Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2019/00198

 

 

Х-ыннэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/02405 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х-ыннэхэмжлэлтэй хариуцагч К ХХК-д холбогдох,

 

... УНД улсын дугаартай автомашины эзэмшлийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгуулах нэхэмжлэлтэй, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан №ЗГ18/177 тоот гэрээг цуцлах, нийт 16 916 601, 23 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Батбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Энхжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х-ыннэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр К ХХК-тай гэрээ байгуулж, 36 сарын хугацаатай, сард 2,5 хувийн хүүтэй 16 200 000 төгрөг зээлж, тус компанийн харилцагч компаниас ... УНБ улсын дугаартай автомашиныг барьцаалбарт өгсөн байна. Эхний төлөлтийг хугацаандаа хийж байсан боловч хоёр дахь төлөлтийг санхүүгийн бага зэрэг хүндрэлээс болж 2 хоног хэтрүүлсэн. Гэтэл 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр К ХХК-аас надад мэдэгдэхгүйгээр автомашиныг хашаанаас авч явсан байдаг. Үүнтэй холбоотойгоор 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр тус компанитай маргаан үүсгэсэн, компани 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төлбөрөө бүхэлд нь төлөхийг шаардсан. Тэр даруй хэтрүүлсэн хугацааны хүү, алдангаа тушааж автомашинаа авах хүсэлтээ албан бичгээр хүргүүлэхэд гэрээ цуцалж автомашинаа авна гээд албан бичгийг аваагүй, бидэнд тодорхой хариу ирүүлээгүй. Төлбөрөө ялимгүй хугацаагаар хэтрүүлсэн байхад гэрээг цуцалж, зээлдэгчийг хохироож байх тул гэрээг үргэлжлүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлага нь автомашиныг эзэмшилд шилжүүлж өгөхийг даалгах ба эзэмшилд шилжинэ гэдэг нь цаад агуулгаараа гэрээ үргэлжилнэ гэсэн үг юм. Үндсэн зээлийн гэрээ болон Фидуцын гэрээ хуульд нийцээгүй. Нэг хоног өнгөрөх юм бол гэрээг цуцална гэх заалт Иргэний хуулийн 220 дугаар зүйлд заасан гэрээний стандарт нөхцөлийг зөрчсөн байна. Гэрээний дагуу 780 000 төгрөг болон 990 000 төгрөгөөр 2 удаа төлөлт хийгдсэн, илүү төлөлттэй байгаа гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  тайлбарт:  Нэхэмжлэгч нь К ХХК-аас 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 16 200 000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэй авахаар Фидуцын гэрээ байгуулсан. Ингээд 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс хойш нэхэмжлэгч нь хугацаандаа зээлийн төлөлтөө хийдэг байсан. Гэрээний ард талд нөхцөл дээрээ сар бүрийн 01-ний дотор төлөлтөө хийнэ гэж заасан байгаа боловч анхнаасаа л зээлийн гэрээг зөрчиж байсан. 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төлөлтөө хийх ёстой байсан боловч 03-ны өдөр төлөлтөө хийж 2 хоног хугацаа хэтрүүлсэн. Мөн түүний дараа буюу 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хийх ёстой байтал дахин хугацаа хэтрүүлсэн. Удаа дараа хугацаа хэтрүүлсэн талаар мэдэгдэл өгсөн. Зээлийн гэрээний 4.2-т хугацааг нэг хоног хэтрүүлвэл нэхэмжлэх эрх үүснэ гэж заасны дагуу тус автомашиныг авсан. Фидуцын гэрээний 4.4-т зээлийн гэрээний заалт зөрчигдсөн өөрийн өмчлөлд шилжүүлсэн хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч авах тохиолдолд үүрэг гүйцэтгэгчид ямар нэгэн зөвшөөрөл авах шаардлагагүй гэж тусгасан учир автомашиныг өөрийн эзэмшилд авсан. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч автомашиныг Х-ынэзэмшилд шилжүүлж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Зээлийн гэрээний 6.1.1-д талуудын үүрэг хариуцлагыг зааж өгсөн байгаа. Зээлийн төлбөрийн эргэн төлөлтийн хугацааг 1 хоног хэтрүүлвэл нэг талын санаачлагаар гэрээ цуцлана гэж заасан. Мөн Фидуцын гэрээний 4.2, 4.3, 4.4-т энэ талаар зааж өгсөн байгаа. Үүнд төлбөр төлөх хугацааг нэг хоног хугацаа хэтрүүлэх юм бол 7 хоногийн дотор бүх төлбөрийг төлүүлэх бөгөөд төлөхгүй тохиолдолд барьцааны зүйлийг өөрийн эзэмшилд хураан авах, худалдан борлуулах эрхтэй. Ингээд зээлийн гэрээний нөхцөлүүдийг маш нарийн танилцуулсны үндсэн дээр зээлдэгч нартай гэрээ байгуулж, Фидуцын гэрээн дээр гарын үсэг зуруулсан байдаг. Х-ынхувьд зээлийн гэрээний хугацааны талаар л ярьдаг. 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулсан учир 2018 оны 07 дугаар сарын 06, 08 дугаар сарын 06 гэж хугацаа явах ёстой байсан гэж байна. Гэтэл талуудын чөлөөт тохиролцоон дээр гэрээ хийгддэг. Банк бус санхүүгийн байгууллага Хтай сар бүрийн 1-ний өдөр зээлийн хүү болон үндсэн зээлийн төлөлтөөс төлж барагдуулна. Ингээд эхний төлбөрийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төлнө. Ингэхдээ зөвхөн ашигласан хугацааны буюу 25 хоногийн хугацааны хүү төлнө. Үндсэн эргэн төлөлт өөрчлөгдөхгүй. Хамгийн сүүлд 36 дахь сар буюу 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 550.981 төгрөгийг төлнө гэх тохиролцоог хийсэн. Иймд нэхэмжлэгчийн хувьд эхний төлөлтөөс эхлэн хугацааг зөрчсөн учир хоёр дахь удаагийн төлөлт дээр 7 хоног харсан. Энэ хугацаанд утас нь холбогдох боломжгүй байсан гэж тайлбарладаг. Төлөлт ямар шалтгаанаар хоцорсон талаарх тайлбараа ирүүлээгүй. Иймд Фидуцын гэрээний 4.3-т заасны дагуу банк бус санхүүгийн байгууллага автомашиныг хураан авсан байдаг. Хураан авахдаа гэр бүлийнхэн хүмүүст мэдэгдэж хурааж авсан. Талууд зээлийн гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 202 дугаар зүйлд зааснаар банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн болон Фидуцын гэрээ хууль зөрчсөн гэж байна. Гэхдээ ямар байдлаар хууль зөрчсөнийг тайлбарлахгүй байна. Гэрээний бүх заалт хуульд нийцсэн байгаа. Банк бус санхүүгийн байгууллага нь Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд заасны дагуу барьцаалан зээлэх үйл ажиллагаа явуулсан. Фидуцын гэрээг Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасны дагуу байгуулсан. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн агуулгыг харахад барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч тухайн Фидуцын гэрээний зүйлийг өмчлөлдөө шилжүүлж, үүрэг гүйцэтгэгч ямар нэгэн байдлаар үүрэг гүйцэтгэхгүй байгаа тохиолдолд хураан авах эрхтэй болдог байгаа. Мөн гэрээг ялимгүй зөрчсөн гэж байна. Энэ нь зээлийн гэрээний тухайд ялимгүй зөрчсөн гэх асуудал яригдахгүй. Мөнгөн дүнгийн хувь хэмжээ нь гэрээний гол зүйл байдаг. Гэрээний гол зүйлийг зөрчсөн байхад ялимгүй зөрчсөн гэх үндэслэлээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд: Нэхэмжлэгч нь К ХХК-аас 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 16 200 000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэйгээр авахаар Фидуцын гэрээ байгуулсан. Гэтэл гэрээний гол нөхцөлийг зөрчсөн тул тус автомашин үүрэг гүйцэтгэгчийн өмчлөлд шилжсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт 1-т заасан гэрээний дагуу зээлийн хүү болон үндсэн зээлийн эргэн төлөлт хийх үүрэг гэрээгээр хүлээсэн боловч тус гэрээг гэрээ байгуулсан эхний өдрөөс эхлэн зөрчсөн. Зээлийн гэрээний 6.1.1-т зээлдэгч зээлийн гэрээний аль нэг заалтыг зөрчсөн тохиолдолд болон зээлийн төлөлтийг 1 хоног хэтрүүлсэн бол төлбөр барагдуулагчийн санаачлагаар хугацаанаас нь өмнө гэрээг цуцалж болно гэж байгаа. Фидуцын гэрээний 5.12-т зээл болон хүүгээ төлөхгүйгээр 7 болон түүнээс дээш хоног хугацаа хэтэрсэн эсвэл гэрээгээ цуцалсан тохиолдолд тус хөрөнгийг хураан авах эрхтэй гэж заасны дагуу автомашиныг авсан. Мөн банк бусын санхүүгийн байгууллага 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хтай байгуулсан зээлийн гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн. 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг цуцлах, зээлийн үлдэгдэл 15 776 140 төгрөг, хүү 609 956 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26 140 төгрөг, өмгөөллийн хөлс 492 367 төгрөг, нотариатын төлбөр 12 000 төгрөг, нийт 16 916 600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Фидуцын гэрээний төлбөр болох автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь Иргэний хуулийн гэрээний ялимгүй зөрчил гэж үзэж байна. 10 000 000 төгрөг төлүүлчихээд машиныг нь 16 000 000 төгрөг төлүүлж өгчихөөд 1 сар унуулаад буцаан авч байгаа нь шударга зүйл биш. Фидуцын гэрээний 2.2.3-т хугацаа хэтрүүлсэн төлбөрийг төлж дуусах хүртэлх хугацааны жилийн хүү 40,3 хувь ба үүргийг 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төлж дуусгасан байна гэж заасан. Гэтэл дунд нь хоног алдах юм бол нэмэгдүүлсэн хүү тооцно. Гэрээний эдгээр заалт нь гэрээг үргэлжлүүлэх зохицуулалттай. Зээлийн гэрээний 6.1.1-д 1 хоног болон түүнээс дээш хоногоор хугацаа хэтрүүлэх талаар заасан. Гэрээний агуулгыг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.8 болон 202.9 дэх хэсэгт зааснаар тодорхойлох боломжтой. Стандарт нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш байдлаар нөгөө тал эрх хэрэгжүүлэхээс татгалзах хуулиар олгосон эрхийг хязгаарласан буюу үгүйсгэсэн байна. Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогчийн гэрээг цуцлах гэж байгаа бол нэмэлт хугацаа тогтоож өгөх шаардлагатай. Энэ гэрээний заалт хуульд нийцээгүй байхад гэрээг цуцалж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн үлдэгдэл 15 776 140 төгрөг, хүү 609 956 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26 140 төгрөг, өмгөөллийн хөлс 492 367 төгрөг, нотариатын төлбөр 12 000 төгрөг, нийт 16 916.600 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн өмгөөлөгч авч, өмгөөлөгчийн зардал гаргуулж байсан шүүхийн практик байхгүй. 2010 оны Улсын Дээд шүүхийн тайлбарт Захиргааны хэргийн шүүх болон Эрүүгийн хэргийн гэм хортой холбоотой бол өмгөөлөгчийн зардлыг нөхөн төлүүлэх асуудал байдаг. Ямар ч тохиолдолд өмгөөлөгчийн туслалцаа авсантай холбоотой зардал гаргуулдаггүй. Гэрээг зөрчсөн нь хууль бус тул автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 225 дугаар зүйлийн 225.4.1, 227 дугаар зүйлийн 227.3, 235 дугаар зүйлийн 235.2-д зааснаар ... УНД улсын дугаартай, ... маркийн авто машиныг нэхэмжлэгч Х-ынэзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг хариуцагч К ХХК-д даалгаж, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ 18/177 дугаар зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16 916 601 төгрөг гаргуулах, Фидуцийн гэрээний зүйл ... УНД улсын дугаартай, ... маркийн авто машинаар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай хариуцагч К ХХК-ийн сөрөг нэхэлжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х-ынулсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг болон хариуцагч хариуцагч К ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242.533 төгрөгийг улсын орлогод хэвээр үйлдээж, хариуцагч хариуцагч К ХХК-аас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд: Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буруу тайлбарлаж, хууль буруу хэрэглэсэн. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалт нь гэрээ цуцлагдсан нөхцөлд хэрэглэх агуулга бүхий хуулийн заалт биш, харин гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа болоход үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитоор гаргуулж авах, бодитоор гаргуулж авснаар гэрээ дуусгавар болох агуулга бүхий хуулийн заалт юм. Энэхүү зохицуулалтыг анхан шатны шүүх буруу хэрэглэж, үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан үүргийг ялимгүй зөрчсөн гэх хуулийн заалтыг буруу хэрэглэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.1.1-д зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хувиарт заасан хугацаанаас 1 хоног хэтрүүлсэн бол гэрээг цуцлахаар заасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан гэрээний үүргээ ялимгүй зөрчсөн тохиолдолд гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасантай нийцэхгүй байна гэж үзэж сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагч нь шүүхэд бичгээр гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдааны мэтгэлцээний явцад хийсэн тайлбартаа нэхэмжлэгчийн зээлийн гэрээний эргэн төлөлт хийх хугацаагаа удаа дараа хоцроож байсан үйлдлийг гэрээний үүргээ ялимгүй зөрчсөн гэж огт тайлбарлаагүй. Харин эсрэгээрээ зээлийн гэрээний үндсэн нөхцөл, гол зүйл нь эргэн төлөх хуваарьт заасан эргэн төлөлт хийж байгаагүй үйлдэл нь гэрээг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Иймээс Хтай байгуулсан зээлийн гэрээг цуцалж үүргийн гүйцэтгэлийг эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай гэрээний зүйлээр хангуулж дуусгавар болгохоор мэдэгдэл хүргүүлж, эд хөрөнгийг хураан авсан болохоо тайлбарласан. Х нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, эргэн төлөлтийг сар бүрийн 01-ний өдөр төлж байхаар харилцан тохиролцсон. Э2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 756 000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 990 000 төгрөг тус тус төлсөн байх ба үүнээс харахад зээлийн эргэн төлөлтийг хугацаандаа огт төлөөгүй ба 08 дугаар сард 28 хоногоор хэтрүүлсэн нь хэвийн гэж үзэх боломжгүй байна. Түүнээс хойш нэхэмжлэгч нь 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс хойш 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрйиг хүртэл 109 хоногийн турш огт төлөлт хийлгүй гэрээг ноцтой зөрчсөн хэвээр байгаа тус компанийн сөрөг нэхэмжлэлээр гэрээг цуцалж, зээлийн үлдэгдлийг бүрэн төлж барагдуулах шаардлагыг хангах үндэслэл болно. Анхан шатны шүүхэд хамтран зээлдэгч ...... зүй бус үйлдлийн талаар огт дурдаагүй бөгөөд барьцаа автомашиныг хураасны маргааш буюу 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр тус компанийн оффист ирж ажилчдын шаардлагыг үл харгалзан компанийн байранд орж ирэн үймээн үүсгэж, ажилчдыг аашлан загнаж компанийн ажилд саад учруулсан. Түүнээс хойш Хтай холбоо барих боломжгүй байсан бөгөөд 08 дугаар сарын 29-ний өдөр гэнэт төлөлт хийж, автомашинаа буцааж авна гэсэн. Талууд гэрээ болон гэрээний аль нэг заалтын хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй. Талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн хүчин төгөлдөр гэрээний дагуу хариуцагч ББСБ нь үйл ажиллагаа явуулсан байхад шүүх гэрээний нэг талын санаачлагаар гэрээг цуцлах эрхийг хязгаарлан, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан гэрээнээс татгалзах тухай заалтыг буруу хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Х хариуцагч К ХХК-д холбогдуулан ... УНД улсын дугаартай автомашины эзэмшлийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан №ЗГ18/177 тоот гэрээг цуцлах, нийт 16 916 601,23 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг сөрөг нэхэмжлэээр шаарджээ.

Зохигчид 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зээлийн болон фидуцийн гэрээ байгуулж, дээрх гэрээгээр хариуцагч 16 200 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэй зээлдүүлсэн, нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ... УНД улсын дугаартай автомашиныг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байна. /хх5-10/

Хэргийн 40 дүгээр талд авагдсан зээл эргэн төлөх хувиараас үзэхэд зээлдэгч нь зээлийн нийт дүнг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сар тутамд 720 000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 550 981 078 төгрөг төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төлөгдөх төлбөрт 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 756 000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлдөгдөх төлбөрт 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 990 000 төгрөг төлжээ.

 

Зээлдэгч нь 2018 оны 7, 8 дугаар сард төлөгдөх зээл, хүүг хугацаа хэтрүүлэн төлсний улмаас зээлдүүлэгч нь барьцааны зүйл болох автомашиныг хураан авч 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн үйл баримт тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч дээрх үүргийн зөрчил гарсан үйл баримтыг хүлээн зөвшөөрч байгаа боловч уг зөрчил нь гэрээг цуцлах хэмжээний зөрчил биш, зээл буцаан төлөх хуваарийг 1 хоног хэтрүүлбэл гэрээг цуцлах тухай гэрээний 6.1.1 дэх заалт гэрээний стандарт нөхцөлийг зөрчсөн гэх агуулгаар тайлбар гарган маргасан нь зохих үндэслэлтэй байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 6.1.1-д зээлдэгч нь энэхүү гэрээний аль нэг заалтыг зөрчсөн эсхүл зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанаас 1 хоног буюу түүнээс дээш хоног хэтрүүлсэн тохиолдолд зээлийн гэрээг зээлдүүлэгчийн санаачлагаар цуцлана гэж заажээ. /хх6/ Хариуцагч байгууллага нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээг байгуулахдаа гэрээний нөхцөлийг нөгөө талд санал болгосон тул талуудын хооронд Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний агуулгаа чөлөөтэй тодорхойлох эрхтэй боловч стандарт нөхцөл бүхий гэрээнд Иргэний хуулиар тодорхой хязгаарлалт тавигдсан байна. Тодруулбал, зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 6.1.1-д ... зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанаас 1 хоног буюу .., хэтрүүлсэн тохиолдолд зээлийн гэрээг зээлдүүлэгчийн санаачлагаар цуцлах тухай заалт Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байна. Учир нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.9-д зааснаар гэрээнд нөгөө талдаа үүргээ гүйцэтгэхийг урьдчилан сануулах буюу үүргээ гүйцэтгэх боломжийн хугацаа олгох хуулиар тогтоосон үүргээс санал гаргагч талыг чөлөөлсөн нөхцөл тусгасан бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дах хэсэгт заасан гэрээнээс нэг талын санаачлагаар, эсхүл үүргийн зөрчилтэй холбоотойгоор татгалзах журмыг хуулиар тогтоож өгсөн. Өөрөөр хэлбэл, гэрээний талууд гэрээг цуцлах буюу татгалзан, гэрээний дагуу шилжүүлж буцаан шаардах үр дагавар үүсгэхийн тулд гэрээг цуцлах хуулиар тогтоосон журмыг баримтлах буюу үүргээ биелүүлэхийг нөгөө талдаа урьдчилан сануулах, хугацаа өгөх, зэрэг үйлдэл хийх шаардлагатай. Банк бус санхүүгийн байгууллагын хувьд стандарт нөхцөл бүхий гэрээг нөгөө талд санал болгох тохиолдолд гэрээнээс татгалзахтай холбоотой хуулиар тогтоосон журмыг баримтлах үүргээс өөрийгөө чөлөөлсөн заалтыг үндэслэн гэрээг цуцлах эрхгүй болно.

Нэхэмжлэгч нь зээл эргэн төлөх хуваарийг хэтрүүлсэн хугацаа гэрээний ялимгүй зөрчилд хамаарна гэж тайлбарлажээ. Гэрээний үүргийн зөрчлийн хэмжээг талуудын ашиг сонирхлын үүднээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан хуулийн шаардлагатай нийцүүлэн дүгнэх бөгөөд энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болно. Энэ үндэслэлээр зээлийн гэрээнээс татгалзах эрх үүсээгүй гэж, зээлийн гэрээг цуцалж байгаатай холбогдуулан үр дагаварт нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, хохирол шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Энэхүү шийдвэр нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/02405 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312 733 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

А.МӨНХЗУЛ