Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 1052

 

З.Ч-т холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ганбулган,

цагаатгагдсан этгээд З.Ч-ийн өмгөөлөгч И.Чимэдбадам,         

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1393 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Ю.Батсүхийн бичсэн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 97 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр З.Ч-т холбогдох эрүүгийн 1806063151439 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Их монгол овгийн З.Ч-, 1972 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Төв аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой гэх, тракторын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй,         

          З.Ч- нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 24-478 тоотод оршин суух иргэн У.Оюунцэцэгийн өвлийн байшингийн цонхоор нэвтрэн орж, “Элко” загварын 39 инчийн телевизорыг хулгайлж, 120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: З.Ч-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос З.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З.Ч-т холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Ю.Батсүх бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “...анхан шатны шүүх З.Ч-ийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцлийг заасан бөгөөд мөн зүйлийн тайлбар хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэж заажээ. Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэний улмаас мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээ буюу 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээний төгрөгийн хохирол учирсан тохиолдолд гэмт хэргийн шинжгүй, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байхаар ойлгогдож байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирлын хэмжээ хамаарахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болохыг тодорхойлсон байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

Прокурор Б.Ганбулган тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...прокурор Ю.Батсүхийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

Цагаатгагдсан этгээд З.Ч-ийн өмгөөлөгч И.Чимэдбадам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би анхан шатны шүүх хуралдааны үе шатнаас эхэлж З.Ч-т хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон өөрийн байр сууриа дэмжиж байна. З.Ч- нь өөрийнхөө нэрээ бичиж чаддаг боловч тэрээр Монгол бичиг мэдэхгүй, яллах дүгнэлтийг найзаараа уншуулсан гэдэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний боловсролын байдлыг тодруулаагүй бөгөөд өмгөөлөгч оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн хохирогчийн гэрээс алдагдсан телевизор нь хэрэглээний элэгдэлд орсон эд зүйл байдаг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдлоо.

Прокуророос З.Ч-ийг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 24-478 тоотод оршин суух иргэн У.Оюунцэцэгийн өвлийн байшингийн цонхоор нэвтрэн орж, “Элко” загварын 39 инчийн телевизорыг хулгайлж, 120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “З.Ч-ийн гэмт үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирлын хэмжээнд хүрээгүй...” хэмээн дүгнэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр буюу “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд дээрх гэмт үйлдэлд хохирлын хэмжээ хамаарахгүй болохыг хуульчлан тайлбарласан байхад анхан шатны шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрөөр тайлбарлаж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Түүнчлэн шүүгдэгч З.Ч- нь анхан шатны шүүх хуралдаанд “...би 3 дугаар анги төгссөн, бичиг үсэг мэдэхгүй, ямар хэрэгт яллагдагчаар татагдсан эсэхээ ч мэдэхгүй, яллах дүгнэлтийг найзаараа уншуулсан...” гэж мэдүүлсэн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний боловсролын байдалд ач холбогдол өгөлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “...монгол хэл, бичиг мэдэхгүй сэжигтэн, яллагдагч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг  өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй...” гэсэн заалтыг зөрчжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад, яллагдагч З.Ч- өмгөөлүүлэх болон ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхээ эдэлж чадаагүй нь шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлнө.

Учир нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн бусад туслалцаа авах эрхтэй боловч Монгол хэл, бичиг мэдэхгүй хүнээс мэдүүлэг авахдаа тэрээр өмгөөлүүлэх эрхээ эдлэхгүй ч гэсэн өмгөөлөгчийг заавал оролцуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдолд өмгөөлөгчийг заавал оролцуулахаар заасан зохицуулалтын зорилго нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн бусад туслалцаа авах эрхийг бодитойгоор хангах баталгаа болдгоос гадна, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий этгээдийн хууль бус үйл ажиллагаанаас сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршдог.

Иймд хууль хэрэглээний талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, дээрх үндэслэлүүдээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, З.Ч-т холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1393 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, З.Ч-т холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол З.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                           ДАРГАЛАГЧ,

                                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

                                           ШҮҮГЧИД                                                       Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                                                                                                   Н.БАТСАЙХАН