Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/00224

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 02-ны өдрийн 101/ШШ2020/03809 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “С” ХХК, ЗБДС , Х.Б , Б.Д нарт холбогдох, зээлийн болон батлан даалтын гэрээний үүрэгт нийт  930,381,330.24 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч ЗБДС гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагч ЗБДС гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, хариуцагч бөгөөд хариуцагч Б.Д гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б , түүний өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Зээлдэгч “С” ХХК нь 2018 оны 01 сарын 02-ны өдөр “Т” ХХК-тай 00000 0/00 тоот зээлийн, 0000/00/00-00 тоот барьцааны, 000/00/00-00 тоот батлан даалтын гурвалсан гэрээг тус тус байгуулж, 816,000,000 төгрөгийн эх үүсвэртэй батлан даалттай төслийн зээлийг сарын 1.0 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлдэн авсан. Гэвч зээлдэгч нь зээл авснаас хойш гэрээний үүргээ зөрчиж 2019 оны 12 сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 804,256,895.62 төгрөг, балансын гадуурх үндсэн хүүд 126,027,934.62 төгрөг, нийт 930,284,830.24 төгрөгийн зөрчилтэй, нийт 464 хоногийн хугацаа хэтрүүлсэн. ЗБДС, “Т” ХХК, зээлдэгч “С” ХХК-ийн хооронд байгуулсан 000/00/00-00 тоот батлан даалтын гэрээнд зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд 816,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувь буюу 489,600,000 төгрөгт Зээлийн батлан сан батлан даалт гаргасан. Банкны зүгээс компанийн нөхцөл байдалтай танилцаж, удаа дараа уулзалт хийхэд зээлдэгч нь зээлийн гэрээний 6.2.1, 6.2.2 дахь заалтыг зөрчиж зээлийн санхүүжилтийн тодорхой хувийг зориулалтын бусаар ашигласан нь нотлогдсон. Гэвч банкнаас компанийн санхүүгийн нөхцөл байдлыг хүндэтгэн үзэж зээлийн хүүгийн зөрчлийг барагдуулах хугацаа өгч, үүргээ биелүүлэх тухай мэдэгдлийг утсаар, биечлэн, албан бичгээр удаа дараа хүргүүлсэн боловч тодорхой үр дүн гаргаагүй. “С” ХХК, “Т” ХХК-тай 2018 оны 01 сарын 02-ны өдөр байгуулсан 0000/00/00-00 тоот барьцааны гэрээнд тодорхойлсон хөрөнгүүдийг барьцаа болгон барьцаалуулсан. Зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир хариуцагч нараас нийт 930,381,330.24 төгрөг нэхэмжилснээс 6,585,209 төгрөгийн шаардлагаас татгалзсан.

Иймд хариуцагч “С” ХХК, Б.Д , Х.Б нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 319,068,674 төгрөг, зээлийн хүү 126,027,954 төгрөг, нотариатын зардал 96,500 төгрөг, нийт 445,193,108 төгрөгийг, хариуцагч ЗБДС гаас батлан даалтын гэрээний дагуу үндсэн зээлийн 60 хувь болох 478,603,012 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү. Хариуцагч “С” ХХК, Б.Д , Х.Б нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Г.Б ын өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “С” ХХК хариу тайлбартаа: Г.Б нь “С” ХХК-ийн 40 хувийг эзэмшдэг бөгөөд гүйцэтгэх захирлаар 2019 оны 07 сарын 01-ний өдөр томилогдсон. Хэдийгээр би захирлын албан тушаалыг хашдаг гэдэг боловч нэр нь цаасан дээр байдаг, компанийн бичиг баримт, тамга тэмдэг байхгүй. Компанийн хувьцааны асуудал дээр шүүхэд маргаантай байгаа. Энэ зээлийг аваагүй, Х.Б ийг захирлын албан тушаалд томилогдохоос өмнө авсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч ЗБДС гийн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол Улсын Засгийн газар нь Азийн хөгжлийн банкнаас 60,000,000 ам.долларыг зээлдэн авч, ЗБДС д сангийн яамнаас дамжуулан зээлдүүлсэн. “С” ХХК-д олгосон 816,000,000 төгрөгийн зээл нь энэ төслийн зээл бөгөөд ЗБДС зээл олгодоггүй, зээлийн 60 хувь хүртэлх хувьд батлан даалт гаргадаг. Тодруулбал, зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсны дараа үлдсэн 50 хувийг өгнө гэсэн үндсэн агуулгатай гэрээ байгаа. Энэ зээлийн хувьд нийт алдагдлыг ЗБДС болон банк хоёр хувааж хариуцна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаад, үлдэж байгаа дүн нь банкны цэвэр алдагдал. Энэ дүнгийн 60 хувийг ЗБДС хариуцаж, үлдэх 40 хувийг банк хариуцах ёстой. Банк барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой. Энэ заалт биелэгдээгүй байна. ЗБДС нь яг хэдэн төгрөг хариуцахыг тодорхойлох боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Б.Д хариу тайлбартаа: "С" ХХК нь 2016 оны 02 сард үүсгэн байгуулагдсан. 2017 онд эмнэлгээ хэвтэн эмчлүүлэх эмнэлэг болгон өргөтгөхөөр "Санцо Өргөтгөл" төслийг боловсруулан 1,0 тэрбум төгрөгийн санхүүжилт хүсэж ЗБДС д хандсан ба тус сангаас төслийг хянаж, дэмжихээр шийдвэрлэж "Т" ХХК-д шилжүүлсэн боловч тодорхойгүй шалтгаанаар төсөвт санхүүжилтийн хэмжээ 816,000,000 төгрөг болж буурч 2018 оны 01 сарын 02-ны өдөр тус банктай 10 жилийн хугацаатай, №0000/00/00 тоот зээлийн гэрээ байгуулж компанийн дансанд санхүүжилт орж ирсэн. “С” ХХК-ийн төлөвлөсөн үйл ажиллагаа болон санхүүгийн байдалд хүндрэл учирсан боловч зээл, зээлийн хүү төлөлтийн хуваарийн дагуу төлж байсан. Гэтэл 2019 оны сүүлчээр зээлийн гэрээний ялимгүй зөрчил үүссэн. Зээлийн хүүгийн өр төлбөрийн зөрчилтэй холбоотойгоор бид банкны удирдлагууд болон холбогдох ажилтнуудтай уулзан ярилцаж зөрчлийг арилгах арга хэмжээнүүдийг авсан. Өнөөдрийн байдлаар гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд үндсэн зээлийн үлдэгдэл 797,745,358 төгрөг байх ёстой бөгөөд зээлийн хүү 67,027,084 төгрөг төлсөн байгаа нь нэхэмжлэлийн шаардлагаас зөрүүтэй байна. Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгод үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг. Талууд гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэлийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсэгт заасан байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Б хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Т” ХХК-аас 816,000,000 төгрөгийн зээлийг авсан. Эмнэлгийн хажууд сувилал байгуулахаар гэрээ байгуулсан боловч гэрээний үүрэг биелэгдээгүй. Энэ мэтчилэн компанид санхүүгийн хүндрэл үүсээд зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Зээл авсан нь үнэн төлнө. Гэхдээ нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш манай компанийн пос машинаар уншуулсан төлбөр 6,585,209 төгрөгийг зээлийн төлөлтөд суутгаад авсан. Түүнийг зээлийн төлөлтөөс хасуулах хүсэлтэй байна. Манай компанийн үйл ажиллагаа сэргэж байгаа гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 460 дугаар зүйлийн 460.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч “С” ХХК, Х.Б , Б.Д нараас 445,193,108 төгрөг, хариуцагч ЗБДС гаас 478,603,012 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, хариуцагч “С” ХХК, Х.Б , Б.Д нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Г.Б ын өмчлөлийн ... тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн 0-0000000000 дугаартай, 220 м.кв талбай бүхий амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт орших, эрхийн улсын бүртгэлийн 0-0000000000 дугаартай, ... тоот хаягт байршилтай 220 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ... байрлах эзэмших эрх бүхий газар, мөн хаягт орших нэгж талбарын 0000000000 дугаартай, 573 м.кв талбайтай эзэмших эрх бүхий газрыг тус тус худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,879,574.15 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “С” ХХК, Х.Б , Б.Д нараас 2,454,115 төгрөг, хариуцагч ЗБДС гаас 2,550,965 төгрөгийг тус тус нөхөн гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх батлан даалтын гурвалсан гэрээнд батлан даалтын үүрэг гүйцэтгэх зохицуулалтыг 2017 оны “Батлан даалтын ерөнхий гэрээ”-гээр зохицуулахаар заасан гэсэн тайлбарыг харгалзан үзээгүй. Мөн “Т” ХХК, ЗБДС нарын хооронд 2017 оны 09 сарын 29-ний өдөр байгуулсан “Батлан даалтын ерөнхий гэрээ”-ний 2.3.b, 2.3.b(ii), 2.4.c, H.1.1.2, H.1.2.5, H.1.1.2, H.1.12, H.1.12.1 дэх заалтуудын зохицуулалтыг анхаарч дүгнээгүй орхигдуулсан байна.

ЗБДС нь “С” ХХК-ийн зээлд батлан даалт гаргаж, “Т” ХХК, “С” ХХК нартай 2018 оны 01 сарын 02-ны өдөр байгуулсан “Батлан даалтын гурвалсан гэрээ”-ний 2.2-т “ЗБДС болон банкны хооронд 2017 оны 09 сарын 29-ны өдөр байгуулсан Батлан даалтын ерөнхий гэрээнд заасны дагуу батлан даалтын үүргийг гүйцэтгэнэ” гэж заасан. Үүнээс үзэхэд Батлан даалтын гэрээний үүргийг гүйцэтгэх нөхцөл биелэгдсэн эсэхийг дүгнэхийн тулд “Т” ХХК, ЗБДС гийн хооронд 2017 оны 09 сарын 29-ны өдөр байгуулагдсан “Батлан даалтын ерөнхий гэрээ”-г судлах шаардлагатай.

Анхан шатны шүүхээс “Батлан даалтын ерөнхий гэрээ” гэсэн нэртэй учраас ерөнхий зохицуулалтыг агуулсан, “Батлан даалтын гурвалсан гэрээ” нь нарийвчилсан зохицуулалттай гэсэн агуулгатай хэлбэрийн төдий дүгнэлт хийсэнд гомдолтой байна. 2018 оны 01 сарын 02-ны өдрийн “Батлан даалтын гурвалсан гэрээ”-ний 2.2, 2.3 дахь заалтаас харахад Батлан даалтын ерөнхий гэрээг иш татаж уг гэрээгээр батлан даалтын үүрэг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэхээс татгалзах нөхцөлийг зохицуулахаар заасан. Мөн уг гэрээний 1.5-д “Энэхүү гэрээ болон Банк, ЗБДС-ийн хооронд 2017 оны 09 сарын 29-ний өдөр байгуулсан Холбогдох гэрээний заалтууд хоорондоо зөрчилдсөн тохиолдолд Холбогдох гэрээний заалтыг дагаж мөрдөнө. “Холбогдох гэрээ” гэж Гэрээний ерөнхий нөхцөл, Батлан даалтын ерөнхий гэрээ, Төслийн гэрээ, Хугацаат хадгаламжийн гэрээ, Дундын дансны гэрээг тус тус ойлгоно” гэж заасан. Иймд батлан даалтын үүрэг гүйцэтгэх нөхцөл, зохицуулалтын хувьд нарийвчилсан харилцааг зохицуулсан гэрээ нь 2019 оны 07 сарын 29-ний өдрийн “Батлан даалтын ерөнхий” гэрээ юм. Үүнийг шүүх сайн ойлгоогүйн улмаас буруу дүгнэж, “Батлан даалтын ерөнхий гэрээ”-ний дээр дурдсан заалтуудад дүгнэлт хийгээгүй байна.

Мөн 2018 оны 01 сарын 02-ны өдрийн “Батлан даалтын гурвалсан гэрээ”-ний 2.2, 2.3 дахь заалт болон 2019 оны 07 сарын 29-ний өдрийн “Батлан даалтын ерөнхий гэрээ”-ний доорх 2.3.b(ii), 2.4.с, Н.1.1.2, Н.1.12, Н.1.12.1, Н.1.2.5-д заасан зохицуулалтуудаас үзвэл Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт зааснаар хамтран хариуцлага хүлээх бус харин Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасны дагуу нөхөх хариуцлага хүлээхээр гэрээ байгуулжээ гэдэг нь тодорхой байна.

Уг хэрэг маргааныг урьд анхан шатны шүүх 101/ШШ2020/01557 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаснаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 сарын 17-ны өдрийн 1574 дугаар магадлал гарсан. Уг магадлалаар тус шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан үндэслэлийг шүүх анхаараагүй хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй тул уг шийдвэрт өөрчлөлт оруулж, ЗБДС д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

   Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, тогтоох хэсэгт гаргасан техникийн алдааг залруулах нь зүйтэй гэж үзэв.

 

   Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 447,730,692.87 төгрөг, нотариатын зардал 96,500 төгрөг, нийт 447,827,192.87 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага, хариуцагч “ЗБДС ”-аас батлан даалтын гэрээний үүрэгт 482,554,137.37 төгрөгийг гаргуулах шаардлагыг тус тус гаргаж /1хх 1-4/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Б , Б.Д, Х.Б нарыг хамтран хариуцагчаар татаж /1хх 146, 147/, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулахаар шаардлагаа нэмэгдүүлж /1хх 176/, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа пос машинаар уншуулсан гэх 6,585,209 төгрөгтэй холбоотойгоор зээлийн болон батлан даалтын гэрээний дагуу шаардсан шаардлагаа багасгаж, хариуцагч “С” ХХК, Б.Д, Х.Б нараас үндсэн зээл 319,068,674 төгрөг, зээлийн хүү 126,027,954 төгрөг, нотариатын зардал 96,500 төгрөг, нийт 445,193,128 төгрөг, хариуцагч “ЗБДС ”-аас 478,603,012 төгрөгийг  тус тус гаргуулахыг шаарджээ. /2хх 23/

 

Нэг. “С” ХХК, Х.Б , Б.Д нарт холбогдох шаардлагын тухайд

 

“Т” ХХК болон “С” ХХК, Х.Б , Б.Д нар 2018 оны 01 сарын 02-ны өдөр 0000/0000 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулан /1хх 10-11/, 816,000,000 төгрөгийг 120 сарын хугацаатай, сарын 1.0 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлдэн  авахаар харилцан тохиролцож, уг гэрээний хавсралтаар “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-ийг баталж /1хх 12-13/, мөн өдөр “Т” ХХК, Х.Б нар 0000/00/00-00 тоот “Барьцааны гэрээ”-г байгуулан /1хх 14-15/ иргэн Г.Б ын эзэмшил, өмчлөлд бүртгэлтэй газар, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргийг барьцаалах, барьцаалуулахаар харилцан тохиролцжээ.

 

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон иргэн Г.Б ын зүгээс өөрийн эзэмшил, өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих бүрэн эрхийг “С” ХХК-ийн захирал Х.Б өд олгосон /1хх 63-66/ тухай үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна.

 

Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны явцад хариуцагч бөгөөд хариуцагч Б.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нь өөрсдөд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг өгсөн бөгөөд хариуцагч нараас нийт 445,193,128 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй учир давж заалдах шатны шүүхийн зүгээс тэдгээрт холбогдох шаардлагад дэлгэрэнгүй тайлбарыг хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Харин анхан шатны шүүх хамтран хариуцагчаар Х.Б ийг татах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан атлаа /1хх 162/ энэ талаар захирамжид тусгаагүй /1хх 165/, шийдвэрийн тогтоох хэсэгт “445,193,128 төгрөг” гэхийг “445,193,108 төгрөг” гэж техникийн алдаа гаргасан, “451 дүгээр зүйлийн” гэсний дараа “451.1 дэх хэсэг” гэж бичихийг орхигдуулсан зэрэг нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй тул шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэв.

Дээр дурдсан техникийн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтойн зэрэгцээ анхан шатны шүүх нэхэмжлэгчийг зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй талаар үндэслэл бүхий дүгнэсэн боловч холбогдох хуулийн зохицуулалт болох Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийн зохицуулалтыг баримтлаагүйг шүүхийн шийдвэрт нэмж оруулах нь зүйтэй.

 

Хоёр. ЗБДС д холбогдох шаардлагын тухайд

 

Хариуцагч “ЗБДС ” нь батлан даалтын үүрэг гүйцэтгэх нөхцөл бүрдээгүй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсны дараа нөхөх хариуцлага хүлээнэ гэсэн агуулгаар өөрт холбогдох шаардлагыг эс зөвшөөрч маргажээ. /1хх 118, 2хх 37/

 

“ЗБДС ”, “Т” ХХК, “С” ХХК, Б.Д нар 2018 оны 01 сарын 02-ны өдөр 000/00/00-00 тоот “Батлан даалтын гурвалсан гэрээ” гэх гэрээг байгуулсан байх ба уг гэрээгээр батлан даагч “ЗБДС ” нь зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэж чадна гэж баталж, хэрэв зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүний өмнөөс үүргийг гүйцэтгэж, гүйцэтгэсэн үүргийн хэмжээгээр зээлдэгчээс буцаан шаардах эрхийг Банкнаас шилжүүлэн авах, зээлийн гэрээний дагуу олгогдсон 816,000,000 төгрөгийн зээлийн 60 хувьд батлан даалт гаргахаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 459 дүгээр зүйлийн 459.1, 460 дугаар зүйлийн 460.4, ЗБДС гийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасантай тус тус нийцсэн байна. /1хх 18-20/ Өөрөөр хэлбэл, батлан даагчийн батлан даасан хэмжээ ЗБДС гийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасан “зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах” гэснийг зөрчөөгүй байна.

 

Хариуцагч “ЗБДС “ нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар тохиролцсон хэмээн дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, улмаар нэхэмжлэгчийн шаардсан дүн нь хууль болон гэрээнд заасан үндсэн зээл 816,000,000 төгрөгийн 60 хувьд батлан даалт гаргахаар тохиролцсон хэмжээнээс хэтрээгүй үндэслэлээр холбогдох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Учир нь, дээрх “Батлан даалтын гурвалсан гэрээ”-ний 2.1-д батлан даагч нь “...зээлийн гэрээний дагуу олгогдсон 816,000,000 төгрөгийн зээлийн 60 хувьд батлан даалт гаргах” үүрэг хүлээснээр Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасан “хамтран хариуцагч” болж байгаа юм.

 

Батлан даагч зээлдэгчийн үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцах үүрэг хүлээсэн тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсны дараа нөхөх хариуцлага хүлээнэ гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байхаас гадна хариуцагч нь “Т” ХХК-тай 2017 оны 09 сарын 29-ний өдрийн “Батлан даалтын ерөнхий гэрээ”-ний 2.3.b, 2.3.b(ii), 2.4.c, H.1.2.5, H.1.12, H.1.12.1-д заасныг үндэслэн өөрийн татгалзлаа тайлбарлаж байх боловч тэдгээр заалтууд нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсгийн зохицуулалт болон “Батлан даалтын гурвалсан гэрээ”-ний нийтлэг үндэслэлийн 1.1-д нийцээгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв. /1хх 149-155/

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, техникийн алдааг залруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 02-ны өдрийн 101/ШШ2020/03809 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “С” ХХК, Х.Б , Б.Д нараас 445,193,128 төгрөг, хариуцагч “ЗБДС ”-гаас 478,603,012 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...57.1,...” гэсний дараа “...56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1,...” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч “ЗБДС ”-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ЗБДС ”-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 550 965 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ                                                           

                                              ШҮҮГЧИД                                 Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                 Д.НЯМБАЗАР