Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2020/01607

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр баг, Партизаны 6-129 тоот хаягт оршин суух, С.Д нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Алтан-Өлгий, 18-236 тоот хаягт оршин суух, Ц.П  холбогдох

5.935.479 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бурмаа /ШТ№0025/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Д.Бурмаагийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч С.Д надтай миний хүндэлж явдаг хуурай ах болох Г.Чулуунбаатар маань 2018 оны 10 дугаар сарын эхээр Улаанбаатар хотоос Дарханд ирж намайг Ц.Дтой танилцуулсан, түүнээс таньдаггүй байсан юм.

Н.Чулуунбаатар ах маань Ц.Дийг Сэлэнгэ аймгийн Хушаат суманд маш их хэмжээний ногоо тарьсан. Таньж мэдэх хүн байхгүй, ачааны машин ч байхгүй хэцүү байгаа юм. Миний дүү тэр залууд ажиллах хүн хүч олж өгөөд, ногоог нь хөлдөж хайрагдахаас өмнө машинаараа зөөгөөд тус болоод өгөөч гэж гуйсан.

Тэгээд би Ц.Дтой уулзан танилцаж ярилцан чадах чинээгээрээ туслахаар болсон. Ц.Д нь Сэлэнгэ аймгийн Хушаат суманд 8 га орчим газарт нарийн ногоо болох брокли, цэцэгт байцаа, кимчины байцаа зэргийг тариалсан байсан ба хурааж авахад бэлэн болсон байсан. Талбай дээр нь цөөхөн хүн ажиллаж байсан ба би түүнд ажиллах хүч болох оюутанууд найз нөхөд зэргээ дуудан ажиллуулж өөрийн унаагаар хураасан ногоог нь зөөж өгч байсан.

Ц.Д нь хураасан ногоо тээвэрлэсэн тээврийн хөлс, ажилласан хүмүүсийн цалин хөлсийг өгмөөр байна, та хүүтэй мөнгө олж өгөөч гэж гуйгаад байхаар нь Дарханд худалдааны бизнес эрхэлдэг хуурай дүү болох У.Оюунгэрэлд, найдвартай хүн нарийн ногоо их хэмжээгээр тариалсан байгаа, чи түүнд зээл өгчих гэж хэлж гуйж байгаад Ц.Дийг түүнтэй уулзуулсан. Ингээд тэр 2018 оны 9 дүгээр сарын сүүлчээр У.Оюунгэрэлээс 6.000.000 төгрөг зээлж авсан. Гэтэл одоо болтол У.Оюунгэрэлийн мөнгийг өгөөгүй, У.Оюунгэрэл нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

2018 оны 10 дугаар сарын дундуур Ц.Д нь надад, ногоогоо Дархан оруулж зооринд хадгалуулаад хаягдлаар нь дарш /малын тэжээл/ хийгээд зармаар байна, ногоогоо том тэргээр зөөх шаардлагатай, ковш хөлслөн газар ухуулах, даршны давс, хучлага, бусад материал зэргийг авмаар байна

Эдгээр зардалд мөнгө хэрэгтэй байна, та машинаа барьцаанд тавиад зээл аваад өгөөч, сарын дараа ногоогоо зарагдахаар би өөрөө зээлийг төлчихнө гээд гуйгаад байсан. Ингэхээр нь би түүнд итгээд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Нэт капитал ББСБ ХХК-д өөрийн эзэмшлийн Киа Бонго 3 маркын 41-99 ДАХ улсын дугаартай ачааны автомашинаа барьцаалан 2.500.000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, 3,5 хүүтэйгээр зээлдэж авч өгсөн.

Тус ББСБ-аас авсан 2.000.000 төгрөгийг өөрийн Худалдаа Хөгжлийн банкны 4904962560040113 дугаарын данснаас Мостмони -р 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ц.Дийн ХААН банкны дансанд шилжүүлсэн. Үлдсэн 500.000 төгрөгийг Ц.Дийн өмнөөс ажлын хөлсөнд н.Анхтуяад 100.000төгрөг, н.Батболдод 50.000 төгрөг, н.Оюунцэцэгт 150.000 төгрөг, үлдсэн мөнгийг өөрөө цалинд авсан.

Ц.Д нь уг зээлийн үндсэн төлбөр хүүг ер төлөөгүй учраас 2019 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр Нэт капитал ББСБ ХХК-иас машиныг маань хураан авч зээлийн үндсэн зээл, хүү, алдангийн хамт 3.989.000 төгрөг болохыг хэлсэн.

Ц.Дд үүнийг хэлэхээр хайсан боловч тэр олдоогүй, утсаа ч авахаа больсон. Тэгээд өөрөө мөнгө олж зээлийг хааж машинаа авах гэж мөнгө хайсаар байтал 43 хоносон. Нэт капитал ББСБ ХХК-иас мөнгөө төлөхгүй бол машиныг журмын дагуу дуудлага худалдаанд оруулах болсныг хэлсэн. Тэгээд би аргагүйн эрхэнд өөрийн хашаа байшинг барьцаалан, Хас банкнаас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 6.000.000 төгрөгийн зээл авч, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Нэт капитал ББСБ ХХК-ийн зээлийн төлбөр, хүү, алдангийн хамт нийт 3.989.000 төгрөгийг төлж 2019 оны 10 дугаар сарын 22-нд машинаа авсан.

Машиныг Нэт капитал ББСБ ХХК нь хураан зогсоолд тавьсаны төлбөрт 43.000 төгрөгийг төлсөн. Ингээд нийтдээ 4.032.000 төгрөг болсон.

Энэ зээлийг Ц.Д миний машиныг барьцаалан надаар авахуулсан, үүнийг тэр мэдэж байсан, зээлдэж авсан мөнгийг авч өөрийн ажилдаа зарцуулсан.Тэр зээлийг өөрөө төлнө гэж надаар зээл авахуулсан.

Үүнээс болж би өөрийн хашаа байшинг барьцаалан Хас банк ХХК-иас 6.000.000 төгрөгийг, 24 сарын хугацаатай авснаар 1.453.479 төгрөгийн хүү төлөх болчихоод байна. Ц.Дид зээл авч өгсний гэм хорын хохиролд энэ мөнгийг тэр төлөх ёстой гэж үзэж байна.

Мөн 2018 оны 10 дугаар сард ногоо хураалтын ажпын үеэр дарш хийдэг тоног төхөөрөмж олж өгөөч гэхээр нь таньдаг хүнээрээ дамжуулан Дархан-Уул аймгийн Орхон суманд /хуучнаар Орхон жимс ногооны сангийн аж ахуй/ амьдардаг даршны тоног төхөөрөмжтэй Д.Саранцэцэг гэдэг хүнийг олж Ц.Дтой яриулсан. Ингээд түүний даршны тоног төхөөрөмжийг 500.000 төгрөгөөр түрээслэн авч ажиллуулахаар тохирч, уг тоног төхөөрөмжөө надаар авчруулсан.

Энэ тоног төхөөрөмжөөр Дархан сум Мангиртад байх н.Бямбадоржийн хашаанд хүмүүс хөлслөн ажиллуулж зургаан машин дарш /малын тэжээл/ бэлтгэн зарсан байсан. Гэтэл уг тоног төхөөрөмжийг эвдсэн мөртлөө засварлаагүй, эзэнд нь хүлээлгэж өгөлгүй орхиод Улаанбаатар руу явчихсан байсан.

Д.Саранцэцэг нь над руу удаа дараа утсаар: Ц.Д ерөөсөө утсаа авахгүй байна, тоног төхөөрөмжийг авч явсан, зуучилж өгснөөрөө тоног төхеөрөмжийг авчирч өг гэж шаардсан. Тэрээр олон сар тоног төхөөрөмжөө надаас нэхэж шаардаад байхаар нь би аргагүйн эрхэнд өөрийн зардлаар тоног төхөөрөмжийг засварлан түрээсийн 450.000 төгрөгийг Ц.Дийн өмнөөс 2019 оны 7 дугаар сард Д.Саранцэцэгт өгч хохирлыг нь барагдуулсан.

Энэ тоног төхөөрөмжийг нь авчран суурилуулан ажиллуулж, дарш бэлтгэсэн болохыг тэнд ажиллаж байсан бүх ажилчид мэдэж байгаа болно.

Ц.Д нь бүтэн жил уулзахгүй зугтаад, утсаа авахгүй, хаана оршин суугаа болох нь мэдэгдэхгүй, олдохгүй байсан тул Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж эрэн сурвалжпуулснаар Баянзүрх дүүрэгт амьдардаг болох нь тогтоогдсон юм.

Ц.Дтой хамтран ажиллахаар тохиролцоогүй, хэрэв тэгсэн бол Дарханд айлын хашаанд байгаа дарш нь хэвээрээ байж байна лээ. Бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байна.

Иймд Ц.Доос Нэткапитал ББСБ ХХК-иас автомашинаа барьцаалан зээл авч, буцааж өөрөө төлсөн тул үндсэн зээл 2.500.000 төгрөг, хүү, алдангид төлсөн нийт 3.989.000 төгрөг,

-Нэткапитал ББСБ ХХК-иас барьцааныг машиныг хураан авч тавьсан зогсоолын төлбөр 43.000 төгрөг,

-Зээлийг төлөхийн тул Хас банк ХХК-иас 6.000.000 төгрөгийн зээл авсан, уг зээлийн хүү болох 1.453.479 төгрөгийг гэм хорын хохиролд,

-Иргэн Д.Саранцэцэгт тоног төхөөрөмжний түрээсийн төлбөрт төлсөн 450.000 төгрөг, нийт 5.935.479 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

 

Цэвээн овогтой Пүрэвдорж би Иргэн С.Дгийн 2019 оны 12 дугаар сарын 02-нд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд хариу тайлбар хийж байна.

Иргэн Ц.Д би 2017 оны 11 дугаар сарын сүүлээр анх С.Д ахтай нэгэн төрийн бус байгууллагын үйл ажиллагаан дээр танилцаж байсан. Үүнээс хойш С.Д ах над руу хэд хэдэн удаа утсаар холбогдож төрийн бус байгууллагын үйл ажиллагаа, үндэсний хувцас хэрэглэлийн талаар асуудаг байсан. Мөн фэйсбүүкийн найзууд болсон. 2017 оны 12 дугаар сарын 16-ны 22:13 минутад би С.Д ахын Doloodoi Doogii фэйсбүүкийн чатаар үндэсний малгайны зураг илгээж байсан. /Хавсралт №01 чат, болон малгайны зураг/ С.Д ах тэрхүү малгайны загвараар өөртөө малгай хийлгэж авсан. Түүнээс хойш нилээн хэдэн удаа уулзаж байсан. Би С.Д ахад их итгэж хүндэлдэг байсан.

С.Д ахын нэхэмжлэлдээ дурдсан Г.Ч талийгаач ахтай мөн 2017 оны 11 дугаар сард танилцсан. Бид хоёр байнгын холбоотой байсан би талийгаачид унаа тэргээрээ үйлчилж тус дэм болдог байсан. Талийгаач надад 5 тэрбум төгрөгийн зээл авч байгаа Беларусь улсын Белаз, хөдөө аж ахуйн трактор үйлдвэрлэдэг, ногооны зоорь барьдаг компанийн захиралтай уулзсан Монголд маш том хүнсний ногоо хадгалах зоорь барих гэж байгаа, чам шиг ногоо тарьдаг хүнд их хэрэгтэй, ах нь ногоог нь хадгалж өгнөө гэж ярьдаг байсан.

Би талбай дээрх ногоо хөгшрөөд байна. Ногооны хаягдлаар малын тэжээл хиймээр байна. Ганцаараа хийхэд хүн хүч гээд ажил дийлдэхгүй байна. Та хамтрах уу гэсэн санал тавьсан. Талийгаач одоогоор мөнгөгүй байгаа тул хамтран ажиллах боломжгүй харин малын тэжээлийг чинь худалдаж өгье гэсэн. Ингээд бид Сэлэнгэ аймгийн Хушаат сумд байх ногооны талбай руу явсан. Талийгаач энэ их ногоог зүгээр хаяж болохгүй чи С.Д ахтайгаа хамтарч ажилла, цаадах чинь нилээн аж ахуйч хүн шиг байсан чамд тус болох байх гэсэн.

Бид Дарханд буцаж ирээд С.Д ахтай уулзаж малын тэжээл хийх ажил дээр хамтран ажиллаач гэж санал тавьсан. Би малын тэжээл хийхэд миний мөнгө хүрэлцэхгүй байгаа тухайгаа хэлсэн. Тиймээс мөнгө гаргаад хамтран ажиллах итгэлтэй, ажилсаг хүн хайж байна гэдгээ ойлгомжтой хэлсэн.

С.Д ах хамтран ажиллахыг зөвшөөрч мөнгө зохицуулж болно, надад өдрийн зээл өгдөг хуурай дүү бий чамайг түүнтэй уулзуулья гэж хэлсэн. Ингээд С.Д ах У.Оюунгэрэл гэж эмэгтэйгээс 6.000.000 төгрөг, сарын 5 хувийн хүүтэй авахад зуучилж өгсөн. У.Оюунгэрэл мөнгө зээлүүлэхэд барьцаанд юу тавих вэ гэхэд С.Д ах би өөрөө ажиллана, манай хашаанд малын тэжээлээ хийнэ, тэндээ хадгална. Малын тэжээлээ зарангуутаа зээлээ төлнө найдвартай гэж хэлсэн.

С.Д ах У.Оюунгэрэлээс 6.000.000 төгрөг хүүтэй зээл авч өгсөний дараахан ах нь нэгэнт чамтай хамтран ажиллаж байгаа юм чинь ажлаасаа гарлаа, хоёулаа дараа нь зөндөө их ажил дээр хамтран ажиллах юм чинь гэж байсан. Тэгээд удалгүй Дарханы Хас банкны хамгаалагчын ажлаасаа албан ёсоор гарсан байсан. Бид хоёр малын тэжээлээ худалдан борлуулаад хүнсний ногоо боловсруулах, сүү боловсруулах чиглэлээр хамтран ажиллах тухай ярилцсан байсан Үүнийг С.Д ахын малын тэжээл хийхэд ажилласан найзууд гэрчилнэ. Бид цаашид хийх ажпуудаа олон хоног ярилцсан. Заримдаа өглөө 4:00 цаг хүртэл ярилцдаг байсан. Тэд малын тэжээлийг худалдан борлуулж чадна, эхлээд хийх хэрэгтэй гэж хэлж байсан. С.Д ахын найз н.Батбаатар /нэрийг сайн санахгүй байна/ Макс группын ерөнхийлөгч Ганбаатар манай найз, Сүү ХК-ийнхаа үхэрнүүдэд тэжээл авах байх би утсаар ярина, болохгүй бол очиж уулзана, Г.Ч талийгаач ах АПУ-ын захирал Батхүү /агсан/-тэй олон жилийн найз нөхөд, тэгээд ч манай төрийн бус байгууллагын нөлөө бүхий хүн, АПУ-ын сүүний үхэрүүддээ тэжээл авах байх би уулзана С.Д ах болохоор манай төрийн бус байгууллагын үхэрийн фермерүүдтэй гүшүүд хэд хэд байгаа би тэдэнтэй уулзая гэж байсан Тэдний хэлсэн үг надад их итгэл найдвар төрүүлж байсан. Бид малын тэжээл хийх ажпыг 6.000.000 төгрөгөнд багтаагаад 7-10 хоногт хийж дуусгана гэж тохиролцоод С.Д ах өөрийн найзууд 10-аад хүнийг ажиллуулахаар болсон. Би өмнө нь талбай дээр ногоо хураах ажилд өдрийн 25.000 төгрөгөөр хүн ажиллуулдаг байсан учир С.Д ах болон түүний найзуудад өдрийн 25.000 төгрөг өгнө гэхэд С.Д ах манай хүмүүс ажилд маш сайн өдрийн 30.000 төгрөгөөр ажиллуул гэж зүтгээд өдөрт 30.000 төгрөг өгүүлсэн.

Мөн тээвэрлэлт хийх машиныг С.Д ах олж өгдөг байсан, тэрхүү машин нь зах зээлийн ханшаас үнэтэй тээвэрлэлт хийдэг байсныг би сүүлд мэдсэн.

С.Д ах анх манай хашаанд тэжээлээ хийе, манайд блок хийж байсан саравч, 380в ток, урт утас байгаа гэж байсан ч тэжээлийн ногоогоо ачаад очсон чинь хашаандаа буулгаагүй. Хашаандаа буулгахгүй та нар өөрсдөө хашаагаа ол гэсэн. Ингээд С.Д ахын найз Довчин гэж хүнийг гуйж байгаад хашаанд нь малын тэжээл хийх болсон.

С.Д ахын найзууд ажлаа хугацаандаа амжихгүй болж нэмж 10-20 хүн авч ажилуулсан гэх мэтээр 1 сарын хугацаа өнгөрч малын тэжээл хийж дуусаагүй байхад хүүтэй зээлж авсан мөнгө дууссан. С.Д ах болон найзуудад цалинг өдөрт нь өгдөг байсан. Гэтэл С.Д ах болон түүний найзууд ажлаа дуусгаагүй байж бүгдээрээ Өвөрхангай явна гээд ажлаа хийхээ больсон мөн 2 хоногийн цалингаа авна гэж нэхсэн. Би С.Д ахад маш тодорхой хэлсэн та нар эхлүүлсэн ажлаа дуусга тэгээд ч та нараас болж мөнгө дууссан, та нар маш хариуцлагагүй ажилласан, үргэлжпүүлэн ажилла, ажпаа дуусгаад малын тэжээл зарагдсаны дараа цалингаа аваарай гэж.

Ерөнхийдөө С.Д ах малын тэжээл хийх ажлыг хариуцаж байсан би Сэлэнгэд байх ногооны талбай руу явах, Улаанбаатар хот явах ажилтай тул байнга хажууд нь байдаггүй ирэн очин байдаг байсан

С Долоодой ах найзуудтайгаа Өвөрхангай явах зайлшгүй ажилтай байгаа бид явах гэхээр мөнгөгүй байна чи мөнгө олж өг гэсэн. Би ажлаа дуусга гэж хатуу хэлсэн. Үүний дараа С.Д ах одоо ажлаа дуусгахад хэдэн төгрөг хэрэгтэй байна, тэр мөнгийг нь олоод өгье, тэгвэл бид явж болно биздээ гэж хэлсэн. Тэгээд талийгаач Г.Ч рүү бололтой нэг хүн рүү залгаж малын тэжээлийг АПУ-д найдвартай зарж чадна биз дээ гэж утсаар ярьж байсан. Дараа нь өөрийн 4199 ДАХ дугаартай машиныг 2.500.000 төгрөгөөр ББСБ-т барьцаанд тавьсан. Би тэр зээлэнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Зээлийн эдийн засагч зээлийг юунд зориулах гэж байгаа вэ асуусан. Бид малын тэжээл хийхэд нэмэлт санхүүжилт хийнэ гээд ажлын зургаа үзүүлсэн.

Зээлийн мөнгө дансанд орж ирэх хүртэл С.Д ахын найзууд Өвөрхангай явахаар ачаа тээшээтэйгээ машинд хүлээж байсан. Мөнгө орж ирэнгүүт тэд явсан. С.Д ах миний Хаанбанкны 5077176264 тоот дансанд 2018 оны 10 дугаар сарын 16-нд 2.000.000 төгрөг шилжүүлсэн Би тэр мөнгөөр малын тэжээлийн ажлаа дуусгасан.

Малын тэжээл хийж эхлэхийн өмнө би өвс тэжээл нунтаглан буталдаг төхөөрөмж хэрэгтэй гараараа жижиглэх нь төвөгтөй, цаг их орно гэж С.Д ахад хэлж байсан. Би түрээсээр тэжээл нунтаглагч төхөөрөмж хайж зарын бүх цахим хуудсыг үзэх, зар тавих зэргээр хайж байсан.

Миний хайж байсан, ажил тохирох төхөөрөмж олсон ч зарагдсан байсан учир авч чадаагүй. Ингээд С.Д ах таньдаг хүмүүсээсээ тэжээл нунтаглах төхөөрөмж асуусан. Би С.Д ахын фэйсбүүкийн чатаар 2018 оны 9 дүгээр сарын 29-нд хамгийн бага хүчин чадалтай нь иймэрхүү тэжээл нунтаглагч хэрэгтэй шүү гэж тэжээл нунтаглагчийн зураг илгээсэн. Тэрхүү тэжээл нунтаглагчийн үнэ 370.000-1.000.000 төгрөгийн үнэтэй, түрээсийн үнэ нь 50.000-100.000 төгрөг гэж байсан. Миний илгээсэн тэжээл нунтаглагч хутганыхаа хажууд давхар хэд хэдэн хөрөөтөй, дээрээсээ ногоогоо хийдэг төхөөрөмж байсан /Миний С.Д ахын чатаар илгээсэн төхөөрөмжийн зураг, хавсралт №02/

С.Д ах Сэлэнгэ аймгийн нэг суманд миний таньдаг хүнд тэжээл нунтаглагч байна. Үүнийг хэрэглэх үү би тэр сум руу блок хүргэх гэж байгаа, тэгэнгээ очиж үзээд зургийг нь явуулья гэж хэлээд явсан. Тухайн сумандаа очоод энэ төхөөрөмж ёстой ажлын мангас байна 380в-р ажилладаг гэсэн. Би зургийг нь харъя, үнэ нь хэд гэж байна гэж асуусан. Үнэ нь 7-10 хоногийн түрээс 500.000 төгрөг гэж хэлсэн, над руу зураг явуулаагүй орой болсон учир зураг авч болохгүй байна гэж хэлсэн. Би өмнө нь зарын сайтнаас сарын 500.000 төгрөгөөр түрээслүүлдэг төхөөрөмжийн зураг харж байсан, тэрхүү төхөөрөмж овор хэмжээ ихтэй нүсэр том 1 цагт 1тн тэжээл нунтагладаг төхөөрөмж байсан. Би бодохдоо 500.000 төгрөгийн түрээстэй гэхээр миний харж байсантай ижил төхөөрөмж байна гэж бодсон. /Миний зараас харсан төхөөрөмжийн зураг, хавсралт №03/

С.Д ах төхөөрөмжийг ачаад гарлаа шүү ах нь орой болчихлоо яараад байна. Түрээсийн төлбөрийг нь ажлаа дуусгаад, тэжээлээ зарсаны дараа өгч болно гэж байна гэсэн. Тэгээд шууд ачаад ирсэн. Нунтаглах гэж байсан ногоо Ново маркийн ачааны машинаар 6 удаа зөөсөн нилээн их хэмжээтэй байсаныг С.Д ах сайн мэдэж байгаа тул би нилээн хүчин чадал сайтай төхөөрөмж авчирсан байх гэж бодсон гэтэл зэвэнд идэгдсэн, ажиллах үгүй нь мэдэгдэхгүй маш жижиг хэмжээтэй төхөөрөмж авч ирсэн /С.Д ахын 500.000 төгрөгийн түрээсээр авч ирсэн төхөөрөмжийн зураг, хавсралт №04/

С.Д ахын найзууд энэ ажилладаг юмуу чи ийм муу төхөөрөмж авч ирлээ гэж зэмлэнгүй байсан. Бид юу ч гэсэн асааж үзье гээд нилээн юм болж байж асаасан. Тэгээд С Долоодой ахад хэлсэн үүнийг 500.000 төгрөгөөр түрээслэнэ гэж байхгүй ээ, үүнээс шинэ, хүчин чадалтайг худалдаж авахад 370.000 төгрөг гэж байна. Үүнийг 50.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэвэл ажиллуулья гараар жижиглэж байснаас л дээр гэж би хэлсэн. С.Д ах миний хэлснийг зөвшөөрсөн. Би тэр төхөөрөмж дээр эрэгтэй хүн ажиллана шүү, аюулгүй ажиллагааг нь сайн хангаарай гэж хэлээд гарт ойр унтраалга хийлгүүлсэн, мөн цахилгаанчин авч ирж холболтуудыг нь хийлгэсэн. Ажилчид төхөөрөмж дээрээ нилээн гаршаад ирэхээр нь би Улаанбаатар хот руу ажлаар явсан. Гэтэл хойноос С.Д ах залгасан төхөөрөмжийн ир лүү ажилчид мод хийгээд ирийг нь хугалчихлаа гэсэн. /Ажилчид төхөөрөмж дээр ажиллаж байгаа зураг, хавсралт №05/

Намайг яаралтай ирж үүнийг зас гэсэн. Ах нилээн бухимдалтай байсан. Би маргааш нь Дарханд ирсэн. Тэд өөрсдөө хугарсан ирийг нь гагнуулсан байсан. Би ширэм гагнадаггүй юм. Ирийг нь төмрөөр шинээр хийж өгье, хүчин чадал муу ч гэсэн хүний юмыг ингэж өгч болохгүй гээд 10 мм зузаантай лист төмрөөр ирний суурийг нь, голыг нь токороор зоруулж, хийж өгсөн. /Миний шинээр хийсэн ир болон гол, С.Д ахын гагнуулсан ирний зураг хавсралт №06/

Гэтэл С.Д ах намайг төхөөрөмж эвдээд Улаанбаатар явсан гэж худал хэлээд байна. Ажилчид эвдэлсэн, би ерөөсөө төхөөрөмж дээр ажилладаггүй байсан. Би малын тэжээлээ зарж борлуулахаар нилээн санаачлага гаргасан, харин тэжээл бэлэн болонгуут зарж өгнө гэж байсан хүмүүс надтай холбоогүй болсон. Би талийгаач Г.Ч ахаас та АПУ-ын Батхүү /агсан/-тэй холбогдсон уу гэж асуусан, надад утсаа ерөөсөө авахгүй байна чи өөрөө холбогд гээд дугаарыг нь өгсөн. Би малын тэжээлээ хийж дуусгаад мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тэжээл үнэлгээний лабраторит малын тэжээлээ шинжилгээнд өгсөн. /хавсралт №07/

Би малын тэжээлээ жижиглэнгээр шуудайлаад зарахыг хүсч байсан ч С.Д ах бөөнөөр нь зарсан дээр гэж зөвлөсөн. Би Дархан сумын Буян захын ард байдаг малын тэжээлийн бөөний төвийн захирал н.Зоригоо ахад удаа дараа очиж малын тэжээлээ шуудайлаад аваад ирвэл та зараад өгч чадах уу гэж асуудаг байсан. Зоригоо ах аваад ир зараад өгье, ахад нь бусад аймаг, хотод таньдаг хүмүүс ч байгаа тэднээр заруулаад өгч болно гэдэг байсан.

Эхний хэдэн сар С.Д ах ББСБ-ийн зээлийн төлөлтийг төлөөрөй гэж хэлдэг байсан. Тэр үед намайг дарамталж, айлган сүрдүүлдэггүй байсан ч өдөрт маш олон удаа эхнэр бид хоёрын утасруу ээлжпэн залгадаг байсан. Залгах бүрт нь би мөнгөгүй байгаа, малын тэжээлээ хурдан зармаар байна, та зарахад туслана гэсэн яасан бэ, хоёулаа жижиглээд ч болтугай хурдан зарж мөнгөө гаргаж авья, та бид хоёр хамтран хийсэн, би ч мөнгө, цаг хугацаагаа зориулсан гэдэг байсан.

Би тэжээлээ бөөнөөр нь өгөх гэж их олон хүнтэй холбогдож байсан, тэр тухай бүр С.Д ахад учирлан хэлдэг. Бөөнөөр нь зарах тухай сонссон болохоор жижиглэнгээр заруулдаггүй байсан. Би жижиглэнгээр зарлаа гэхэд чи эхлээд мөнгөө өгч байгаад тэжээлээ аваарай гээд өгөхөө байсан.С.Д ах сүүлдээ намайг залилагч луйварчин, чамайг шоронд хатаана гэдэг болсон. Элдвээр дарамталж намайг болон манай эхнэрийг айлган сүрдүүлж, У.Оюунгэрэл бөө танай гэр бүлд муу юм болно шүү, чамайг мөнгөө өгөхгүй бол цагдаа, шүүхэд өгнө таньдаг цагдаа, шүүхийн хүмүүс байгаа гэж байнга дарамталдаг болсон. Би яг хэдэн төгрөг танд өгөх юм бэ, хоёулаа ярилцъя гэхээр чи надад 6.000.000 төгрөг өг, би чамаас болж өрөнд орж ажилгүй болсон гэдэг. Би илүү мөнгө өгөхгүй анх авсан мөнгөө өгч болно, гэхдээ тэжээл зарагдахаар гэдэг. Ингэж явсаар бид хоёрын маргаан нилээн хүндэрсэн С.Д ахын энэ байдлаас болж эхнэр бид хоёр байнга муудалцдаг болсон, бид хоёр муудалцахаар хоёр талын аав ээж, ах дүү нар хүртэл гурвалжин дөрвөлжин хэрүүл болоод эхнэр бид хоёр 2019 оны цагаан сараас хойш тусдаа амьдрах болсон. Энэ үед ч гэсэн эхнэр рүү байнга залгаж дарамталдаг байсан юм байна лээ. эхнэр бид хоёр салсан наад асуудлаас чинь болоод муудалцаад салсан байгаа, н.Пүүжээтэй өөртэй нь ярь та нарын хамтран ажиллах, мөнгө төгрөг хэнээс зээлэх надад хамаагүй гэдэг байсан тухайгаа манай эхнэр сүүлд надад хэлсэн.

Мөн С.Д ах бидний байнга очдог төрийн бус байгууллагын хүмүүст намайг залилан хийдэг, хүнээс зээлсэн мөнгөө өгдөггүй гэж хэлээд нөгөө хүмүүс нь надруу залгаж хүний мөнгө өгөөч гэдэг байсан.

С.Д ах 2019 оны 10 дугаар сарын 23-нд намайг таньдаг цагдаагаараа дарамтлуулан нэхдэг байсан 6.000.000 төгрөгөө 4 өөр цаасан дээр өөртөө болон төрсөн ах С.Сутбилэгт, Ц.Д 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан нь үнэн 2019 оны 11 дүгээр сарын 24-нд хохиролыг нь бүрэн төлж барагдуулна. Хугацаандаа барагдуулахгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ гэж гарын үсэг зуруулж авсан.

С.Д ахын таньдаг цагдаа нь намайг эрүүдэн дарамталж, шоронд хорино, гарын үсэгээ зурахгүй бол яг одоо хорьлоо, чамайг прокуророос залилангаар эрүүгийн хэрэг үүсгэж шүүх рүү шилжүүлэх гэж байгаа гэж дарамлаад, миний эхнэрийг дуудаж дарамтлан айлган сүрдүүлсэн. Мөн миний ээжийн утасны дугаарыг хүртэл бичиж авсан. Би болон манай гэр бүл энэ байдлаас болж сэтгэл санааны гүн дарамтанд орж нойр хүрэхээ байсан.

Би цагдаагийн удаа дараагийн дарамтын талаар НЦГ, ЦЕГ-т гомдол гаргаж, бусдын захиалгаар цагдаа намайг эрүүдэн дарамталсан талаар хэвлэлийн хурал хийж сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Миний гомдлын дагуу ЦЕГ шалгалт явуулж намайг дарамталсан цагдаа нарт хариуцлага тооцсон тухай албан бичиг надад өгсөн. /хавсралт. №08/

Мөн С.Д ахын төрсөн ах С.Сутбилэг гэж хүн намайг айлган сүрдүүлж байсан, 6.000.000 төгрөг хугацаандаа өгөхгүй дэмий юм болно шүү, бид нар танай гэрийн хаяг, хаана юу хийдэгийг чинь мэдэж байгаа шүү, би хамгаалалтын алба ажиллуулдаг хүн гэж сүрдүүлсэн. С.Д ахын дарамт улам бүр хэцүү дарамттай болсон.

С.Д өөрийн төрсөн ах болон, төрийн хоёр цагдаатай нийлж бүлэглэн, үгсэн хуйвалдаж намайг сэтгэл санааны дарамтанд оруулан гэр бүлээр нь айлган сүрдүүлж маргаантай байгаа мөнгөний баримтан дээр хүчэзр гарын үсэг зуруулсан болно.

С.Д ах 2019 оны 11-р сарын 20-ны өдөр Монгол Ньюс ХХК-ны хэвлэл мэдээллийн төвд Цагдаагийн байгууллагын хэлмэгдүүлэлт, хөдөлмөрийн мөлжпөгийн эсрэг иргэд баримттай мэдээлэл дэлгэнэ гэх хэвлэлийн хурал зарлан Ц.Д намайг болон миний гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр илтэд гүтгэн худал мэдээлэл тарааж, эрүүгийн шинжтэй гэмт хэрэгт холбогдуулан хүндээр гүтгэн миний болон гэр бүлийн нэр төр, эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хууль бусаар халдан, бизнесийн нэр хүндийг гутаасан мэдээлэл түгээсэн. Тухайн хэвлэлийн хурлаар миний нэр хүнд, эрхлэж буй бизнесийн талаар 10 гаран зүйлийн худал мэдээлэлийг олон нийтэд хүргэсэн.

Заримаас нь дурьдвал:

-Ц.Д нь цагдаагийн байгууллагын удирдлагуудтай үгсэн хуйвалдаж, гүтгэн хэлмэгдүүлэх замаар цагдаагийн хошууч Г.Баасанжавыг ажлаас нь халуулсан гэх гүтгэлэг, мөн цагдаа Г.Баасанжавыг хуйвалдаж үндэслэлгүй ажлаас нь халуулсан тул ажилд нь буцаан оруул гэх утга бүхий тулган шаардалт.

-Ц.Д нь Ногоо тарих арга технолигио үнэгүйгээр бусдад зааж сургана гэж зар тавьсан байна. Энэ заранд нь итгэж Ц.Дид залилуулваа гэж иргэдэд хандаж анхааруулж байна гэх миний нэр хүндийг гутаан доромжилсон хэрэг.

-2019 оны 3, 4-р сараас хойш өнөөдрийг хүртэл Ц.Дийг Дархан Уул аймаг, БЗД-ийн цагдаа, шүүхэд удаа хандсан боловч цагдаа, шүүх нь энэ хүнийг ерөөсөө шалгахгүй байна, энэ хүнээ шалгаачээ гэх утга бүхий намайг шүүх, цагдаагийн байгууллагад нөлөөсөн гэх далд утга бүхий гүтгэлэг. /2019 оны 11 дүгээр сарын 21-ний 15 00 орчимд миний бие БЗД-ийн иргэний хэргийн шүүхээс мэдээлэл авахад иргэн С.Дгоос Ц.Д миний нэр дээр гаргасан нэг ч нэхэмжлэл байхгүй байсан/

- Ц.Д нь хүний хийсэн юмыг би өөрөө хийсэн гэж худал хэлдэг хэмээн гүтгэсэн. Миний намрын ногоон өдрүүд-2019 үзэсгэлэн болон өөр бусад үзэсгэлэн худалдаанд оролцож байсан зургийг дэлгэн харуулсан.

-Хүн ажиллуулаад цалинг нь өгдөггүй гэх гүтгэлэг.

-Хүмүүсээ та нар над шиг залилуулав аа гэсэн миний нэр хүнд, ажил бизнесийн нэр хүндийг санаатайгаар унагаасан гэх мэтээр ихэд гүтгэн доромжилж, худал мэдээлэл түгээсэн.

Мөн хэвлэлийн хурлын үеэр Баянзүрх дүүргийн шүүх Ц.Дийг шалгахгүй болохоор нь Би эхнэртэйгээ БЗД-ийн шүүхийн даргатай орж уулзаж шалгуулах хүсэлт гаргасан гэж байсан. /Хэвлэлийн хурлын зургийг хавсралт №09/

Мөн С.Дн хэвлэлийн хурал хийхийн өмнө түүний төрсөн ах С.Сутбилэг надруу утсаар холбогдон чамайг бидний нэхэмжилж байгаа мөнгийг өгөхгүй бол бид чиний эсрэг чамд залилуулсан гэх 15 хүнгэй нийлж тэмцэнэ гэж дарамталсан. Би хариуд нь надад залилуулсан хүмүүс байхгүй ээ, хүн гүтгэхээ болиороо гэсэн. Би дараахан нь сутбилэг ах руу залгаад уулзаад учир явдалаа ярилцая гэж уулзах газраа тохирсон боловч миний байсан кофе шопийн гадаа ирчээд орж ирэхгүй намайг гараад ир гээд байсан. Өөрсдөө уулзахгүй байж намайг орон зугтаалаа гэж гүйтгэж байгаа.

С.Дн нэхэмжилсэн 5.935.479 төгрөгийг бүгдийг нь өгөхгүй, анхнаасаа ийм байр суурьтай байгаа. Миний дансанд орж ирсэн 2.000.000 төгрөг, мөн цалинд өгсөн гэж байгаа 250.000 төгрөг, ББСБ-ын эхний сарын хүүг өгөх тухай ярилцаж болно. Гэхдээ малын тэжээлийн борлуулсанаас олох орлогоос өгөх асуудлыг ярилцаж болно. С.Дн буруугаас өнөөдрийн ийм байдал үүссэн.

1.Анх хамтран ажиллана гэж байсан, сүүлдээ бүх хариуцлагаас зугтаан намайг залилагч гэж гүтгэн доромжилсон, хийсэн малын тэжээлийг цаг хугацаанд нь заруулаагүй.

2.Ажилчдын цалинг өндрөөр үнэлж олон хоног ажиллуулсан.

3.Тээврийн зардалыг тухайн үеийн зах зээлийн ханшаас өндөр үнэлсэн.

4.Анх тохирсон малын тэжээл хийх ажлаа дуусгалгүй хаяж явсан.

5.Зургаан машин ногоо нунтаглахыг мэдсээр байж хүчин чадал нь бага тоног төхөөрөмж авч ирсэн, би тэрхүү тоног төхөөрөмжийг 150.000 төгрөгөөр засуулсан.

6.Намайг янз бүрээр дарамталж айлган сүрдүүлсэн, үүнээс болоод манай гэр бүл сэтгэл санааны хохирол амссан.

7.Намайг хэвлэлийн хурал зарлан гүтгэж миний нэр хүнд болон ажил бизнесийн нэр хүнд унагаж олох ашиг орлогыг үгүй хийсэн.

8.Малын тэжээл хийхэд надаас цаг хугацаа, хөрөнгө мөнгө их гарсан зэрэг үндэслэлүүдийг дурдаж болно гэжээ.

/хх-ийн 31-49 тал/

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч Ц.Дид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5.935.479 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч С.Д нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг үүргээ хугацаанд нь хариуцагч биелүүлээгүйгээс учирсан хохирлоо шаардсан гэжээ.

Нэхэмжлэгч С.Д болон Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-ийн хооронд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2.500.000 төгрөгийг, сарын 3.50 хувийн хүүтэй, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 12 сарын хугацаатай, бизнес бичил худалдаа үйлчилгээ зориулалттай зээлдүүлэх №102204798 тоот зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх №102204798 тоот фидуцийн гэрээ тус тус баагдс, фидуцийн гэрээгээр С.Дн өмчлөлийн 41-99 ДАХ улсын дугаартай Киа Вонго маркийн тээврийн хэрэгслийг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн зээлийн гэрээ, фидуцийн гэрээ, ийн , Худалдаа хөгжлийн банкны хуулга эг баримтаар .

 

/хх-ийн 6-10 тал/

 

Дээрх зээлийн гэрээний үүрэг биелүүлэхийг Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-иас 2019.01.16, 2019.03.06-ны өдрүүдэд тус тус С.Дгоос шаардсан, 41-99 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хураан авч, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд төлбөртэй зогсоолд байршуулсан, уг зогсоолын төлбөр болох 43.000 төгрөг, мөн зээлийн гэрээний үүрэгт 3.989.000 төгрөгийг С.Д төлж биелүүлжээ.

/хх-ийн 11-12,14 тал/

 

С.Дн Худалдаа хөгжлийн банкны төгрөгийн 403166038 тоот дансанд Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-иас 2018.10.16-ны өдөр 2.400.000 төгрөг шилжүүлсэн, С.Д нь мөн өдөр 2.000.000 төгрөгийг Ц.Дид, 100.000 төгрөгийг н.Анхтуяад, 50.000 төгрөгийг н.Батболдод, 150.000 төгрөгийг н.Оюунцэцэгт шилжүүлсэн байна.

/хх-ийн 23 тал/

 

Хариуцагч Ц.Д нь нэхэмжлэгчтэй малын тэжээл хийхээр хамтран ажиллахаар тохиролцсон боловч тэрээр малын тэжээлийг хугацаанд нь борлуулалт хийлгээгүй, ажилчдын цалинг өндрөөр тогтоож, олон хоног ажиллуулсан, тээврийн зардлыг зах зээлийн ханшаас өндрөөр үнэлсэн, малын тэжээл хийх ажлаа дуусгаагүй, хүчин чадал багатай ногоо нунтаглах тоног төхөөрөмж авчирснаас эвдэрч, түүнийг 150.000 төгрөгөөр засварласан, хэвлэлийн хурал зарлаж, нэр хүнд, ажил, бизнесийн нэр хүндийг унагаж ашиг орлогыг үгүй хийсэн, дарамталж айлган сүрдүүлснээс гэр бүлийн хамт сэтгэл санааны хохирол амссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Талууд хамтран ажиллахаар тохиролцсон бол ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтын үйл ажиллагааны зорилгоо тодорхойлсны үндсэн дээр энэхүү зорилгодоо хүрэхийн тулд талууд ямар байдлаар оролцох ёстойг тодорхой зааж, уг зорилгод хүрэхийн тулд талуудын гүйцэтгэх ёстой үүргийг тодорхойлсон байхыг шаардана.

Үүнээс үзэхэд талууд хамтран ажиллахаар тохиролцож буй ашиг олох зорилготой үйл ажиллагаа байхыг шаардах бөгөөд уг зорилгодоо хүрэхийн тулд тэдний оролцох оролцоо, оруулах хувь хэмжээ, гүйцэтгэх үүрэг, хамтын үйл ажиллагаанаас бий болсон дундын хөрөнгө, уг хөрөнгийг захиран зарцуулах асуудал зохицуулагдах болно.

Хариуцагч Ц.Дийн хариу тайлбар, түүнд хавсарган ирүүлсэн баримтаас үзэхэд малын тэжээл бэлтгэхэд талууд ямар эрх, ямар үүрэгтэй оролцох, уг ажилд талуудын оруулах хувь хэмжээ, уг ажлаас олох ашиг, гарах алдагдлыг хэрхэн хуваарилсан болох, үргэлжлэх хугацаа, гэрээг дуусгавар болох үндэслэл, дундын эд хөрөнгийг хуваарилах талаар хэрхэн тохиролцсон болох нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл хамтран ажилласан гэх байдлаа нотолсон баримтаа шүүхэд ирүүлсэнгүй.

Үүнээс үзэхэд тэрээр хамтран ажилласан гэх нэхэмжлэлийг татгалзаж буй татгалзлаа баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Тэрээр шүүхэд ирүүлсэн тайлбартаа:...С.Дн нэхэмжилсэн 5.935.479 төгрөгийг бүгдийг нь өгөхгүй, анхнаасаа ийм байр суурьтай байгаа. Миний дансанд орж ирсэн 2.000.000 төгрөг, мөн цалинд өгсөн гэж байгаа 250.000 төгрөг, ББСБ-ын эхний сарын хүүг өгөх тухай ярилцаж болно гэжээ.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлэг зэргээс үзэхэд С.Д нь ББСБ-аас 2.500.000 төгрөгийг, сарын 3.50 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэн авсан, уг хөрөнгийг Ц.Дийн өмчлөлд шилжүүлсэн, Ц.Д нь уг хөрөнгийг, хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдож байх ба талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, Ц.Д нь зээлийг, хүүгийн хамт буцаан төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч С.Дд хохирол учирсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь зээл, хүү, алдангид төлсөн 3.989.000 төгрөг, хохиролд тооцож зогсоолын төлбөрт төлсөн 43.000 төгрөг, Д.Саранцэцэгт тоног төхөөрөмжний түрээсийн төлбөрт төлсөн 450.000 төгрөг, дээрх зээлийг төлөхийн тулд Хас банк ХХК-иас авсан 6.000.000 төгрөгийн зээлийн хүү 1.453.479 төгрөг, нийт 5.935.479 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д:Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу С.Д нь тоног төхөөрөмжийн төлбөрт 450.000 төгрөгийг Д.Саранцэцэгт төлсөн болох нь түүний мэдүүлэг, зогсоолын төлбөрт 43.000 төгрөг төлсөн нь кассын орлогын ордер зэрэг баримтаар тус тус тогтоогдож байх ба үүнийг хариуцагч Ц.Д баримтаар няцаагаагүй.

/хх-ийн 14, 83 тал/

 

Дээр дурдсан байдлаас үзэхэд хариуцагч Ц.Д гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул баримтаар тогтоогдож буй Нэт капитал финанс корпораци ББСБ ХХК-иас С.Дд шилжүүлсэн 2.400.000 төгрөг, 12 сарын хугацааны хүү 612.235 төгрөг, түрээсийн төлбөрт төлсөн 450.000 төгрөг, зогсоолын төлбөрт төлсөн 43.000 төгрөг, нийт 3.505.235 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.430.244 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд хариуцагч Ц.Доос 3.505.235 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.430.244 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч Ц.Д нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч С.Д, түүний өмгөөлөгч Д.Бурмаа нарын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж, мөн хуулийн 100.4-т зааснаар түүний шүүхэд ирүүлсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ц.Доос 3.505.235 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.430.244 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Ц.Доос улсын тэмдэгтийн хураамжид 71.033 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Дд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ