Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2018/02507

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Г-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.М-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 3,650,728 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 7,400,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай зээлсэн. Анх нэхэмжлэл гаргахад зээлийн төлбөрт 4,315,312 төгрөг, алдангид 2,157,656 төгрөг, нийт 6,472,968 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Гэвч талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 5,580,000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тодорхойлсон тооцоо нийлсэн актыг мэдээгүй. Иймд шаардлагын хэмжээг бууруулж байгаа. Талуудын хооронд амаар болон бичгээр зээлийн гэрээний харилцаа удаа дараа үүсэж байсан. Хариуцагчийн хариу тайлбарт ч мөн энэ тухайгаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн манай талаас гаргаж өгсөн дансны хуулгаас харж болно. Талууд 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тооцоо нийлэхэд 5,580,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Үүний дараа 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 4,150,000 төгрөг төлсөн. Гэрээний хугацаа 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр дууссан гэж үзээд төлөлт хийсэн 2018 оны 4 дүгээр 09-ний өдрийг хүртэл 56 хоногийн хугацаа хэтрүүлсэн байх тул 5,580,000 төгрөгийн 1 хоногийн 0,5%-ийн алданги тооцоход 1,562,400 (27,900*56) төгрөгийг суутгасан. Зээлийн үлдэгдлийг 2,992,400 төгрөг дээр алданги 658,328 төгрөгийг нэмэн, 3,650,728 төгрөгийг нэхэмжилж байна. Анх нэхэмжлэл гаргасан 6,472,968 төгрөгийн хэмжээг 2,822,240 төгрөгөөр бууруулж байгаа болно гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Б.Г-гаас 5,000,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, аваад 6,200,000 болгож хугацаандаа өгсөн. Үүний дараа 11 дүгээр сарын 03-ны өдөр 3,000,000 төгрөг зээлж бас 8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төлж дууссан. Нийт 3,720,000 болгож өгсөн. Б.Г надад чи н.М-д өртэй билүү н.М-х 10 хувь юм чинь би н.М-ийн мөнгийг өгчихье чи надад төлөөд яв гэсэн санал хэлсэн. Болох юм бол тэгье гээд 11 дүгээр сарын 16-ны өдөр 4,240,000 төгрөгийг дансаар, 260,000 төгрөгийг бэлнээр аваад нийт 4,500,000 төгрөг болсон. 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэгтгэсэн тооцоо хийж 4,500,000 төгрөг төлөхөөр болж хүү нь 1,080,000 болоод нийт 5,580,000 төгрөг төлөхөөр болсон. Үүнээс бэлнээр 350,000 төгрөгийг төлсөн. Ингээд 2 дугаар сарын 13-ны өдөр дуусах байсныг төлж чадаагүй. 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нотариатаар орж гэрээ хийх болсон. 4,500,000 төгрөгийн 5 сарын хүү 1,800,000 төгрөг болж 6,300,000 гэрээ хийх үед би 6,300,000 төгрөг төлж чадахгүй, үндсэн мөнгөө л төлье гэхэд за яахав болно гээд гарын үсэг зуруулсан. Гэрээний хугацаа 1 сараар хийгдэж 4 дүгээр сарын 13-ны өдөр дуусах байсныг 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр дансаар 4,150,000 төгрөг хийж бэлэн 350,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөг болгож өрөө дуусгасан. Б.Г-д үндсэн мөнгийг чинь өгье хүүг нь өгч чадахгүй нь уучлаарай гэхэд за яахав тэг дээ гэсэн хэрнээ хэдэн сарын дараа шүүхэд өглөө гэсэн. Яагаад, чи бид хоёрын бүх тооцоо дууссан гэхэд хүүгийн алданги гээд шүүхэд өгсөн байсан. 7,400,000 төгрөг гэж худал мэдүүлэг өгч хүнээс их хэмжээний мөнгө нэхэж байгааг гайхаж байна. Үүнийг нотлох гэрээ, дансны хуулга байгаа. Иймд үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Д.М-аас зээлийн үндсэн төлбөрт 4,315,312 төгрөг, алдангид 2,157,656 төгрөг, нийт 6,472,968 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 2,822,240 төгрөгөөр бууруулан зээлийн үндсэн төлбөрт 2,992,400 төгрөг, алдангид 658,328 төгрөг, нийт 3,650,728 төгрөг гаргуулна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлийг зээлийн гэрээний дагуу авсан мөнгөө өгсөн, одоо төлөх өр төлбөр байхгүй гэж маргажээ.

Зохигчид 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 7,400,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлж, эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн бол хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон нөхцөл бүхий гэрээ байгуулжээ. /хх-3/ Талуудын энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа байх ба гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул үүргийн биелэлтийг үүрэг зөрчсөн талаас үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.

Энэхүү зээлийн гэрээнээс өмнө болон дараа нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар хэн аль нь тайлбарлах ба тэдгээрээс гаргасан харилцах дансны хуулга болон тайлбарыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Д.М-д 7,400,000 төгрөгийг шилжүүлэн өгчээ.   

Зохигчид 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “. . . 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл төлбөр тооцоог дэлгэрэнгүй байдлаар тооцоо нийлж үзэхэд 5,580,000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг нийлэн баталгаажуулав” гээд гарын үсэг зурсан байх бөгөөд уг үйл баримтад маргаагүй.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт тооцоо нийлсэн өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 4,150,000 төгрөгийг дансаар, 2 удаа 350,000 төгрөгийг бэлнээр төлсөн гэх ба энэ нь  нэхэмжлэгч Б.Г-ийн Хаан банк дахь 5070324754 тоот харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /хх-14/, Д.М-ийн Хаан банк дахь 5429171699 тоот харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /хх-53/, түүнчлэн нэхэмжлэгч талын нотлох баримтаар гаргасан орлого, зарлагын тооцоонд хариуцагчийг бэлнээр 1,548,000 төгрөг төлсөн болохыг тодорхойлсон байх тул тус тус нотлогдож байна гэж үзэв. Иймээс зээлийн гэрээний үндсэн үүрэгт хариуцагчийн төлбөл зохих төлбөр 730,000 (5,580,000-4,150,000-350,000-350,000) төгрөг байна.

Хариуцагч зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй буюу бүрэн төлж барагдуулаагүй тул түүнийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги хэмээн тодорхойлж, уг анзыг гэрээнд заасан нөхцөлд шаардах эрхтэй байхаар заажээ.

Талуудын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ 2.4-т “Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлнө” хэмээн тохирсон нь алданги шаардах үндэслэл бүрдсэн байна. Хариуцагч гэрээний үүргийг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 128 хоногийн хугацаа хэтрүүлсэн ба гүйцэтгээгүй үүрэг болох 730,000 төгрөгийн алданги нь түүний 50 хувиас хэтрэх (730,000*0,5%*128) тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагчийн төлбөл зохих алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар хязгаарлан 365,000 төгрөг гэж үзэв.   

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д.М-аас зээлийн гэрээний үндсэн төлбөрт 730,000 төгрөг, алдангид 365,000 төгрөг, нийт 1,095,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.М-д олгож, үлдэх 2,555,728 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.