Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/01527

 

           

 

 

 

 

 

 

     2022               08              22                                             210/МА2022/01527

 

“А.Я ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2022/02711 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “А.Я ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Д.М ” ХХК холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 110,323,970 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхишиг, Х.Байдолда, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Грийн кастль ХХК нь Дестинейшн Монголия ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ажил хийж гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэхүү ажлыг Грийн кастль ХХК нь туслан гүйцэтгэгч А.Я ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 18/015 дугаар хамтран ажиллах гэрээг байгуулж гүйцэтгүүлсэн. Гэрээт ажлыг А.Я ХХК нь бүрэн хийж дуусгаж, ерөнхий захиалагч Дестинейшн Монголия ХХК-д хүлээлгэн өгсөн. Гэрээний үнийн дүн 136,000,000 төгрөг ба үүнээс хийсэн санхүүжилт нь 133,930,876 төгрөг, санхүүжүүлээгүй үлдэгдэл нь 2,069,124 төгрөг болсон. Тус ажлыг санхүүжүүлсэн 133,930,876 төгрөг нь гэрээний ажлыг бүрэн хийж дуусгахад хүрэлцэхгүй байсан учраас тухайн үед ерөнхий захиалагч Дестинейшн Монголия ХХК-ийн албан тушаалтнуудтай удаа дараа уулзаж амаар мэдэгдэж, харилцан тохиролцсон хэлцлийн үндсэн дээр уг ажлыг үргэлжлүүлэн явуулах эрх авч, бүрэн дуусгахад дутагдаж байгаа зардалд банкнаас зээл авч шууд зардал буюу цалин 45,385,868 төгрөг, шууд бус зардал буюу зээлийн хүүнд 36,725,596 төгрөг төлсөн, өөрөөр хэлбэл гэрээт ажлын эцсийн гүйцэтгэлээр нэмэгдэж гарсан бүгд зардал 81,984,690 төгрөгийг А.Я ХХК өөрсдөөсөө гаргаж уг ажлыг бүрэн хийж дуусгасан. Ингээд барилгын ажлыг дуусгахад өөрийн зарцуулсан 81,984,690 төгрөгийг Дестинейшн Монголия ХХК-аас нэхэмжилсэн. Дээрх ажлыг хийж гүйцэтгэхэд анх зураг төсөв батлагдаагүй байсан бөгөөд бид мэргэшсэн төсөвчнөөр төсөв хийлгэхэд 262,010,010 төгрөг болсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт 115,672,970 төгрөг гэсэн нь ойролцоо бөгөөд үүнээс гэрээний үнэ 136 сая төгрөгийг хасахад нэхэмжлэлийн дүнтэй тохирно. Шинжээчийн дүгнэлтийн 4-т тусгасан барилгад орсон материалыг нэг бүрчлэн хэмжиж гаргасан хэмжилтээр нэмэгдэж 35 нэр, төрлийн материалын үнэ 110,323,970 төгрөг дээр автоматжуулалтын 5,349,000 төгрөгийг нэмээд бүгд 115,672,970 төгрөгийн гэрээнээс гадуур буюу илүү материалын угсралтын ажил гүйцэтгэсэн байна. Өмнө нь цалин хөлс 45,385,868 төгрөг, зээлийн хүү 36,725,596 төгрөг, бүгд 81,984,690 төгрөг нэхэмжилсэн байсныг 70,413,876 төгрөгөөр нэмэгдүүлж, 152,398,566 төгрөг болгосон. Үүнээс хариуцагчаас өгсөн 5,349,000 төгрөг, хүүд нэхэмжилсэн 36,725,596 төгрөг, нийт 42,074,596 төгрөгийг хасч, 110,323,970 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж байна. Иймд барилгын ажлын ерөнхий захиалагч Дестинейшн Монголия ХХК-аас Хан-Уул дүүргийн 16 хороо, Буянт Ухаа хороолол, Наадамчдын зам, 422 тоот, Г блок, 71 айлын барилгын дотор цахилгаан хангамж, холбоо, дохиоллын систем, галын дохиоллын системийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын зардалд 110,323,970 төгрөгийг гаргуулж А.Я ХХК-д олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Д.М ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Грийн кастл ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан иж бүрэн угсралтын ажлыг материалын зардал, цалин хөлс, НӨАТ-ын хамт 136,000,000 төгрөгийн төсөвтэй байхаар хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон. Грийн кастл ХХК нь өөрийн охин компани А.Я ХХК-аар гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгүүлж, гэрээний дагуух санхүүжилтийг тус компанид шилжүүлэх хүсэлтийг гаргаж бид тус компанид санхүүжилтийг бүрэн шилжүүлж гэрээ дуусгавар болсон. Гэтэл А.Я ХХК нь ажлыг гүйцэтгэхэд гэрээнд зааснаас илүү зардал гарсан бөгөөд энэхүү зардлыг манай компанийг хариуцахаар тохиролцсон гэж 81,984,690 төгрөгийг гэрээ дууссанаас бараг 2 жилийн дараа нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь манай компани хийсэн ажлын гүйцэтгэл, материалын тооцоог тухай бүрт актаар хүлээн авч тооцоо нийлсний дараа санхүүжилтийг олгодог байсан, энэ талаар тухайн үед ямар нэгэн маргаан гарч байгаагүй. А.Я ХХК-ийн захирал М.Сугар болон Д.М ХХК-ийн нягтлан бодогч Д.Батцэцэг нарын хийсэн тооцоо тохирч байна. Д.М ХХК нь гэрээний үүрэгт мөнгөн хэлбэрээр 67,297,650 төгрөг, бартер хэлбэрээр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа хороолол, Наадамчдын зам гудамж 422 дугаар байрны 1-р орц 4 давхарт 33,54 м.кв, 1 өрөө бүхий 50,310,000 төгрөгний орон сууцыг иргэн Тодгэрэлийн Чойжилсүрэн /РД:УП51101113/-д; Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа хороолол, Наадамчдын зам гудамж Г-425 тоот хаягт, 19 м.кв 41 тоот 18,000,000 төгрөгийн үнэ бүхий авто зогсоолыг иргэн Догсомын Цэрэнханд /ЧП72072802/ нарын өмчлөлд нийт 68,310,000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгө шилжүүлсэн. Мөн нэмэлт ажлын хөлс 2,500,000 төгрөг, материалын үнэ 507,650 төгрөг, нийт 139,007,650 төгрөгийг төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байна. Нэхэмжлэгч нь зээлийн хүүд 36,725,596 төгрөг нэхэмжилж байснаас татгалзаж байгаа юм байна. Иймд талуудын хооронд тооцоо нийлсэн баримтаар 9,630,000 төгрөгийн авлага бүртгэгдсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үүнийг зөвшөөрч байна, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хариуцагч Д.М ХХК-аас 9,630,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Я ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100,693,970 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Д.М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 169,030 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Я ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,077,742.45 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Шинжээчийн ажлын зардалд хариуцагч Д.М ХХК-аас 1,250,000 төгрөг, нэхэмжлэгч А.Я ХХК-иас 1,250,000 төгрөг, нийт 2,500,000 төгрөг гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох барилгын ажлын захиалагч, туслан гүйцэтгэгчдийн хоорондын аман хэлцэл бөгөөд гэрээн бус үүргийн буюу барилга дээр талуудын оролцоотой, бодит хэмжилтээр гарсан илүү зарцуулсан гүйцэтгэгчийн өөрийн материал /банкны зээлээр буй болсон/-ын тоо, хэмжээ, түүний үнэ, өртөг 110,323,970 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий хууль ёсны бус шийдвэр болсон гэж үзэж байна.

5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч компани шаардлагатай бараа материалыг өгсөн. Бараа материалын үнийг хасч тооцсон. Нэхэмжлэгч гэрээний бус үүрэг үүссэн гэж тайлбарладаг боловч шүүх гэрээний үүрэг үүссэн талаар үндэслэлтэй дүгнэсэн. 2019 оны 05 дугаар сард улсын комисст хүлээлгэж өгөөд, тус оны 07 дугаар сард бүх ажлаа дүгнэж тооцоо нийлсэний дараа 2020 онд үнийн өсөлттэй үнийн дүнгээр тооцсон. Нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал н.Сугар, хариуцагч компанийн ерөнхий ерөнхий нягтлан бодогч нарын хооронд үйлдсэн тооцоо нийлсэн актыг үндэслэж шүүх хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2. Нэхэмжлэгч А.Я ХХК нь хариуцагч Д.М ХХК-д холбогдуулан 110,323,970 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, үндэслэлээ “гүйцэтгэх ажлын төсөв нэмэгдэж нэмэлт зардал гарсан” гэж тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг 9,630,000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэжээ.

4. “Д.М ” ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Грийн кастл” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр “Грийн кастл” ХХК нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт Ухаа хороолол, Наадамчдын зам 422 тоот хаягт барьж буй Г блокийн 71 айлын орон сууцны барилга байгууламжийн дотор цахилгаан хангамж, холбоо дохиоллын систем, галын дохиоллын системийн иж бүрэн угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, “Д.М ” ХХК нь гэрээний үнэд 136,000,000 төгрөгийг төлөх үүрэг тус тус хүлээсэн байна.

 “Грийн кастл” ХХК нь “А.Я ” ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хамтран ажиллах гэрээ нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр “Д.М ” ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан гэрээнд заасан ажил болох Дөрвөн бэрх хотхоны Г блокийн барилгын дотор цахилгаан, холбоо дохиоллын угсралтын ажлыг “А.Я ” ХХК хийж гүйцэтгэх, ажлын хөлсөнд “Грийн кастл” ХХК нь 136,000,000 төгрөг төлөхөөр тохиролцжээ. /хх 17-18/ Уг гэрээ нь Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт нийцэх тул зохигчдын хооронд аман гэрээ байгуулсан гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

Дээрх гэрээний дагуу “А.Я ” ХХК нь ажил гүйцэтгэсэн, “Д.М ” ХХК ажлыг хүлээн авч, хөлс төлж байсан үйл баримтад талууд маргаангүй.

Харин гүйцэтгэсэн ажлын хөлс болон нэмэлт ажлын хөлс төлж, үүрэг дуусгавар болсон эсэх талаар талууд маргасан байна.

Нэхэмжлэгч “А.Я ” ХХК нь хариуцагч “Д.М ” ХХК-д 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажлыг хүлээлгэн өгч, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр улсын комисс хүлээн авсан болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Талууд 2020 оны 07 дугаар сарын байдлаар тооцоо нийлж, ажил гүйцэтгэх гэрээний дагуу “Д.М ” ХХК нь гэрээний үнэ 136,000,000 төгрөг, нэмэлт ажил 3,007,650 төгрөг, нийт 139,007,650 төгрөг төлөхөөс бартераар 68,310,000 төгрөг, мөнгөн хэлбэрээр 57,667,650 төгрөг, 5 хувийн баталгаа 3,400,000 төгрөг, нийт 129,377,650 төгрөгийн санхүүжилтийг “А.Я ” ХХК-д олгосон, 9,630,000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг баталж, гарын үсэг зурсан баримт хэргийн 2 дугаар хавтасны 99 дүгээр талд авагджээ.

Нэхэмжлэгч “А.Я ” ХХК нь мэргэшсэн төсөвчин Б.Цэрэнхандын 2020 оны төсөв болон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг тус тус үндэслэсэн нэмэлт ажлын хөлс 110,323,970 төгрөгийг гаргуулахаар хариуцагчаас шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж заасан.

Нэхэмжлэгч “А.Я ” ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 19/22 дугаар албан бичгээр ажлын хөлсийг 50,000,000 төгрөгөөр нэмэгдүүлэх агуулгатай хүсэлтийг хариуцагч “Д.М ” ХХК-д гаргасан бөгөөд уг бичгийн баримтыг гүйцэтгэгч “А.Я ” ХХК нь захиалагч “Д.М ” ХХК-д гүйцэтгэсэн ажлын төсвийн хэмжээ нэмэгдэх талаар мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн гэдгийг эргэлзээгүй нотлохгүй.

Нэхэмжлэгч нэмэлт ажилд нийт 110,323,970 төгрөгийн зардал гарсан гэх боловч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгү йорхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2022/02711 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 709,570 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ч.ЦЭНД

                ШҮҮГЧИД                           С.ЭНХБАЯР

                                                                          Д.БЯМБАСҮРЭН