Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2018/02818

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2018/02818

Улаанбаатар хот

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Мбанкны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Тп” ХХК /РД:/-д холбогдох

 

3,725,574,586.74 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн болон барьцааны 17 гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 2,285,160,944.26 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дэлгэрхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бат, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Найданжав нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...“ТП" ХХК нь 2005 оны 3-р сарын 04-ний өдөр Абанктай №06050018 тоот зээлийн гэрээ байгуулан 1,000,000 ам.долларыг 24 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэйгээр зээлдэн авахаар тохиролцсон. Зээлийн гэрээний хугацаа 2007 оны 3-р сарын 04-ны өдөр дууссан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй байна. Гэрээний хугацаанд 494.32 ам.доллар, зээлийн хүүнд 209,607.54 ам.доллар төлсөн.

2005 оны 3-р сарын 04-ны өдөр Абанктай №06050019 тоот зээлийн гэрээ байгуулан 944,480 ам.долларыг 24 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэйгээр зээлдэн авсан. Зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлээс 174,012 ам.доллар, зээлийн хүүнд 196,243.97 ам.доллар төлсөн. Гэрээний хугацаа 2007 оны 3-р сарын 04-ний өдөр дууссан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөлгүй банкийг хохироож байна.

“Т П" ХХК-д холбогдох дээрхи 2 зээлтэй холбоотой асуудлаар 2008 оны 12-р сарын 10-ны өдрөөс эхлэн Анод банкны удирдлагуудад холбогдох эрүүгийн 20847323 дугаартай хэрэгт хамтатган шалгаж байгаад Нийслэлийн Прокурорын газраас 2012 оны 5-р сарын 30-ны өдрийн 211 тоот прокурорын тогтоол гарч “Тас Петролеум“ ХХК-ийн гомдол бүхий хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн шүүх 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрүүдэд хэлэлцэж шийтгэх тогтоол гаргасан. Уг шийтгэх тогтоолыг 2013 оны 02-р сарын 21-ний өдөр гардан авсан тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

 

Банк нь Монгол Улсын Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24-р зүйлийн 24.3 дах заалт зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө/, №06050018, 06050019 тоот зээлийн гэрээний 2.5 дахь заалтыг тус тус үндэслэн зээлийн үндсэн өр, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна.

 

Зээлдэгчийн зээлийн өрийн үлдэгдэл 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар №06050018 тоот гэрээний үлдэгдэл үндсэн зээл 999,505.68 ам.доллар, зээлийн хүү /2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл/-153,059.13 ам.доллар, нийт 1,152,564.81 ам.доллар, №06050019 тоот гэрээний хувьд үндсэн зээл 770,467.93 ам.доллар, зээлийн хүү /2007.01.31 хүртэл 18,624.11 ам.доллар, нийт 889,092 ам.доллар.

Иймд нийт 2,041,656.85 ам.доллар буюу 2013 оны 03-р сарын 31-ний өдрийн Монгол банкны албан ёсны ханш 1 ам.доллар 1,402.15 төгрөгтэй тэнцэж байгаа тул нийт 2,862,709,152.23 төгрөгийг “Т п” ХХК-иас гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү.

 

Зээлдэгч нь №06050018, №06050019 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж №06050018, №06050019 тоот Барьцааны гэрээ байгуулан хавсралтад заасан “ТП" ХХК-ийн өмчлөлийн нэр бүхий 8,815,492,449 төгрөгийн үнэлгээ бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, шатахуун, үндсэн хөрөнгө, барааны төлбөр авах эрх, ашигт малтмалын 3808А тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээг тус тус барьцаалан эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулсан. Зээлдэгчийн барьцаа хөрөнгөөс тэргүүн ээлжинд зээлийн төлбөрийг барагдуулах эрхийг хангаж, барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, зээлийн төлбөрийг барагдуулахаар, барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд бусад хөрөнгөөр зээлийн төлбөрийг барагдуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулах хүсэлтэй байна.

 

Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагч нь анх шүүхэд гаргасан нзхэмжлэлдээ зээл, хүүгийн үлдэгдлийг 2013 оны 12-р сарын 06-ны өдрийн байдлаар тусган тухайн өдрийн гадаад валютын ханшаар тооцжээ.

Монгол банк нь Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчтай байгуулсан “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу “ТП" ХХК-д гадаад валютаар олгосон зээл, хүүгийн төлбөрийг 2014 оны 06-р сарын 11-ны өдрийн Монгол банкны албан ёсны ханшаар тооцож хүлээн авсан. Нэхэмжлэлийн дүнд өөрчлөлт ороогүй боловч гэрээгээр хүлээн авах үед гадаад валютын ханш өөрчлөгдсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг  нэмэгдүүлж байна.

М, Абанк ХК дахь банкны эрх хүлээн авагчийн хооронд байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1082014 ЭХА-578 тоот “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”, Иргэний хуулийн 453.1 дэх заалтыг үндэслэн 2014 оны 06-р сарын 11-ны өдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа бөгөөд №06050018 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 1,152,564.81 ам.доллар, №06050019 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 889,092 ам.доллар. Нийт 2,041,656.85 ам доллар буюу 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Монгол банкны албан ёсны ханш 1 ам.доллар 1,824.78 төгрөгтэй тэнцэж байсан тул нийт 3,725,574,586.74 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “ТП" ХХК-иас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ:

...Абанк 2003 онд “Тас петролеум” ХХК-ийн нэр дээр нийт 8 удаагийн үйлдлээр 4.9 тэрбум төгрөг, 2004 онд 6.105,0 мянган ам.долларын хийсвэр зээл гаргаж үүнээс 5.050 мянган ам.долларыг хадгаламжинд байршуулах нэрээр бэлнээр гаргаж авч байсан. Абанк 2005 оны 3 дугаар сард 2003-2004 онуудад хийж байсан хууль бус үйлдлээ давтан 2005 оны 03-р сарын 4-7-ны өдрийн хооронд 06050018 ба 06050019 тоот зээлийн 1.944 мянган ам.долларын зээл гаргасан нь өнөөдөр биднийг зээлийн үлдэгдэлтэйгээр харагдуулж байгаа юм.

Уг зээлийг аккредитивийн төлбөр ба аккредитивийн шимтгэлийн төлбөрт суутгаж авсан байсан. 2005 оны 03-р сарын 01-ний өдрийн байдлаар Тп ХХК-ийн хадгаламжийн үлдэгдэл 1.402,3 мянган ам.доллар байсан. Хадгаламжийн үлдэгдэлд байсан 1402,3 мянган ам.доллар Самсунг компанийн аккредитивийн төлбөрт төлөгдөх ёстой байтал Абанк 2003-2004 онуудад өөрсдийн гаргасан бидэнд шаардлагагүй зээлийн үлдэгдлийг хаасан. 2005 оны 03 дугаар сарын 4-7-ны өдрийн 06050018 ба 06050019 тоот хоёр зээлийн гэрээгээр гаргасан 1.944.480 ам.долларын зээлээс 1 сая долларыг манай компанийн харилцах дансаар дамжуулан Самсунгийн аккредитивийн төлбөрт шилжүүлсэн байдаг. Харин үлдсэн 944.480 ам.долларыг Э.Цэрэндаш бэлэн гаргаж авч 603.718 долларыг нь аккредитивийн шимтгэлийн төлбөрт Абанк авсан, үлдсэн 340,762 ам.долларыг өмнөх гаргаж байсан хийсвэр зээлийн төлбөрт авсан гэсэн тайлбар өгсөн. Хэрэв Абанк хадгаламжинд мөнгө байршуулах нэрээр хуурамч зээл гаргаагүй, Тас петролеум ХХК нь худалдааны эргэлтээс чөлөөлөгдсөн мөнгөөр хадгаламжаа бүрдүүлсэн бол дээрх 1,7 сая ам.долларын зээлийн үлдэгдэл үүсэхгүй байсан. Дээр нь Абанкинд манай компани зээлийн хүү төлөхгүй байх байсан. Өөрөөр хэлбэл Абанк ба Самсунгид зээл болон аккредитивийн давхар хүү төлөхгүй байх байсан. Үүнээс болж бидний томоохон бизнесийн ажлыг А банк үгүй хийсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл байхгүй гэж  үзэж байна.

 

Бид энэ талаар 2007-2008 оноос эхлэн маргаан үүсгэж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шалгуулах, бодит байдлыг тогтоолгохоор Анод банкны удирдлага, банкны ТУЗ-ийн гишүүд, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, УИХ, сүүлдээ Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүртэл хандсаар байсан. Манай гомдол хүсэлтийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн яам асуудлыг судлуулахаар Цагдаагийн ерөнхий газарт гомдлыг шилжүүлсэнээр “Анодын хэрэг” гэгч үүсэж нэлээд хэдэн жил шалгагдаж эцэстээ хэзээ, хэрхэн шийдвэрлэгдсэнийг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой дурджээ. Иймд бид дахин гомдол гаргах эрхтэй болж байх тул сөрөг нэхэмжлэл гаргана.

 

...2005 оны 3-р сарын 04-ний өдөр Анод банк “ТП“ ХХК-ийн хооронд байгуулсан 06050018 тоот “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 2005 оны 03-р сарын 04-ний өдөр Анод банк “ТП" ХХК-ийн хооронд байгуулсан 06050019 тоот “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах,

Абанк ХХК-иас “Т" ХХК-иас аккредитивийн үйлчилгээний шимтгэлийг илүү тооцож харицах данснаас шууд суутган авсан болон зээл үүсгэн бэлнээр гаргаж авсан 596,581 ам.доллар буюу 853,564,231.56 төгрөг /2013.04.28-ий өдрийн Монгол банкны ам.долларын албан ханш 1,430.76 төгрөг/,

Өөрийн давуу байдлаа ашиглан 06050018 ба 060500019 хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн зээл,зээлийн хүүний төлбөрт гэх нэрээр 2005 онд 162,744.94 ам.доллар, 2006 онд 417,118.65 ам.долларыг “ТП“ ХХК-ийн данснаас шууд суутган авсан нийт 579,863.59 ам.доллар буюу 829,645,630.03 төгрөг,

Аккредитивийн үйлчилгээний шимтгэлд илүү тооцож төлүүлсэн 596,581 ам.долларыг манай компанийн нэр дээр зээл үүсгэн харилцах данснаас бэлэн гарган авсан. Уг зээлийн хүү нэрээр шууд суутган авч төлүүлсэн 125,043 ам.доллар буюу 178,906,522.68 төгрөг,

 

Суудлын авто машины үнэ “ТП“ ХХК нь өөрийн эзэмшлийн “Бенз 230В” маркийн 47-46 УБО улсын дугаартай суудлын машиныг хоёр талын удирдлагуудын ам тохиролцооны дагуу 2006 оны 01-р сарын 09-нд Анод банкинд 13,800 ам.доллароор худалдсан. Уг машины төлбөр өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байгаа.

Нийтдээ 1,315,287.59 ам.доллар буюу 1,881,872.26 төгрөгийг гаргуулна.

 

2014 оны 12-р сарын 05 өдрийн сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

...Банкны үйл ажиллагаа нь харилцагчдын итгэл дээр тулгуурлаж байдгийг ашиглан 2003-2005 онд буюу төсөл хэрэгжиж байх үед Анод банк нь манай компанийн итгэлийг ашиглан ямар ч зөвшөөрөлгүй, шаардлагагүй 9.28 сая ам.долларын хийсвэр зээлийг нэг л мэдэхэд манай харилцахаар дамжуулан бэлнээр гарган авсныхаа хойно гэрээ хэлцэл, бичиг баримтыг нь хийдэг байсан. Хуурамчаар гаргасан зээл болон зээлийн хүүний төлбөрт гэх мөнгийг мөн ямар ч зөвшөөрөлгүйгээр харилцах данснаас гаргаад авдаг байсныг өмнөх сөрөг нэхэмжлэлдээ дурдаж байсан. Түүний нэг нь манай харилцах дансаар дамжуулан болон дамжуулалгүйгээр бэлэн мөнгө гаргаждэр үед банкаас манай төсөлд хяналт тавьж байсан манай төслийн зохицуулалтад 2-р гарын үсэг зурдаг байсан Э.Цэрэндашид олгож байсан юм.

Манай нэрээр гаргасан зээлүүдийг “хадгаламжинд байршуулж байна” гэх нэрийдлээр дамжуулан “Гүн төгөл” ХХК-д байршуулж уг мөнгөөр банк өөрсдийн хүссэн гүйлгээгээ хийж зарцуулж байсан.Өөрөөр хэлбэл Анод банкны активыг өсгөх үйлдэл хийн 1 мөнгийг 3 хэлбэрээр цаасан дээр тусган хуурамчаар 3 дахин өсгөдөг байсан нь эдийн засагч нарын шинжилгээ судалгаагаар тогтоогдож байна. Банкны удирдлагууд Э.Цэрэндашийг манай төслийн хянагчаар тавьж дансны гүйлгээнд 2-р гарын үсэг зуруулахыг шаардан, банктай тооцоо нийлж байх эрхийг өгсөн ба 2005 оны эхээр эрх бүхий этгээд  Аккредитивийн шимтгэл,өмнөх зээлийн тооцоо нийлээд 944.480 ам.доллар байна. Үүнийг нэн даруй төлөхгүй бол дараа дараагийн төсөлд хүндрэл учрах гээд байна гэж шахаж, шаардаж Анод банк “Тас Пе” ХХК-ийн хооронд 2005 оны 03-р сарын 04-ний өдрийн 06050019 тоот зээлийн гэрээг хийлгэж зээлийг дансанд оруулаад энэ дүнгээр нь Э.Цэрэндаш бэлнээр гаргаж аваад 603.7 мянган ам.долларыг нь аккредитивийн шимтгэлд төлсөн. 340.7 мянган ам.долларыг өмнөх зээлийн үлдэгдэлд авсан гэсэн тайлбар хэлээд өнгөрч байсан байна.

 

Гэтэл маргаан болж байх явцад эдийн засгийн шинжилгээгээр 596.581 ам.долларын шимтгэлийн төлбөрийг илүү төлүүлсэн байгаа нь гарч ирсэн юм. Өмнөх зээлийн үлдэгдэл гэж хэлсэн 340.7 мянган ам.доллар нь ч манайхтай албан ёсоор гэрээ хийгээгүй, компанийн эрх бүхий этгээд Монгол Улсад байхгүй байхад болон банкны удирдлагууд Э.Цэрэндаштай “Т” ХХК-ийг төлөөлүүлэн хийсэн гэрээнээс үүссэн тооцооны үлдэгдэл байсан байна. Иймд

  • 2003 оны 08-р сарын 26-ны өдрийн №03/714 тоот гэрээ,
  • 2003 оны 09-р сарын 02-ны өдрийн №03/740 тоот гэрээ
  • 2003 оны 09-р сарын 22-ны өдрийн №00030061 тоот гэрээ
  • 2003 оны 11-р сарын 25-ний өдрийн №00030683 тоот гэрээ
  • 2004 оны 03-р сарын 01-ний өдрийн №00040386 тоот гэрээ
  • 2004 оны 04-р сарын 30-ны өдрийн №00040475 тоот гэрээ
  • 2004 оны 06-р сарын 21-ний өдрийн №06040062 тоот гэрээнүүдийг

Иргэний хуулийн 58-р зүйлийн 58.3.1, 58.3.2-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэсэн шаардлагыг өмнөх шаардлага дээрээ нэмж гаргаж байна.

 

Сөрөг шаардлагад нэгтгэгдсэн шаардлагадаа:

...Манай компани 2003-2004 онуудад Казакстан улсаас нефтийн бүтээгдэхүүн, Швед улсаас уул уурхайн тоног төхөөрөмж импортлох 17.9 сая ам.долларын төслийн ажлыг Бүгд найрамдах Солонгос улсын Самсунг корпорацийн санхүүжилтээр хэрэгжүүлж уг төслийн мөнгөний эргэлтийг зөвхөн Анод банкаар дамжуулан гүйцэтгэж байсан.

 

Тухайн үед Анод банкны зүгээс төслийн хянагч, зохицуулагч буюу төлөөлөгчөөр Э.Цэрэндашийг оролцуулах шаардлага тавьж “Хамтран ажиллах гэрээнд тусгаж, энэ хяналтыг хэрэгжүүлэхийн тулд “Тп” ХХК-ийн худалдаа эрхэлсэн захирал, Анод банкнаар дамжуулан хийгдэх бүхий л гүйлгээнд хоёрдугаар гарын үсэг зурах эрх бүхий этгээдээр түүнийг томилон ажиллуулсан. Гэтэл энэ хугацаанд Анод банк банкны үйл ажиллагаа нь харилцагчдын итгэл тулгуурлаж байдгийг ашиглан 2003-2005 онд буюу төсөл хэрэгжиж байх үед манай компанийн итгэлийг ашиглан ямар ч зөвшөөрөлгүй, шаардлагагүй 5,4 тэрбум төгрөг ба /5.575.000 ам.доллар/ “хийсвэр” зээлийг манай харилцахаар дамжуулан зээлээр гарган авсныхаа хойно гэрээ хэлцэл, бичиг баримтыг нь хийдэг байсан, хуурамчаар гаргасан зээл болон зээлийн хүүний төлбөрт гэх мөнгийг мөн ямар ч зөвшөөрөлгүйгээр харилцах данснаас татаад авдаг байсан нь банк манайх хоёрын дунд үүссэн маргааныг эхлүүлсэн. Манай нэрээр гаргасан шаардлагагүй зээлүүдийг “Аккредитивийн эргэн төлөлтийн эх үүсвэрийн хадгаламж хэлбэрээр урьдчилан байршуулж байна” гэх нэрийдлээр дамжуулан “Гүн төгөл” ХХК-д байршуулж уг мөнгөөр банк өөрсдийн үүссэн гүйлгээгээ хийж зарцуулж байсан, өөрөөр хэлбэл “Анод” банкны активыг өсгөх үйлдэл хийн 1 мөнгийг 3 хэлбэрээр цаасан дээр тусган хуурамч гүйлгээ хийж байсан нь эдийн засагч нарын шинжилгээ, судалгаа болон манай компанийн хүсэлтээр Монгол банкнаас Анод банкинд хийгдсэн шалгалтаар тогтоогдсон. 2003-2004 оны хооронд Анод банк нийт 15 зээлийн гэрээг манай байгууллагын нэр дээр хийж үүнд хүү төлүүлсэн. Эдгээр шаардлагагүй зээл гаргаад буцаад хүү, үндсэн төлбөрийг суутгаж авч байснаас үүдэлтэй бидэнд 1 тэрбум гаруй төгрөгийн үргүй зардал гарч их хэмжээний хохирол амссан. Иймд

  • 2003 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №00030212 тоот зээлийн гэрээ
  • 2003 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн КП/00030324 тоот зээлийн гэрээ,
  • 2003 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №00030304 тоот зээлийн гэрээ,
  • 2004 оны 4 дүгээс сарын 21-ний өдрийн №0004047 тоот зээлийн гэрээ,
  • 2004 оны 5 дугаар сарын 28-нь өдрийн №06040028 тоот зээлийн болон барьцааны гэрээ,
  • 2004 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №06040073 тоот зээлийн гэрээ,
  • 2004 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн №06040091 тоот зээлийн болон барьцааны гэрээ,
  • 2004 оны 7 дугаар сарын 19-ний өдөр №06040094 тоот зээлийн, болон

барьцааны гэрээнүүдийг Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 58.3.1, 58.3.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож,

Анод банкны Тас петролеум ХХК-ийн нэр дээр гаргасан зээлийн хүүнд суутган авсан 403.300,072 төгрөгийг Монгол банкаар төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Нэхэмжлэгч Монгол банкнаас шүүхэд ирүүлсэн сөрөг шаардлагын хариу тайлбартаа:

...№06050018, 06050019 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын хувьд 2005 оны 3 сарын 4-ний өдөр Анод банк, ТП ХХК-ийн захирал Р.Пүрэвсүрэн нарын хооронд байгуулагдсан 1,944,480 ам.долларын гэрээ байгуулагдсан, зээл хүссэн зээлдэгчийн хүсэлтийг хүлээн авсан, зээлийг ашигласан, хүүг нь төлж байсан зэргээс үзэхэд гэрээнүүд хүчин төгөлдөр болно. Аккредитивын шимтгэл илүү төлсөн, түүнд төлсөн хүүгийн төлбөр нийт 721,624 ам.долларын хувьд банкнаас аккредитивын шимтгэлийн төлбөрт тус компанийн данснаас 596,581 ам.долларыг шууд суутган авсан гүйлгээ огт хийгдээгүй. Харин дээрх 2 зээлийн гэрээний дагуу тус компанийн харилцах данснаас зээл, зээлийн хүүнд 580,036 ам.долларыг төлүүлсэн байдаг тул энэ нэхэмжлэл үндэслэлгүй. Абанкны өмчлөлд Бенз маркийн 47-46 УБО дугаартай автомашин байгаа бөгөөд 13,800 ам.долларыг банкинд төлсөн тохиолдолд автомашиныг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй.

 

2003-2004 онд АХХК болон Тп ХХК-ийн хооронд зээлийн гэрээнүүд хийгджээ. Эдгээр гэрээнд к оролцоогүй. Банкны тухай хуулийн 5.1-д зааснаар банкны дотоод хэрэгт Монгол банк оролцдоггүй, гэрээний тал биш байх тул гэрээний үүргийг хариуцахгүй. Банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Банк төрийн хүлээх үүргийг хариуцахгүй, өөртөө тухайлан хүлээгээгүйгээс бусад тохиолдолд банкны «хүлээх үүргийг төр хариуцахгүй” гэж заасан тул Монгол банк Анод банкны өмнөөс  үүрэг хүлээхгүй.

 

Монгол банкнаас Анод банк ХК-д Төв банк /Монгол банк/-ны тухай хуулийн 5.4, 19 13, 19.24, 1996 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Банкны тухай хуулийн 31, 33-36, 37, 38, 381 дугаар зүйлд заасны дагуу 2008 оны 12 дугаар сарын 10-нд албадлагын арга хэмжээ авч, энэ албадлагын арга хэмжээг 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр дээрх хуулийн үндэслэлийн дагуу дуусгавар болгосон. Банкны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 болон 66.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол банк банкны эрх хүлээн авагчийн нийт актив хөрөнгийг худалдан борлуулж дууссан тухай тайланг баталж, нийтэд мэдэгдсэнээр банкны эрх хүлээн звах ажиллагааг дуусгавар болгох үүрэгтэй. Үүний дагуу Монгол банк 2015 оны 4 дүгээр сарын 06-ны А-66 дугаар тушаалаар банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болсонд тооцож, энэ тухай Өнөөдөр” сонины 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн №083 (5477) дугаарт нийтэлсэн. Ингэснээр Монгол банкны хуулиар хүлээсэн үүрэг оролцоо дээрх ажиллагааг хийснээр дуусгавар болсон. Төв банк /Монголбанк/-ны болон Банкны тухай хуулиар Монгол банкны хүлээсэн үүрэг, оролцоо бол харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг хангах хүрээнд өмнө дурдсан, хуульд заасан ажиллагааг явуулсан. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн тул Анод банк ХК-ийн хүлээх үүргийг хүлээх, эрх залгамжлах хууль зүйн үндэслэлгүй болно. Түүнчлэн, Монгол банк нь Анод банк ХК дахь иргэд, хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, харилцах дансны үлдэгдлийг тавьж олгоход зориулан Засгийн газартай Санамж бичиг” байгуулан Анод банк ХК-д их хэмжээний зээл олгосон ба энэ өрийг одоог хүртэл аваагүй байна. Монгол банкинд Анод банк ХК-ийн бусдад өгөх өглөгийн үүрэг байхгүй болно.

 

Иймд дээр дурдсанчлан Тас Петролеум ХХК болон Анод банкны хооронд 2003-2004 онд байгуулагдсан гэрээнд Монгол банк оролцоогүй, үүрэг хүлээгээгүй, банкны хүлээх үүргийг хуулиар Монгол банк хүлээхгүй, Монгол банкнаас харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах хуульд заасан үүргээ биелүүлж албадлагын арга хэмжээ авсан, дуусгавар болгосон, Монгол банкнаас томилсон эрх хүлээн авагч хуульд заасан дарааллын дагуу төлбөр барагдуулж, Анод банк ХК-ийн актив хөрөнгө дууссан тул эрх хүлээн авах ажиллагаа дуусгавар болсон зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Монгол банк нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан №06050018, №06050019 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийт  3,725,574,586.74 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,

“Т” ХХК нь Монгол банкинд холбогдуулан №06050018, №06050019 тоот зээлийн гэрээг,

2003 оны 03/714 тоот гэрээ, 03/740 тоот гэрээ, 00030061 тоот гэрээ, 00030683 тоот гэрээ, 2004 оны 00040386 тоот гэрээ, 00040475 тоот гэрээ, 06040062 тоот гэрээг,

Мөн 2003 оны 00030212 тоот гэрээ, КЛ/00030324 тоот гэрээ, 00030304 тоот гэрээ, 2004 оны 0004047 тоот гэрээ, 06040028 тоот гэрээ, 06040073 тоот гэрээ, 06040091 тоот гэрээ, 06040094 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж,

Зээлийн хүү нэрээр үндэслэлгүй суутган авсан төлбөр, аккредитивийн шимтгэл илүү тооцсон төлбөр, автомашины төлбөр, нийт 2,285,160,944.26 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч сөрөг шаардлагыг мөн бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

 

Нэхэмжлэгч талаас №06050018, №06050019 тоот зээлийн гэрээний үүргийг хариуцагч “Т” ХХК-иас шаарддаг бөгөөд хариуцагчийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нараас шүүхэд гаргасан сөрөг шаардлагууд нь дээрх зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй харилцан тооцогдох боломжтой нэхэмжлэл, ...2003-2004 оны зээлийн гэрээний илүү төлөгдсөн төлбөр болон шаардлагагүй зээл гаргасан асуудал, аккредитивын гэрээ, шимтгэл, хүүгийн маргаан нь 2005 оны №06050018, №06050019 гэрээний үүрэгтэй шууд холбоотой, уг зээлийн эх сурвалж гэх тайлбарыг гаргадаг.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 238 дугаар зүйлд харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох тухай тодорхой заасан, энэ зүйл заалт болон үндсэн, сөрөг нэхэмжлэлүүд харилцан холбоотой, сөрөг хангагдсанаар үндсэн нэхэмжлэл бүхэлдээ, эсхүл зарим хэсэг хэрэгсэхгүй болох уялдаатай бол дээрх сөрөг шаардлагууд нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох боломжтой юм.

 

Хариуцагч талаас 2003, 2004 оны зээлийн болон барьцааны нийт 15 гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, мөн хугацааны зээлийн үүрэгт үндэслэлгүйгээр суутган авсан төлбөр 403,300,072 төгрөг гаргуулах, аккредитивын шимтгэлд илүү төлсөн 596,581 ам.доллар, түүний хүүнд төлсөн 125,043 ам.доллар гаргуулах, автомашины үнэ 13,800 ам.доллар гаргуулах шаардлага нь нэхэмжлэгч Монгол банкинд холбогдуулах, хариуцуулах үндэслэлгүй, нөгөө талаар №06050018, №06050019 тоот зээлийн гэрээний үүрэгт харилцан тооцогдох боломжгүй гэж шүүхээс үзэв.

 

Тодруулбал, дээрх шаардлагууд нь “Т” ХХК, Анод банкын хооронд байгуулагдсан 2003-2004 оны зээлийн болон барьцааны, аккредитивын гэрээний үүргийн маргаан, мөн хариуцагчийн тодорхойлсноор автомашин худалдах худалдан авах гэрээний үүргийн маргаан байх бөгөөд нэхэмжлэгч Монгол банкны хувьд зөвхөн 2005 оны №06050018, №06050019 дугаартай зээлийн болон барьцааны гэрээний эрх, үүрэг, шаардлагыг Анод банкны эрх хүлээн авагчаас шилжүүлэн авсан байдаг.    

 

Нэхэмжлэлийг Анод банкны эрх хүлээн авагчаас анх шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд болох нь Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалуудаар /1 хх 45-47, 50, 51/ тодорхойлогддог ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардах эрхээ Монгол банкинд шилжүүлсэн байна.

 

2014 оны 6 сарын 11-ний өдөр байгуулагдсан Анод банкны эрх хүлээн авагчаас Монгол банкинд шаардах эрхээ шилжүүлэх тухай гэрээнд /1 хх 210, 211/ 1.2-т Шинэ үүрэг гүйцэтгүүлэгч нь эрх шилжүүлэгч болон Тас петролеум ХХК-ийн хооронд байгуулагдсан 2005 оны 3 сарын 4-ний өдрийн 06050019, 06050018 дугаартай зээлийн болон барьцааны гэрээний дагуу үүссэн төлбөр хүлээн авах, барьцааны шаардах эрхийг шилжүүлэх, 2.1-д Шилжүүлж буй шаардах эрхийн хэмжээ 2014 оны 6 сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээл болон хүү нийт 2,041,656.85 ам.доллар, зээлийн гэрээнд заасны дагуу тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад улсын тэмдэгтийн хураамж, нотариатын зардал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой зардал, урамшуулал гэх мэт бусад зардал байна, 2.2-т шаардах эрх шилжүүлж байгаатай холбоотойгоор тус үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож байгуулсан барьцааны эрх мөн хамт шилжинэ, 2.3-т зээлийн болон барьцааны гэрээнд заагдсан өөрийн бүхий л эрх, үүргийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлж байна гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч Монгол банк нь дээрх шаардах эрх шилжүүлэх тухай гэрээгээр олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлэх бөгөөд тухайн гэрээгээр олгогдсон шаардах эрх нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-д “Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно”, 123.6-д “Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ” гэж заасантай нийцэж байна.      

 

Энэхүү гэрээгээр №06050018, №06050019 дугаар бүхий гэрээтэй холбоотой зээлийн эрх, үүргийг бүхэлд нь буюу зээлийн гэрээ хүчин төгөлдөр эсэх, зээлийн эргэн төлөлт, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах, илүү төлөгдсөн бол буцаан төлөх асуудлыг хариуцах бөгөөд шаардах эрх шилжүүлсэн гэрээнд заагдсан нөхцөлөөс бусад асуудал маргаанд Монгол банк хариуцлага хүлээх боломжгүй болно.

 

Иймээс хариуцагч талын 2003, 2004 оны зээлийн болон барьцааны 15 гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, мөн хугацааны зээлийн үүрэгт үндэслэлгүйгээр суутган авсан төлбөр 403,300,072 төгрөг гаргуулах, аккредитивын шимтгэлд илүү төлсөн 596,581 ам.доллар, түүний хүүнд төлсөн 125,043 ам.доллар гаргуулах, автомашины үнэ 13,800 ам.доллар гаргуулах гэсэн сөрөг шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, уг асуудлаар шүүхэд дахин хандахад энэ шийдвэр саад болохгүйг тэмдэглэж байна.    

 

Харин хариуцагч талын 2005 оны №06050018, №06050019 дугаар бүхий зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас зээл, зээлийн хүүгийн төлбөрт шууд суутган авсан 579,863.59 ам.доллар гаргуулах тухай сөрөг шаардлага нь үндсэн нэхэмжлэлд тооцогдох шаардлага байх боломжтой хэдий ч тухайн сөрөг шаардлагыг үгүйсгэж буй нэхэмжлэгчийн талын тайлбар, холбогдох бичмэл нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч “Тас петролеум” ХХК-ийн дээрх шаардлагыг хангах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Тодруулбал, талууд буюу Анод банк, “Тас петролеум” ХХК нь 2005 оны 3 дугаар сарын 4-ний өдөр №06050018 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг, мөн өдөр №06050019 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулсан байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “...зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, 451.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэсэнтэй нийцсэн байх ба тэдний хооронд зээлийн харилцаа үүсчээ. 

 

Хариуцагч “Тас Петролеум” ХХК нь Анод банктай 1,000,000 ам.долларыг 24 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэйгээр зээлэхээр 2005 оны 03-р сарын 04- ны өдөр 06050018 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээлдүүлэгч Анод банк нь зээлийн гэрээний 2.4 дэх хэсэгт зааснаар 1,000,000 ам.долларыг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн, мөн 944.480 ам.долларыг 24 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэйгээр зээлэхээр 2005 оны 03-р сарын 04-ны өдөр 06050019 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, мөн гэрээний 2.4-д заасны дагуу зээлдүүлэгч Анод банк нь 944.480 ам.долларыг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн байх бөгөөд “Т” ХХК нь зээлийн гэрээнд зааснаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр үндсэн зээл болон хүүг төлж дуусгахаар, гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл болон хүүг төлж барагдуулаагүй тохиолдолд, хугацаа хэтэрсэн сар тутамд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг төлөх, зээл болон зээлийн хүүгээ эргүүлэн төлөх үүргээ баталгаажуулж, шатахуун, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, барааны төлбөр авах эрх, үндсэн хөрөнгө, ашигт малтмал ашиглах лицензи зэргийг барьцаалсан, гэрээний дагуу төлөлт хийгдэж байсан болох нь зээлийн болон барьцааны гэрээнүүд, зээл, зээлийн хүү төлөх хуваарь, барьцааны жагсаалт хавсралтууд, 13911 дугаартай мемориалын ордер, Анод банкны тооцоо, Т ХХК-ийн 1,9 сая долларын санхүүгийн эх үүсвэр гаргуулах, зээл хүсэх тухай хүсэлт, Анод банкны зээлийн хорооны хурлын шийдвэр /1 хх 5-35/, /1 хх 118/, гарцаагүй байдлын улмаас зээлийн гэрээ байгуулсан, 1 сая долларыг Самсунгд өгсөн, 900 гаран мянгыг Цэрэндаш авчихсан байсан гэх хариуцагч талын тайлбар, гэрч Меруретийн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

 

Хариуцагч тал нь ...дансандаа хангалттай үлдэгдэлтэй байсан учраас тухайн гэрээг байгуулах шаардлагагүй байсан. Анод Банк эх үүсвэргүй байна, хэдхэн хоногийн дараа хугацаа хэрэгтэй байна. Самсунг руу мөнгө шилжүүлэх боломжгүй байна. Танайх зээл авсан болгоод гэрээ хийж түүнээсээ төлбөр төлсөн хэлбэрээр мөнгийг явуулъя, эх үүсвэр орж ирэнгүүт зээлийг чинь хаана гэж худлаа хэлэн хууран мэхэлж 06050018 дугаартай хэлцлийг хийсэн, мөн 06050019 дугаартай хэлцлийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн, банкны төлөөлөгч Э.Цэрэндашийн ятгалгаар биднийг төөрөгдүүлж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-д нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм бурууг нотлох үүрэгтэйг тодорхойлсны дагуу баримтаар нотлоогүй, хууран мэхэлсэн, ноцтой төөрөгдсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд шатахууны импорт болон гадаад төлбөр тооцооны асуудлаар 1,900,000 ам.долларын зээл хүсэх тухай “Тас петролеум” ХХК-ийн 2005 оны 3 сарын 02-ны өдрийн хүсэлт, зээлийн үүргийг гүйцэтгэж байсан төлбөрийн хуулга, нэхэмжлэгчийн тайлбараар үгүйсгэгдэж байна.

 

Хэлцэл хийгч талуудын хүсэл зориг гэрээнд илэрхийлэгдсэн, энэ нь үйл баримтаар нотлогдож байх тул талуудын хооронд байгуулагдсан дээрх 06050018, 06050019 дугаартай хэлцлүүд хүчин төгөлдөр гэж үзнэ. Нэгэнт маргалдагч талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч “Тас Петролеум” ХХК нь 06050018 тоот, 06050019 тоот зээлийн гэрээгээр авсан үндсэн зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй болно. Энэ үндэслэлээр хариуцагч талын хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас зээл, зээлийн хүүгийн төлбөрт шууд суутган авсан 579,863.59 ам.доллар гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болголоо.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч “Т ХХК-д 06050018, 06050019 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү нийт 2,041,656.85 ам.доллар /1 ам.доллор=1,392.61 төгрөг/ буюу 2,843,231,745.88 төгрөгийг хариуцуулахаар шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь тус шүүхэд 2013 оны 03-р сарын 04-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ зээлийн гэрээний үүрэгт нийт 2.041.656.85 ам.доллар буюу 2,862,709,152.23 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд 2015 оны 01-р сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг 2014 оны 06-р сарын 11-ны өдрийн байдлаар /1 ам.доллар 1824.75 төгрөгтэй тэнцэнэ/ тооцож нийт 3,725,574,586.74 төгрөг болгожээ.

 

Монгол банкнаас нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн хэдий ч 2014 оны 6 сарын 11-ний өдрийн шаардах эрх шилжүүлэх тухай гэрээгээр түүнд олгогдсон шаардах эрхийн хэмжээг 2,041,656.85 ам.доллар гэж тодорхойлсон ба нэхэмжлэлийн шаардлагыг буюу үнийг нэмэгдүүлэх эрх хэмжээ олгогдоогүй гэж үзнэ. Нэхэмжлэл гаргах үед нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн Монгол банкны лавлагаагаар 1 ам.доллар төгрөгтэй харьцах ханш 1,392.61 төгрөг байх тул /1 хх 49/ тухайн ханшаар нэхэмжлэлийн шаардлага болох 2,041,656.85 ам.долларыг төгрөгт шилжүүлэн тооцох нь хуульд нийцнэ. 

Иймээс нэхэмжлэгч Монгол банкны 3,725,574,586.74 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 882,342,840.12 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэл хангагдсан хэмжээнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

2005 оны 03-р сарын 04-ны өдрийн 06050018 тоот, 06050019 тоот зээлийн гэрээний нэг хэсэг болох 06050018, 06050019 дугаартай барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд үндсэн үүрэг хангагдаж байгаатай холбогдуулан үүргийн биелэлтийг хангах, хамгаалах арга биелэгдэх учиртай.

Барьцааны гэрээгээр зээлдэгч тал нь Зэвсэгт хүчний 314 дүгээр анги, Хөвсгөл трейд, Эрэл, Монгаз Ойл ХХК-ийн шатахууны агуулахад буй 3,757,935 төгрөгийн үнэ бүхий шатахуун, Улаанбаатар импекс, Тас петролеум ХХК, Бороо гоулд ХХК-д байх 2,289,462,218 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, 1,468,635,231 төгрөгийн барааны төлбөр авах эрх, Тас петролеум ХХК-ийн 1,000,000,000 төгрөгийн үнэ бүхий байр, Төв аймгийн заамар суман дахь 300,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий лицензи зэргийг хавсралтаар жагсааж барьцаалсан байна. Эдгээр барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах тухай нэхэмжлэгч талын шаардлага хуулийн үндэслэлтэй байх тул барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Талуудаас хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн талаар тайлбар гаргадаг хэдий ч Анод банкны удирдлагуудад холбогдуулан эрүүгийн хэрэг 2008 онд үүссэн, уг эрүүгийн хэрэгт дээрх гэрээний талаар хариуцагч талаас гомдол гаргаж байсан, 2012 онд Тас петролеум ХХК-д хохирол учруулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон, 2013 онд Анод банкны эрх хүлээн авагч шүүхэд хандсан болох нь Нийслэлийн прокрорын тогтоол /1 хх 42, 43/, эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, иргэний нэхэмжлэл, хохирогчоор тогтоосон тогтоол, улсын мөрдөн байцаах газар болон Нийслэлийн прокурорт гаргаж байсан Т ХХК-ийн гомдол хүсэлт /5 хх 196-203/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байх тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 2,843,231.88 төгрөгийг хангаж, барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгүүлэхээр, үлдэх 882,342,840.86 төгрөгийн шаардлагыг болон хариуцагч талын сөрөг шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 4-т заасан бичмэл нотлох баримт эх хувиар, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байх гэсэн шаардлагыг хангаагүй баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар “Т” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 2,843,231,745.88 төгрөгийг гаргуулан Монгол банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 882,342,840.86 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дугаар зүйлийн 56.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар №06050018, №06050019 тоот зээлийн гэрээг,

2003 оны 03/714 тоот гэрээ, 03/740 тоот гэрээ, 00030061 тоот гэрээ, 00030683 тоот гэрээ, 2004 оны 00040386 тоот гэрээ, 00040475 тоот гэрээ, 06040062 тоот гэрээг,

Мөн 2003 оны 00030212 тоот гэрээ, КЛ/00030324 тоот гэрээ, 00030304 тоот гэрээ, 2004 оны 0004047 тоот гэрээ, 06040028 тоот гэрээ, 06040073 тоот гэрээ, 06040091 тоот гэрээ, 06040094 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж,

Зээлийн хүү нэрээр үндэслэлгүй суутган авсан төлбөр, аккредитивийн шимтгэл илүү тооцсон төлбөр, автомашины төлбөр, нийт 2,285,160,944.26 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д заасныг баримтлан зээлийн үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 06050018, 06050019 дугаартай барьцааны гэрээний зүйлүүдийг буюу гэрээний хавсралт жагсаалтаар дурдсан шатахуун, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, барааны төлбөр авах эрх, үндсэн хөрөнгө, ашигт малтмал ашиглах лицензи зэргийг дуудлага худалдаагаар албадан худалдаж, худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас хариуцагч чөлөөлөгдсөнийг тус тус дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 14,374,108.73 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Э.АМИН-ЭРДЭНЭ