэн ажилтныг мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй гэж үзэх боломжгүй байна. Учир нь, ажилтны мэргэжил ур чадварыг үнэлэх ажил олгогчийн шалгуур нь байнга хэрэглэгдэх шинжтэй, үнэлэх аргачлал тодорхой, өөрөөр хэлбэл шалгах үзүүлэлтүүд болон үнэлгээ өгөх аргачлал нь ажиллагсадад тодорхой, ил тод байх ёстой юм. Энэ тохиолдолд ажилтныг шалгаж буй ажил олгогчийн шалгуур үзүүлэлтийг шударга гэж үзнэ. Гэтэл ажил олгогч нь ажилтны хийж гүйцэтгэсэн ажлыг 0-5 хүртэлх оноогоор үнэлэхдээ ямар ажилд 0 оноо өгөх, ямар үед 2 эсхүл 3, 4 ,5 оноогоор үнэлэх нь тодорхой бус байна.

Түүнчлэн ажил олгогч нь М.Э, Ш.Д, Ц.Ж гэх 3 багшийн ажлын үзүүлэлтийг 9, 10, 11 дүгээр сард тусд нь хянаж, нэгдсэн үнэлгээгээр багш Ц.Ж болон нэхэмжлэгч Ш.Д нар нь эдгээр саруудад F гэх үнэлгээ авсан байна. Хариуцагч талаас, F үнэлгээг хангалтгүй гэж үздэг, ажлаас халах үндэслэл болдог хэмээн тайлбарлах боловч ижилхэн хангалтгүй үнэлгээ авсан 2 ажилтны нэгийг ажлаас чөлөөлсөн, нөгөөг чөлөөлөөгүй байгаа нь ойлгомжгүй байна.

Ажил олгогч нь дээрх нөхцөл байдлыг үндэслэл бүхий байдлаар тайлбарлаж чадахгүй бол түүнийг, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлал, давуу байдал тогтоохыг хориглосон хэм хэмжээг зөрчсөн гэж үзэхэд хүрнэ.

Ажил олгогч нь ажилтныг ... ёс зүй, харилцааны доголдолтой ... гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлд хамаарч болох талаар дээр дурдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт: Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нөхцөлд ажил олгогч хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож болохоор хуульчилжээ. Ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах үүргээ биелүүлээгүй тул хуулийн энэ хэсэгт заасан ...хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил...-ийн тухай ойлголт байхгүй болно.

Хариуцагч талаас, ажилтан Ш.Дыг 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс хойш ажилдаа ирэлгүй хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргасан хэмээн тайлбарлаж, Цагийн бүртгэл баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ баримтад нэхэмжлэгчийг оруулаад нийт 25 ажилтны цагийн бүртгэл тэмдэглэгджээ. Цагийн бүртгэл-д 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс хойшхи хугацааны ирц бүртгэгдээгүй, бүртгэлийн хуудас бүрт 2017 он 12 сар 01 өдөр гэх огноо бичигдсэн зэрэг нь эргэлзээтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байдаг.

Түүнчлэн ажилтны үргэлжилсэн ажил таслалт нь хөдөлмөрийн сахилгын нэг удаагийн зөрчил мөн боловч үүнийг давтан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй. Харин Хөдөлмөрийн гэрээнд энэ талаар тохиролцож тусгасан бол ноцтой зөрчил гэж үзэх боломжтой.

Дээр дурдсанаар ажилтныг ажлаас халсан ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй байх тул ажилтны зүгээс, өмнө эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг шаардах эрхтэй юм. Гэвч нэхэмжлэгч нь зөвхөн ажилгүй байсан хугацааны олговор нэхэмжилсэн, тухайлбал 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр /ажил олгогч 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөр дуусгавар болгохоор шийдвэрлэсэн/-өөс 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлхи хугацааны олговор шаардсан тул энэ хэмжээнд маргааныг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасантай нийцэх юм.

Нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагч байгууллагад хөгжмийн багшаар ажиллаж байхдаа 1 сард 535.286 төгрөгийн цалин авдаг байсан талаар талууд маргаагүй тул 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 5 сар 8 хоногийн хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2.875.606 төгрөг /535.286:ажлын 21,5 хоног=24.897төгрөг, 24.897*ажлын 8 хоног=199.176 төгрөг, 199.176+5 сарын цалин 2.676.430 төгрөг/-ийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь дээрх хугацаанд өөр байгууллагад хөдөлмөр эрхэлж байсан нь талуудын тайлбараар тогтоогдох боловч энэ нь ажил олгогчийн хууль бус шийдвэрийн улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх /олговор гаргуулах/ ажилтны эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлыг ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор шүүхэд гаргах ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т: Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй. гэж заасан байна. Харин ажил олгогч нь өнгөрсөн хугацаанд ажилтныг ажлаас чөлөөлсөн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/109 дугаар тушаалыг ажилтанд гардуулж өгөөгүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Энэ тохиолдолд ажилтныг гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Ц дугаар цээс 2.875.606 төгрөгийг гаргуулан Ш.Дд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16.700 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ш.Дд олгож, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Ц дугаар цээс 62.154 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ХИШИГБААТАР