Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2020/01735

 

 

 

 

 

 

 

 

 

     2020           05             22

                                   184/ШШ2020/01735

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, - тоот хаягт байрлах, “Ө-” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, - тоот хаягт оршин суух, Б- овогт Ш-ын Р- /РД:-/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, - тоот хаягт оршин суух, Б- овогт М-ийн Б- /РД:-/ нарт холбогдох,

 

“Ө-” СӨХ-ны 2013-2019 оны 09 сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны санхүүгийн баримтуудыг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А-, хариуцагч Ш.Р-, хариуцагч М.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.    

                                                                                             

 ТОДОРХОЙЛОХ нь:

“Ө-” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны 9 сарын 21-ний өдөр “Ө-” СӨХ-ны ээлжит бус хурал болсон. Яагаад ээлжит бус хурал болсон бэ гэвэл оршин суугчдын эрх ашиг ноцтой зөрчигдөөд байсан юм. “Ө-” СӨХ нь удирдах зөвлөл, хяналтын зөвлөх байхгүй, зөвхөн гүйцэтгэх захирал М.Б-, нягтлан бодогч Ш.Р-, өмнө гүйцэтгэх захирал байж байгаад өөрийгөө удирдах зөвлөлийн дарга болгосон н.Н- гэх 3 хүн л байдаг бөгөөд тэдгээр хүмүүс нь дураараа авирлаж, тус СӨХ-ны оршин суугчид болох 360  айлын эрх ашгийг олон жил ноцтой зөрчиж ирсэн. 2019  оны 9 сарын 21-ний өдөр ээлжит хурлаа хийсэн. Энэ хурлаар ирц 100 хувь бүрдсэн учраас албан ёсоор удирдах зөвлөл, хяналтын зөвлөлөө сонгосон. Үүний дараа ажил хүлээлцэхэд санхүүгийн нэг ч баримт хүлээлцээгүй. Тиймээс өмнө нь нягтлан байсан Ш.Р-гаас санхүүгийн анхан шатны баримтуудаа авах гэтэл тэрээр урдаас шууд л цалин өг тэгэхгүй бол баримтуудыг чинь өгөхгүй гэдэг. Одоо яг энэ шалтгаанаар тус шүүхэд цалин хөлсөө нэхэмжлээд явж байгаа. Манайх санхүүгийн баримтуудыг чинь үндэслээд тооцоо нийлээд цалин хөлсийг чинь өгье гэсэн боловч бүх санхүүгийн баримт авч явж нуучихаад өгдөггүй. Цаашид “Ө-” СӨХ-ны үйл ажиллагаа тасралтгүй хэвийн явагдах шаардлагатай байдаг. СӨХ нь өр төлбөртэй иргэдээсээ өр төлбөрөө нэхэмжилж, үйл ажиллагаандаа зарцуулах ёстой. Бидний зүгээс оршин суугчдаасаа түрээс болон төлбөрөө нэхэхээр нөгөө хүмүүс нь өмнөх удирдлага М.Б-д өгсөн, Ш.Р-д өгсөн гээд байдаг. Бидэнд санхүүгийн баримтууд нь байхгүй болохоор гацах байдалд ордог. Тиймээс санхүүгийн баримтуудаа нягталж, тооцоо нийлэх шаардлага өдөр тутамд гарч байгаа юм. Ш.Р- нь цалингаараа барьцаалаад санхүүгийн баримтуудыг өгөхгүй байгаа учраас аргагүй эрхэнд шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байна. Иймд “Ө-” СӨХ-ны 2013 оноос 2019 оны 9 сарын 26-ны өдрийг хүртэлх санхүүгийн тайлан, татварын тайлан, цалингийн хүснэгт, кассын тайлан, нийгмийн даатгалын тайлан, харилцах дансны хуулга, хангамжийн тайлан, үндсэн хөрөнгийн тайлан зэрэг санхүүгийн анхан шатны баримтуудыг хариуцагч Ш.Р-гаас гаргуулах хүсэлтэй байна. Ш.Р- нь дээрх баримтуудыг гэртээ аваачаад засвар өөрчлөлт хийж, хуурамч баримт бүрдүүлж байгаа юм уу. Яах гэж авч явсныг үнэхээр гайхаж байна. Бид гүйцэтгэх захирал байсан М.Б-г хамтран хариуц-р татсан. М.Б-гээс 2019 оны 6 дугаар сараас 9 дүгээр сар хүртэлх ажилчдад цалин олгосон хүснэгт, ажилласан хоногийн тооцоо зэрэг санхүүгийн баримтуудыг гаргуулна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Ш.Р- шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би “Ө-” СӨХ-д 2013 оноос эхлэн нягтлан бодогчоор ажиллаж байсан. Өнгөрсөн 7 жилийн хугацаанд ажиллахдаа улиралдаа 1 удаа санхүүгийн тайлан гаргаж, тайлангаа Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн дэргэдэх аудитын газраар жил бүр шалгуулж, ажлаа дүгнүүлээд явж байсан. Харин 2019 оны баримтуудыг шалгуулаагүй. Би нягтлан бодогчийнхоо ажлыг зөв зүйтэй хийсээр ирсэн.  2019 оны 6 дугаар сард н.Н- 2 залуутай орж ирээд бид шинэ удирдах зөвлөлөөр томилогдлоо гэж хэлсэн. Дараа нь санхүүгийн тамга тэмдэгийг авч яваад данс хаасан. Үүнээс болж 3 сарын турш ажилчид цалингүй, оршин суугчид лифтгүй болсон. Би 2019 оны 6,7,8 сарын санхүүгийн тайлан тооцоогоо гаргаагүй байгаа. Би бодохдоо эд нар дансаа нээгээд тайлан тооцоогоо хийсний дараа намайг ажлаас халах тушаалаа гаргаад хэдий хугацаанд ажлаа өгөөрэй гэж хэлэх юм байх гэж бодсон боловч намайг 2019 оны 09 сарын 26-ны өдрөөс хойш ажил руу оруулаагүй. Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс “Ө-” СӨХ-д цалин тооцоог нь олго, тайлан тооцоог нь хийлгэ, үүнээс цааш эрсдэл гарвал шинэ зөвлөл хариуцна гэсэн утгатай албан бичгийг нэхэмжлэгчид явуулсан байгаа. Би хууль дүрмийнхээ дагуу 2019 оны 3 дугаар улирлын тайлангаа гаргаж өгөөд, 6, 7, 8 дугаар сарын цалингаа авчихаад санхүүгийн баримтуудыг нь гаргаж өгмөөр байна. 2013-2016 оны санхүүгийн баримтууд нь бүгд “Ө-” СӨХ-д байгаа. Надад 2016 оноос 2019 оны 9 сарын 25-ны өдөр хүртэлх баримтууд байгаа. Миний цалинг өгвөл би санхүүгийн баримтуудыг өгөхөд татгалзах зүйлгүй” гэв.

 

Хариуцагч М.Б-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. “Ө-” СӨХ нь 1996 онд 360 гишүүнтэйгээр байгуулагдсан. 2003 онд хууль хэрэгжсэнээр албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж, өнөөдрийг хүргэсэн. 2013-2016 он хүртэл н.Оюун гэх хүн гүйцэтгэх захирлаар, 2016-2019 он хүртэл М.Б- гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. СӨХ-ны гүйцэтгэх захирлаар холбооны гишүүн бус хүнийг сонгож болно гэж хуульд заасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа Ш.Р- М.Б- нар нь 360 айлын эрх ашгийг зөрчөөд яваад байнаг гэдэг. Гэтэл 2019 оны 6 сард шинээр томилогдсон гүйцэтгэх захирал гэх Б.Н- нь өөрөө Төрийн банкны харилцах дансыг хаалгасан байдаг. Тус СӨХ-ны бүх гүйлгээ Төрийн банкаар хийгддэг байсан. Үүнээс болж  10 орцны жижүүр, нягтлан, нярав, лифтчин нар цалин хөлсөө авч чадахгүй байдалд хүрсэн. Энэ байдалд хүргэсэн хүн нь одоогийн гүйцэтгэх захирал Б.Н- өөрөө юм. М.Б-д холбогдуулан цалингийн хүснэгт гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. М.Б- бол санхүүгийн баримтуудыг хариуцдаг хүн нь биш. Тухайн холбооны бүхий л санхүүгийн баримтуудыг нягтлан хариуцдаг тул М.Б-д байхгүй. М.Б-гийн тухайд 2019 оны 9 сарын 26-ны өдөр СӨХ-ны шинэ удирдлагуудтай ажлаа хүлээлцсэн. Түүнээс хойш СӨХ-ны ажилд оролцоогүй. Шинэ удирдлагууд нь маргааш цалинг чинь өгнө гэж хэлээд өгөөгүй өнөөдрийг хүртэл явсан. Тиймээс тус шүүхэд цалин хөлсөө нэхээд нэхэмжлэл гаргаад хянагдаж байна. Бидний зүгээс санхүүгийн баримтуудыг хүлээлгэж өгөхгүй байгаа шалтгаан нь тус шүүхэд Ш.Р- нарын нэхэмжлэлтэй “Ө- СӨХ-ны 2019 оны 9 сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлтэй хэрэг хянагдаж байгаа. Энэ хэрэг шийдэгдэхээс нь өмнө санхүүгийн баримтуудыг хүлээлгэж өгөх боломжгүй. Учир нь гүйцэтгэх захирал Б.Н- гэх хүн нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд эсэх нь эргэлзээтэй. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                         

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ө-” СӨХ нь Ш.Р-, М.Б- нарт холбогдуулан тус холбооны 2013-2019 оны 09 сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны санхүүгийн баримтуудыг гаргуулахаар нэхэмжлэл гаргав.

 

Хариуцагч Ш.Р- нь өөрийн ажиллаж байсан хугацааны буюу 2019 оны 3 дугаар улирлын санхүүгийн тайланг гаргаж өгч, улмаар 2019 оны 06, 07, 08 дугаар сарын цалингаа авч байж санхүүгийн баримтуудыг нь гаргаж өгнө. Цалин хөлстэй нь холбогдох тооцоог хийхээс нааш санхүүгийн баримтуудыг өгөхгүй хэмээн маргав.

 

Хариуцагч М.Б- нь 2019 оны 09 сарын 26-ны өдрөөр ажлаа хүлээлцсэн, өөрт холбогдох бүх бичиг баримтыг хүлээлгэн өгсөн. Санхүүгийн баримтуудыг хариуцдаггүй байсан тул гаргаж өгөх баримт байхгүй. Гэсэн ч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн тайлбарлав.

 

Хариуцагч Ш.Р- нь “Ө-” СӨХ-нд 2013 оноос нягтлан бодогчоор, хариуцагч М.Б- нь 2016 оноос гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан бөгөөд энэхүү үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

“Ө-” СӨХ нь 2003 онд байгуулагдсан бөгөөд холбооны 2019 оны 09 сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хурлын 01 дугаартай тогтоолоор тус холбооны төлөөлөн удирдах болон хяналтын зөвлөлийг сонгож, төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 12 сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Б.Н-ыг гүйцэтгэх захиралаар томилжээ.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид “орон сууцны байшин” гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог “сууц өмчлөгчдийн холбоо” гэнэ хэмээн хуульчилсан.

 

Дээр хуульчилснаар сууц өмчлөгчдийн холбоо нь сууц өмчлөгч иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилго бүхий нэгдэл юм. Тэгэхээр сууц өмчлөгчдийн холбооны өмнөх болон одоогийн удирдлага хоорондоо маргаантай байгаа эсэх, холбооны өмнөх гүйцэтгэх захирал, нягтлан бодогч нар ажлаас чөлөөлөгдсөн эсэх, цалин хөлсний маргаантай эсэх асуудал нь холбооны нийт сууц өмчлөгч гишүүдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөх учиргүй юм.

 

Аливаа аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн баримт бичгүүд нь тухайн байгууллагадаа болон хадгалан, хамгаалах нэгж бүхий архивт хадгалагдах учиртай. Гэтэл хариуцагч Ш.Р- нь ажлаас чөлөөлсөн цалин хөлсийг нь өгвөл бичиг баримтуудыг гаргаж өгнө гэсэн барьцаалсан шинжтэй тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм.

 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн баримт болон санхүүгийн тайланг Архивын тухай хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол 10-аас доошгүй жил хадгална” хэмээн заасан бөгөөд Архивын тухай хуулинд сууц өмчлөгчдийн холбооны нягтлан бодох бүртгэлийн баримт болон санхүүгийн тайланг хэрхэн хадгалах талаар хуульчлаагүй байна.

 

 Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн баримт бичгүүдэд тухайн байгууллагын санхүүгийн тайлан, татварын тайлан, цалингийн хүснэгт, кассын тайлан, нийгмийн даатгалын тайлан, харилцах дансны хуулга, хангамжийн тайлан, үндсэн хөрөнгийн тайлан гэх зэрэг өдөр тутамд шаардагдах бичгийн баримтууд багтах ба эдгээрийг байгууллагын хөрөнгө гэж үзэж болно. Тэгэхээр санхүүгийн бичиг баримтгүйгээр холбоонд ажиллаж байгаа ажилтнуудын цалин хөлс олгох, татвараа цаг хугацаанд нь тайлагнах зэргээр холбооны өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа алдагдах, цаашилбал холбооны нийт гишүүдийн эрх ашиг хохирохоор байна. Тиймээс “Ө-” сууц өмчлөгчдийн холбооны удирдлага нь Б.Н-, М.Б-, Ш.Р- нарын хэн нь байхаас үл хамаарч холбооны бүхий л санхүүгийн болон бусад бичиг баримтыг холбоо өөртөө хадгалах нь зүйтэй байна.

 

Хариуцагч Ш.Р- “...20 дугаар байрны 4 дүгээр орцны 00 тоотод манай нярав байдаг, санхүүгийн баримтууд тэнд байгаа” хэмээн тайлбарлаж, холбооны санхүүгийн баримтуудыг авч явсан талаар маргадаггүй. Харин 2013-2016 оны санхүүгийн баримтууд нь “Ө-” СӨХ-д байгаа, Ш.Р-д 2016-2019 оны 9 сарын 26-ны өдрийг хүртэлх баримт нь байгаа гэж тайлбарладаг боловч 2013-2016 оны санхүүгийн баримтуудыг холбоонд хүлээлгэн өгсөн, ажил хүлээлцсэн талаар хэрэгт баримт авагдаагүй тул түүний тайлбар нотлогдсонгүй. Тиймээс хариуцагч Ш.Р-г холбооны хөрөнгийг хууль бусаар эзэмшилдээ байлгасан гэж үзнэ.

 

 Харин хариуцагч М.Б-гийн тухайд тэрээр 2019 оны 09 сарын 26-ны өдөр холбооны одоогийн удирдлагад ажлаа хүлээлгэн өгч ажил хүлээлцсэн акт үйлдсэн байна. Тиймээс М.Б-д холбооны санхүүгийн бичиг баримт байхгүй бөгөөд энэхүү хэргийн хариуцагч нь М.Б- биш болох нь тогтоогдов.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Ш.Р-гаас холбооны 2013-2019 оны 09 сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны санхүүгийн бичиг баримтуудыг гаргуулж “Ө-” СӨХ-нд олгож, М.Б-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасантай холбогдуулж нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Р-гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар хариуцагч Ш.Р-гаас “Ө-” СӨХ-ны 2013-2019 оны 09 сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны санхүүгийн баримтуудыг гаргуулж нэхэмжлэгч “Ө-” СӨХ-д олгож, хариуцагч М.Б-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ө-” СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Р-гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.УРАНЗУЛ