Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2019/00625

 

 

Г нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16ы өдрийн 183/ШШ2019/00166 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г , хариуцагч Б, Г, Б нарт холбогдуулан  түрээсийн гэрээний үүрэгт 1 564 974 төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Б, Б нар 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс миний үйлчилгээний зориулалттай цайны газрыг сарын 1 000 000 төгрөгөөр түрээслэхээр гэрээ байгуулсан. Тэд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаагүй бөгөөд миний бие уужуу, тайван, хүн сэтгэлээр хандаж хоёр жил хүлээж байна. Б, С нар нь тогооч Бдээ хариуцуулан үлдээж, сарын төлбөрийг 650 000 төгрөг болгон буулгуулсан, мөн хэрэгцээгүй, ашиглагдахгүй тоног төхөөрөмжөө үнэлүүлж төлбөрөөс хасуулсан. Ингээд Б нь нөхөр Гын хамт цайны газрыг ажиллуулсан бөгөөд 2018 оны 2, 3 дугаар сарын түрээсийн төлбөр 1 300 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөрийн дутуу 150 000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын гэрэл, цахилгаан, эрчим хүчний төлбөр 114 974 төгрөг, нийт 1 564 974 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Бгийн тайлбарт: Миний бие 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс Г цайны газрыг 1 жилийн хугацаатай түрээслэсэн нь үнэн. Би 2017 оны 6 дугаар сард хятад улс явах шаардлагатай болсон тул Б, түүний нөхөр Г нар ажиллуулсан. Миний бие түрээслүүлэгч Г той түрээсийн төлбөрийн талаар өглөг, авлага байхгүй. Шүүх хуралдаанд оролцож амжихгүй тул намайг байлцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

  Хариуцагч Б, Г нарын тайлбарт: Энэ асуудлыг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 10 дугаар сарын сарын 17-ны өдөр шийдвэрлэгдэж, эвлэрлийг баталсан. Урьдны мөнгөнүүдийг би бүгдийг төлсөн. Г нь намайг хөөж гаргаад, өөр хүнд түрээслэсэн, тэр хүн нь сүүлийн саруудын төлбөрийг төлөөгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх:  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г нэхэмжлэлтэй, Б, Г нарт холбогдох, түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 564 974 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг баримтлан Г нэхэмжлэлтэй, хариуцагч Бд холбогдох түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 564 974 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г оос улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 38 150 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 1 840 төгрөгийг төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г давж заалдах гомдолд: Иргэн Б, Б нар нь хамтран миний цайны газрыг түрээсээр ажиллуулж байгаад Б Хятад улс руу түр хугацаагаар бидэнд мэдэгдэхгүйгээр 2017 оны 06 дугаар сард хүнсний бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж нийлүүлэхээр явсан гэдэг боловч тэндээ олон сар ажиллах болсон гэж утсаар ярьж, тогооч Б намайг очтол ажиллуулах болно гэсэн тул харилцан тохиролцож, аман хэлцэл байгуулж, түүний нөхөр Г хамт ажиллуулсан. Бид харилцан зөвшөөрч, аман хэлцэл байгуулсны үндсэн дээр ажиллуулсан гэдгээ тэд хүлээн зөвшөөрдөг. Түрээслэгч Б ч тийм санал тавьсан. Тогооч Б нь өөрийн нөхөр Гтой 2018 оны 03 дугаар сарыг дуустал ажиллуулж байгаад бидэнд мэдэгдэхгүйгээр манай өөдтэй өнгөтэй сав суулга, тоног төхөөрөмжийг харанхуй шөнөөр ачиж, биднийг өөрсдөө юм аа хүлээж ав гэж самбар дээр бичиж үлдээгээд, хаалганыхаа цоожны голыг солиороо гэж басамжилж доромжлоод явсан. Тэд өөрсдөө энэ хугацаанд цайны газрыг гарыг ажиллуулснаа хүлээн зөвшөөрдөг тул хамтран хариуцагчаар татсан.

 

Хариуцагч Б нь хамтран хариуцагч Ш.Б, түүний нөхөр Г нартай үгсэн хуйвалдаж бидэнд мэдэгдэхгүйгээр удаан хугацаагаар Хятад улсад очин ажиллаж өөртэйгээ байгуулсан өмнөх гэрээгээ дуусгавар болгоогүй улмаас гэрээг Б, Г нарын дээр шилжүүлэх боломжгүй болгосон үйлдэлдээ өөрөө хариуцлага хүлээж, Б, Г нарыг бидэнд учруулсан хохиролыг бүрэн хариуцах ёстой гэж үзэж байна.

 

Миний бие хариуцагч Б, Г нараас хохиролоо нэхэмжилсэн боловч тэд 1 сарын төлбөр, СӨХ буюу ашиглалтын зардал 774 144 төгрөгийг төлнө үлдэх төлбөрийг төлөхгүй, гэрээ анх байгуулсан Бгаасаа ав гэж тайлбар гаргасан. Би хүсэлтийг нь хүлээн зөвшөөрч, анх гэрээ байгуулсан Бгаас нэхэмжлэх боломж нээлттэй эсэх, хүсэлтийг шүүгчийн захирамжинд тусгаж өгөхийг хүсэж, хүсэлтийг шүүх хангаж, хохирлоо Бгаас нэхэмжилж байгаа болно.

 

Хууль ёсны гэрээ байгуулж, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, хариуцагч Бгийн хэлсэн ёсоор үргэлжлүүлэн тогооч Б, түүний нөхөр Г нарт шилжүүлж, ажиллах боломжоор бүрэн хангасан. Тэд ч 2018 оны 04 дүгээр сар хүртэл ажилласан, үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Хариуцагч Б нь өмнөх гэрээний хугацаа дуусаагүй байхад хаяж явсан, өөр хүнд шилжүүлэх хүсэлт гаргасан, тэд аман хэлцэл байгуулж ажилласан мөн Б нь гэрээгээ дуусгавар болгож, улсын бүртгэлийн газарт хандаж хасалт хийлгээгүй байж Хятад улс руу явна гээд алга болсон тул хамтран хариуцагч нарын нэр дээр шилжүүлэх боломжгүй байсан. Үүнээс болж миний бие хохирох ёсгүй. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд эвлэрлийн талаар тодорхой тусгаж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэл байна.

 

Нэхэмжлэгч Г , хариуцагч Б, Б, Г нарт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 1 564 974 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Г , иргэн Г нар нь өөрсдийн өмчлөлийн ... хаягт байршилтай 40 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө хариуцагч Бд 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр сарын 1 000 000 төгрөгөөр, 1 жилийн хугацаатай түрээслүүлэх гэрээг байгуулсан, уг объектод хариуцагч Б өөрөө 2017 оны 06 дугаар сар хүртэл, хариуцагч Б, Г нар 2018 оны 03 дугаар сарыг хүртэл тус тус цайны газар ажиллуулж байсан нь түрээсийн гэрээ, зохигчдын тайлбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2540 дугаар шүүгчийн захирамж зэргээр тогтоогдож байна. /хх6, 40-42, 58/

 

Нэхэмжлэгч Г нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Бгаас 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 03 дугаар сарын түрээсийн төлбөрт нийт 1 450 000 төгрөг шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Б, Г нарыг татаж, түрээсийн төлбөрт нийт 1 450 000 төгрөгийг хариуцагч Б, Б, Г нараас, цахилгааны төлбөрт 114 970 төгрөгийг хариуцагч Б, Г нараас тус тус шаарджээ. /хх1, 58/

 

Шүүх хариуцагч Бд холбогдох хэргийг ... нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байна ... гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч, хариуцагч Г, Б нарт холбогдох нэхэмжлэлийг ... нэхэмжлэгч Г , хариуцагч Б нарын хооронд хийгдсэн гэрээний хугацаа дууссан, хариуцагч Гтой түрээсийн гэрээ байгуулаагүй ... гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болжээ.

Нэхэмжлэгч тал өмнө нь хариуцагч Бгээс 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 03 дугаар сар хүртэлх түрээсийн төлбөрийн үлдэгдэл, 2018 оны 03 дугаар сарын цахилгаан эрчим хүчний, 2017 оны 09 дүгээр сарын орон сууц ашиглалтын төлбөр, алданги, хүү, торгуульд нийт 3 482 391 төгрөг гаргуулахаар шаардаж, зохигч 774 144 төгрөгийн хэмжээгээр эвлэрэн хэлэлцсэнээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 2540 дугаартай талуудын эвлэрлийг баталсан захирамж гарсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэгэнт уг шаардлагын талаар талуудын эвлэрлийг баталсан байх тул хариуцагч Бд холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй хэргийг шүүх дахин шийдвэрлэхгүй.

Нэхэмжлэгч нь хариуцагч Бд холбогдох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... өмнөх гэрээгээ дуусгавар болгоогүйгээс Б, Г нартай гэрээ хийх боломжгүй болгосон, дээрх хүмүүсийн бидэнд учруулсан хохирлыг хариуцах ёстой ... гэж тайлбарласан бөгөөд хариуцагч Б, Г, Б нарын эзэмшилд гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө 2016 оны 08 дугаар сараас 2018 оны 03 дугаар сарын хооронд байсан байна.

Тухайн хэргийн хувьд хариуцагч Б, Б, Г нарт холбогдуулан гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагад ямар хугацааны түрээсийн болон ашиглалтын зардал хамаарч байгаа нь тодорхой бус байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгож гаргасны дараа уг нэхэмжлэлийг гардаж авсан хариуцагч түүнийг үгүйсгэх, зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөх журамтай.

Хариуцагч Бгийн ... Г той цайны газрыг 1 жилийн хугацаатай түрээслэх гэрээ байгуулсан, 2017 оны 06 дугаар сард нь гадаад явахаар болсон, түрээсийн төлбөрийн өглөг, авлага байхгүй гэх тайлбараас үзэхэд түрээсийн гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагч Бгийн түрээсийн эд зүйлийг хүлээлгэж өгөх үүрэгтэй нь холбоотой шаардлага, эсхүл түрээсийн зүйлийг хариуцагч Б, Г нарт хүлээлгэж өгсөнөөс өмнөх хугацаанд хамаарах төлбөрийн шаардлагын аль нь болохыг тодруулах нь зүйтэй. /хх19/

Түүнчлэн, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах ажиллагааг хийсэн эсэх нь тодорхой бус байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16ы өдрийн 183/ШШ2019/00166 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 990 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

А.МӨНХЗУЛ