Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 1393

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

            улсын яллагч Ю.Батсүх,

            шүүгдэгч З.Ч, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам ҮД:04-64 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Их Монгол овогт З.Ч яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0631 51439 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, З.Ч

             Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

           З.Ч нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 24-478 тоотод оршин суух иргэн У.Оюунцэцэгийн өвлийн байшингийн цонхоор нэвтрэн орж, “Элко” маркийн 39 инчийн зурагтыг хулгайлж, 120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Ч мэдүүлэхдээ:  Би нэг мэдэхэд согтуу “Нарантуул зах” дээр цагдаа нарт баригдсанаа санаж байна. Бусдыг нь санахгүй байна. Холбогдсон хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллалгаанд хохирогч У.Оюунцэцэгийн: …Би 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 08:00 цагт гэрээсээ гараад өнөөдөр буюу 07 дугаар сарын 27-ны өдөр 10:30 цагт гэртээ орж ирэхэд манай авдран дээр байсан 39 инчийн “ELKO” зурагт алдагдсан байсан. Манай том өрөөний цонхны салхивч нь шилгүй дан тортой, гадна талаараа паниартай байсан. Тэр паниарыг хуулж аваад даавуун торыг манай гэрт орсон байсан. Одоо манайх шиг зурагт 500.000-600.000 төгрөгийн үнэтэй байгаа, 500.000 төгрөгөөр үнэлж байна...

... Энэ зурагт манай зурагт байна. Зурагтаа асааж үзлээ, хэвийн байна. Ямар нэг эвдрэл, гэмтэл, нэмэгдэж хасагдсан зүйлгүй байна. Зурагтаа бүрэн бүтэн хүлээж авлаа. Гэрээс өөр алдагдсан зүйл байхгүй. Би одоо сайн санахгүй байна. 2003-2004 оны үед л авч байсан шиг санаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 10 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Сүхчулууны:... 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр намайг “Нарантуул” зах дээр ажил дээрээ байхад “Нарантуул” захын цагдаа намайг дуудахаар нь яваад очтол надаас манайхыг ямар зурагттайг асуухаар нь манай хавтгай 32 инчийн зурагттай гэж хэлсэн чинь надад нэг хар өнгийн зурагт харуулаад мэдэх үү гэж асуухаар нь мэдэхгүй зурагт байна гэж хэлсэн. Тухайн үед намайг Чинзоригтой уулзуулаагүй. Тэгээд би Чинзоригийг батлан даалтанд аваад юу болсон юм бэ гэж асуухад согтуу явж байгаад айл руу ороод зурагт хулгайлаад “Нарантуул” зах дээр зарах гэж байгаад баригдсан гэж хэлсэн.  Тэрнээс надад өөр мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-н 15 дугаар тал/,

  • Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 16 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн З.Чийн: … Би 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр “Нарантуул” зах дээр 11 цагийн үед явж байгаад танил Ганбат болон түүний найзтай тааралдаад бид 3 “Нарантуул” зах дээр 2 шил 0,5 литрийн “Хараа” архи хувааж уучихаад би гэртээ харихаар салаад явсан ба Ганбат найзтайгаа “Нарантуул” зах дээр үлдсэн юм. Ингээд би “Нарантуул” захын урд талын автобусны буудал дээрээс Жанжин клуб явах автобусанд суугаад 2-ын буудал дээр буугаад тэндээсээ гудамжаар 14 цагийн үед байхаа алхаад явж байхад хашааны хаалга нь онгорхой хашаан дотор нь шавар байшин байхаар нь би ороод байшингийн цонхоор харахад зурагт нь харагдахаар нь ялааны тор хадсан, шилгүй цонх байхаар нь нөгөө торыг нь ханз татаад цонхоор нь орж зурагтыг нь аваад буцаад автобусанд суугаад “Нарантуул” зах руу явсан. Ингээд “Нарантуул” захын хашаан дотор зурагтаа тэврээд явж байхад цагдаа тааралдаад цагдаагийн хэсэг дээр очсон. Тэгээд надаас зурагтыг хурааж аваад намайг эрүүлжүүлэхэд хийж хонуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/,

            - Шүүгдэгч З.Чийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, /хх-ийн 21, 34, 35 дугаар тал/,

            - Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 6 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Хэрэгт цугларсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, бичгийн  бусад  нотлох  баримт зэргээс дүгнэхэд З.Ч нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 24-478 тоотод оршин суух иргэн У.Оюунцэцэгийн өвлийн байшингийн цонхоор нэвтрэн орж, “Элко” маркийн 39 инчийн зурагтыг хулгайлсан  үйл баримт болсон байна.

            Шүүгдэгч З.Ч нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 24-478 тоотод оршин суух иргэн У.Оюунцэцэгийн өвлийн байшингийн цонхоор нэвтрэн орж, “Элко” маркийн 39 инчийн зурагтыг хулгайлж, 120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн болон гэрчийн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч У.Оюунцэцэг өөрийн алдсан гэх зурагтыг биет байдлаар буцаан авсан бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хохирогчоор мэдүүлэхдээ болон хэргийн материалтай танилцах үедээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 6, 10, 37 дугаар тал/,

Шүүгдэгч З.Чийн гэмт үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирол  нь     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5-д заасан хохирлын хэмжээнд хүрээгүй, хохирогчид учирсан хохирол арилсан зэргийг харгалзан түүний гэм буруугийн   үйлдлийг гэмт хэргийн шинжгүй байна гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч З.Ч нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Шүүгдэгч З.Ч нь бага боловсролтой бичиг үсэг мэддэггүй байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3-д өмгөөлөгчгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй гэснийг зөрчин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсныг дурьдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,36.9 дугаар зүйл, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас З.Ч холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З.Ч холбогдох эрүүгийн 1806 0631 51439 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

3. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, З.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж З.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол З.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.АЛТАНЦЭЦЭГ