Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сандагдоржийн Төмөрбат |
Хэргийн индекс | 128/2015/0087/З |
Дугаар | 6 |
Огноо | 2016-12-23 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 6
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат даргалж, шүүгч Н.Дамдинсүрэн, шүүгч Ц.Одмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 171 тоот захирамжийн А.Б холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий иргэн М.Б нэхэмжлэлтэй, “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 221 дүгээр захирамжийн Н.М, М.А, М.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гуравдагч этгээд А.Б бие даасан шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, гуравдагч этгээд Н.М, А.Б, гуравдагч этгээд А.Б өмгөөлөгч Ц.Г, иргэдийн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М.Б миний бие 2007 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд газар эзэмших өргөдлөө албан ёсоор өгсний дагуу 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 221 тоот шийдвэр гарч 523 м.кв газар 15 жилийн хугацаатай эзэмшихээр болсон. Үүний дагуу 2007 оны 08 дугаар сарын 23-ны өдөр газар эзэмших эрхийн 00674.. дугаартай гэрчилгээ авсан.
М.Б миний бие газрын төлбөрөө бүрэн төлж ирсэн бөгөөд жил бүр гэр бүлээрээ зусландаа гардаг юм. Ингээд 2014 оны 06 дугаар сард зуслангийн газар дээрээ очтол миний хууль ёсны зөвшөөрөлтэй газар дээр үл таних хүмүүс дур мэдэн гэр барьж буугаад 4x4 хэмжээтэй байшин барьж байхад нь газар чөлөөлж өгөхийг шаардахад биднийг үл тоож байшингийн ажлаа үргэлжлүүлээд байхаар нь Дүүргийн өмч газрын харилцааны албанд хандахад А.Б гэж хүн болохыг олж тогтоож, түүнийг зөвшөөрөлгүй болохыг бидэнд хэлсэн ба тэр даруйдаа буюу 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр А.Б шаардах хуудсыг өгсөн байдаг юм.
Дүүргийн өмч газрын харилцааны албаны шаардлагыг биелүүлэхгүй байсан учир Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд хандсан. Гэтэл шүүхэд хэрэг хянагдах явцад А.Б нь миний газар дээр давхцал бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 00656.. дугаартай 400 м.кв газар эзэмших гэрчилгээтэй гэж маргаж гэрчилгээг нотлох баримаар гаргаж ирсэн тул уг маргааны шүүхийн харъяаллыг өөрчлөх шаардлага үүссэн болно.
Энэ асуудлаар Нийслэлийн Засаг даргад хандаж гомдол гаргахад Нийслэлийн өмч газрын харилцааны албанаас 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 3/213 тоот албан хариу өгсөн ба энэ нь иргэн миний өмчийн эрхэд халдсан хохиролтой шийдвэр байх тул эс зөвшөөрч тус шүүхэд хандаж байна.
Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 171 тоот захирамжийн А.Б холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн М.Б нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 171 дүгээр захирамжийн А.Б холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 171 дүгээр захирамжаар А.Б газар эзэмших эрх үүсч 00656.. дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, 18644327361695 нэгж талбарын дугаар бүхий кадастрын зураг мэдээллийн санд бүртгэгдсэн байна.
Гэвч тус газарт Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 221 дүгээр захирамжаар М.Б, М.А, Н.М нарт газар эзэмших эрх нь үүсч, М.Б нэр дээр 18644327353686 нэгж талбарын дугаар бүхий 523 м.кв, Н.М нэр дээр 18644327371690 нэгж талбарын дугаар бүхий 581 м.кв, М.А нэр дээр 18644327358710 нэгж талбарын дугаар бүхий 543 м.кв газар тус тус манай албаны мэдээллийн санд бүртгэгдсэн байна” гэжээ.
Гуравдагч этгээдээс гаргасан тайлбар болон бие даасан шаардлагадаа: “А овогтой Б би эцэг эх, ах дүү, гэр бүлийн хамт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын зусланд байнга гардаг байсан бөгөөд 2003 онд хашаа барьж, 2004 онд анх кадастрын зураглал ба газрын бүртгэл явагдаж эхэлж байхад тэнд бүртгүүлж нийслэлийн газрын бүртгэл ба мэдээллийн санд Б би өөрийн нэр дээр хийлгэсэн бөгөөд газрын хэмжээ 2993 м.кв болж байсан. Ингээд энэ дагуу Сүхбаатар дүүргийн газрын албанд 2005 онд өргөдөл гаргаж уг газрыг 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 171 дүгээр захирамжаар эзэмшихээр болсон. Би ах дүү тавуулаа учир газрын хэмжээг ихээхэнээр авч хамтын хэрэгцээнд зориулах зорилготой байсан болно. Ингээд 2006 онд ах А.Д уг газар дээр 7х8 хэмжээтэй байшингийн бетон суурь хийж, 2007 онд байшингаа барих гэтэл тухайн газрын нэг хэсэг дээр вагончик тавьж эсрэг талд нь жижгэвтэр байшин барьсан байснаар уг газрын маргаан гарсан болно. Ингээд тэр цагаас хойш Сүхбаатар дүүргийн газрын албаар байнга хөөцөлдөж тэр хүмүүсийг нүүлгэх хүсэлт удаа дараа, жил бүр тавьж байсан боловч газрын албаны хүмүүс “тэр газар дээр байгаа хүмүүсээ дагуулан ир. Эсвэл нэр хаягийг нь авч ир” гээд хөдөлж өгдөггүй байсан. Энэ хугацаанд газрын албанаас шаардах хуудсыг удаа дараа авч байшин болон вагончиг дээр удаа дараа нааж мөн газрын албаны байцаагч н.Б, Э.Т, н.М нарыг удаа дараа дагуулан очиж газраа үзүүлж байсан бөгөөд “...мэдээллийн санд танай газар хэвээрээ байна...” гэх мэтээр 2014 оныг хүргэсэн билээ. Миний эзэмшиж, ашиглаж байгаа газрын хашаа анх 1 сая 490000 төгрөгийн зардал гаргаж 2004 онд барьсан юм. Газрын албаны байцаагч нарыг 2007-2013 оны хооронд жил бүр дагуулан очдог байсан боловч миний эзэмшиж байгаа газарт буусан хүмүүс эзэнгүй тул яаж ч чадалгүй буцдаг байсан болно. Ингээд өөрийн эзэмшиж ашиглаж байгаа газар дээрээ арга буюу байшин барьж эхэлсэнийг М.Б мэдээд өөрийн газар дээр байшин барьж байгаа мэт ойлгон уг газраас намайг хөөлгөхөөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байсныг хүлээн авч М Б шүүхээр маргаан үүсгэж эхэлсэн юм. Энэхүү маргаанаа үнэн зөв шийдвэрлүүлэхээр шүүхэд шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу Дүүргийн иргэний анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 08 дугаар сарын 18-ны дөрийн 14311 дүгээр захирамжар Газрын харилцаа геодези зураг зүйн газрын шинжээч томилсноор миний хууль ёсоор эзэмшиж, ашиглаж буй газрыг Н.М нь өөрийн 2 хүү болох М.Б, М.А нарын хамт гурвуулаа хуваан авсан болохыг шинжээчийн дүгнэлтээс мэдэж, дээрх нэр бүхий нэг гэр бүлийн 3 хүн хууль бусаар авилгал, танил тал, өөр бусад аргыг хэрэглэж бидний эзэмшиж, ашиглаж буй газрыг авчээ. Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг Ж.Э, Г.Б, Б.Э нар хийсэн бөгөөд уг дүгнэлтэнд:
Хариулт.1 Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын зуслан дахь иргэдийн маргаан бүхий газар нь нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд анх 2007 онд хариуцагч А.Б нэр дээр (2993 м.кв) бүртгэгдсэн байна. Маргаантай гэх газар нь Нийслэлийн газрын мэдээллийн санд 2014 онд нэхэмжлэгч М.Б нэр дээр (522 м.кв) бүртгэгдсэн байна. Тус байршил дээр нэхэмжлэгч Н.Б аас гадна иргэн Н.М, М.А нарын эзэмшил газар хариуцагч А.Б эзэмшил газар давхцаж байна.
Хариулт 2: Нэхэмжлэгч М.Б ашиглалт явуулж буй газрыг хэмжихэд 609 м.кв, хариуцагч А.Б ашиглалт явуулж буй газар нь 1157 м.кв тус тус байна.
Хариулт 3: Хариуцагч А.Б нэр дээр бүтгэгдсэн газрыг 2004 онд кадастрын зураглал ба газрын бүртгэл төслөөр анх зураглал хийсан байна гэжээ.
Энэ дүгнэлтэнд дурдсаны дагуу би анх 2004 онд кадастрийн зураглал хийлгэж газрын бүртгэл мэдээллийн санд А.Б нэрээр оруулсан бөгөөд 2007 онд нийслэлийн газрын кадастрын санд орсон байна. 2008 онд харин миний эзэмшиж ашиглаж буй газраас хасагдаж 1811 м.кв болгон өөрчилсөн байна. Мөн Сүхбаатар дүүргийн газрын албаны ажилтан н.М миний эзэмшиж ашиглаж буй газрыг хуйвалдан дур мэдэн өөрчлөлт оруулж, Н.М түүний 2 хүү М.Б, М.А нартай хамт 3 хувааж өөрчлөлт оруулсан байна. Иймд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “газар эзэмших ашиглах хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай давхцахгүй байна” гэсэн хуулийн заалтыг зөрчиж миний эзэмшиж ашиглаж анх хүсэлт гаргаж мэдээллийн санд А.Б гэсэн нэрээр оруулж бүртгэл хийлгэсэн газарт Н.М, М.Б, М.А нарт давхцуулж олгосон байх тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний 221 дүгээр захирамжтай М.Б 00674.. газар эзэмших гэрчилгээ, мөн Н.М, М.А нарын газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “М.Б нэхэмжлэлтэй захиргааны хэргийн гуравдагч этгээд буюу А.Б гаргасан бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 08 сарын 221 дүгээр захирамж нь хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан тул бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд н.М нараас гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: “Гуравдагч этгээд А.Б нь шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа “...2004 онд анх кадастрийн зураглал ба газрын бүртгэл явагдаж эхэлж байхад тэнд бүртгүүлж нийслэлийн газрын бүртгэл мэдээллийн санд А.Б би өөрийн нэр дээр хийлгэсэн бөгөөд газрын хэмжээ 2993 м.кв болж байсан. Ингээд 2005 оны 6 дугаар сарын 15-ны 171 дүгээр захирамжаар эзэмшихээр болсон” гэжээ.
А.Б нь газрыг өөрийн нэр дээр мэдээллийн санд байснаар эзэмших эрх үүссэн гэж ойлгож тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 2004 онд Монгол улс газрын нэгдмэл сантай болох үүднээс анх агаар сансрын зураг авч мэдээллийн санд бүрдүүлж байсан. Гэхдээ мэдээллийн санд байгаа агаарын зургаар А.Б нь уг газрыг эзэмших эрхтэй гэдгийг нотлохгүй юм. Учир нь А.Б дээрхи тайлбар нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 Газрын хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.3 Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна., 27.4 Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэсэн заалтуудын хүрээнд иргэн нь газрыг эрхийн гэрчилгээгээр эзэмших, нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байх хуулийн шаардлагад нийцэхгүй юм. Тодруулбал А.Б нь маргаан бүхий газрыг хууль ёсны дагуу эзэмшдэг гэдгийг нотлох эрхийн гэрчилгээ байхгүй, харин хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх хугацаанд хэрэгт хавсаргасан нотлох баримтаар 2005 онд 400 м.кв газар эрхийн гэрчилгээтэй байх боловч тухайн 400 м.кв газар нь хаана гэдэг нь тодорхойгүй, кадастрын зураггүй, нэгж талбарын дугааргүй хоосон гэрчилгээтэй болох нь харагдаж байна.
А.Б эзэмших эрхийн гэрчилгээтэй 400 м.кв газар нь хаана гэдэг нь тодорхойлогдоогүй, харин анх кадастрын мэдээллийн санд байсан гэх 2993 м.кв газрын зураг нь түүхчилсэн лавлагаагаар харагддаг боловч хуулийн дагуу А.Б эзэмших эрх үүсээгүй, тодруулбал А.Б газар эзэмших эрх нь эрхийн доголдолтой, шаардлага гаргах эрхгүй этгээд гэдэг нь туйлын тодорхой байна.
М.Б нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 221 дүгээр захирамжаар 523 м.кв газар эзэмших эрхтэй болж эзэмших эрхийн 00674.. дугаартай гэрчилгээ авсан нь Газрын тухай хуулийн 29, 30, 31, 32, 33 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл журмын дагуу хуулийн хүрээнд тухайн газрыг эзэмших эрхтэй болсон. Иймд гуравдагч этгээд А.Б бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын шүүхэд гаргасан үндэслэлийг бүрэн дэмжиж байна.Талууд хоорондоо эвлэрэн зохицох нь зүйтэй гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 171 дүгээр захирамжийн А.Б холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэгч М.Б нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд А.Б “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 221 дүгээр захирамжийн Н.М, М.А, М.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагын хүрээнд захиргааны хэргийг хянан хэлэлцэж шийдвэрээ гаргалаа.
Нэг. Нэхэмжлэгч М.Б өөрийн эзэмшлийн газар нь гуравдагч этгээд А.Б эзэмшлийн газартай давхцаж байгаа үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 171 дүгээр захирамжийн А.Б холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ.
Гуравдагч этгээд А.Б Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 171 дүгээр захирамжаар тус дүүргийн .. дугаар хороо Шаргаморьтод 400 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд 2007 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 00656.. тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байна.
Харин Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 221 дүгээр захирамжаар нэхэмжлэгч М.Б 523 м.кв, гуравдагч этгээд М.А 543 м.кв , Н.М 581 м.кв газрыг тус тус 15 жилийн хугацаатай зуслангийн зориулалтаар эзэмшүүлж 00674.., 00674.., 00674.. тоот гэрчилгээг 2007 оны 08 дугаар сарын 23-ны өдөр олгожээ.
Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын маргаан бүхий газрын нийт хэмжээ нь 1811 м.кв болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх боловч маргаан бүхий захиргааны актуудаар хэргийн оролцогч нарт эзэмшүүлсэн газрын нийт хэмжээ 2317 м.кв байна. Тухайлбал, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээч нарын дүгнэлт , Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1/527 дугаар , 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1/1224 дүгээр албан бичиг болон түүнд хавсаргасан баримтууд, шүүхээс хийсэн газрын үзлэг зэрэг.
Иймээс хариуцагч нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчин 2007 оны 221 дүгээр захирамжаар М.Б, М.А, Н.М нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа А.Б эзэмшил газартай давхцуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн цаг хугацааны хувьд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.Б нэхэмжлэгч М.Б болон гуравдагч этгээд Н.М, М.А нараас өмнө газар эзэмших эрх үүссэн байхаас гадна хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасан өөрийн эрх мэдлийн хүрээнд гаргасан 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 171 дүгээр захирамжийг хууль бус гэх үндэслэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдааны мэтгэлцээнээр тогтоогдоогүй тул М.Б Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хоёр. А.Б нь 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр үйлдсэн нэгж талбарын 18644327346692 дугаартай 2993 м.кв талбай бүхий газрын байршлын кадастрын зураглалыг үндэслэн М.Б нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, өөрийн бие даасан шаардлагаа дэмжиж мэтгэлцсэн болно. Түүнчлэн тэрбээр нийт 1170 м.кв газрыг хашиж эзэмшлээ хэрэгжүүлж байгаа гэж шүүх хуралдаанд тайлбар хийсэн.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрын энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг зөрчиж гуравдагч этгээд А.Б нь 400 м.кв газраас илүү хэмжээний газарт хууль бусаар эзэмшил үүсгэсэн гэж үзэхээр байна.
Тодруулбал, гуравдагч тэгээд А.Б Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 171 дүгээр захирамж болон 2007 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 00656.. тоот газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 400 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмших эрх үүссэн тул А.Б нь зөвхөн 400 м.кв талбай бүхий газрыг өөрийн эрх мэдэлд байлгах боломжтой юм.
Түүнчлэн Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулж үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 700 м.кв–аас илүүгүй байхаар хуульчилсан болохыг дурдах нь зүйтэй.
Харин Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна”, 23.4.3-т “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх” мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон түүний ажлын албанд хамаарах дүүргийн газрын алба нь гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж А.Б 2007 онд 00656.. тоот газар эзэмших гэрчилгээ олгохдоо 400 м.кв эзэмшил газарт кадастрын зураг үйлдэж, эзэмшил газрын хэмжээг баталгаажуулах, нэгж талбарыг газрын мэдээллийн санд оруулах үүргээ хэрэгжүүлээгүй байна. Үүнээс улбаалан А.Б 400 м.кв эзэмшил газар нь маргаан бүхий 1811 м.кв газрын аль хэсэгт байгаа нь тодорхойгүй байна.
Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд, гуравдагч этгээд А.Б Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 221 дүгээр захирамжийн Н.М, М.А, М.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд харин Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт заасан газар эзэмшихэд шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцүүлэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 221 дүгээр захирамжийн нэхэмжлэгч М.Б болон гуравдагч этгээд Н.М, М.А нарт холбогдох хэсгийг шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Засаг дарга дахин шинэ акт гаргахдаа маргаан бүхий 1811 м.кв газраас А.Б ногдох 400 м.кв газрын координат буюу байршлыг тодорхой болгон нэгж талбарын кадастрын зураг үйлдэн баталгаажуулж, үлдэх хэсгийг Н.М, М.А, М.Б нарт эзэмшүүлбэл зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Б Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 171 тоот захирамжийн А.Б холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 , 23 дугаар зүйлийн 23.4, 23.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 221 дүгээр захирамжийн Н.М, М.А, М.Б нарт холбогдох хэсгийг хариуцагчаас шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 221 дүгээр захирамжийн Н.М, М.А, М.Б нарт холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.Б улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.Бямбажавт олгосугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ
ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ОДМАА