Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 184/ШЗ2020/00590

 

 

 

 

 

2020      02        10                                184/ШЗ2020/02147

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Э /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Тэм” ХХК /рд:2029731/-д холбогдох

25,116,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2566/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ээж И.Пүр /ЧК57/ нь 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 11/20 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах худалдан авах гэрээг “Т” ХХК-ийн захирал Б.Эрдэнэчимэгтэй байгуулсан юм. Ингээд 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 10,000,000 /арван сая/ ~өгрөг, 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 15,166,000 /арван таван сая нэг зуун чаран зургаан мянга/ төгрөг, нийт 25,166,000 /хорин таван сая нэг зуун жаран зургаан мянга/ төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл “Т” ХХК нь одоог хүртэл тухайн гэрээгээр тохирсон орон сууцыг хүлээлгэн өгөхгүй байна. Манай ээж 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр нас барсан. Миний бие 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 24 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр “Т” ХХК-тай байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ”-ний үүргийг хангуулах шаардах эрхийг өв залгамжлан авсан. Иймд “Т” ХХК-д шилжүүлсэн 25,166,000 /хорин таван сая нэг зуун жаран зургаан мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.   

Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан 25,166,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.  

Хариуцагч “Т” ХХК-ийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэлээр Б.Түвшинтөгс, 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн итгэмжлэлээр Ж.Далай нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцжээ. Итгэмжлэлд хоёр итгэмжлэгдсэн төлөөлөгчид хамтдаа хариуцагчийг төлөөлөх агуулгагүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Далай нь шүүх хуралдааны товыг 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мэдэн, баримтад гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн талын гаргасан хүсэлтийг үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.   

Хэрэгт авагдсан И.Пүрэвжав болон “Т” ХХК-ийн 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд баригдах 61 А байрны 4 дүгээр давхрын 18 тоот, 34  м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 1 кв.м талбайг 740,000 төгрөгөөр тооцон 25,166,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохирчээ. Гэрээний урьдчилгаанд 2 удаагийн төлөлтөөр нийт 25,166,000 төгрөгийг төлсөн болох нь талуудын байгуулсан гэрээ, мөнгө тушаасан баримтаар тогтоогдож байна. /хх-33-40/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаан дээр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд баригдах 61 А байрны 68 захиалагч “Т” ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэргийг хэрэгсэхгүй болгосон тул маргааныг шүүхээр шийдвэрлэсэн байх магадлалтай гэх тайлбарыг өгчээ.

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд баригдах 61 А байрны 68 иргэний нэхэмжлэлтэй “Т” ХХК-д холбогдох бүтээц /карказ/-ийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1233 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Тус маргааны нэхэмжлэгчээр И.Пүрэвжав оролцоогүй байна. /хх-45-48/

И.Пүрэвжав нь 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр нас баржээ. /хх-9/

Нэхэмжлэгч Ж.Э нь талийгаач И.Пүрэвжавын төрсөн охин, тэрээр Баянгол дүүргийн тойргийн нотариатын 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 24 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр “Т” ХХК-тай байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ”-ний үүргийг хангуулах шаардах эрхийг шилжүүлэн авсан байх тул гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандах эрхтэй байна. /хх-3-10/

“Т” ХХК болон талийгаач И.Пүрэвжав нарын хооронд байгуулагдсан гэрээ нь гэрээний зүйл болох орон сууц бэлэн болоогүй байсан, барилгыг хэрхэн барих талаар талууд тохиролцоогүй тул ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулаагүй, харин хөрөнгийг шилжүүлэх, үнийг хуваарийн дагуу төлөх үүргийг хүлээснээрээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ гэж үзнэ.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.3-т үүргийн гүйцэтгэл нь гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчид хамааралтай тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нас барсан бол үүрэг дуусгавар болохоор заасан байх тул худалдан авагч нас барснаар түүний байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон байна.

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Эд өв залгамжлагчийн эрх өвлөгдсөн байна. Тус хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5-д зааснаар бусдаас шаардах эрх буюу шаардлага нь эдийн бус хөрөнгөнд хамаарах ба хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа эдийн бус хөрөнгөнд хамаарахгүй. Эндээс үзэхэд гэрээний үүрэг дуусгавар болсонтой холбоотой шаардах эрхээ нэхэмжлэгч алдаагүй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хоорондын үүрэг хожим дуусгавар болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан гаргуулахаар шаардах эрхтэй тул хариуцагч “Т” ХХК-аас 25,166,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Ж.Эд олгох үндэслэлтэй.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх хариу тайлбар, нотлох баримт гаргаж өгөөгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болохыг дурдав.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 2492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-аас 25,166,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Ж.Эд олгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасны баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 283,780 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 283,780 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, тус хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдаж, хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.НЯМСҮРЭН