Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2020/00989

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2020/00989

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2020/0590 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Эгийн хариуцагч ҮТ ХХК-д холбогдуулан гаргасан 25 116 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Б.Билгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ээж И.Пүрэвжав /ЧК54010407/ нь 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 11/20 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах худалдан авах гэрээг Т ХХК-ийн захирал Б.Эрдэнэчимэгтэй байгуулсан юм. Ингээд 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 10 000 000 төгрөг, 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 15 166 000 төгрөг, нийт 25 166 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл Т ХХК нь одоог хүртэл тухайн гэрээгээр тохирсон орон сууцыг хүлээлгэн өгөхгүй байна. Манай ээж 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр нас барсан. Миний бие 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 24 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Т ХХК-тай байгуулсан Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийг хангуулах шаардах эрхийг өв залгамжлан авсан. Иймд Тэмүүлэн баатар ХХК-д шилжүүлсэн 25 166 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Т ХХК-аас 25 166 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Ж.Эд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасны баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 283 780 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 283 780 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт И.Пүрэвжав болон "Т" ХХК-ийн 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ байгуулж гэрээний урьдчилгаанд 2 удаагийн төлөлтөөр нийт 25 166 000 төгрөгийг төлсөн байна хэмээн дүгнэн бичсэн байх бөгөөд энэ үндэслэлээр хариуцагч "Тэмуүлэнбаатар" ХХК-аас 25 166 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүх уг орон сууцны урьдчилгаанд өгсөн төлбөрөөс буцааж авсан төлбөр байгаа эсэх, байгаа бол хэдэн төгрөг буцааж авсан эсэх үйл баримтыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна. Учир нь Т ХХК-ийн зүгээс дээрх төлбөрөөс 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгчи!|н төрсөн эх И.Пүрэвжавд өгч байсан байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 1 000 000 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан 25 166 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигчид маргаж буй зүйлийн талаар эвлэрэн хэлэлцэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд уг эрхээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгжүүлэх бүрэн боломжтой байдаг.

 

Дээрх шийдвэрт хариуцагч тал давж заалдах гомдол гаргасныг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанд хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчид маргаж буй зүйлийн талаар харилцан тохиролцож, хариуцагч 25 166 000 төгрөгөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 5 000 000 төгрөг, мөн оны 11 сарын 01-ний өдөр 6 722 000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 01-ний өдөр 6 722 000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 6 722 000 төгрөг тус тус төлөх, мөн улсын тэмдэгтийн хураамжийг төлөх санал гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрчээ.

 

Хариуцагч өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгсөд 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 2 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлдээ нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх эрхийг олгосны дагуу талууд эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан нь хуульд харшлаагүй бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна. /хэргийн 17 дугаар тал/

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаас зохигчдын эвлэрлийг баталж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хариуцагч Т ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2020/0590 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Т ХХК нь 25 166 000 төгрөгөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 5 000 000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 6 722 000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор 6 722 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 6 722 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 283 780 төгрөгий хамт тус тус нэхэмжлэгч Ж.Эд төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 28 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

С.ЭНХТӨР