Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2405

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.Х-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ККИ  ББСБ ХХК-д холбогдох

 

Нэхэмжлэгч Д.Х ын нэхэмжлэлтэй ККИ  ББСБ ХХК-д холбогдох 37-83 УНД улсын дугаартай автомашины эзэмшлийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан №ЗГ18/177 тоот гэрээг цуцлах, нийт 16.916.601, 23 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, хариуцагчийн өмгөөлөгч С.О,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Х  нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ККИ  ББСБ ХХК-тай гэрээ байгуулж, 36 сарын хугацаатай 2,5 хувийн хүүтэй 16.200.000 төгрөгийг зээлж, тус компанийн харилцагч компаниас 3783 УНБ улсын дугаартай автомашиныг барьцаалбарт өгсөн байна. Эхний төлөлтийг хугацаандаа хийж байсан боловч хоёр дахь төлөлтийг санхүүгийн бага зэрэг хүндрэлээс болж 2 хоног хэтрүүлсэн. Гэтэл 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ККИ  ББСБ ХХК-аас Д.Х д мэдэгдэхгүйгээр машиныг нь хашаанаас нь авч явсан байдаг.

Үүнтэй холбоотойгоор 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Д.Х ын эхнэр тус компанитай маргаан үүсгэсэн байдаг. 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр тухайн ББСБ нь төлбөрийг бүхэлд нь төлөхийг шаардсан. Тэр даруй Д.Х  хэтрүүлсэн хугацааны хүү, алдангаа тушааж машинаа авах хүсэлт албан бичгээр тус компанид хүргүүлсэн. Гэтэл тус бичгийг хүлээж авахгүй, гэрээ цуцалж машинаа л авна гэж хэлсэн байдаг. Үүний дагуу хариугаа хүлээж байгаад 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр дахин шуудангаар мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Тус мэдэгдэл дээрээ 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр танайд мэдэгдэл хүргүүлсэн. Тус мэдэгдлийн хариуг ирүүлээч ээ гэх байдлаар хүргүүлэхэд тус компаниас хариу ирүүлэхгүй байсан. Төлбөр хэтрүүлсэн нь ялимгүй хэтрэлт байхад гэрээг цуцалж, Д.Х ыг хохироож байгаа тул гэрээг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа тул гэрээг үргэлжлүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлага нь автомашиныг эзэмшилд шилжүүлж өгөхийг даалгах гэж байгаа ба эзэмшилд шилжинэ гэдэг нь цаад агуулгаараа гэрээ үргэлжилнэ гэсэн үг юм.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд гэрээний заалтаар нэхэмжилж байна гэж байна. Сөрөг нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гэрээний 6.1, Фидуцын гэрээний 5.12 гэх заалтуудыг ярьж байна. Энэ нь Иргэний хуулийн гэрээний ялимгүй зөрчил гэж үзэж байна. Хүнийг 10 сая төгрөг төлүүлчихээд машиныг нь 16 сая төгрөг төлүүлж өгчихөөд 1 сар унуулаад буцааж авч байгаа нь шударга зүйл юм уу. Гэрээн дээр хэд хэдэн заалт байгаа. Фидуцын гэрээний 2.2.3-т хугацаа хэтрүүлсэн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацааны жилийн хүү 40,3 хувь. Мөн үүргийг 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төлж дуусгасан байна гэж байгаа. Гэтэл дунд нь хоног алдах юм бол нэмэгдүүлсэн хүү тооцно гэж байгаа. Гэрээний эдгээр заалт нь гэрээг үргэлжлүүлэх зохицуулалттай байгаа” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн асуудал гаргасан. Өөрөөр хэлбэл үндсэн зээлийн гэрээ болон Фидуцын гэрээ хуульд нийцээгүй. Нэг хоног өнгөрөх юм бол гэрээг цуцална гэж байгаа Иргэний хуулийн 220 дугаар зүйлд заасан гэрээний стандарт нөхцөлийг зөрчсөн байна. Тиймээс автомашины эзэмшлийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах нь зөв.

Төлөлтийн асуудлын хувьд 780.000 төгрөг болон 990.000 төгрөг гэж 2 удаа төлөлт хийгдсэн. Эдгээр төлөлтийг авч үзэх юм бол илүү төлөлт хийгдсэн байгаа. Харин хугацаа хоцорсон зүйл байхгүй. Гэрээнд сар бүрийн эхэнд гэж заасан хэдий ч 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэх үү 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэх үү гэдэг нь тодорхой бус байгаа. Харин зээлийн гэрээ болон Фидуцын гэрээнд 30 хоног гэж заачихсан байгаа. 24 хоногийн алдаатай байгаа. Мөн Фидуцын гэрээнд заасны дагуу машин авсан гэж байна. Фидуцын гэрээ нь туслах шинжтэй гэрээ. Гэтэл туслах шинжтэй гэрээгээр өмчлөх эрхэд халдаж машин авч явж байгаа нь үндэслэлгүй байна. Гэрээ цуцлагдаагүй байхад өмчлөлд халдаж байгаа нь буруу учир нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд зээлийн гэрээний 6.1.1-т 1 хоног болон түүнээс дээш хоногоор хугацаа хэтрүүлсэн бол гэж байгаа. Гэрээний агуулгыг Иргэний хуулийн 202.8 болон 202.9-т зааснаар тодорхойлох боломжтой. Стандарт нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш байдлаар нөгөө тал эрх хэрэгжүүлэхээс татгалзах хуулиар олгосон эрхийг хязгаарласан буюу үгүйсгэсэн байгаа. Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогчийн ахуйн нэгж гэрээ цуцлах гэж байгаа бол нэмэлт хугацаа тогтоож өгөх шаардлагатай. Энэ гэрээний заалт хуульд нийцээгүй байгаа. Гэтэл хуульд нийцээгүй шаардлагаа барьж гэрээ цуцалж байгаа асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хоёрт зээлийн үлдэгдэл 15.776.140 төгрөг, хүү 609.956 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26.140 төгрөг, өмгөөллийн хөлс 492.367 төгрөг, нотариатын төлбөр 12.000 төгрөг, нийт 16.916.600 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэрээ байгуулаад 3 сарын дараа л гэрээ цуцалж байгаа шүү дээ.

Мөн өмгөөлөгч авч, өмгөөлөгчийн зардал гаргуулж байсан шүүхийн практик байхгүй. 2010 оны Улсын Дээд шүүхийн тайлбарт Захиргааны хэргийн шүүх болон Эрүүгийн хэрэгт гэм хортой холбоотой бол өмгөөлөгчийн зардлыг нөхөн төлүүлэх асуудал байж болно гэж байгаа. Ямар ч тохиолдолд өмгөөлөгчийн туслалцаа авсантай холбоотой зардал гаргуулдаггүй. Гэрээг зөрчсөн хууль бус байгаа тул автомашинаар үүргийн гүйцэтгэл хангуулах боломжгүй гэж үзэж байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: “ Нэхэмжлэгч нь ККИ  ББСБ ХХК-аас 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 16.200.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэйгээр авахаар Фидуцын гэрээ байгуулсан. Ингээд 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс хойш нэхэмжлэгч нь хугацаандаа зээлийн төлөлтөө хийдэг байсан. Гэрээний ард талд нөхцөл дээрээ сар бүрийн 1-ний дотор төлөлтөө хийнэ гэж заасан байгаа. Гэтэл нэхэмжлэгч нь анхнаасаа л зээлийн гэрээг зөрчиж байсан. 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төлөлтөө хийх ёстой байсан боловч 03-ны өдөр төлөлтөө хийж 2 хоног хугацаа хэтрүүлсэн. Мөн түүний дараа буюу 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хийх ёстой байсан боловч дахин хугацаа хэтрүүлсэн. Удаа дараа хугацаа хэтрүүлсэн талаар мэдэгдэл өгсөн. Зээлийн гэрээний 4.2-т хугацаа нэг хоног хэтрэх юм бол хугацаа нэхэмжлэх эрх үүснэ гэж заасны дагуу тус автомашиныг авсан. Фидуцын гэрээний 4.4-т зээлийн гэрээний заалт зөрчигдсөн өөрийн өмчлөлд шилжүүлсэн хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч авах тохиолдолд үүрэг гүйцэтгэгчид ямар нэгэн зөвшөөрөл авах шаардлагагүй гэж тусгасан учир автомашиныг өөрийн эзэмшилд авсан.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэгч нь ККИ  ББСБ ХХК-аас 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 16.200.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэйгээр авахаар Фидуцын гэрээ байгуулсан. Гэтэл гэрээний гол нөхцөлийг зөрчсөн тул тус автомашин үүрэг гүйцэтгэгчийн өмчлөлд шилжсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт 1-т заасан гэрээний дагуу зээлийн хүү болон үндсэн зээлийн эргэн төлөлт хийх үүрэг гэрээгээр хүлээсэн боловч тус гэрээг гэрээ байгуулсан эхний өдрөөс эхлэн зөрчсөн. Зээлийн гэрээний 6.1.1-т зээлдэгч зээлийн гэрээний аль нэг заалтыг зөрчсөн тохиолдолд болон зээлийн төлөлтийг 1 хоног хэтрүүлсэн бол төлбөр барагдуулагчийн санаачлагаар хугацаанаас нь өмнө гэрээг цуцалж болно гэж байгаа. Фидуцын гэрээний 5.12-т зээл болон хүүгээ төлөхгүйгээр 7 болон түүнээс дээш хоног хугацаа хэтэрсэн эсвэл гэрээгээ цуцалсан тохиолдолд тус хөрөнгийг хураан авах эрхтэй гэж заасны дагуу автомашиныг авсан. Мөн банк бусын санхүүгийн байгууллага 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Д.Х тай байгуулсан зээлийн гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн.

2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг цуцлах, зээлийн үлдэгдэл 15.776.140 төгрөг, хүү 609.956 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26.140 төгрөг, өмгөөллийн хөлс 492.367 төгрөг, нотариатын төлбөр 12.000 төгрөг, нийт 16.916.600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Фидуцын гэрээний төлбөр болох автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү”  гэв. 

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч автомашиныг Д.Х ын эзэмшилд шилжүүлж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Гэтэл талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон Фидуцын гэрээний дагуу банк бус санхүүгийн байгууллага харилцаж ирсэн. Тодруулбал Зээлийн гэрээний 6.1.1-т талуудын үүрэг хариуцлагыг зааж өгсөн байгаа. Зээлийн төлбөрийн эргэн төлөлтийн хугацааг 1 хоног хэтрүүлэх юм бол нэг талын санаачлагаар цуцлах үндэслэл болно гэж зааж өгсөн байгаа. Мөн Фидуцын гэрээний 4.2, 4.3, 4.4-т энэ талаар зааж өгсөн байгаа. Үүнд төлбөр төлөх хугацааг нэг хоног хугацаа хэтрүүлэх юм бол 7 хоногийн дотор бүх төлбөрийг төлүүлэх бөгөөд төлөхгүй тохиолдолд барьцааны зүйлийг өөрийн эзэмшилд хураан авах, худалдан борлуулах эрхтэй. Ингээд зээлийн гэрээний нөхцөлүүдийг маш нарийн танилцуулсны үндсэн дээр зээлдэгч нартай гэрээ байгуулж, Фидуцын гэрээн дээр гарын үсэг зуруулсан байдаг. Д.Х ын хувьд зээлийн гэрээний хугацаан дээр яриад байна.

2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулсан учир 2018 оны 07 дугаар сарын 06, 08 дугаар сарын 06 гэж хугацаа явах ёстой байсан гэж байна. Гэтэл талуудын чөлөөт тохиролцоон дээр гэрээ хийгддэг. Чөлөөт тохиролцоон дээр үндэслэсэн учир банк бус санхүүгийн байгууллага Д.Х тай сар бүрийн 1-ний өдөр зээлийн хүү болон үндсэн зээлийн төлөлтөөс төлж барагдуулна гэж байгаа. Ингээд эхний төлбөрийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төлнө гэж байгаа. Төлөхдөө зөвхөн ашигласан хугацааны буюу 25 хоногийн хугацааны хүү төлнө. Үндсэн эргэн төлөлт өөрчлөгдөхгүй. Хамгийн сүүлд 36 дахь сар буюу 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 550.981 төгрөгийг төлнө гэх тохиролцоог хийсэн.

Иймд нэхэмжлэгчийн хувьд эхний төлөлтөөс эхлэн хугацааг зөрчсөн учир хоёр дахь удаагийн төлөлт дээр 7 хоног харсан байгаа. Энэ хугацаанд утас нь холбогдох боломжгүй байсан гэж тайлбарладаг. Төлөлт ямар шалтгаанаар хоцорсон талаарх тайлбараа ирүүлээгүй. Иймд Фидуцын гэрээний 4.3-т заасны дагуу банк бус санхүүгийн байгууллага автомашиныг хураан авсан байдаг. Хураан авахдаа гэр бүлийнхэн хүмүүст мэдэгдэж хурааж авсан.

Талууд зээлийн гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 202 дугаар зүйлд зааснаар банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн болон Фидуцын гэрээ хууль зөрчсөн гэж байна. Гэхдээ ямар байдлаар хууль зөрчсөнийг тайлбарлахгүй байна. Гэрээний бүх заалт хуульд нийцсэн байгаа. Банк бус санхүүгийн байгууллага нь Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд заасны дагуу барьцаалан зээлэх үйл ажиллагаа явуулж байгаа.

Фидуцын гэрээг Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасны дагуу байгуулсан. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн агуулгыг харахад барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч тухайн Фидуцын гэрээний зүйлийг өмчлөлдөө шилжүүлж, үүрэг гүйцэтгэгч ямар нэгэн байдлаар үүрэг гүйцэтгэхгүй байгаа тохиолдолд хураан авах эрхтэй болдог байгаа. Мөн гэрээг ялимгүй зөрчсөн гэж байна. Энэ нь зээлийн гэрээний тухайд ялимгүй зөрчсөн гэх асуудал яригдахгүй. Мөнгөн дүнгийн хувь хэмжээ нь гэрээний гол зүйл байдаг. Гэрээний гол зүйлийг зөрчсөн байхад ялимгүй зөрчсөн гэх үндэслэлээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд банк бус санхүүгийн байгууллага зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээ болон Фидуцын гэрээг Иргэний хуулийн заалтыг гол үндэслэлээ болгон нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага 3 үндэслэлтэй. Нэгт нэхэмжлэгчтэй байгуулсан 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн гэрээг цуцлъя, цуцлах тухай мэдэгдлээ 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдсэн. Мэдэгдсэн гэдгийг нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэл гаргахдаа дурдсан байгаа. Зээлийг бүхэлд нь хаа гэдэг нь гэрээг дуусгавар болъё, гэрээг цуцалж байна гэх агуулга бүхий албан тоот байсан. 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. Түүний дараа буюу 2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр барьцаа хөрөнгийн үнэлгээ, түүнийг худалдан борлуулах, хугацаа олгох тухай мэдэгдлийг гаргасан байдаг.

Гэрээг цуцлахдаа мөнгөн төлбөрийг буцаан төлөх үүрэг үүссэн. Өнөөдрийг хүртэл үндсэн зээлийн үлдэгдэл 15.776.140 төгрөг, зээлийн хүү 609.953 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26.140.85 төгрөг, өмгөөлөгч болон нотариатын зардал нийт 16.916.600 төгрөгийг нэхэмжилж байна. Бидний шүүхэд маргах болсон гол зүйл нь зээлийн гэрээ байгаа. Зээлийн гэрээний 3.1.5-д банк бус санхүүгийн байгууллага нь хууль зүйн туслалцаа авсны хөлс, өмгөөлөгчийн хөлс, улсын тэмдэгтийн хураамж, түүнтэй холбоотой гарсан бүх зардлыг гаргуулна гэх заалтыг оруулсан байдаг. Тиймээс үүний дагуу хууль зүйн туслалцаа авсны зардлыг нэхэмжлэх болсон. Фидуцын гэрээний зүйл буюу автомашинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэх гурав дахь шаардлага гаргасан байгаа. Хэдийгээр Иргэний хуулийн 235 дугаар зүйлд ямар нэгэн байдлаар үүрэг гүйцэтгэгчээс хамааралгүйгээр нэгэнт үүргээ зөрчсөн бол автомашинаа борлуулж хохирлоо барагдуулах эрх олгосон боловч үнийн дүнд маргаан гардаг учир бид нар нэг мөр хэргээ шийдвэрлүүлэхийн тулд Фидуцын гэрээний зүйл буюу автомашинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэх шаардлага гаргасан.

Мөн гэрээ цуцлах үндэслэл нь Фидуцын гэрээний 5.3-т зааснаар Фидуцын гэрээний зүйл автомашиныг бусдад түрээслэхийг хориглосон байгаа. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ би бусдад түрээслэх гэж байсан, түрээсийн гэрээ байгуулсан байсан гэж байгаа. Энэ нь гэрээ зөрчсөн үндэслэл болсон” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Х  нь хариуцагч ККИ  ББСБ ХХК-д холбогдуулан Фидуцийн гэрээний зүйл 3783 УНД улсын дугаартай, Mitsubishi Delica маркийн авто машиныг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ 18/177 дугаар зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16.916.601 төгрөг гаргуулах,  Фидуцийн гэрээний зүйл 3783 УНД улсын дугаартай, Mitsubishi Delica маркийн авто машинаар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

            Хариуцагч нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6.1.1-д зааснаар 1 хоног хугацаа хэтрүүлсэн, мөн фидуцийн гэрээний 5.12-д зааснаар зээл, зээлийн хүүг төлөөгүй 7 хоног хэтрүүлсэн, Санхүүгийн зохицуулах хороонд манай байгууллагын ажил хэргийн нэр хүндэд халдсан, гүтгэсэн худал мэдээллийг гаргасан тул гэрээг үргэлжлүүлэх боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

            Нэхэмжлэгч нь зээлийн болон фидуцийн гэрээг цааш нь үргэлжлүүлэх саналтай байгаа бөгөөд гэрээний үүргээ ялимгүй зөрчсөн бол гэрээг цуцлах эрхгүй гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

            Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Талуудын хооронд 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ЗГХ18/177 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу 16.200.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

            Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ФГХ18/177 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай /фидуци/ гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу Mitsubishi Delica маркийн 37-83 УНД улсын дугаартай автомашиныг ККИ  ББСБ ХХК өмчлөлд шилжүүлжээ.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлийг “...2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зээлийн болон фидуцийн гэрээ байгуулж зээл авсан. 8 дугаар сарын төлөлтийг санхүүгийн хүндрэлийн улмаас хэд хоног хэтрүүлсэн. Гэтэл 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр шууд машиныг бидэнд хэлэлгүй гэрийн гаднаас авч явсан.2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн мэдэгдлээр зээлийг бүхэлд нь төл гэж шаардсан бөгөөд миний бие 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр тухайн сарын төлбөрийг төлсөн. Машинаа буцаан авах талаар мэдэгдэл өгсөн боловч хариу ирүүлээгүй” гэж тайлбарласан, хариуцагч нь “...Зээлийн гэрээний 6.1.1-д “...зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанаас 1 хоног хэтрүүлсэн” бол зээлийн гэрээг цуцлахаар заасан бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хэтрүүлсэн тул бид 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр машинаа очиж авсан. Зээлийн гэрээг цуцлах нөхцөл бүрдсэн тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах хүсэлтэй байна” гэж татгалзлын үндэслэлийг тайлбарласан.

 

            Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг сар бүрийн 01-ний өдөр төлж барагдуулахаар тохиролцсон бөгөөд хариуцагч нь 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төлөх төлбөрийг 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлөх төлбөрийг 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тус тус төлсөн, хариуцагч нь 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Mitsubishi Delica маркийн 37-83 УНД улсын дугаартай автомашиныг эзэмшилдээ авсан, мөн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн болох нь талуудын тайлбар, зээлийн эргэн төлөлтийн хуулгаар нотлогдож байна. Талууд маргаагүй болно.

 

            2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн төлбөрийн тухайд хариуцагч нь автомашиныг өөрийн эзэмшилд авсан, гэрээг үргэлжлүүлэх хүсэл зориггүй байгаатай холбоотой гэрээний хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.2-д “Шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг хүлээгч ашиглах эрхтэй байхаар гэрээнд зааж болно.” гэж, 235 дугаар зүйлийн 235.4-д “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно.” гэж тус тус заажээ.

 

            Талуудын хооронд байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ЗГХ18/177 дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ФГХ18/177 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай /фидуци/ гэрээ нь цуцлагдаагүй байхад хариуцагч нь фидуцийн зүйлийн өөрийн эзэмшилд шилжүүлсэн нь үндэслэлгүй байх тул Mitsubishi Delica маркийн 37-83 УНД улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч Хүрэлтулгын эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг хариуцагч ККИ  ББСБ ХХК-д даалгах үндэслэлтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч ККИ  ББСБ ХХК нь нэхэмжлэгч Д.Х д холбогдуулан 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ 18/177 дугаар зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16.916.601 төгрөг гаргуулах,  Фидуцийн гэрээний зүйл 3783 УНД улсын дугаартай, Mitsubishi Delica маркийн авто машинаар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь гэрээг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа, мөн гэрээний үүргээ ялимгүй зөрчсөн тул гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэж маргасан.

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1.1-д заасныг зөрчсөн тул гэрээг цуцлах нөхцөл бүрдсэн, мөн үндсэн зээл 15.776.140 төгрөг, зээлийн хүү 609.953 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26.140 төгрөг, хууль зүйн туслалцаа авсны хөлс 492.367 төгрөг, нотариатын зардал 12.000 төгрөг, нийт 16.916.601 төгрөг шаардаж байгаа” гэж тайлбарласан.

 

             Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1.1-д “зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанаас 1 хоног хэтрүүлсэн” бол зээлийн гэрээг цуцлахаар заасан Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан гэрээний үүргээ ялимгүй зөрчсөн тохиолдолд гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасантай нийцэхгүй байна.

 

            Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд хууль зүйн туслалцаа авсан хөлс нь үүрэг зөрчсөнөөс үүсэх зайлшгүй гарах зардалд хамаарахгүй тул хууль зүйн туслалцаа авсны хөлс 492.367 төгрөг нь үндэслэлгүй байна.

 

            Нэхэмжлэгч нь гэрээ байгуулаад хуваарьт хугацаанд төлбөрийг гүйцэтгээгүй боловч төлбөрийг ялимгүй хожимдуулж, зохих ёсоор төлж байсан үүргийн ялимгүй зөрчилд хамаарч байх тул гэрээний 6.1.1-д зааснаар 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ 18/177 дугаар зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16.916.601 төгрөг гаргуулах,  Фидуцийн гэрээний зүйл 3783 УНД улсын дугаартай, Mitsubishi Delica маркийн авто машинаар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 225 дугаар зүйлийн 225.4.1, 227 дугаар зүйлийн 227.3, 235 дугаар зүйлийн 235.2-д зааснаар 3783 УНД улсын дугаартай, Mitsubishi Delica маркийн авто машиныг нэхэмжлэгч Д.Х ын эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг хариуцагч ККИ  ББСБ ХХК-д даалгаж, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ 18/177 дугаар зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16.916.601 төгрөг гаргуулах,  Фидуцийн гэрээний зүйл 3783 УНД улсын дугаартай, Mitsubishi Delica маркийн авто машинаар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай хариуцагч ККИ  ББСБ ХХК-ийн сөрөг нэхэлжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Х ын улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг болон хариуцагч хариуцагч ККИ  ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242.533 төгрөгийг улсын орлогод хэвээр үйлдээж, хариуцагч хариуцагч ККИ  ББСБ ХХК-иас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Х д олгосугай.

 

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР