Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2019/00720

 

 

 

 

МБ-ны нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 16ы өдрийн 184/ШШ2018/02818 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч МБ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч ТП- ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 725 574 586.74 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай,

Зээлийн болон барьцааны 17 гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 2 285 160 944.26 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Намхай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бат, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дэлгэрхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ТП-" ХХК нь 2005 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Анод банктай 06050018 дугаартай зээлийн гэрээ байгуулан 1 000 000 ам.долларыг, 24 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэй зээл авахаар тохиролцсон. Зээлийн гэрээний хугацаа 2007 оны 3 дугаар сарын 4-ний өдөр дууссан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй. Гэрээний хугацаанд үндсэн зээл 494.32 ам.доллар, зээлийн хүүнд 209 607.54 ам.доллар төлсөн. Мөн 2005 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Анод банктай 06050019 дугаартай зээлийн гэрээ байгуулан 944 480 ам.долларыг, 24 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэй зээлж, гэрээний хугацаанд үндсэн зээлээс 174 012 ам.доллар, зээлийн хүүнд 196 243.97 ам.доллар төлсөн, гэрээний хугацаа 2007 оны 3 дугаартай сарын 4-ний өдөр дууссан боловч төлбөрөө төлөөгүй. ТП-" ХХК-д холбогдох дээрх 2 зээлтэй холбоотой 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Анод банкны удирдлагуудад холбогдох эрүүгийн 20847323 дугаартай хэрэгт хамтатган шалгаж байгаад Нийслэлийн Прокурорын газраас 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 211 дугаар прокурорын тогтоолоор ТП- ХХК-ийн гомдол бүхий хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн шүүх 2013 оны 1 дүгээр сарын 7-10 10-ны өдрүүдэд хэлэлцэж шийтгэх тогтоол гаргасан. Уг шийтгэх тогтоолыг 2013 оны 2 дугаар сарын 21-ний өдөр гардан авсан тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Зээлдэгчийн зээлийн өрийн үлдэгдэл 2013 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 06050018 дугаартай гэрээний үлдэгдэл үндсэн зээл 999 505.68 ам.доллар, зээлийн хүү /2007.01.31-ний өдрийг хүртэл/ 153 059.13 ам.доллар, нийт 1 152 564.81 ам.доллар, 06050019 дугаартай гэрээний хувьд үндсэн зээл 770 467.93 ам.доллар, зээлийн хүү /2007.01.31-ний өдрийг хүртэл/ 18 624.11 ам.доллар, нийт 889 092 ам.доллар байна. Банк нь Иргэний хуулийн 453 дугаартай зүйлийн 453.1, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэг, 06050018, 06050019 дугаартай зээлийн гэрээний 2.5 дах заалтыг тус тус үндэслэн зээлийн үндсэн өр, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүнд нийт 2 041 656.85 ам.доллар буюу 2013 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн МБ-ны албан ёсны ханш 1 ам.доллар 1 402.15 төгрөгөөр тооцоход нийт 2 862 709 152.23 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж 06050018, 06050019 дугаартай барьцааны гэрээ байгуулан хавсралтад заасан ТП-" ХХК-ийн өмчлөлийн нэр бүхий 8 815 492 449 төгрөгийн үнэлгээ бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, шатахуун, үндсэн хөрөнгө, барааны төлбөр авах эрх, ашигт тусгай зөвшөөрлийн гэрчилгээг барьцаалан эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулсан болно.

  МБ- нь Анод банк ХК дах банкны эрх хүлээн авагчтай байгуулсан Шаардах эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу ТП-" ХХК-д гадаад валютаар олгосон зээл, хүүгийн төлбөрийг 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн МБ-ны албан ёсны ханшаар тооцож хүлээн авсан. Иймд 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 06050018 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 1 152 564.81 ам.доллар, 06050019 дугаартай зээлийн гэрээний үүрэгт  889 092 ам.доллар, нийт 2 041 656.85 ам.доллар буюу 3 725 574 586.74 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ТП-" ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анод банк 2003 онд ТП- ХХК-ийн нэр дээр нийт 8 удаагийн үйлдлээр 4.9 тэрбум төгрөг, 2004 онд 6.105,0 мянган ам.долларын хийсвэр зээл гаргаж үүнээс 5.050 мянган ам.долларыг хадгаламжид байршуулах нэрээр бэлнээр гаргаж авч байсан. Анод банк 2005 оны 3 дугаар сард 2003-2004 онуудад хийж байсан хууль бус үйлдлээ давтан 2005 оны 3 дугаар сарын 4-7-ны өдрийн хооронд 06050018 ба 06050019 дугаартай зээлийн 1.944 мянган ам.долларын зээл гаргасан нь биднийг зээлийн үлдэгдэлтэй харагдуулж байгаа юм. Уг зээлийг аккредитивийн төлбөр ба аккредитивийн шимтгэлийн төлбөрт суутгаж авсан байсан. 2005 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар ТП- ХХК-ийн хадгаламжийн үлдэгдэл 1 402.3 мянган ам.доллар байсан бөгөөд уг үлдэгдэл 1 402.3 мянган ам.доллар Самсунг компанийн аккредитивийн төлбөрт төлөгдөх ёстой байтал Анод банк 2003-2004 онд өөрсдийн гаргасан бидэнд шаардлагагүй зээлийн үлдэгдлийг хаасан. 2005 оны 3 дугаар сарын 4-7-ны өдрийн 06050018 ба 06050019 дугаартай зээлийн гэрээгээр гаргасан 1 944 480 ам.доллараас 1 000 000 ам.долларыг манай компанийн харилцах дансаар дамжуулан Самсунгийн аккредитивийн төлбөрт шилжүүлсэн. Харин үлдсэн 944 480 ам.долларыг Э.Цэрэндаш бэлэн авч 603 718 ам.долларыг аккредитивийн шимтгэлийн төлбөрт Анод банк авсан, үлдсэн 340 762 ам.долларыг өмнөх гаргаж байсан хийсвэр зээлийн төлбөрт авсан гэсэн тайлбар өгсөн. Хэрэв Анод банк хадгаламжид мөнгө байршуулах нэрээр хуурамч зээл гаргаагүй, ТП- ХХК худалдааны эргэлтээс чөлөөлөгдсөн мөнгөөр хадгаламжаа бүрдүүлсэн бол дээрх 1.7 сая ам.долларын зээлийн үлдэгдэл үүсэхгүй. Өөрөөр хэлбэл, Анод банк ба Самсунгид зээл болон аккредитивийн давхар хүү төлөхгүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөгч П.Бат шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Банкны үйл ажиллагаа нь харилцагчдын итгэл дээр тулгуурлаж байдгийг ашиглан 2003-2005 онд буюу төсөл хэрэгжиж байх үед Анод банк нь манай компанийн итгэлийг ашиглан зөвшөөрөлгүй, шаардлагагүй 9.28 сая ам.долларын хийсвэр зээлийг манай харилцахаар дамжуулан бэлнээр гарган авсныхаа хойно гэрээ хэлцэл, бичиг баримтыг хийдэг байсан. Хуурамчаар гаргасан зээл болон зээлийн хүүний төлбөрт гэх мөнгийг ямар ч зөвшөөрөлгүй харилцах данснаас гаргадаг байсан. Түүний нэг нь манай харилцах дансаар дамжуулан болон дамжуулалгүй бэлэн мөнгө гаргаж, банкаас манай төсөлд хяналт тавьж байсан төслийн зохицуулалтад 2 дугаар гарын үсэг зурдаг байсан Э.Цэрэндашид олгож байсан юм.

Манай нэрээр гаргасан зээлүүдийг хадгаламжид байршуулж байна гэх нэрийдлээр дамжуулан Гүн төгөл ХХК-д байршуулж уг мөнгөөр банк өөрсдийн хүссэн гүйлгээгээ хийж зарцуулж байсан. Өөрөөр хэлбэл, Анод банкны активыг өсгөх үйлдэл хийн 1 мөнгийг 3 хэлбэрээр цаасан дээр тусган хуурамчаар 3 дахин өсгөдөг байсан нь эдийн засагч нарын шинжилгээ судалгаагаар тогтоогдож байна. Банкны удирдлагууд Э.Цэрэндашийг манай төслийн хянагчаар тавьж дансны гүйлгээнд 2 дугаар гарын үсэг зуруулахыг шаардан, банктай тооцоо нийлж байх эрхийг өгсөн ба 2005 оны эхээр эрх бүхий этгээд аккредитивийн шимтгэл, өмнөх зээлийн тооцоо нийлээд 944 480 ам.доллар байна. Үүнийг нэн даруй төлөхгүй бол дараа дараагийн төсөлд хүндрэл учрах гээд байна гэж шахаж, шаардаж Анод банк ТП- ХХК-ийн хооронд 2005 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 06050019 дугаартай зээлийн гэрээг хийлгэж зээлийг дансанд оруулаад энэ дүнгээр нь Э.Цэрэндаш бэлнээр гаргаж аваад 603.7 мянган ам.долларыг аккредитивийн шимтгэлд төлсөн. 340.7 мянган ам.долларыг өмнөх зээлийн үлдэгдэлд авсан гэсэн тайлбар хэлээд өнгөрч байсан. Гэтэл маргаан болох явцад эдийн засгийн шинжилгээгээр 596 581 ам.долларын шимтгэлийн төлбөрийг илүү төлүүлсэн нь гарч ирсэн. Өмнөх зээлийн үлдэгдэл гэж хэлсэн 340.7 мянган ам.доллар нь манайхтай албан ёсоор гэрээ хийгээгүй, компанийн эрх бүхий этгээд Монгол улсад байхгүй байхад болон банкны удирдлагууд Э.Цэрэндаштай ТП- ХХК-ийг төлөөлүүлэн хийсэн гэрээнээс үүссэн тооцооны үлдэгдэл байна.

Иймд 2005 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Анод банк болон ТП- ХХК-ийн хооронд байгуулсан 06050018 дугаартай зээлийн гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд, 06050019 дугаартай зээлийн гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1, 58.3.2-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тус тус тооцуулах, ТП-" ХХК-иас аккредитивийн үйлчилгээний шимтгэлийг илүү тооцож, харилцах данснаас суутган авсан болон зээл үүсгэн бэлнээр гаргасан авсан 596 581 ам.доллар буюу 853 564 231.56 төгрөг /2013.04.28-ны ам.долларын ханш 1 430.76 төгрөг/, өөрийн давуу байдлаа ашиглан 06050018 ба 060500019 дугаартай хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн зээл, зээлийн хүүний төлбөрт гэх нэрээр 2005 онд 162 744.94 ам.доллар, 2006 онд 417 118.65 ам.долларыг ТП- ХХК-ийн данснаас суутган авсан нийт 579 863.59 ам.доллар буюу 829 645 630.03 төгрөг, аккредитивийн үйлчилгээний шимтгэлд илүү тооцож төлүүлсэн 596 581 ам.долларыг манай компанийн нэр дээр зээл үүсгэн харилцах данснаас бэлэн гарган авсан, уг зээлийн хүү нэрээр суутган төлүүлсэн 125 043 ам.доллар буюу 178 906 522.68 төгрөг, суудлын автомашины үнэ ТП- ХХК өөрийн эзэмшлийн бенз 230В маркийн 47-46 УБО улсын дугаартай суудлын машиныг хоёр талын удирдлагуудын ам тохиролцооны дагуу 2006 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Анод банкинд 13 800 ам.доллароор худалдсан. Уг машины төлбөр өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй. Иймд нийт 1 315 287.59 ам.доллар буюу 1 881 860 872.26 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 2003 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 03/714 дугаартай, 2003 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 03/740 дугаартай, 2003 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 00030061 дугаартай, 2003 оны 11 дүгээр сарын 25-ний өдрийн 00030683 дугаартай, 2004 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 00040386 дугаартай, 2004 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 00040475 дугаартай, 2004 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 06040062 дугаартай гэрээнүүдийг Иргэний хуулийн 58 дугаартай зүйлийн 58.3.1, 58.3.2-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Мөн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 2003 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 03/714 дугаартай зээлийн гэрээ, 2003 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 03/740 дугаартай зээлийн гэрээ, 2003 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 0030061 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, 2003 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 00030212 дугаартай зээлийн гэрээ, 2003 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн КП/00030324 дугаартай зээлийн гэрээ, 2003 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 00030304 дугаартай зээлийн гэрээ, 2003 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 00030683 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, 2004 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 00040386 дугаартай зээлийн гэрээ, 2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 00040471 дугаартай зээлийн гэрээ, 2004 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 00040475 дугаартай зээлийн гэрээ, 2004 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 06040028 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, 2004 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 06040062 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, 2004 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 06040073 дугаартай зээлийн гэрээ, 2004 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 06040091 дугаартай зээлийн гэрээ, 2004 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 06040094 дугаартай зээлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1, 58.3.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, шаардлагагүй 14 зээлийн зээлийн гэрээ нэрээр суутган авсан 14 082 077 төгрөг, мөн 193 121 ам.доллар буюу /2016.05.02-ны ханш 2015.41 төгрөг/ нийт 403 300 072 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 2 285 160 944.26 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч МБ-наас шүүхэд ирүүлсэн сөрөг шаардлагад гаргасан тайлбартаа: ...06050018, 06050019 дугаартай зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын хувьд 2005 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Анод банк ХХК болон ТП- ХХК-ийн захирал Р.Пүрэвсүрэн нарын хооронд байгуулагдсан 1 944 480 ам.долларын гэрээ байгуулагдсан, зээл хүссэн зээлдэгчийн хүсэлтийг хүлээн авсан, зээлийг ашигласан, хүүг нь төлж байсан зэргээс үзэхэд гэрээнүүд хүчин төгөлдөр болно. Аккредитивын шимтгэлд илүү төлсөн, түүнд төлсөн хүүгийн төлбөр 721 624 ам.долларын хувьд банкнаас аккредитивын шимтгэлийн төлбөрт тус компанийн данснаас 596 581 ам.долларыг шууд суутган авсан гүйлгээ хийгдээгүй. Харин дээрх 2 зээлийн гэрээний дагуу тус компанийн харилцах данснаас зээл, зээлийн хүүнд 580 036 ам.долларыг төлүүлсэн тул энэ нэхэмжлэл үндэслэлгүй. Анод банкны өмчлөлд Бенз маркийн 47-46 УБО дугаартайтай автомашин байгаа бөгөөд 13 800 ам.долларыг банкинд төлсөн тохиолдолд автомашиныг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй.

  2003-2004 онд Анод банк ХХК болон ТП- ХХК-ийн хооронд зээлийн гэрээнүүд хийгджээ. Эдгээр гэрээнд МБ- оролцоогүй. Банкны тухай хуулийн 5.1-д зааснаар банкны дотоод хэрэгт МБ- оролцдоггүй, гэрээний тал биш байх тул гэрээний үүргийг хариуцахгүй. Банкны тухай хуулийн 5 дугаартай зүйлийн 5.2 дах хэсэгт Банк төрийн хүлээх үүргийг хариуцахгүй, өөртөө тухайлан хүлээгээгүйгээс бусад тохиолдолд банкны хүлээх үүргийг төр хариуцахгүй гэж заасан тул МБ- Анод банкны өмнөөс үүрэг хүлээхгүй. МБ-наас Анод банк ХК-д Төв банк /МБ-/-ны тухай хуулийн 5.4, 19 13, 19.24, 1996 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн Банкны тухай хуулийн 31, 33-36, 37, 38, 381 дугаар зүйлд заасны дагуу 2008 оны 12 дугаар сарын 10-нд албадлагын арга хэмжээ авч, энэ албадлагын арга хэмжээг 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр дээрх хуулийн үндэслэлийн дагуу дуусгавар болгосон. Банкны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дах хэсэгт заасны дагуу МБ- банкны эрх хүлээн авагчийн нийт актив хөрөнгийг худалдан борлуулж дууссан тухай тайланг баталж, нийтэд мэдэгдсэнээр банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болгох үүрэгтэй. Үүний дагуу МБ- 2015 оны 4 дүгээр сарын 6-ны А-66 дугаар тушаалаар банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болсонд тооцож, энэ тухай Өнөөдөр сонины 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр /083 (5477) дугаарт/ нийтэлсэн. Ингэснээр МБ-ны хуулиар хүлээсэн үүрэг оролцоо дээрх ажиллагааг хийснээр дуусгавар болсон. Төв банк /МБ-/-ны болон Банкны тухай хуулиар МБ-ны хүлээсэн үүрэг, оролцоо бол харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг хангах хүрээнд өмнө дурдсан, хуульд заасан ажиллагааг явуулсан. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн тул Анод банк ХК-ийн хүлээх үүргийг хүлээх, эрх залгамжлах хууль зүйн үндэслэлгүй. Түүнчлэн, МБ- нь Анод банк ХК дах иргэд, хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, харилцах дансны үлдэгдлийг тавьж олгоход зориулан Засгийн газартай санамж бичиг байгуулан Анод банк ХК-д их хэмжээний зээл олгосон ба энэ өрийг одоог хүртэл аваагүй. МБ-инд Анод банк ХК-ийн бусдад өгөх өглөгийн үүрэг байхгүй болно.

  Иймд дээр дурдсанчлан ТП- ХХК болон Анод банкны хооронд 2003-2004 онд байгуулагдсан гэрээнд оролцоогүй, үүрэг хүлээгээгүй, банкны хүлээх үүргийг хуулиар хүлээхгүй, МБ-наас харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах үүргээ биелүүлж албадлагын арга хэмжээ авсан, дуусгавар болгосон, МБ-наас томилсон эрх хүлээн авагч хуульд заасан дарааллын дагуу төлбөр барагдуулж, Анод банк ХК-ийн актив хөрөнгө дууссан тул эрх хүлээн авах ажиллагаа дуусгавар болсон зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаартай зүйлийн 453.1-д зааснаар ТП- ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 2 843 231 745.88 төгрөгийг гаргуулан Монгол банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 882 342 840.86 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 58 дугаартай зүйлийн 58.1, 59 дугаартай зүйлийн 56.1, 492 дугаартай зүйлийн 492.1.1-д зааснаар №06050018, №06050019 дугаартай зээлийн гэрээг,

2003 оны 03/714 дугаартай гэрээ, 03/740 дугаартай гэрээ, 00030061 дугаартай гэрээ, 00030683 дугаартай гэрээ, 2004 оны 00040386 дугаартай гэрээ, 00040475 дугаартай гэрээ, 06040062 дугаартай гэрээг,

 

Мөн 2003 оны 00030212 дугаартай гэрээ, КЛ/00030324 дугаартай гэрээ, 00030304 дугаартай гэрээ, 2004 оны 0004047 дугаартай гэрээ, 06040028 дугаартай гэрээ, 06040073 дугаартай гэрээ, 06040091 дугаартай гэрээ, 06040094 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж,

Зээлийн хүү нэрээр үндэслэлгүй суутган авсан төлбөр, аккредитивийн шимтгэл илүү тооцсон төлбөр, автомашины төлбөр, нийт 2 285 160 944.26 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д заасныг баримтлан зээлийн үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 06050018, 06050019 дугаартай барьцааны гэрээний зүйлүүдийг буюу гэрээний хавсралт жагсаалтаар дурдсан шатахуун, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, барааны төлбөр авах эрх, үндсэн хөрөнгө, ашигт малтмал ашиглах лицензи зэргийг дуудлага худалдаагаар албадан худалдаж, худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаартай зүйлийн 58.3-т зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас хариуцагч чөлөөлөгдсөнийг тус тус дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаартай зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаартай зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч ТП- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 14 374 108.73 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бат давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн шаардах эрх шилжих", түүнээс улбаалан шаардах эрх шилжүүлэн авагчийн эрх, үүрэг, шаардах эрхтэй холбоотой үүрэг гүйцэтгэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалах талаарх заалтуудыг буруу тайлбарласнаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх зөвхөн 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан Анод банкны эрх хүлээн авагчаас МБ-инд эрхээ шилжүүлэх тухай гэрээг үндэслэж шийдвэрийн гол үндэслэлийг зөвхөн шаардах эрхийг л шилжүүлсэн мэт тодорхойлсноороо ...өөрийн бүхий л эрх, үүргийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлсэн-ийг бүрхэгдүүлсэн. Үүнээсээ улбаалан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ихээхэн хохирол учруулсан гэж үзэж байна. Жишээ нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болсон 06050018, 06050019 дугаартай зээлийн гэрээ нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 15 гэрээтэй холбоогүй, хоорондоо уялдаагүй мэтээр тайлбарласан явдал юм. Сөрөг нэхэмжлэлд дурдагдаад байгаа 15 гэрээ нь яаж хоорондоо уялдаад байгааг хариуцагчийн зүгээс хангалттай тайлбарласан төдийгүй түүнийг нотолсон баримтууд хэрэгт хангалттай авагдсаныг анхан шатны шүүх дутуу үнэлсэнд гомдолтой байна. Энэ байдлаасаа болж хүчин төгөлдөр бус хэлцлүүдийн улмаас учирсан хохирлыг мөн үл хэрэгссэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт МБ-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна

 

Нэхэмжлэгч МБ- хариуцагч ТП- ХХК-д холбогдуулан 06050018, 06050019 дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 3 725 574 586.74 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2005 онд байгуулагдсан 06050018, 06050019 дугаартай зээлийн гэрээ болон 2003, 2004 онд байгуулагдсан зээлийн болон барьцааны 15 гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, зээлийн хүү нэрээр үндэслэлгүй суутган авсан төлбөр, аккредитивийн шимтгэл илүү тооцсон төлбөр, автомашины төлбөрт нийт 2 285 160 944.26 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

  

Анод банк нь ТП- ХХК-тай 2005 оны 3 дугаар сарын 4ий өдөр байгуулагдсан 06050018 дугаартай зээлийн болон барьцааны гэрээний дагуу 1 000 000 ам.долларыг, 24 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэй зээлсэн, мөн 2005 оны 3 дугаар сарын 4-ний өдөр байгуулагдсан 06050019 дугаартай зээлийн болон барьцааны гэрээгээр 944 480 ам.долларыг, 24 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар шатахуун, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, барааны төлбөр авах эрх, үндсэн хөрөнгө, ашигт малтмал ашиглах лицензи зэргийг барьцаалсан үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. /1 х.х-ийн 5-35, 118 дугаар тал/

 

МБ-ны ерөнхийлөгчийн 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 668 дугаар тушаалаар томилогдсон Анод банк ХК дах банкны эрх хүлээн авагч нь /1 хх-ийн 45-47, 50, 51 дүгээр тал/ 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 40/2014ЭХА-528 дугаартай Шаардах эрх шилжүүлэх гэрээ-гээр 2005 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 06050019, 06050018 дугаартай зээлийн болон барьцааны гэрээний дагуу үүссэн шаардах эрхийг тус тус холбогдох материалын хамт шинэ үүрэг гүйцэтүүлэгч болох МБ-инд шилжүүлжээ.

 

 

Шинэ үүрэг гүйцэтгүүлэгч МБ- нь эрх шилжүүлэгч болон ТП- ХХК-ийн хооронд байгуулагдсан дээрх гэрээний дагуу үүссэн төлбөр болон барьцааны шаардах эрхийг шилжүүлэн авах, шилжүүлж буй шаардах эрхийг зөвхөн 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээл болон хүү нийт 2 041 656.85 ам.доллар /үндсэн зээл 1 769 973.61 ам.доллар, 271 683.24 ам.долларын хүү/-ын хэмжээнд, зээлийн гэрээнд заасны дагуу тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүү болон үүнтэй холбогдон гарах бусад зардал, мөн барьцааны эрхийн хамт шилжүүлэн авсан байна. / 1 х.хийн 210 дугаар тал/

 

Хариуцагч нь талуудын хооронд 2005 оны 3 дугаар сарын 4-нд байгуулагдсан 06050018 дугаартай хэлцлийг банк хууран мэхэлж хийсэн, 06050019 дугаартай хэлцлийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн гэж маргажээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч ТП- ХХК-ийн 1 900 000 ам.долларын зээл хүссэн өргөдөл, зээлийн үүргийг гүйцэтгэж байсан дансны хуулга, нэхэмжлэгчийн 06050018 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлээс 494.32 ам.доллар, зээлийн хүүнд 209 607.54 ам.доллар төлсөн, 06050019 дугаартай зээлийн гээрэний дагуу үндсэн зээлээс 174 012 ам.доллар, зээлийн хүүнд 196 243.97 ам.доллар тус тус төлсөн гэх тайлбараар хариуцагч тал зээлийн гэрээнүүдийг хууран мэхэлсэн, ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэх тайлбар няцаагдсан бөгөөд талууд хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул хуульд заасан журмын дагуу байгуулагдсан дээрх зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.

 

Анод банк, ТП- ХХК-ийн хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа, гэрээний нөхцөл, хүчин төгөлдөр байдлын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Дээрх 2 зээлийн гэрээний дагуу байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасныг зөрчөөгүй.

 

Иймд анхан шатны шүүх дээр 06050018, 06050019 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүүнд нийт 2 041 656.85 ам.доллар /ам.доллор=1 392.61 төгрөг/ буюу  2 843 231 745.88  төгрөгийг хариуцагч Тас петролеум ХХК-иас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч ТП- ХХК 06050018, 06050019 дугаартай зээлийн гэрээний үүргийг шаардсан үндсэн нэхэмжлэлийн шаардлагад харилцан тооцуулах агуулга бүхий сөрөг нэхэмжлэл гаргаж, үндсэн нэхэмжлэл дэх гэрээний үүрэгтэй сөрөг шаардлагын үүргийг холбоотой гэж тодорхойлсон байна.

 

   Нэхэмжлэгч МБ- нь шаардах эрх шилжүүлэх тухай гэрээгээр олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлэн, зөвхөн 2005 оны 3 дугаар сарын 4-ний өдөр байгуулагдсан 06050018, 06050019 дугаартай зээлийн гэрээтэй холбоотой асуудлыг л хариуцах тул шаардах эрх шилжүүлсэн гэрээнд заагдсан нөхцөлөөс бусад асуудал маргаанд МБ- хариуцлага хүлээх боломжгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Тиймээс дээрх гэрээний дагуу түүнд олгогдсон шаардах эрх нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.6 дах хэсэгт заасантай нийцсэн талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч МБ-инд шаардах эрх шилжүүлэх гэрээгээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрх олгогдоогүй тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

 

Түүнчлэн 2005 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 06050018, 06050019 дугаартай зээлийн гэрээний нэг хэсэг болох барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан тул барьцааны гэрээний хавсралтаар жагсааж барьцаалсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

 Харин хариуцагч талын 2005 оны 06050018, 06050019 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас зээл, зээлийн хүүгийн төлбөрт суутган авсан 579 863.59 ам.доллар гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлд тооцогдох шаардлага байх боломжтой боловч тухайн сөрөг шаардлагыг үгүйсгэж буй нэхэмжлэгчийн тайлбар, холбогдох бичмэл нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч ТП- ХХК-ийн дээрх шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны шүүх хариуцагчийн 2003, 2004 оны зээлийн болон барьцааны 15 гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, мөн хугацааны зээлийн үүрэгт үндэслэлгүйгээр суутган авсан төлбөр 403 300 072 төгрөг гаргуулах, аккредитивын шимтгэлд илүү төлсөн 596 581 ам.доллар, түүний хүүнд төлсөн 125 043 ам.доллар гаргуулах, автомашины үнэ 13 800 ам.доллар гаргуулах гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, уг асуудлаар шүүхэд дахин хандахад энэ шийдвэр саад болохгүйг тэмдэглэснийг буруутгах боломжгүй.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2018/02818 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШЗ2019/02525 дугаар захирамжаар хариуцагч ТП- ХХК-ийн давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 14 374 108.73 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

 

Д.БАЙГАЛМАА