Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2020/01710

 

 

 

С.Д н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01607 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Д н хариуцагч Ц.П ид холбогдуулан нийт 5 935 479 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Ц.П той 2018 онд өөрийн танилаар дамжуулан танилцсан. Түүний хийж байсан нарийн ногоо тариалах ажилд туслахаар ногооны талбайд нь нэмэлт хүн ажиллуулж, өөрийн унаагаар хураасан ногоог нь зөөж өгсөн. Тэрээр “ногоо тээвэрлэсэн тээврийн хөлс, ажилласан хүмүүсийн цалин хөлс өгөх гэсэн юм хүүтэй мөнгө зээлэх хүн олоод өг” гэснийх нь дагуу У.О тэй танилцуулснаар 2018 оны 09 сард 6 000 000 төгрөг зээлсэн атлаа өгөөгүйн улмаас У.О шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Мөн 2018 оны 10 сарын дундуур С.Д д хандан “ногооны хаягдлаар дарш хийх ажилд зарцуулах мөнгө хэрэгтэй болсон автомашинаа барьцаанд тавиад зээл аваад өгөөч” гэснийх нь дагуу 2018 оны 10 сарын 15-ны өдөр “Н” ХХК-аас өөрийн эзэмшлийн Киа Бонго 3 маркийн 00-00 ДАХ улсын дугаартай ачааны автомашинаа барьцаалан 2 500 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэй зээлсэн. 2 000 000 төгрөгийг 2018 оны 10 сарын 16-ны өдөр Ц.П ийн дансанд шилжүүлж, үлдэгдэл 500 000 төгрөгийг Ц.П ийн өмнөөс ажлын хөлсөнд н.А д 100 000төгрөг, н.Б од 50 000 төгрөг, н.О т 150 000 төгрөг, үлдсэн мөнгийг өөрөө цалинд авсан. Ц.П зээл төлөөгүй учраас 2019 оны 09 сарын 09-ний өдөр “Н” ХХК-аас С.Д н автомашиныг хураан авч зээлийн үндсэн зээл, хүү, алданги нийт 3 989 000 төгрөг болсон талаар мэдэгдсэн. Энэ талаар Ц.П ид хэлэх гэсэн боловч холбогдож чадаагүй тул “Х” ХХК-д хашаа, байшингаа барьцаалан 2019 оны 10 сарын 18-ны өдөр 6 000 000 төгрөгийн зээл авсан. Үүнээс 2019 оны 10 сарын 21-ний өдөр “Н” ХХК-ийн 3 989 000 төгрөгийг төлж 2019 оны 10 сарын 22-ны өдөр автомашинаа тус банк бус санхүүгийн байгууллагын зогсоолд байрлуулсан төлбөр 43 000 төгрөг төлснөөр авсан. Уг зээлийг Ц.П төлнө гэж авсан учир “Х” ХХК-аас авсан зээлийн хүү 1 453 479 төгрөгийг гэм хорын хохирол гэж үзнэ.

Мөн 2018 оны 10 сард даршны тоног төхөөрөмж хэрэгтэй гэхээр нь танилаараа дамжуулан Д.Ц ээс 500 000 төгрөгөөр тоног төхөөрөмжийн түрээслэх болсон. Гэтэл зургаан машин дарш /малын тэжээл/ бэлтгэн зарсан атлаа тоног төхөөрөмжийг эвдэж, засварлаагүй, эзэнд нь хүлээлгэж өгөөгүй байсан. Д.Ц Ц.П холбогдохгүй байна, тоног төхөөрөмжийг авч явсан, зуучилж өгснөөрөө олж өг гэж С.Д гоос шаардаад байхаар нь өөрийн мөнгөөр засварлан түрээсийн 450 000 төгрөгийг Ц.П ийн өмнөөс 2019 оны 07 сард Д.Ц т өгсөн.

Ц.П той хамтран ажиллахаар тохиролцоогүй, хэрэв тэгсэн бол Дарханд айлын хашаанд байгаа дарш нь хэвээрээ байгаа, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байна.

Иймд Ц.П оос “Н” ХХК-аас автомашинаа барьцаалан зээл авч, буцааж төлсөн нийт 3 989 000 төгрөг, барьцааны автомашиныг хураан авч зогсоолд байрлуулсан төлбөр 43 000 төгрөг, “Х” ХХК-аас авсан зээлийн хүү 1 453 479 төгрөгийг гэм хорын хохиролд, Д.Ц т төлсөн тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөр 450 000 төгрөг, нийт 5 935 479 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбартаа: Ц.П 2017 оны 11 сарын сүүлээр С.Д болон түүний нэхэмжлэлд дурдсан Г.Ч талийгаачтай танилцсан. С.Д д малын тэжээл хийх ажилд мөнгө хүрэлцэхгүй байна, хамтран ажиллах тухай санал тавихад зөвшөөрч У.О ээс 6 000 000 төгрөг, сарын 5 хувийн хүүтэй зээлэхэд зуучилж өгсөн.  Цаашид хамтран ажиллах болсон юм чинь гээд нэхэмжлэгч Дарханы “Х” ХХК-ийн хамгаалагчийн ажлаас албан ёсоор гарсан. Ингээд бид хамтран ажиллахаар болж, ерөнхийдөө С.Д нь малын тэжээл хийх ажлыг хариуцаж Ц.П Сэлэнгэ аймагт байрлах ногооны талбай руу явах, Улаанбаатар хот явах ажлыг хариуцсан. Өанк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн зориулалт нь малын тэжээл хийх ажлын санхүүжилт гээд хариуцагч хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. 2018 оны 10 сарын 16-ны өдөр данс руу шилжүүлсэн 2 000 000 төгрөгөөр малын тэжээл хийх ажилд зориулсан. .

Тэжээл нунтаглагч тоног төхөөрөмжийн хувьд түрээсийн үнэ нь 50 000-100 000 төгрөг гэж байсан. Тухайн үед шаардлагатай гэж байсан тоног төхөөрөмж биш зэвэрсэн, ажиллах үгүй нь мэдэгдэхгүй маш жижиг хэмжээтэй төхөөрөмж байсан. 50 000 төгрөгөөр түрээслүүлнэ гэхэд С.Д зөвшөөрсөн. Дараа нь төхөөрөмжийн ир лүү ажилчид мод хийгээд ирийг нь хугалчихлаа ирж зас гэсэн тул 10 мм зузаантай лист төмрөөр ирний суурийг нь, голыг нь токариор зоруулж, засварласан.

Ц.П малын тэжээлээ зарж борлуулахаар санаачилга гаргасан боловч бэлэн болмогц зарж өгнө гэсэн хүмүүс холбоогүй болсон. С.Д өөрийн төрсөн ах болон танил цагдаагийн албан хаагч нартай нийлж Ц.П ийг эхнэрийнх нь хамт айлган сүрдүүлдэг байсан. 2019 оны 10 сарын 23-ны өдөр таньдаг цагдаагаараа дарамтлуулан 4 өөр цаасан дээр өөртөө болон төрсөн ах С.С т “6 000 000 төгрөгийн хохирол учруулсан нь үнэн 2019 оны 11 сарын 24-ний өдөр хохирлыг нь бүрэн төлж барагдуулна. Хугацаандаа барагдуулахгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ” гэж гарын үсэг зуруулсан.

5 935 479 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрөхгүй, дансанд шилжүүлсэн 2 000 000 төгрөг, цалинд өгсөн гэх 250 000 төгрөг, ББСБ-ын эхний сарын хүүг өгөх талаар болон малын тэжээл борлуулсан орлогоос өгөх талаар ярилцаж болно. С.Д н буруугаас өнөөдрийн ийм байдал үүссэн. Анх хамтран ажиллана гэж байсан, сүүлдээ бүх хариуцлагаас зугтаан намайг залилагч гэж гүтгэн доромжилсон, хийсэн малын тэжээлийг цаг хугацаанд нь заруулаагүй, ажилчдын цалинг өндрөөр үнэлж олон хоног ажиллуулсан, тээврийн зардлыг тухайн үеийн зах зээлийн ханшаас өндөр үнэлсэн, малын тэжээл хийх ажлаа дуусгалгүй хаяж явсан, 6 автомашин ногоо нунтаглахыг мэдсээр байж хүчин чадал нь бага тоног төхөөрөмж авч ирсэн, тэрхүү тоног төхөөрөмжийг 150 000 төгрөгөөр засуулсан, Ц.П ийг янз бүрээр дарамталж айлган сүрдүүлсэн, үүнээс болоод манай гэр бүл сэтгэл санааны хохирол амссан. хэвлэлийн хурал зарлан гүтгэж миний нэр хүнд болон ажил бизнесийн нэр хүнд унагаж олох ашиг орлогыг үгүй хийсэн, малын тэжээл хийхэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө их гарсан зэрэг үндэслэлүүдийг дурдаж болно гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.П оос 3 505 235 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Д д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 430 244 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ц.П оос улсын тэмдэгтийн хураамжид 71 033 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Д д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хоорондын төлбөр тооцооны баримт, дансны хуулга зэргийг зөв тооцоолоогүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч Ц.П ид холбогдуулан нийт 5 935 479 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зарим хэсгийг нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-3, 31-37/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “зээлийн гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүйн улмаас учирсан хохирол” гэж тодорхойлсныг хариуцагч татгалзахдаа “талуудын хооронд хамтран ажиллах зорилгоор мөнгө өгч авалцсан” гэх агуулгаар тайлбарлажээ.  

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Учир нь, хариуцагч зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбар, хэрэгт хавсаргасан баримтуудаар талуудын хооронд малын тэжээл хийх ажилд хамтран ажилласан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлттэй холбоотой хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй.

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хариуцагчийн хүлээх үүрэг болон түүнийг гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгчид учирсан хохиролд хамаарахгүй зарим төлбөрийг хангаж шийдвэрлэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтад үндэслэн залруулан дүгнэх шүүхийн шийдвэрийг өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

Тодруулбал, “Н” ХХК, С.Д нарын хооронд байгуулагдсан 2018 оны 10 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний дагуу тус банк бус санхүүгийн байгууллагаас зээлдэгч С.Д д 2 400 000 төгрөг шилжүүлсэн. С.Д гоос уг мөнгөн хөрөнгөөс 2018 оны 08 сарын 16-ны өдөр өөрт нь шилжүүлсэн 2 000 000 төгрөгийг болон тухайн зээлийн эхний сарын хүү 90 416.67 төгрөгийг хариуцагч  төлөх талаар талууд тохиролцсон нь тэдгээрийн тайлбараар тогтоогдсон байх тул хариуцагчийн хүлээн авсан мөнгөн хөрөнгө болон дээрх хүүд холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. Мөн хариуцагч бусдад цалин гэж өгсөн 250 000 төгрөгийг зөвшөөрнө гэх агуулгыг тайлбартаа дурдсан байх тул уг үнийн дүнг тооцон нийт 2 340 416.67 төгрөгийг энэ нэхэмжлэлийн шаардлагаас хангасан өөрчлөлт оруулж байна.

 

Нэхэмжлэлд дурдсан тоног төхөөрөмж түрээсэлсэн төлбөр 450 000 төгрөг, “Н” ХХК, “Х” ХХК-иас нэхэмжлэгчийн авсан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой мөнгөн хөрөнгө, автомашин зогсоолд байрлуулсан төлбөр 43 000 төгрөгт холбогдох хэсэг нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүрэг болон түүнийг биелүүлээгүйн улмаас учирсан хохирол гэж үзэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас нийт 3 595 062 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 болон 2 дахь заалтад зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01607 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.П оос 2 340 416.67 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Д д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 595 062 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “71 033” гэснийг “52 397” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 сарын 23-ны өдөр төлсөн 71 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ                                                                  

                                       ШҮҮГЧИД                                    Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                            Д.НЯМБАЗАР