Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
Хэргийн индекс | 101/2017/04533/И |
Дугаар | 210/МА2020/00580 |
Огноо | 2020-03-16 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2020/00580
2020 оны 03 сарын 16 өдөр | Дугаар 210/МА2020/00580 |
Б.Эийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2019/03581 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б.Эийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Д ХХК-д холбогдох
Гэм хорын хохирол 10 191 140 төгрөг, үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр 36 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандин-Эрдэнэ, өмгөөлөгч Ц.Одончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр талийгаач Э.Энх-Амгалан нь Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах, Д худалдааны төвд сангийн ээлжийн албан үүргээ гүйцэтгэж байгаад 2015 оны 10 дугаар сарын 09-ний шөнө узэль дээрээс унаж тархины хүнд гэмтэл авсны улмаас ГССҮТөвд эмчлүүлж байгаад 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нас барсан юм. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас 2015012380 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаад хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж Улсын прокурорын дүгнэлт гарч иргэний хариуцагч Д ХХК-аас гэм хорын хохирлоо гаргуулах талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй гэж хариу ирүүлсэн. Би өрх толгойлсон 10-18 насны 3 хүүхэдтэй амьдралын баталгаат төвшингөөс доогуур орлоготой өөрийн орон гэр хашаа байшингүй айлын хашаанд айлын гэр барин амьдарч байна. Би талийгаач нөхрийнхөө амь үрэгдсэн явдалд Д ХХК-д хөдөлмөр хамгааллын хууль дүрэм баримталж ажиллуулаагүй мөн осол гарсан даруйд ар гэрийнхэнд мэдэгдээгүй ажил мэргэжлийн ослын акт гаргаж өгөөгүй тухайн талийгаачийн болон ар гэр үр хүүхдийн эрх ашгийг ихээр хохироосонд маш ихээр гомдолтой байна. Иймд эмчилгээний 1 889 540 төгрөг, оршуулгын 8 301 600 төгрөг, 36 сарын цалин 36 000 000 төгрөг, нийт 46 191 140 төгрөгийг Д ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д ХХК-ийн төлөөлөгч Б.Нандин-Эрдэнэ, Л.Батхүү нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгч Э.Энх-Амгалан нь Д ХХК-д сантехникийн слесарын албан тушаалтайгаар ажилладаг байсан. Ажлын байран дээр нууцаар камераас далд хэсэгт зориуд согтууруулах ундаа хэрэглэж байгаад, согтууруулах ундаа хэрэглэж байсан газраасаа унаж бэртсэн. Бэртлийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан харамсалтай явдал тохиолдсон билээ. Дээрх хэрэг явдалд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад талийгч Э.Энх-Амгалангийн амь насаа алдсан үйлдэлд ажил олгогч болох Д ХХК-ийн албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаа байхгүйг тогтоож Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, ажилтан нь ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа буюу хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байх явцад осолд ороогүй, түүний амь насаа алдсан хохирол болон болсон явдалд ажил олгогчтой холбоотой шалтгаант холбоо тогтоогдохгүй тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Талийгч нь өмнө нь ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн тул үндсэн цалинг 3 сар хүртэлх хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин шөнийн ээлжид ажиллаж байх үедээ камерын хяналтаас нуугдаж, согтууруулах ундаа хэрэглэн үүний улмаас унаж осолд орсон нь ажил олгогчоос шалтгаалаагүй тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож Прокурорын зүгээс шийдвэрлэсэн. Д ХХК-ийн зүгээс 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр цалингийн урьдчилгаа 300 000 төгрөг мөн тус өдөр 1 768 000 төгрөгийг тус тус хандивласан. Нийт 2 068 000 төгрөгийг хандивласан байдаг. Талийгаач нь нэгэнт үйлдвэрлэлийн ослоор нас бараагүй, энэ талаар түүний ар гэрийнхэн маргаагүй, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад үйлдвэрлэлийн ослын талаар дүгнэлт гараагүй тул Д ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 7.2.4-н б-д ажилтан бусад шалтгаанаар нас барсан тохиолдолд 1 500 000 төгрөгийн мөнгө тусламж үзүүлнэ гэж заасны дагуу 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэлд 36 сарын цалин 36 000 000 төгрөгийг ямар шалтгааны улмаас нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т ажилтан нас барсан- дагуу хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тул цалин хөлсийг олгох боломжгүй болно. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дах хэсэгт Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна гэж заасан байна. Энэ талаарх Үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх тухай Засгийн газрын 2015 оны 269-р тогтоолын хавсралтын 2.1-д хэсэгт үйлдвэрлэлийн осолд тооцогдох тохиолдлыг тодорхойлсон. Ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед, Ажил олгогч болон эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолтоор буюу дайчилгаагаар ажил, үүргээ гүйцэтгэж байх үед, Ажлын байр, нэгж, хэсэг, салбарын хооронд байнга явж ажил, үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед, Ажилтан ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа ажлын байрандаа амрах, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх, хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед, Ажилтан ажилдаа ирэх, буцах зам, ажлын байр болон ажилтай холбоотой сургалтад оролцож байгаа, түр болон байнга оршин суудаг газар, голлон хооллодог, цалингаа авдаг газрын хооронд бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед Талийгч нь амь насаа алдсан явдалд Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 11а тоот Прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тус тогтоолын дүгнэлтэд хохирогч Э.Энх-Амгалан нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д1 блокын коридорт буюу сантехникийн узелийн хажууд байрлах ажилчдын амрах өрөөнд амрах ёстой байтал сангийн хоолой байрлах хэсэгт унтаж байгаад 3 метр орчим өндрөөс унаж нас барсан болох нь хэргийн газрын үзлэг, цогцост хийсэн үзлэг эд мөрийн баримтаар хурааж авсан архины шил болон гэрчүүдийн мэдүүлэг, шүүх эмнэлэгийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул гэсэн байдаг. Энэ нь тухайн үед талийгаачийн унаж бэртсэн явдлыг тогтоосон шийдвэр бөгөөд энэ хэрэг явдал нь Засгийн газрын 2015 оны 269-р тогтоолын хавсралтын 2.1 хэсэгт заасан үйлдвэрлэлийн осолд тооцох 5 тохиолдлуудын аль нь ч биш байх тул ажил олгогчийн зүгээс үйлдвэрлэлийн осолд тооцож бүртгээгүй болно. Хэдийгээр хүний амь нас эрстсэн нь харамсалтай явдал болж ажил олгогч тал болон түүний гэр бүлд хүнд гарз тохиолдсон ч болсон хэрэг явдал нь үйлдвэрлэлийн осолд хамаарахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д ХХК-аас 31 855 504 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эт олгож, нэхэмжлэлээс 14 335 636 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар хариуцагч Д ХХК-иас 317 227 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Д ХХК-иас шинжээчийн ажлын хөлс 960 000 төгрөг нөхөн гаргуулж шинжээч А.Урангуа, П.Чойсүрэн, А.Рэнчинванжил нарт олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчийн зүгээс дээрхи анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Хэрэгт нотлох баримтаар авагдсан шинжээчийн дүгнэлтээр талийгч Э.Энх-Амгаланг ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байхдаа өндрөөс унаж гэмтсэн ослыг үйлдвэрлэлийн осол гэж тогтоосныг нэхэмжлэгч тал үн.дэслэл болгон үйлдвэрлэлийн осол болсныг тогтоолгон инөхөн төлбөр шаардсан бөгөөд дээрх хоёр удаагийн шинжээчийн дүгнэлтүүд нь хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байхын зэрэгцээ шинжээч дүгнэлтээ маргааны үйл баримтад тулгуурлан шүүх хуралдаанаар хэлэлцэн судлагдсан баримтад үндэслэн гаргасан гэх үндэслэлтэй байна" гэжээ. Гэтэл шүүх шинжээчийн дүгнэлтүүд нь хэрэгт авагдсан бичгийн ямар нотлох баримтуудаар давхар нотлогдож байгааг дүгнээгүй. Учир нь хэрэг явдал болох үед буюу 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шилжих шөнө ажиллаж үүргээ гүйцэтггэж байсан Д худалдааны төвийн харуул хамгаалалтын бие бүрэлдэхүүн болох "Д секьюрити" ХХК-ийн ажилтнууд болох ээлжийн ахлах албан тушаалтай Д.Баттулга, камер хянагч Д.Энхболд, харуул Х.Намсрай нарын мэдүүлэг, мөн талийгаач Э.Энх-Амгалантай цуг тухайн өдөр ээлжинд сантехникчээр ажиллаж байсан гэрч Н.Гантулгын мэдүүлэгт, Д ХХК-ийн Ашиглалтын хэлтэсийн Ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэгч Д.Хишигбаатар нарын гэрчийн мэдүүлгүүдтэй зөрүүтэй байгаа юм. Гэрчүүд талийгаач нь "согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажлын байран дээрээ ирсэн, мөн нэмж нэг шил архи уусан болохыг гэрчилсэн" гэрчийн мэдүүлэгүүд хэргийн материалд авагдсан. 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр цагдаагийн байгууллагын албан тушаалтан хэрэг учралын газар хийсэн үзлэгийн тэмдэглэгээгээр хэргийн газраас архины шил хураагдсан зэрэг нотлох баримтууд мөн хэрэгт авагдсан. Мөн шинжээчид талийгаач нь ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байсан үедээ осолд орсон гэж дүгнэж байгаа боловч тэрээр яагаад узелийн дээвэр дээр гарч унтах болсон, дээвэр дээр ямар нэгэн ажил үүрэг гүйцэтгэсэн эсэхийг тогтоогоогүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20 дахь хэсэгт "үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг хэлнэ" гэж хуульчилсан байдаг. Гэтэл шинжээчид талийгаач Э.Энх-Амгалан нь үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах ямар хүчин зүйлийн үйлчлэлд өртсөнийг тогтоогоогүй. Хамгийн гол осол гаргахад нөлөөлсөн хүчин зүйл болоод осол хоёрын хоорондох шалтгаант холбоог олж тогтоогүй мөртлөө дүгнэлтээ гаргасан. Харин хэргийн материалд авагдсан 11а дугаартай Баянзүрх дүүргийн прокурорын тогтоолоор"Э.Энх-Амгалан нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зориулалтын бус газарт унтаж, өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас өндрөөс унаж амь насаа алдсан" болохыг тогтоосон. Бодит байдал дээр шинжээчийн дүгнэлтүүд нь гэрчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, шүүхээс хийсэн үзлэг, дүүргийн болон нийслэлийн, мөн Улсын ерөнхий прокурорын газрын прокурорын тогтоолуудтай зөрүүтэй байгааг шүүх үнэлж, дүгнээгүй юм. Талийгаач нь 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр узелийн дээвэр дээрээс унасан ба 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нас барсан. Тиймээс шүүх эмнэлэгийн дүгнэлтэд талийгаач нь эмнэлэгт олон өдөр эмчилгээ хийлгэсэн учир цогцост согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг үзээгүй болно гэж тэмдэглэсэн байдаг. Гэтэл согтууруулах ундаа хэрэглээгүй эсхүл хэрэглэсэн гэж дүгнээгүй дүгнэлтийг үндэслэн талийгаачийг согтууруулах ундаа хэрэглээгүй гэж хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргасан. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... хариуцагч нарын нэхэмжлэлээ татгалзан маргаж буй шинжээч нарын дүгнэлтийн үндэслэл болсон баримтуудаар талийгаач Э.Энх-Амгалан ажлын байрандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдоогүй, хариуцагчийн татгалзлаа нотолж асуулгасан гэрч нарын мэдүүлэг хэрэгт авагдсан бусад баримтаар давхар нотлогдохгүй, талийгаач Э.Энх-Амгаланг анх хүлээн авсан гэмтэл согог судлалын үндэсний төвийн 11025 тоот өвчтөний түүхээр үгүйсгэгдсэн тул гэрчийн мэдүүлгүүдийг нотолгооны бусад хэрэгслээс илүүд үзэх, маргаж буй үйл баримтыг шууд нотолсон гэж үзэхгүй. Учир нь гэрчүүдийн мэдүүлэгт дурдагдсан талийгаач Э.Энх-Амгалан ажлын байран дээрээ архи уусан гэх нөхцөл байдлыг илэрхийлэх нотлох баримт байхгүй буюу гэрчүүдийн мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй, хэргиин газрайс олдсон гэх архины шил нь талийгаачтай холбоотой гэж үзэх үндэслэгүй " гэж хэт нэг талыг барьж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хэрэг явдал болох үед буюу 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шилжих шөнө Д худалдааны төвийн харуул хамгаалалтын асуудлыг хариуцан ажиллаж байсан "Д секьюрити" ХХК-ний ажилтнууд болох дээр дурьсан ээлжийн ахлах албан тушаалтай Д.Баттулга, Д.Энхболд, Х.Намсрай нарын мэдүүлэгт "талийгаач нь ажлын байраа орхиж явсан ба гаднаас ирэхдээ архи үнэртүүлчихсэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ирсэн, мөн хуучин манайд ажиллаж байсан инженер Амараагийн хүсэлтээр тарваганы мах боож өгөөд ирсэн, мөн Д худалдааны төвийн ээлжийн ажилтнууд зориулалтын амрах өрөөтэй болох"-ыг гэрчилсэн байдаг. Дээрхи гэрчүүдийн мэдүүлгийг хариуцагчаас нотлох баримтаар гарган өгсон камерийн бичлэгээр давхар нотолсон байдаг ба тус камерийн бичлэгт талийгаач нь гаднаас орж ирж байгаа, мөн гэрчүүдийн мэдүүлсэн газруудаар өөрийн тээврийн хэрэгсэлтэйгээ худалдааны төвийн хашаан дотор явж байгаа байдал нь цаг хугацаатайгаа байдаг. Мөн тухайн үед Д худалдааны төвийн сантехникчээр ажиллаж байсан ба тухай өдөр талийгаач Э.Энх-Амгалантай цуг нэг ээлжинд ажиллаж байсан гэрч Н.Гантулгын "Талийгаач 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 3-4 цагт н.Амармэнд инженер дуудаж байна гээд ажлаасаа явсан. Талийгаач ажил тарсны дараа 11 цагт ирсэн. Талийгаач ажил дээр ирэхдээ халамцуу байсан. Ах нь Амраа инженерт тарваганы боодог хийж өгөөд ирлээ та нарт тарваганы махаа амсуулна гэсэн. Харуул н.Энхболд ах, би Баттулга очоод тарваганы махаа амсуулаад удалгүй узель рүүгээ явсан. Ахад нь ганц юм байна гээд узелийн дээр гарч архиа уусан. Архиа ууж дуусаад 3 цагийн үед унтах шиг болсон би хажууд хэвтэж байгаад унтсан. Нэг хүн орилох болоод юу болсон гээд харахад талийгаач унасан байсан, би харуулыг дуудаж ирээд бид түргэн дуудсан." Яагаад Амралтын өрөөндөө хоноогүй вэ гэсэн асуултад "Талийгаач амралтын өрөө камертай узель рүү гаръя л гэсэн" Амралтын өрөө хаана байрладаг вэ гэсэн асуултад "Гал тогооны заалны хамгийн хойд захад байрладаг" гэсэн мэдуүлгүүдээр нотлогддог. Мөн БЗД-ын прокурорын хэлтэсийн прокурорын 11а дугаартай тогтоолд Э.Энх-Амгалан нь хоолны газрын хойд хэсэгт байрлах зориулалтын амрах өрөөнд амраагүй гэж тусгасан байдаг. Мөн гэрч Н.Гантулга нь Талийгаач ямар архи авчирсан бэ гэсэн асуултад "Вива 0,5 архи байсан" гэсэн мэдүүлэг нь хэргийн материалд авагдсан 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр буюу үйл явдал болсон өдөр цагдаагийн албан хаагчийн хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд "Зураг 12-хэргийн газар байсан архины шилийг харуулав" гэсэн тэмдэглэгээ, уг зурган дээр байх архины шилэн дээр VIVA гэж латинаар бичсэн байснаар тус тус нотлогдоно. Мөн тухайн үед Д худалдааны төвийн Ашиглалт үйл ажиллагааны албаны Ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Хишигбаатарын гэрчийн мэдүүлэгт "ажилчдад зориулж хоолны газар буюу Д1 блокт амралтын өрөө гаргасан байсан, узель дээр гарах ямар ч шаардлага байгаагүй, намайг өглөө гэмтлийн эмнэлэг дээр очиход талийгчаас архи үнэртэж байсан" зэрэг мэдүүлгүүдээр ажил олгогч нь ээлжийн ажилтан амрах өрөөг тусгайлан гаргасан, мөн талийгаач Э.Энх-Амгалан нь согтууруулах ундаа хэрэглэсэн үйл баримтууд нь тус, тус нотлогддог. Өөрөөр хэлбэл, гэрчүүдийн мэдүүлгүүд нь өөр хоорондоо тохирхоос гадна хэргийн материалд авагдсан камерийн бичлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байхад шүүх хэт нэг талыг барьж нотлох баримтаар үнэлэлгүйгээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Мөн 11025 дугаартай өвчтний түүхэнд амнаас эхүүн үнэр үнэртсэн бөөлжсөн гэж тэмдэглэснийг гэрчүүдиин мэдүүлгийг үгүйсгэсэн буюу талийгаачийг согтууруулах ундаа хэрэглэсэн гэх хариуцагчийн тайлбарыг няцааж байна гэж шүүх дүгнэсэн. Эмнэлэг нь ухаангүй байгаа өвчтнийг хүлээн аваад тэмдэглэсэн тэмдэглэгээ бөгөөд согтуурлыг хэмжих багажаар шалгаагүй учир эхүүн үнэр үнэртсэн гэж тэмдэглэсэн бөгөөд уг түүхэнд согтууруулах ундаа хэрэглээгүй гэж тусгаагүй байхад давхар нотлогдож байгаа мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хариуцагчийн ажлын байранд үзлэг хийсэн бөгөөд хариуцагч "ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын дагуу түр амрах зориулалтаар тоноглож, тохижуулсан байраар хангах" үүргээ биелүүлсэн нь тогтоогдоогүй. Хариуцагчийн тайлбарлаж буй "ажилчдын амралтын байр " гэж заан тодорхойлсон байр нь агуулахын зориулалтаар ашиглагдсан нь үзлэгээр тогтоогдсон " гэжээ. Гэтэл хэргийн материалд авагдсан үзлэг хийсэн тухай тэмдэглэлд "Үзлэг илэрсэн нөхцөл байдал 3-т "Д худалдааны төвийн баруун захын хойд талын хаалга ороход хоолны танхимын хойд хэсгээр зүүн эргэхэд саарал хаалгатай хувцас солих өр байна, тус өреөгеор дамжин ороод ард талд нь ажилчдын амралтын өрөө гэх дотор нь будаг эд зүйлс хураасан байдалтай байв" гэж тэмдэглэгдсэн байна. Энэ нь гэрч Н.Гантулга болон Д.Хишигбаатар нарын мэдүүлэгт зориулалтын амралтын өрөөг хоолны газрын хойд хэсэгт гаргасан гэсэн мэдүүлэгтээ тохирсон болно. Талийгаач Э.Энх-Амгалан нь өндрөөс унасан үйл явдал нь 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 10-нд шилжих шөнө буюу байгууллага хүйтний улирлын халаалтаа авч, өвөлжилтийн бэлтгэл эхэлсэн, ажилчид ээлжийн горимд шилжих үеэр буюу намрын сүүл сард болсон. Харин шүүхээс хийсэн үзлэг нь үзлэгийн тэмдэглэлд тусгагдсанаар 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ба халаалт байхгүй зуны улиралд хийгсдэн. Хариуцагч нь тухайн амралтьш өрөө гэх өрөөг зуны цагт бараа материал хадгалдах зориулалтаар ашиглаж, харин дулаан авах үе ээжлийн ажилчдад амралтын өрөөгөөр тохижуулан ажилдаг хэмээн тайлбарласаныг шүүхээс гуйвуулж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь ээлжээр ажиллах үедээ ээлжээр ажиллаж 6уй ажилчиддаа зориулан амрах өрөөг гарган ажиллаж байсныг харуул Х.Намсрай Д.Энхболд Д.Баттулга нарын болон сантехиникч Н.Гантулга, Д.Хишигбаатар, 11а дугаартай прокурорын тогтоол, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тус тус нотлогдсоныг анхан шатны шүүхээс шууд үгүйсгэн дүгнэсэн байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Хариуцагч мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан үйлдвэрлэлийн осол гарсан бол судлан бүртгэх, үйлдвэрлэлийн осолмөн эсэхийг тогтоох комисс ажиллуулаагүи нь хариуцагчийг тухайн осол болсон явдалд хайхрамжгүй хандсан гэж үзэх тул мөн хуулиин 35 дугаар зүйлийн 35.1-д заасан ажлын байрны стандартыг бий болгож, үйл ажиллагаандаа мөрдөн хэвшүүлэх, дотоод хяналтгүй байдал нъ үйлдвэрлэлийн осол бий болох суурь нөхцөлийг бий болгосон гэж үзнэ"гэжээ. Энэ тухай шинжээч нарын дүгнэлтийг шүүх үндэслэл бүхий гэж дүгнэсэн гэжээ. Өөрөөр хэлбэл "Д" ХХК нь дотоод хяналт тавиагүйн улмаас тадийгаач Э.Энх-Амгалан үйлдвэрлэлийн осолд өртөж, улмаар амь насаа алдсан гэж үндэслэлгүй дүгнэжээ. Учир нь талийгаачийн амь насаа алдсан нь гэрчүүдийн мэдүүлэг, прокурорын тогтоолууд, хэргийн газрын үзлэг зэрэг нотлох баримтуудаар согтууруулах ундааны зүйл хэрэглэж, зориулалтын бус газарт унтсан өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас амь насаа алдсан болохыг тогтоосныг огт үнэлж, дүгнээгүй. Суурь нөхцөлөөс шалтгаалан үйлдвэрлэлийн осол гарах, бүр цаашлаад хүний амь нас эрсдэх боломжгүй юм. Тодорхой хүчин зүйлийн нөлөөллөөр тэр дундаа үйлдвэрлэлийн осол нь Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуульд зааснаар үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн нөлөөлөлд өртсөн байхыг шаарддаг. Гэтэл шүүхийн шийдвэрт осолд гарахад нөлөөлсөн үйлдвэрлэлийн хүчин зүйлийг тусгаагүй ба шүүх хуралдаанд олж тогтоогүй мөртлөө ийнхүү үндэслэлгүйгээр хийсвэрлэж, ерөнхий таамаг байдлаар шийдвэрээ гаргасан. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Хариуцагч хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандарт, шаардлагыг хангаж ажиллаагүй гэм буруутай эс үйлдэхүйн улмаас талийгаач Э.Энх-Амгалан үйлдвэрлэлийн осолд өртөж, эмчилгээ хийлгэж байгаад тухайн ослын шалтгаанаар нас барсан нь нэхэмжлэгчээс гарсан зардал буюу хохирлыг хариуцагчаар нөхөн төлүүлэхтэй холбоотой шаардлага нь гэм хор учирснаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар зохщуулагдана, Дээр дурьдсан үйл баримтаар хариуцагчийг гэм буруутай гэж шүүх дүгнэсэн".. гэжээ. Шүүх маш ерөнхий дүгнэлт хийж хариуцагчийг Э.Энх-Амгалангын амь насаа алдсанд гэм буруутай гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож байгаа бол хариуцагын гэм буруутай ямар үйлдэл, эс үйлдэхүй нь талийгаачийн амь насаа алдахад хүргэсэн шалтгаант холбоотойг олж тогтоох ёстой. Хариуцагчийн зүгээс Э.Энх-Амгалангийн амь нас хохироход ямар нэг буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэм буруугийн санаатай эсхүл болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байхыг шүүх тогтоосны дагуу шийдвэрээ гаргах учиртай. Гэтэл талийгаач нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ камерын хяналтаас нуугдан узелийн дээр гарч улмаар өндрөөс унаж амь насаа алдсан нь хариуцагчийн ямар эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой болохыг олж тогтоогоогүй энэ талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй. Гагцхүү хариуцагч хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандарт, шаардлагыг хангаж ажиллаагүй гэм буруутай эс үйлдэхүй гэж маш ерөнхий тодорхойлсон бөгөөд санаатай эсхүл болгоомжгүйгээр гэм хор учруулсныг тогтоогүй. Учир нь гэм буруутай эс үйлдэхүй байгаа эсэхийг тогтоож чадаагүй тул гэм буруугийн санаатай эсхүл болгоомжгүй алин болохыг тогтоох боломжгүй юм. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Шижээчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ажлын хөлсийг 960 000 000 гэж тайлбарласан, мөн 960 000 төгрөгийн ажлын хөлс бүхий баримтыг шүүхэд ирүүлжээ." гэжээ. Гэтэл шүүхэд ажлын хөлсний талаар ямар нэгэн баримт ирүүлээгүй байхад ийнхүү үндэслэлгүйгээр дүгнэсэн байхаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт "шинжээч, орчуулагч, хэлмэрч, гэрчид олпж тээвэр, байр, хоолны зардлыг улсын төсвөөс санхүүждэг байгууллагад мөрдөгдөж буй албан томилолтын зардлын хэмжээгээр" гэж заасны дагуу шинжээчдийн зардлыг тооцох ёстой байсан. Өөрөөр хэлбэл шинжээчид нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт ажилладаг тул тус газарт мөрдөгдөж буй албан томилолтын зардлын хэмжээг журамлаж шийдвэрлэх байтал шинжээчдийн аман тайлбарт үндэслэж, зардлыг тооцсон нь үндэслэлгүй юм. Тиймээс дээрх анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул тус шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 46 191 140 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, талийгч Э.Энх-Амгалан үйлдвэрлэлийн ослоор бус ажлын байрандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас золгүй байдлаар нас барсан, хохирлыг компани хариуцах үндэслэлгүй гэж маргажээ.
Талийгч Э.Энх-Амгалан нь хариуцагч байгууллагад хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр сангийн слесарийн ээлжийн ажилчнаар ажиллаж байсан талаар талууд маргаагүй байна.
Тэрээр 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Д худалдааны төвийн узель дээрээс унаж гэмтэл авч, эмнэлэгт эмчлүүлж байгаад 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус гэмтлийн улмаас нас барсан болох нь хэрэгт авагдсан прокурорын тогтоолууд, шинжээчийн дүгнэлтүүд, зохигчдын тайлбар, зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Харин зохигчид талийгч Э.Энх-Амгалан нь ажлын байрандаа ажлаа хийж гүйцэтгэх явцдаа үйлдвэрлэлийн ослоор нас барсан эсэх үйл баримтын талаар маргажээ.
Хэрэгт авагдсан талийгч Э.Энх-Амгаланг анх хүлээн авсан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 11025 тоот өвчний түүх, мөн түүний унаж бэртсэн гэх газарт үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Содгэрэлийн 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр үйлдсэн Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02/081 тоот, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1911 тоот дүгнэлтүүд, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 11а тоот Прокурорын тогтоол, Улсын ерөнхий прокурорын газрын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 5/277 тоот Прокурорын тогтоол, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Гантөмөрийн гаргасан 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн SH-2018/16 тоот шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч шинжээч А.Урангуа, П.Чойсүрэн, А.Рэнчинванжил нарын гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2019/01 тоот дүгнэлт, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Энхболд, Х.Намсрай, Д.Баттулга, Н.Гантулга, Д.Хишигбаатар нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, шүүхийн журмаар хариуцагч Д ХХК-ийн ажлын байр буюу талийгч Э.Энх-Амгалангийн унаж бэртсэн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мөн талийгч Э.Энх-Амгалангийн ажлын байрнаас гарсан, ажлын байрандаа ирсэн талаарх хяналтын камерын бичлэгт/СД бичлэг/ хийсэн үзлэгийн тэмдэглэл, 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, Д ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 31 тоот тушаал зэрэг баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, талийгч Э.Энх-Амгалан нь тухайн өдөр хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан буюу ээлжийн ажилтай байх үедээ амь насаа алдсан болох нь тогтоогджээ. Харин ажил олгогч буюу хариуцагч байгууллагын зүгээс ажилтныг тухайн өдөр амрах өрөөгөөр хангасан буюу хангах үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хариуцагч уг амралтын байрыг өвлийн улиралд амралтын байрны, зуны улиралд агуулахын зориулалтаар ашигладаг гэж тайлбарлаж байх боловч хууль болон журмаар улирлын чанартай ажилчдын амрах өрөөг ажиллуулах зохицуулалтгүй байна. Иймд хариуцагч байгууллагаас нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэл, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу эргэлзээгүй баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. /1хх 9-12, 101-111, 127-128, 148-150, 179-186, 188-199, 200-204, 218-219, 230-234 2хх 2-4, 6-10, 81-84, 87 дугаар тал/
Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр нас барсан хохирогчийг ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед буюу үйлдвэрлэлийн ослоор нас барсан гэж үзэж, хариуцагч байгууллагыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6, 28.1.8, 28.1.10, 29 дүгээр зүйлийн 29.2, 35 дугаар зүйлийн 35.1, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам, мөн Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 1.6, 2.1.1 дахь заалтыг тус тус зөрчсөн нь осол гарах шалтгаан болсон гэж дүгнэжээ./1хх 148-150, 2хх 2-4 дүгээр тал/ Шинжээч нарт шүүхээс эрх, үүргийг нь тайлбарлаж холбогдох хуулийг сануулсан байх ба шинжээч нар нь зохигчдын маргаанд хамааралтай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих эрх, үүрэг бүхий байгууллагад тухайн чиглэлийн ажил, албан тушаал эрхэлдэг болон дүгнэлт гаргахдаа талийгчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчиний түүх, эрүүгийн хэргийн материалыг үндэслэл болгосон байх тул Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9, 13, 14, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
Хэдийгээр тухайн үед ажилчдын амралтын өрөө байсан талаар гэрчүүд мэдүүлж байх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдохгүй байна. Учир нь шүүхээс 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчийн ажлын байранд үзлэг хийх үед хариуцагчийн тайлбарлаж буй ажилчдын амралтын байр гэж заан тодорхойлсон өрөө нь агуулахын зориулалтаар ашиглагдаж байсан нь тогтоогдсон байх бөгөөд шинжээч нарын шүүх хуралдаанд гаргасан ажилтнуудын түр амрах байраа хариуцагч үзүүлээгүй, цоожтой байрыг гаднаас нь харуулсан гэх тайлбар зэргээр хариуцагч ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын дагуу түр амрах зориулалтаар тоноглож тохижуулсан байраар хангах үүргээ зөрчсөн болох нь тогтоогдож байна.
Шүүхээс талийгч Э.Энх-Амгаланг үйлдвэрлэлийн осолд өртөж улмаар нас барсан гэж үзэх үндэслэлтэй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр хариуцагч Д ХХК-аас талийгч Э.Энх-Амгалангийн 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмыг баримтлан түүний нэг сард авбал зохих үндсэн цалингийн хэмжээг 700 899 төгрөг болохыг тодорхойлж, нийт 25 232 364 төгрөг гэж, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар талийгч Э.Энх-Амгалан үйлдвэрлэлийн ослын улмаас эрүүл мэндээрээ хохирч, эмчлүүлсэн хугацааны болон уг шалтгааны улмаас нас барсантай холбоотой гарсан эмчилгээ, оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал 10 191 140 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 3 568 000 төгрөгийг хасч, үлдэх 6 623 140 төгрөгийн хохирлын хамт, нийт 31 855 504 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагаас баримтаар тогтоогдсон хэмжээг тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт нийцжээ.
Харин шүүх нэхэмжлэийн шаардлагаас 31 855 504 төгрөгийг хангаж, үлдэх 14 335 636 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзэх талаар зохицуулсан Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дах хэсгийг хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой гэж үзлээ.
Учир нь тухайн осол гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байна. Хэдийгээр талийгч Э.Энх-Амгалан ямар хэмжээний согтолттой байсан эсэхийг тухайн үед шалгаж тогтоосон баримтгүй байх боловч түүнийг ажлын байрандаа ирэхдээ архи үнэртүүлсэн болон ажлын байрандаа нэг шил архи уусан талаар гэрчүүд мэдүүлсэн, хэргийн газрын үзлэгээр архины шил эд мөрийн баримтаар хураагдсан болохыг нэхэмжлэгч няцаасан баримтыг гаргаагүй. Түүнчлэн, тогтоолоор талийгаач Э.Энх-Амгалан нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа дур мэдэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс узель дээр унтаж байх үедээ унаж амь нас нь хохирсон гэх үндэслэлээр прокурорын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дугаартай тогтоол, мөн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 11а дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокуроры тогтоол, прокурорын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 5/277 дугаартай гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолууд гарсан нь хүчин төгөлдөр болсныг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна. /1хх 66-67,127-128, 218-219/
Иймд дээрх нөхцөл байдлыг хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарыг харьцуулан дүгнэж, хохирогчийн гэм буруу осол гарахад нөлөөлсөн гэж үзэж нийт баримтаар тогтоогдсон 31 855 504 төгрөгийн хохирлын 50 хувь буюу 15 927 752 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Харин хариуцагчийн хүсэлтийн дагуу хийгдсэн шинжээчийн дүгнэлт гаргах ажлын хөлс 960 000 төгрөг болох талаар шинжээчид анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарлаж, мөн 960 000 төгрөгийн ажлын хөлс бүхий баримтыг шүүхэд ирүүлснийг шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангасан нь тухайн шинжээчийн зардлыг хангагдсан шаардлагын хэмжээгээр зохигчид хуваарилан хариуцуулж болохгүй буюу шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэлийн мөнгөн дүнг шууд тодорхойлоогүй, харин үйл баримтыг дүгнэсэн агуулгатай тул шинжээчийн ажлын хөлсийг зохигчид хуваарилахгүй гэж дүгнэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 56.2, 53 дугаар зүйлд зааснаар хариуцагчаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2019/03581 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 31 855 504 төгрөг гэснийг 15 927 752 төгрөг гэж, үлдэх 14 335 636 төгрөг гэснийг үлдэх 30 263 388 төгрөг гэж, 2 дах заалтын 317 227 гэснийг 237 588. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317 377 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
С.ЭНХТӨР