| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
| Хэргийн индекс | 130/2016/00644/И |
| Дугаар | 001/ХТ2017/00559 |
| Огноо | 2017-05-02 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2017/00559
С.Аминагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 761 дүгээр шийдвэр,
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 212/МА2017/00017 дугаар магадлалтай,
С.Аминагийн нэхэмжлэлтэй,
Т.Даркейд холбогдох,
Худалдааны байранд талбай түрээслэх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээнд бичигдсэн “Түрээслүүлэгчийн газарт барьсан байрны үнэ болох 2.600.000 төгрөг нь түрээсний төлбөр болон 15 сард багтах болно” гэснийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч С.Аминагийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Амина, өмгөөлөгч К.Жархынбек, хариуцагч Т.Даркей, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч С.Амина шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би нөхөр Ш.Ермекийн хамт гэр бүлийн хөрөнгөөр 2006 оны 7 дугаар сард Баян Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байрлах Тирлик захын урьд иргэн Т.Даркейгийн дэлгүүрийн хашааны зүүн булангийн гадна Хошахан-2 дэлгүүр буюу одоогийн Киви гуанзны барилгатай зэрэгцээ газарт 40 м.кв талбайтай дэлгүүрийн барилга барьсан. Уг барилгыг барьсан газар тухайн үед хэний ч эзэмшил биш гэж бодож байсан. Гэтэл Т.Даркей нь газрын гэрчилгээг үзүүлж манай нөхөрт дарамт, шахалт үзүүлж, улмаар манай гэр бүлийн дундын хөрөнгө /үл хөдлөх/ болох 40 м.кв талбайтай дэлгүүрийн барилгыг түрээслүүлэх гэрээ байгуулж, мөн уг гэрээнд нэг заалт оруулж хэлцэл хийх замаар Т.Даркейд шилжүүлж өгсөн байна. Уг үл хөдлөх хөрөнгө манай гэр бүлийн дундын хөрөнгө байхад газар эзэмшигч нэрийн дор түрээсийн гэрээ байгуулж, манай нөхөрт түрээсэлж суухыг шаардсан. 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Худалдааны байранд талбай түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээний 1 дэх хуудасны баруун доод буланд түрээслүүлэгчийн газарт барьсан байрны үнэ болох 2600000 төгрөгийн түрээсийн төлбөр болон 15 сард багтах болно гэж заасан. Уг тохиролцооны агуулга нь үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, төлбөр нь 15 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх ба 16 дахь сараас түрээсийн төлбөр авахаар тохиролцжээ Гэтэл бусдын газарт баригдсан дэлгүүрийн барилга нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөнд хамаарна” гэж заасны дагуу үл хөдлөх хөрөнгө юм. Энэ хөрөнгө нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна. Мөн Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна, 128.3-т Хуульд өөрөө заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан бөгөөд дээрх тохиролцоо хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Уг үл хөдлөх хөрөнгийг Ш.Ермек захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг огт аваагүй ба уг гэрээг үндэслэж Т.Даркей нь уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлсэн байна. Манай гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгийг ийнхүү хууль тогтоомжид заасан шаардлага хангаагүй хэлэлцээрээр шилжүүлж авсан нь хууль бус. Энэ асуудлыг 2007 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэдсэн ба Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т заасан хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн үеэс үүснэ гэж заасны дагуу 10 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй болно. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 128 дугаар зүйлийн 128.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсгийг тус тус баримтлан Т.Даркей болон Ш.Ермек нарын хооронд байгуулагдсан 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн худалдааны байранд талбар түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээний 1 дэх хуудасны баруун дэд буланд Түрээслэгчийн газарт барьсан байрны үнэ болох 2600000 төгрөгийн түрээсийн төлбөр болон 15 сард багтах болно гэснийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Даркей шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Амина түүний нөхөр Ермек нар нь Өлгий сумын 4 дүгээр багт байршилтай, Тирлик захын урьд талд миний эзэмшил бүхий 1786 м.кв газрын тухайн үед хашаан доторх булангаас сул чөлөөтэй байсан газраас 40 м.кв газарт миний зөвшөөрлөөр худалдаа үйлчилгээний зориулалттай байр барьж, түүнийг надаас түрээсэлж суух, тухайн байр барихад гарах зардлыг түрээсийн төлбөр буюу тухайн байрыг ашигласны хөлсөнд шингээхээр харилцан тохиролцсон юм. Ингээд 40 м.кв газарт 2006 оны 6 дугаар сард худалдаа үйлчилгээний зориулалт бүхий байр барьсан, тохиролцсоны дагуу 2600000 төгрөгөөр үнэлж авсан юм. Уг дэлгүүрийн байр миний хувийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд тухайн дэлгүүрийн өмчлөгчөөр Т.Даркей, Д.Марал бид хоёр болохыг тогтоож бүртгэсэн 2006 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 000201220 тоот Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа болно. С.Аминагийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 2 /2016 оны 4 дугаар/ дугаартай шийдвэрээр С.Аминагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр байгаа. С.Амина, Ш.Ермек нар нь ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгө худалдаагүй учир Аминагийн нэхэмжлэлд дурдсанчлан Иргэний хуулийн 128 дугаар зүйлд зааснаар тэдний гэр бүлийн хүмүүсийн зөвшөөрөл авах тухай асуудал байж боломгүй зүйл билээ. Хэрэв С.Амина, Ш.Ермек нар нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж үзвэл Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.2-д заасан хугацаанд буюу хэлцэл хийснээс хойш 6 жилийн дотор нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй бөгөөд 2006 онд байгуулагдсан түрээсийн гэрээг бүтэн 10 жилийн дараа нэхэмжилж байгаа нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа бараг хоёр дахин хэтэрсэн байна. Ш.Ермек бид хоёрын дунд 2006 онд байгуулагдсан түрээсийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн үндсэн дээр, тэгш эрхийн зарчимд нийцсэн,хууль ёсны гэрээ бөгөөд уг гэрээг Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 49 дугаар шийдвэрээр нотлох баримтаар үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон учир ИХШХШТухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар дахин нотлох ёсгүй бөгөөд уг нотлох баримтыг дахин нотлох журмаар хүчин төгөлдөр бусад тооцох нь ИХШХШТухай хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл болно. Маргаан бүхий дэлгүүрийн байрны өмчлөгчөөр Т.Даркей, Д.Марал бид хоёр болохыг тогтоосон шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 761 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-ийг баримтлан хариуцагч Ботахара нура овогт Туртайн Даркейд холбогдох 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Худалдааны байранд талбай түрээслэх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ-ний эхний хуудасны доод талд “Түрээслүүлэгчийн газарт барьсан байрны үнэ болох 2600000 төгрөг нь түрээсний төлбөр болон 15 сард багтах болно” гэснийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн нэхэмжлэгч Молхы машан овогт Секейн Аминагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.1-ийг баримтлан нэхэмжлэгч С.Аминагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 212/МА2017/00017 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 761 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-ийг” гэснийг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1-т заасныг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч С.Амина хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 212/МА2017/00017 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараахь үндэслэлээр гомдол гаргаж байна.
1. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар:
Давж заалдах шатны шүүх “түрээслүүлэгч Т.Даркейн эзэмшлийн газарт түрээслэгчийн барьсан дэлгүүрийн зориулалттай барилгыг түрээсийн гэрээгээр түрээсийн төлбөрт шилжүүлсэн ба бусдын газарт, түрээслүүлэгчийн зөвшөөрлөөр барьсан тухайн эд хөрөнгө нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т зааснаар гэр бүлийн гишүүд болох С.Амина, Ш.Ермек нарын хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх хөрөнгө мөн болох нь тогтоогдоогүй, нэхэмжлэгч талын дэвшүүлсэн дээрх үндэслэл нь Т.Даркей, Ш.Ермек нарын хооронд 2006 оны 7 дугаар сарын 2-ны өдөр байгуулагдсан “Худалдааны байранд талбай түрээслэх, үйлчилгээ үзүүлэх гэрээ”, 000201220 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр үгүйсгэгджээ. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 319.1 дэх хэсгийг үндэслэн Түрээслэгч, түрээслүүлэгч нар хуульд заасны дагуу түрээсийн төлбөрийг мөнгөөр бус өөр хэлбэрээр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгч талын Т.Даркей, Ш.Ермек нарын хооронд үл хөдлөх хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл хууль зүйн үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй, нотлох баримтад үндэслэгдээгүй.
Гэтэл Т.Даркей болон Ш.Ермек, С.Амина нарын хооронд “ажил гүйцэтгэх буюу Т.Даркейн газарт 40 м.кв үл хөдлөх хөрөнгө барьж өгч, өмчлөлд нь шилжүүлэх нөхцөлтэй гэрээ, хэлцэл байгуулагдаагүй, Ш.Ермек, С.Амина нар 40 м.кв үл хөдлөх хөрөнгийг барьж ашиглалтад оруулж, өмчлөгч болсны дараа Т.Даркейн дарамт шахалтаар 2006 оны 7 дугаар сарын 2-ны өдөр “Худалдааны байранд талбай түрээслэх, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдаж, Ш.Ермек 2.600.000 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгийг Т.Даркейн өмчлөлд шилжүүлж, Т.Даркей 15 сар түрээсийн төлбөрт тооцуулах хэлцэл хийгдсэн болох нь гэрч Ш.Ермекийн мэдүүлгээр тогтоогдсон. Хэлцэл хийгдсэний дараа уг хэлцлийн үндсэн дээр 2006 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 000201220 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ бичигдэж, Т.Даркей өмчлөх эрх олж авсан болно.
Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг аливаа хэлцэл/ худалдах, худалдан авах гэрээ, түрээсийн гэрээ гэх зэргээс үл хамаарна/-ийн дагуу шилжүүлэх тохиолдолд заавал зөвшөөрөл авах зохицуулалт юм. Үл хөдлөх хөрөнгө бий болохоос өмнө Т.Даркейн захиалгаар 40 м.кв үл хөдлөх хөрөнгө барьж өгөх, түүний өртөгчийг түрээсийн төлбөрт тооцох хэлцлийг Ш.Ермек, С.Амина нар хийгээгүй байхад давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтгүй, хийсвэр дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хууль болох Иргэний хуулийн 56.1.8, 128 дугаар зүйлийн 128.2, 128.3 дахь хэсгийг хэрэглээгүй байна.
Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар:
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 761 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гол үндэслэлээ. “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна гэж заасан тул 40 м.кв талбайтай дэлгүүр нь нэхэмжлэгчийн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг нотлох баримт байхгүй бөгөөд уг хэлцэл нь” Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т заасныг зөрчөөгүй гэж тодорхойлсон байдаг. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг анхан шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх уг гомдлын үндэслэлийг няцаах үндэслэлийг магадлалд дурдалгүй, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ аваагүй тохиолдолд өмчлөх эрх үүсэхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 25.1-наар бүртгэж баталгаажуулснаар өмчлөх эрх үүснэ гэж тусгай хэмжээ хэмжээ тогтоосон байна.
Иймд Баян-өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 761 дүгээр шийдвэр, Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 212/МА2017/00017 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.
Нэхэмжлэгч С.Амина нь хариуцагч Т.Даркейд холбогдуулан “...хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай шаардлага гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн зөвшөөрлийг аваагүй гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...барилгыг түрээсийн төлбөрт тооцож шилжүүлсэн, ...байшингийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн” гэж маргажээ.
Т.Даркей өөрийн эзэмшлийн 1760 м.кв газраас 40 м.кв газрыг аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоор шилжүүлэх, Ш.Ермек нь түрээсийн төлбөрт сард 173.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Худалдааны байрны талбай түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулжээ. Ш.Ермек нь уг газар дээр барьсан байшингаа 2.600.000 төгрөгөөр үнэлж, улмаар түрээсийн төлбөрт тооцон Т.Даркейд шилжүүлсэн, маргааны зүйл болох 40 м.кв талбайтай дэлгүүрийн байрны өмчлөгчөөр Т.Даркей, Д.Марал нар улсын бүртгэлд бүртгэгдсэн, бүртгэл хүчинтэй болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.
Нэхэмжлэгч С.Амина, Ш.Ермек нар гэр бүл бөгөөд энэ талаар маргаагүй байна. Харин маргааны зүйл болох дэлгүүрийн байр гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болох, Ш.Ермек уг байшинг Т.Даркейд шилжүүлэхдээ С.Аминагийн зөвшөөрлийг авсан эсэх талаар зохигчид маргажээ.
Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах талаар Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д заасан ба мөн зүйлийн 128.2., 128.3.-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авах ёстой бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцдог.
Хуулийн дээрх зохицуулалтуудын агуулгаас үзвэл, гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг зөвхөн уг гишүүн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн тохиолдолд авах бөгөөд эд хөрөнгийг захиран зарцуулах хэлцэл хийгдэх үед өмчлөгчөөр бүртгэгдээгүй байсан гэр бүлийн гишүүн хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргах эрхгүй.
Түүнчлэн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдийг өмчлөгч гэж үздэг бөгөөд хариуцагч нь дэлгүүрийн байрны өмчлөгч байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд дэлгүүрийн байр нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг нэхэмжлэгч С.Амина нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл, С.Амина, Ш.Ермек нар дэлгүүрийн барилгын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдээгүй, энэ тохиолдолд Ш.Ермек нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг Т.Даркейд шилжүүлэхдээ С.Аминагаас зөвшөөрөл аваагүй гэж үзэх үндэслэлгүй юм.
Түүнчлэн гэрээг хариуцагчийн дарамт, шахалтын доор хийсэн гэх тайлбараа нэхэмжлэгч баримтаар нотлоогүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.
Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулж, хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 212/МА2017/00017 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Аминагийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ