Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 371

 

“Т д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:      Г.Банзрагч

                     Б.Мөнхтуяа

                     Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал     

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын “Т д” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/539 дүгээр тушаалаар “Л д р а” ТББ-д олгосон 26.3 га газрын “Т д” ХХК-ийн ашиглаж байсан 3 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”    

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0868 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 173 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0868 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 36 дугаар зүйлийн 36.1, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 47 дугаар зүйлийн 47.1.6, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан “Т д” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03-р сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын “Т д” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/539 дүгээр тушаалаар “Л д р а” ТББ-д олгосон 26.3 га газраас “Т д” ХХК-ийн ашиглаж байсан 3 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 173 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 868 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1/, 5/, 27 дугаар зүйлийн 1/, 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан “Т д” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, харин 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/539 дүгээр тушаалаар түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалах, хамгаалах зориулалтаар “Л д р а” ТББ-д ашиглуулахаар олгосон 23.5 га газрын 3 га-д хамаарах хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, нэхэмжлэгч “Т д” ХХК-ийн захирал Б.П-ийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол      

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

3. “Т д” ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0868 дугаартай шийдвэрийг бүхэлд нь, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 173 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс дараах гомдлыг гаргаж байна.

4. Илт хууль бус болох Байгаль орчин аялал жуучлалын сайдын 2018 оны 3-р сарын 29-ны өдрийн А/76 дугаар тушаалын хууль зүйн үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 27.1, 36.1, 40.1.2, 40.2 дахь хэсэг, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.6 дахь хэсэг, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А/230/127 дугаар тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 250 тоот санал зэргийг үндэслэсэн байдаг.

5. Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг үндэслэн дуусгавар болгосон талаар тайлбарладаг юм.

6. Гэтэл шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Захиргааны Ерөнхий хуулийн 22-р зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 36 дугаар зүйлийн 36.1 заасан эрхийн хүрээнд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон мэтээр дурджээ.

7. Хариуцагчийн дээр дурдсан хуульд заасан эрх хэмжээний талаар нэхэмжлэгч тал маргаангүй тухайн эрхийг хэрэгжүүлэхдээ талуудын хооронд байгуулсан гэрээ болон газар ашиглах эрх дуусгавар болгохыг нарийн зохицуулсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуулийн заалтыг талаар маргасан юм.

8. Мөн хариуцагчаас нэхэмжлэгчийг тухайн газрыг ашиглах явцдаа гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, аливаа хэлбэрээр хууль, дүрэм, журам, стандарт зөрчөөгүй болохыг шүүх хуралдаанд тайлбарладаг юм.

9. Талуудын мэтгэлцээний явцад хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 40.1.2, 40.2 дахь хэсэгт заасан үндэслэлүүд, Богд-Хан уулын хамгаалалтын захиргааны 250 дугаартай санал зэргүүд нь бүрэн үгүйсгэгдсэн боловч анхан шатны шүүхээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг баримтлан заалдах шатны шүүхийн 2020 оны 173 дугаар магадлалаар нэхэмжлэгчийн барихаар төлөвлөж буй барилгыг барих тохиолдолд /Ирээдүйд/ уулыг нураах зэргээр төлөв байдлыг өөрчлөх, хамгаалалтын горим зөрчих эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхээр гэж бий болоогүй нөхцөлийг бий болно гэж таамаглан шийдвэрийн зарим хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн үндэслэлгүй юм. 

10. Түүнчлэн шүүхийн аливаа нэг шийдвэр нь талуудын хооронд үүссэн маргаанд хамаарал бүхий хуулийн зохицуулалтыг тухайн маргаанд аль хэсгээрээ хамаарч буйг заавал тайлбарлан тодорхойлох нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангах юм. 

11. Захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхүүд Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх аваад, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн горим нэг ч удаа зөрчөөгүй “Т д” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон Захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шийдвэрлэхдээ Ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.6 дахь хэсгийг өөр өөр байдлаар тайлбарлаж байгаа нь хууль бус гэж үзэж байна.

12. Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.6 дахь хэсгийг “...Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага өөрт нь хуулиар олгогдсон чиг үүргийг санаачлагаараа хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагын хуульд нийцсэн үүргийг биелүүлэх, эсхүл иргэн хуулийн этгээдийн өргөдөл гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагаа эхлээгүй зэрэг шаардлагуудыг хангагдаагүй тохиолдолд иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзнэ...” гэж тодорхойлсныг зөв гэж үзэж байна.

13. Түүнчлэн газар ашиглагчийн эрх хууль болон талуудын хооронд байгуулсан улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээний дагуу дуусгавар болохоор байтал хариуцагчаас Захиргааны Ерөнхий хуульд заасан аливаа ажиллагааг хэрэгжүүлэхгүйгээр газар ашиглах эрхийг шууд дуусгавар болгож байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан үйлдэл мөн гэж үзэж байна.

14. Мөн хууль тогтоогчоос 2015 онд Захиргааны ерөнхий хуулийг батлан мөрдүүлэхдээ хуулийн зорилгыг “...Нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд оршино...” гэж тодорхойлсон.

15. Дээрх хуулийн үзэл баримтлал нь Захиргааны байгууллагаас захиргааны акт гаргахдаа заавал иргэн хуулийн этгээдэд мэдэгдэж тодорхой ажиллагаа явуулахыг хуульчилсан байхад тухайн хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүйгээр аливаа зөрчил гаргаагүй газар ашиглагчийн эрхийг дуусгавар болгосон захиргааны актыг хууль ёсны гэж үзэж байгаа шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

16. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0868 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 173 дугаар магадлалд нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү. Гомдол хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг гаргаж байх тул шүүх хуралдааны товыг мэдэгдэнэ үү гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

17. “Т д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 173 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

18. “Т д” ХХК-аас гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/539 дүгээр тушаалаар “Л д р а” ТББ-д олгосон 26.3 га газрын “Т д” ХХК-ийн ашиглаж байсан 3 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүхээс хуульд нийцсэн дүгнэлт хийж, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

19. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “...анхнаасаа байгалийн унаган төрхийг алдагдуулна гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн 3 га газар ашиглах эрхийг дуусгавар болгосон атлаа уг газрыг гуравдагч этгээдэд ашиглуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэж, нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

20. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/539 дүгээр тушаалаар “Л д р а” ТББ-д газрыг олгосон нь байгалийн унаган төрхийг алдагдуулахаас хамгаалах зорилгын хүрээнд бөгөөд “Т д” ХХК-ийн “аялал жуулчлалын зориулалт”-тай газар ашиглах эрхийг дуусгавар болгосон тушаалтай нэгэн ижил зорилготой.

21. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдээс хүсэлтдээ заасан тухайн газарт Хийморийн овооны дурсгалт газрыг хамгаалж, мөнхжүүлэх Цэцгэн эрхт Ловон бурхны цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийг хэрэгжүүлэхэд зориулан “түүх соёлын дурсгалт зүйлийг хадгалах хамгаалах” зориулалтаар олгосон. Төслийн хүрээнд орон сууц, худалдааны төв зэрэг барилга баригдахгүй бөгөөд цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулах нь хэрэгт авагдсан газрын хувийн хэргээр нотлогдож байгаа тул тухайн тушаал “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий болсон тул “...“өмнөх тушаалаа үгүйсгэсэн” агуулгатай...” гэж давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.

22. Мөн “Л д р а” ТББ тухайн газарт уг төслийг хэрэгжүүлэхээр 2014 оноос хойш Байгаль орчны яам, Хан-Уул дүүргийн болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хүсэлтээ илэрхийлж байсан бөгөөд олон жилийн дараа төслөө бүрэн хэмжээгээр нь гүйцэтгэх боломжтой болсон байхад газрын зарим хэсгийг хүчингүй болгосон атлаа “Т д” ХХК-ийг хохироосон шийдвэр гаргасан мэтээр дүгнэсэн нь шүүх өөрөө нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт тэгш хандаагүй гэж үзэхээр байна.

23. Түүнчлэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалыг илт хууль бус болгох үндэслэлгүй гэж шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрх хуулийн дагуу дуусгавар болсон гэдгийг тогтоосон атлаа нэхэмжлэгчийн хувьд сэргээгдэх ямар нэгэн эрх үгүй байхад нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

24. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 868 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

25. Давж заалдах шатны шүүхийн магадлал хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан, хэрэгт хамааралгүй хуулийн заалтыг баримталсныг, хуулийн заалт буруу бичсэнийг тус тус зөвтгөж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь буруу биш байна. 

26. Нэхэмжлэгчийн маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг  тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд “Богдхан уулын дархан цаазат газрын арын автозамын урд, уулын эгц энгэрт, аялал жуулчлал явуулах боломжгүй, барилга байгууламж барьсан тохиолдолд уулын унаган төрх алдагдах нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх нь хариуцагчийн хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хамааралтай, энэ үүргийн хүрээнд нэхэмжлэгч этгээдийн газар эзэмших эрхийг цуцалсан нь тухайн маргаан бүхий актыг илт хууль бусад тооцох үндэслэл болохгүй” гэж анхан шатны шүүхээс, давж заалдах шатны шүүх “...тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийн талаар маргаж байгаа энэ тохиолдолд хуулиар олгогдсон “эрх”-ээ хэрхэн хэрэгжүүлсэн, тэр нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэх нь маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахаас бус “илт хууль бус болохыг тогтоох” шаардлагад үл хамаарах” талаар тус тус хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

27. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар утга агуулгын илэрхий алдаатай, бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй тохиолдолд захиргааны акт илт хууль бус болохоор зохицуулсан бөгөөд тухайн тохиолдолд хариуцагч маргаан бүхий захиргааны актаар “голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн  газар ашиглах эрхийг дуусгавар болгосныг илт хууль бус гэж үзэх боломжгүй юм. 

28. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д зааснаар “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх” үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.

29. Нэгэнт хуулиар үйл ажиллагаа явуулахыг хориглосон газрыг “…ашиглаж, төслөө хэрэгжүүлж эхэлснээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 5, 6-д … заасантай нийцэхгүй үйл ажиллагаа явуулах нь зайлшгүй байх тул “...газар ашиглагчийн эрх хууль болон талуудын хооронд байгуулсан улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээний дагуу дуусгавар болохоор байтал хариуцагчаас Захиргааны ерөнхий хуульд заасан аливаа ажиллагааг хэрэгжүүлэхгүйгээр газар ашиглах эрхийг шууд дуусгавар болгож байгаа нь хууль зөрчсөн” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

30. Нөгөөтэйгүүр хавтас хэрэгт нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс маргаан бүхий газарт хэрэгжүүлэх төслүүд авагдсан, эдгээр төслүүд хэрэгжсэнээр “байгалийн унаган төрхийг алдагдуулах” нөхцөл байдал адилхан үүсэх ижил нөхцөлд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосны дараа гуравдагч этгээдэд “түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалах, хамгаалах” зориулалтаар 23.5 га газар ашиглуулах эрх олгохдоо уг 3 га газрыг хамруулсан нь өмнөх тушаалаа үгүйсгэсэн агуулгатайгаас гадна тэгш байдлын зарчим зөрчигдсөн байна” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “...“Т д” ХХК-ийг хохироосон шийдвэр гаргасан мэтээр дүгнэсэн нь шүүх өөрөө нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт тэгш хандаагүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй юм. 

31. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын хяналтын гомдлыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 173 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

                        ШҮҮГЧ                                                                 Х.БАТСҮРЭН