Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/01526

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/01526

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ө СӨХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/01735 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ө СӨХ-ийн хариуцагч Ш.Р, М.Б нарт холбогдуулан гаргасан Ө СӨХ-ийн 2013-2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны санхүүгийн баримтуудыг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

"Ө СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжпэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Ө СӨХ-ны ээлжит бус хурал болсон. Яагаад ээлжит бус хурал богсон бэ гэвэл оршин суугчдын эрх ашиг ноцтой зөрчигдөөд байсан юм. Ө СӨХ нь удирдах зөвлөл, хяналтын зөвлөх байхгүй, зөвхөн гүйцэтгэх захирал М.Б, нягтлан бодогч Ш.Р, өмнө гүйцэтгэх захирал байж байгаад өөрийгөө удирдах зөвлөлийн дарга болгосон н.Н гэх 3 хүн л байдаг бөгөөд тэдгээр хүмүүс нь дураараа авирлаж, тус СӨХ-ны оршин суугчид болох 360 айлын эрх ашгийг олон жил ноцтой зөрчиж ирсэн. 2019 оны 9 сарын 21-ний өдөр ээлжит хурлаа хийсэн. Энэ хурлаар ирц 100 хувь бүрдсэн учраас албан ёсоор удирдах зөвлөл, хяналтын зөвлөлөө сонгосон. Үүний дараа ажил хүлээлцэхэд санхүүгийн нэг ч баримт хүлээлцээгүй. Тиймээс өмнө нь нягтлан байсан Ш.Р-гаас санхүүгийн анхан шатны баримтуудаа авах гэтэл тэрээр урдаас шууд л цалин өг тэгэхгүй бол баримтуудыг чинь өгөхгүй гэдэг. Одоо яг энэ шалтгаанаар тус шүүхэд цалин хөлсөө нэхэмжпээд явж байгаа. Манайх санхүүгийн баримтуудыг чинь үндэслээд тооцоо нийлээд цалин хөлсийг чинь өгье гэсэн боловч бүх санхүүгийн баримт авч явж нуучихаад өгдөггүй. Цаашид Ө СӨХ-ны үйл ажиллагаа тасралтгүй хэвийн явагдах шаардлагатай байдаг. СӨХ нь өр төлбөртэй иргэдээсээ өр төлбөрөө нэхэмжилж, үйл ажиллагаандаа зарцуулах ёстой. Бидний зүгээс оршин суугчдаасаа түрээс болон төлбөрөө нэхэхээр нөгөө хүмүүс нь өмнөх удирдлага М.Б-д өгсөн, Ш.Р-д өгсөн гээд байдаг. Бидэнд санхүүгийн баримтууд нь байхгүй болохоор гацах байдалд ордог. Тиймээс санхүүгийн баримтуудаа нягталж, тооцоо нийлэх шаардлага өдөр тутамд гарч байгаа юм. Ш.Р нь цалингаараа барьцаалаад санхүүгийн баримтуудыг өгөхгүй байгаа учраас аргагүй эрхэнд шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байна. Иймд Ө СӨХ-ны 2013 оноос 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх санхүүгийн тайлан, татварын тайлан, цалингийн хүснэгт, кассын тайлан, нийгмийн даатгалын тайлан, харилцах дансны хуулга, хангамжийн тайлан, үндсэн хөрөнгийн тайлан зэрэг санхүүгийн анхан шатны баримтуудыг хариуцагч Ш.Р-гаас гаргуулах хүсэлтэй байна. Ш.Р нь дээрх баримтуудыг гэртээ аваачаад засвар өөрчлөлт хийж, хуурамч баримт бүрдүүлж байгаа юм уу. Яах гэж авч явсныг үнэхээр гайхаж байна. Бид гүйцэтгэх захирал байсан М.Б-г хамтран хариуцагчаар татсан. М.Б-гээс 2019 оны 6 дугаар сараас 9 дүгээр сар хүртэлх ажилчдад цалин олгосон хүснэгт, ажилласан хоногийн тооцоо зэрэг санхүүгийн баримтуудыг гаргуулна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш.Р шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би Ө СӨХ-д 2013 оноос эхлэн нягтлан бодогчоор ажиллаж байсан. Өнгөрсөн 7 жилийн хугацаанд ажиллахдаа улиралдаа 1 удаа санхүүгийн тайлан гаргаж, тайлангаа Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн дэргэдэх аудитын газраар жил бүр шалгуулж, ажлаа дүгнүүлээд явж байсан. Харин 2019 оны баримтуудыг шалгуулаагүй. Би нягтлан бодогчийнхоо ажлыг зөв зүйтэй хийсээр ирсэн. 2019 оны 6 дугаар сард н.Н 2 залуутай орж ирээд бид шинэ удирдах зөвлөлөөр томилогдлоо гэж хэлсэн. Дараа нь санхүүгийн тамга тэмдэгийг авч яваад данс хаасан. Үүнээс болж 3 сарын турш ажилчид цалингүй, оршин суугчид лифтгүй болсон. Би 2019 оны 6,7,8 сарын санхүүгийн тайлан тооцоогоо гаргаагүй байгаа. Би бодохдоо эд нар дансаа нээгээд тайлан тооцоогоо хийсний дараа намайг ажлаас халах тушаалаа гаргаад хэдий хугацаанд ажлаа өгөөрэй гэж хэлэх юм байх гэж бодсон боловч намайг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш ажил руу оруулаагүй. Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс Ө СӨХ-д цалин тооцоог нь олго, тайлан тооцоог нь хийлгэ, үүнээс цааш эрсдэл гарвал шинэ зөвлөл хариуцна гэсэн утгатай албан бичгийг нэхэмжлэгчид явуулсан байгаа. Би хууль дүрмийнхээ дагуу 2019 оны 3 дугаар улирлын тайлангаа гаргаж өгөөд, 6, 7, 8 дугаар сарын цалингаа авчихаад санхүүгийн баримтуудыг нь гаргаж өгмөөр байна. 2013-2016 оны санхүүгийн баримтууд нь бүгд Ө СӨХ-д байгаа. Надад 2016 оноос 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх баримтууд байгаа. Миний цалинг өгвөл би санхүүгийн баримтуудыг өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Хариуцагч М.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Ө СӨХ нь 1996 онд 360 гишүүнтэйгээр байгуулагдсан. 2003 онд хууль хэрэгжсэнээр албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж, өнөөдрийг хүргэсэн. 2013-2016 он хүртэл н.О гэх хүн гүйцэтгэх захирлаар, 2016-2019 он хүртэл М.Б гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. СӨХ-ны гүйцэтгэх захирлаар холбооны гишүүн бус хүнийг сонгож болно гэж хуульд заасан. Нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч тайлбартаа Ш.Р М.Б нар нь 360 айлын эрх ашгийг зөрчөөд яваад байнаг гэдэг. Гэтэл 2019 оны 6 сард шинээр томилогдсон гүйцэтгэх захирал гэх Б.Н нь өөрөө Төрийн банкны харилцах дансыг хаалгасан байдаг. Тус СӨХ-ны бүх гүйлгээ Төрийн банкаар хийгддэг байсан. Үүнээс болж 10 орцны жижүүр, нягтлан, нярав, лифтчин нар цалин хөлсөө авч чадахгүй байдалд хүрсэн. Энэ байдалд хүргэсэн хүн нь одоогийн гүйцэтгэх захирал Б.Н өөрөө юм. М.Б-д холбогдуулан цалингийн хүснэгг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. М.Б бол санхүүгийн баримтуудыг хариуцдаг хүн нь биш. Тухайн холбооны бүхий л санхүүгийн баримтуудыг нягтлан хариуцдаг тул М.Б-д байхгүй. М.Б-гийн тухайд 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр СӨХ-ны шинэ удирдлагуудтай ажлаа хүлээлцсэн. Түүнээс хойш СӨХ-ны ажилд оролцоогүй. Шинэ удирдлагууд нь маргааш цалинг чинь өгнө гэж хэлээд өгөөгүй өнөөдрийг хүртэл явсан. Тиймээс тус шүүхэд цалин хөлсөө нэхээд нэхэмжлэл гаргаад хянагдаж байна. Бидний зүгээс санхүүгийн баримтуудыг хүлээлгэж өгөхгүй байгаа шалтгаан нь тус шүүхэд Ш.Р нарын нэхэмжлэлтэй Ө СӨХ-ны 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй хэрэг хянагдаж байгаа. Энэ хэрэг шийдэгдэхээс нь өмнө санхүүгийн баримтуудыг хүлээлгэж өгөх боломжгүй. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.Р-гаас Ө СӨХ-ны 2013-2019 оны 09 сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны санхүүгийн баримтуудыг гаргуулж нэхэмжпэгч Ө СӨХ-д олгож, хариуцагч М.Б-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Р-гаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Ө СӨХ-ны гүйцэтгэх захирал М.Б болон нягтлан бодогч гэх Ш.Р нарын ажил үүргийг салгаж ойлгох боломжгүй гэж үзэж байна. Учир нь Ө СӨХ-ны гүйцэтгэх захирал М.Б-гийн 1-р гарын үсгээр зарлага гаргадаг бөгөөд тэрээр нягтлан бодох Ш.Р-тай нийлж санхүүгийн баримтуудыг өгөхөөс татгалзсаар өнөөдрийг хүрсэн. Ө СӨХ-ны ээлжит бус хурал 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр болж шинээр томилогдсон Хяналтын зөвлөлөөс санхүүгийн шалгалт хийхэд олон сая төгрөгийн зөрчил гарсан бөгөөд түрээслэгч болон СӨХ-ны оршин суугчдын төлсөн төлбөрийг хариуцагч М.Б нь бэлнээр болон өөрийн хувийн дансаар авсан болох нь түрээслэгч болон оршин суугчдын мэдээллээр илэрч байгаа болно. СӨХЭЗБ,НЗОСБДӨЭХТХ-ийн 12-р зүйлд Гүйцэтгэх захирал түүний эрх үүргийг зааж өгсөн байх бөгөөд тус хуулийн 12.4.1, 12.4.3, 12.6 дах хэсэгт зааснаар 2013-2019 9 дүгээр сар хүртэлх санхүүгийн баримтууд түүний зөрчил дутагдлыг шууд хариуцах этгээд нь М.Б байтал шүүх хариуцагч М..Б-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөх боломжгүй юм. Хариуцагч нар санхүүгийн баримтуудыг Ө СӨХ-д гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь санхүүгийн асар их зөрчлөө засаж залруулах, хуурамч санхүүгийн баримтууд нөхөж хийх гэсэн увайгүй үйлдэл гэж үзэж байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д зааснаар хариуцагч Ш.Р-гаас 2013-2019 9 дүгээр сарын хоорондох санхүүгийн тайланг Ө СӨХ хүлээн авч харилцан санхүүгийн тооцоог нийлэх үед Ш.Р нь ...Би энэ олон сая төгрөгийн санхүүгийн зөрчлийг хариуцахгүй , М.Б 1-р гарын үсэг зурснаараа хариуцана хэмээн маргалдаж Ө СӨХ хэнтэй нь тооцоог нийлж Хяналтын зөвлөлөөс актаар тавьсан олон сая төгрөгний зөрчлийг арилгуулах нь маргааны үндэс болоод байгаа тул М.Бг хариуцагчаас чөлөөлөх боломжгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, "Ө СӨХ нь Ш.Р, М.Б нартай зайлшгүй санхүүгийн тооцоо нийлж хохирол төлбөрийг арилгуулж, цалин хөлсийг олгох шаардлагатай байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн М.Б-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Ө СӨХ нь хариуцагч Ш.Р, М.Б нарт холбогдуулан тус холбооны 2013-2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны санхүүгийн баримтуудыг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Ш.Р нь цалин хөлсийг өгвөл санхүүгийн баримтуудыг гаргаж өгнө гэж, хариуцагч М.Б нь надад санхүүгийн баримтууд байхгүй гэж тус тус маргажээ.

 

Хариуцагч Ш.Р тус газрын нягтлан бодогчоор, хариуцагч М.Б гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан, улмаар 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хурлын 01 дугаартай тогтоолоор тус сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөн удирдах болон хяналтын зөвлөлийг сонгож, төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Б.Н Ө СӨХ-ийн захирал болсон үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахад нэхэмжлэгчийн хөрөнгө хариуцагчийн хууль бус эзэмшилд байгаа гэх нөхцөл байдал тогтоогдсон байх шаардлагатай.

 

Хариуцагч Ш.Р нь нэхэмжлэлд дурдьсан уг баримт бичгийг өөрийнх нь эзэмшилд байгаа гэдгийг тайлбараараа хүлээн зөвшөөрсөн байна. Нэхэмжлэгчийн санхүүгийн баримт нь ажлаас чөлөөлөгдсөн хүний эзэмшилд байгаа нь хууль бус гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар санхүүгийн баримтыг гаргуулахаар хариуцагч Ш.Р-гаас шаардах эрхтэй.

 

Харин хариуцагч М.Б-гийн хувьд 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ажил хүлээлцсэн акт үйлдэж, уг актаар СӨХ-ийн эд зүйл, бичиг баримтуудыг нэг бүрчлэн дурдаж СӨХ-ийн Удирдах зөвлөлийн дарга Э.Амгаланбаатарт хүлээлгэн өгсөн байна. /хэргийн 46 дугаар тал/ Түүнчлэн, нэхэмжлэгчийн шаардаж буй санхүүгийн баримтууд байхгүй гэх М.Б-гийн тайлбар, мөн хариуцагч Ш.Р-гийн санхүүгийн баримтууд надад байгаа гэх тайлбараар түүнд нэхэмжлэгчийн шаардаж буй баримтууд байхгүй болох нь давхар нотлогдож байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэн, зөв эргэлзээгүй талаас нь хэрэгт хамааралтай байдлаар дүгнэсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, уг баримт хариуцагч М.Б-д байгаа болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч түүнд байгаа гэдгийг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлэгүй байна. Мөн СӨХ-ийн захирал санхүүгийн баримтанд нэгдүгээр гарын үсэг зурах эрхтэй этгээд байх нь санхүүгийн баримтыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Ш.Р-гаас тус СӨХ-ийн 2013-2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны санхүүгийн бичиг баримтуудыг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч М.Б-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/01735 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

С.ЭНХТӨР