| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 174/2019/0216/Э |
| Дугаар | 424 |
| Огноо | 2020-07-17 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 424
Л.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоол, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 09 дүгээр магадлалтай, Л.Б-өд холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан, хийн гагнуур мэргэжилтэй, ***, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Л-н Б-.
Л.Б- нь 2019 оны 09 дүгээр сарын 04-ний шөнө 23 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хадтай” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 3.1, 3.7, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас осолдож хохирогч Т.Б-ий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Л.Б-ийг согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Л.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Л.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5-т зааснаар шүүгдэгч Л.Б-өд гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Б-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Л.Б- гаргасан гомдолдоо “... Давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхнээсээ дуусах хүртлээ хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрэн явагдаж шийдвэрээ гаргасан болно.
Миний бие тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа, хөнгөн гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдсэн, хохирогч Т.Б-д эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан учруулсан хохирол болох 4,200,000 төгрөгийг бүрэн төлсөн.
Улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоос үүдэн гарсан бодит хор уршгийг арилгаж, хойшид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн.
Анхан шатны шүүх шүүгдэгч миний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгапзан үзэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн, үүрэг хүлээлгэж, хохирогч Т.Б-д гэмт хэргийн улмаас цаашид эмчлүүлэх зардлыг Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн.
Хохирогч Т.Б-, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нар нь өнөөдрийг хүртэл гэмт хэргийн хор уршиг буюу тодруулбал цаашид хийгдэх ёстой болон хийгдсэн эмчилгээ сувилгааны төлбөрийн талаар албан ёсны баримт бүхий нэхэмжлэл огт гаргаж өгөөгүй тул шүүхийн тогтоолд дурдсан иргэний нэхэмжлэлийг миний зүгээс бүрэн хангах боломжгүй байгаа.
Би үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байгаа, оршин суух тогтмол хаягтай, холбогдох утасны дугаартай, цаашид нотлох баримтыг үндэслэн төлбөрийг төлөх эрмэлзэлтэй.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хохирогч Т.Б-, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нар гомдол гаргаж, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад дүгнэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийдвэрлэсэн.
Энэхүү зохицуулалт нь шүүхээс хэргийг прокурорт буцаахаар зохицуулсан байтал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэж, миний эрх зүйн байдлыг дордуулсан, хуулийн баримталсан зүйл заалт, магадлал нь илтэд зөрүүтэй байх тул энэ хуулийг ноцтой зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн нь хууль ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл миний бие Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүхээс тогтоосон гэм хорын хохирлыг төлж барагдуулсан байхад намайг хүнд гэмт хэрэг үйлдсэн мэтээр дүгнэж миний эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн.
Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Харин шүүгдэгч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх асуудлаар маргаж байсан бөгөөд анхан шатны шүүх хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Л.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцжээ.
Шүүгдэгч Л.Б- нь 2019 оны 09 дүгээр сарын 04-ний шөнө 23 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хадтай” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцох явцдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.1, 3.7, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Т.Б-ий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо тухайн хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх Л.Б-өд холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчүүдийн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж хэргийг шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Б-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Л.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.
Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Б-өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсний зэрэгцээ хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг дурдаж шийдвэрлэсэн байна.
Гэтэл давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулах зорилго, төрөл нь дан ганц гэм хорын асуудлаас хамааралтай мэт буруу дүгнэлт хийж, улмаар хуульд заасан үндэслэл журамд нийцүүлэн, өөрийн эрх хэмжээний хүрээнд шүүгдэгчийн гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгчийн гаргасан “...анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүхээс тогтоосон гэм хорын хохирлыг төлж барагдуулсан, давж заалдах шатны шүүх миний эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн тул магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 09 дүгээр магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Б-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН