Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/02424

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/02424

 

 

 

Б.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/02507 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.М-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 3 650 728 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 7 400 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай зээлсэн. Анх нэхэмжлэл гаргахад зээлийн төлбөрт, 4 315 312 төгрөг, алдангид 2 157 656 төгрөг, нийт 6 472 968 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Гэвч талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 5 580 000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тодорхойлсон тооцоо нийлсэн актыг мэдээгүй. Иймд шаардлагын хэмжээг бууруулж байгаа. Талуудын хооронд амаар болон бичгээр зээлийн гэрээний харилцаа удаа дараа үүсэж байсан. Хариуцагчийн хариу тайлбарт ч мөн энэ тухайгаа хүлээн зөвшөөрсөн. Мөн манай талаас гаргаж өгсөн дансны хуулгаас харж болно. Талууд 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тооцоо нийлэхэд 5 580 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Үүний дараа 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 4 150 000 төгрөг төлсөн. Гэрээний хугацаа 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дууссан гэж үзээд төлөлт хийсэн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 56 хоногийн хугацаа хэтрүүлсэн байх тул 5 580 000 төгрөгийн 1 хоногийн 0,5%-ийн алданги тооцоход 1 562 400 (27 900х56) төгрөгийг суутгасан. Зээлийн үлдэгдлийг 2 992 400 төгрөг дээр алданги 658 328 төгрөгийг нэмэн, 3 650 728 төгрөгийг нэхэмжилж байна. Анх нэхэмжлэл гаргасан 6 472 968 төгрөгийн хэмжээг 2 822 240 төгрөгөөр бууруулж байгаа гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Б.Г-с 5 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай аваад 6 200 000 болгож хугацаандаа өгсөн. Үүний дараа 11 дүгээр сарын 03-ны өдөр 3 000 000 төгрөг зээлж бас 8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төлж дууссан. Нийт 3 720 000 болгож өгсөн. Б.Г надад чи Н.М-д өртэй билүү Н.М-ийнх 10 хувь юм чинь би Н.М-ийн мөнгийг өгчихье чи надад төлөөд яв гэсэн санал хэлсэн. Болох юм бол тэгье гээд 11 дүгээр сарын 16-ны өдөр 4 240 000 төгрөгийг дансаар, 260 000 төгрөгийг бэлнээр аваад нийт 4 500 000 төгрөг болсон. 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэгтгэсэн тооцоо хийж 4 500 000 төгрөг төлөхөөр болж хүү нь 1 080 000 болоод нийт 5 580 000 төгрөг төлөхөөр болсон. Үүнээс бэлнээр 350 000 төгрөгийг төлсөн. Ингээд 02 дугаар сарын 13-ны өдөр дуусах байсныг төлж чадаагүй. 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр нотариатаар орж гэрээ хийх болсон. 4 500 000 төгрөгийн 5 сарын хүү 1 800 000 төгрөг болж 6 300 000 гэрээ хийх үед би 6 300 000 төгрөг төлж чадахгүй, үндсэн мөнгөө л төлье гэхэд за яахав болно гээд гарын үсэг зуруулсан. Гэрээний хугацаа 1 сараар хийгдэж 04 дүгээр сарын 13-ны өдөр дуусах байсныг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр дансаар 4 150 000 төгрөг хийж бэлэн 350 000 төгрөг, нийт 4 500 000 төгрөг болгож өрөө дуусгасан. Б.Г-д үндсэн мөнгийг чинь өгье хүүг нь өгч чадахгүй нь уучлаарай гэхэд за яахав тэг дээ гэсэн хэрнээ хэдэн сарын дараа шүүхэд өглөө гэсэн. Яагаад, чи бид хоёрын бүх тооцоо дууссан гэхэд хүүгийн алданги гээд шүүхэд өгсөн байсан. 7 400 000 төгрөг гэж худал мэдүүлэг өгч хүнээс их хэмжээний мөнгө нэхэж байгааг гайхаж байна. Үүнийг нотлох гэрээ, дансны хуулга байгаа. Иймд үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Д.М-аас 1 095 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-д олгож, үлдэх 2 555 728 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 118 517 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 30 830 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/02507 дугаар шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлд заасны дагуу гомдол гаргаж байна.

Шүүх зохигчдын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 7 400 000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан тооцоо нийлсэн актыг нотлох баримтаар дүгнэсэн. Дээрх тооцоо нийлсэн актаар гэрээг 1 сарын хугацаатай сунгасан бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дуусахаар байсан. Гэрээний хугацаа 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болсон бөгөөд энэ өдрөөс хамгийн сүүлийн төлөлт болох 4 150 000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 09-нд төлсөн бөгөөд энэ хүртлэх өдөр хүртэл нийт 46 өдрийн алданги төлөх ёстой гэж үзэж байна. Энэ нь 5 580 000 нэг өдөрт ногдох алданги нь 27 900 гөгрөг бөгөөд 46 хоногоор үржүүлэхэд 1 283 400 төгрөг болж байна. Д.Мядагмаа хамгийн сүүлд 4 150 000 төгрөгөөс өөр төлөлтийг төлөөгуй бөгөөд бидний гаргаж өгсөн бэлнээр төлсөн гэж тодорхойлсон жагсаалт нь тооцоо нийлсэн актаас өмнөх төлөлт болно. Гэтэл анхан шатны шүүх үүнийг тодруулалгүй ганцхан хариуцагчийн бичгээр гаргаж өгсөн тайлбарыг нотлох баримтаар үнэлэн хэт нэг талыг баримтлан нэхэмжилсэн 700 000 төгрөгнйг хасч тооцсонд гомдолтой байна.

5 580 000 - 4 150 000 = 1 430 000 төгрөг үлдэх бөгөөд эндээс үлдсэн 54 хоногийн алдангийг тооцвол 186 100 /1 өдрийнх-7150/ төгрөг болно.

Дээрхээс дүгнэхэд Д.Мядагмаа нь нийт 3 099 500 төгрөг төлөхөөр байгаа бөгөөд шүүгч алдангийн дүнг тооцоолохдоо хэт нэг талыг барьж хариуцагчид ашигтай буюу гэрээний хугацаанаас биш төлбөр төлснөөс хойш алдангийг бодож шийдвэрлэсэн нь тооцооллын хувьд илэрхий алдаатай болсон.

Шүүхийн шийдвэрийг 2 004 500 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасны дагуу шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Б.Г- хариуцагч Д.М-д холбогдуулан зээлийн үндсэн төлбөрт 4 315 312 төгрөг, алдангид 2 157 656 төгрөг, нийт 6 472 968 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн үндсэн төлбөрт 2 992 400 төгрөг, алдангид 658 328 төгрөг, нийт 3 650 728 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээний дагуу авсан мөнгөө өгсөн, одоо төлөх өр төлбөр байхгүй гэж маргасан байна. /хэргийн 21-22 дугаар тал/

 

Талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 7 400 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлж, төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон байх ба тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 3 дугаар тал/

 

Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч Д.Мд 7 400 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

 

Хариуцагч Д.М нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 5 580 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болох нь талуудын тооцоо нийсэн актаар тогтоогдож байх ба тэрээр тооцоо нийлсэн өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш дансаар 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 4 150 000 төгрөгийг, бэлнээр 2 удаа 350 000 төгрөг, нийт 4 850 000 төгрөгийг төлсөн нь нэхэмжлэгч Б.Г-гийн Хаан банк дахь 5070324754 тоот /хх-14/, Д.М-гийн Хаан банк дахь 5429171699 тоот /хх-53/ харилцах дансны дэлгэрэнгүй хуулгууд, зохигч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч зээлийн төлбөрт 730 000 төгрөг төлөх үүрэгтэй талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Талууд зээлийн гэрээний 2.4-т Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлнө. гэж тохиролцсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас хугацаа хэтрүүлсэн алдангийг шаардах эрхтэй байх бөгөөд хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 730 000 төгрөгийн алданги нь түүний 50 хувиас хэтэрч байх тул алдангийн хэмжээг шүүх 365 000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/02507 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Г-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 022 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

С.ЭНХТӨР