Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01529

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 08 19 210/МА2022/01529

 

 

Г.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/01361 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Бгийн хариуцагч Б.Г, Ч.М нарт холбогдуулан гаргасан  хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай үндсэн, 10-20 УБЗ улсын дугаартай Ниссан патрол маркийн автомашины өмчлөгч Б.Г мөн болохыг тогтоож, түүний эзэмшилд шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамир, түүний өмгөөлөгч Г.Энхжавхлан, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б.Тамир нь Ирк сиб строй ХХК-ийн захирал хамтарч, Ирк сиб строй ХХК-ийн нэр дээр Төв аймгийн Цагдаагийн албан хаагчдын 30 айлын орон сууц барьж эхэлсэн байна. Уг компани нь Гурван марал ХХК-тай 25 кг нягттай 270 м.кв хөөсөнцөр хавтанг 31,368,000 төгрөгөөр авахаар зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан ба барьцаа болгож нэхэмжлэгчийн эзэмшлийн 10-20 УБЗ улсын дугаартай ниссан патрол маркийн тээврийн хэрэгслийг итгэмжлэлийн үндсэн дээр Г.Бгийн хүү болох Б.Тамир нь Б.Гын нэр дээр шилжүүлсэн. Ирк сиб строй ХХК болон Б.Г нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй байтал тухайн тээврийн хэрэгслийг Б.Г нь үндэслэлгүйгээр эзэмшиж байна.

Мөн Гурван марал ХХК нь гэрээгээр тохиролцсон чанарын шаардлагад нийцээгүй буюу 10,5-12,6 кг-ын нягттай хөөсөнцөр хавтанг нийлүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчсөн атлаа гэрээний үлдэгдэл төлбөрт барьцаа болгох зорилгоор шилжүүлсэн тээврийн хэрэгслийг буцаан шилжүүлэхгүй хэмээн татгалзаж буй нь үндэслэлгүй юм.

Иймд Б.Тамир болон Б.Гын хооронд хийгдсэн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.Гын татгалзал, тайлбарын агуулга: Б.Тамир нь нэхэмжлэгчээс авсан итгэмжлэлээр уг автомашиныг Б.Гын нэр дээр шилжүүлэн өгсөн нь хуульд нийцэх бөгөөд машины өмчлөгчөөр Б.Г нь бүртгүүлсэн. Хариуцагч Б.Г, Б.Тамир нарын хооронд хийгдсэн гэрээ хүсэл зоригийн илэрхийллээр хийгдсэн гэрээ тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Ч.Мийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн хүү Б.Тамир нь Гурван марал ХХК-аас дулаалгын хөөс худалдан авахаар тохирч, төлбөрөө бэлэн мөнгө болон Ниссан патрол маркын 10-20 УБЗ автомашинаар барагдуулахаар тохирсон. Үүний дагуу Б.Тамир нь нэхэмжлэгчээс авсан итгэмжлэлээрээ 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчийн эхнэр Б.Гын нэр дээр шилжүүлж, нотариатаар баталгаажуулсан тул хүчин төгөлдөр хэлцэл юм. Уг гэрээгээр барьцааны гэрээ байгуулаагүй ба автомашиныг үүргийн гүйцэтгэл болгон өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. Иймд дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга: Г.Бгийн хүү болох Б.Тамир нь Ирк сиб строй ХХК-тай хамтарч Төв аймгийн Цагдаагийн газрын албан хаагчдын орон сууц барьж эхэлсэн бөгөөд уг барилгад Гурван марал ХХК-иас 31,368,000 төгрөгийн дулаалгын хөөсөнцөр хавтан худалдан авч, 15 598 000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 15,688,000 төгрөгийн оронд Г.Бгийн өмчлөлийн 10-20 УБЗ улсын дугаартай Ниссан патрол маркын автомашинаар төлж барагдуулахаар тохиролцож, итгэмжлэлийн дагуу 2018 оны 12-р сарын 10-ны өдөр Б.Гын нэр дээр шилжүүлж өгсөн. Иймд Г.Бгийн өмчлөх эрх дуусгавар болсон. Гэтэл Б.Тамир нь 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол түлхүүр ХХК-ийн хашаанаас Б.Гд мэдэгдэлгүйгээр автомашиныг авч яваад улмаар хүлээлгэн өгөхгүй, унаж ашиглаж байгаа тул 10-20 УБЗ улсын дугаартай Ниссан патрол маркийн автомашины өмчлөгч Б.Г мөн болохыг тогтоож, уг автомашиныг нэхэмжлэгч Б.Гд хүлээлгэн өгөхийг Г.Бд даалгаж өгнө үү гэжээ.

5. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Талуудын хооронд байгуулагдсан гэрээний барьцаа болгож уг автомашиныг өмчлөх эрхийг түр шилжүүлсэн. Мөн Г.Б нь уг гэрээний тал биш бөгөөд ямар нэгэн үүрэг хүлээхгүй тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна гэжээ.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар Г.Бгээс 10-20 УБЗ улсын дугаартай Ниссан патрол маркийн тээврийн хэрэгслийг Н.Гэрэлжаргалын өмчлөлд шилжүүлсэн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар дээрх тээврийн хэрэгслийг Г.Бгийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг Н.Гэрэлжаргалд даалгаж, хариуцагч Ч.Мд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагчийн 10-20 УБЗ улсын дугаартай Ниссан патрол маркийн автомашины өмчлөгч Б.Г мөн болохыг тогтоож, уг автомашиныг нэхэмжлэгч Б.Гд хүлээлгэн өгөхийг Г.Бд даалгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Гэрэлжаргалаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 306,600 төгрөгнөөс 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 236,400 төгрөгийг улсын орлогоос гаргуулан хариуцагч Н.Гэрэлжаргалд, хариуцагч Н.Гэрэлжаргалаас улсын тэмдэгтийн хураамжинд 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Бд олгож шийдвэрлэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт автомашиныг үлдэгдэл төлбөрийг төлөх хүртэл барьцаанд байлгахаар тохиролцож, улмаар тээврийн хэрэгслийн өмчлөлийг Б.Гын нэр дээр шилжүүлсэн, үлдэгдэл төлбөрт машин өгөхөөр тохиролцсон гэх байдлаар нэг баримтанд хоёр өөр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/01361 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Б.Г, Ч.М нарт холбогдуулан 10-20 УБЗ улсын дугаартай Ниссан патрол маркийн тээврийн хэрэгслийг Б.Гын нэр дээр шилжүүлсэн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, тээврийн хэрэгслийг Г.Бгийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч нарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлийг Ирк сиб строй ХХК болон Б.Г нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй... Б.Тамир нь Гурван марал ХХК-аас тавьсан шаардлагын дагуу хөөсөнцөр хавтангийн үлдэгдэл төлбөрт миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг барьцаалах зорилгоор Б.Гын нэр дээр шилжүүлсэн гэж тайлбарлажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Б.Тамир нь ааваасаа авсан итгэмжлэлийн үндсэн дээр Б.Гын нэр дээр автомашиныг шилжүүлсэн боловч уг автомашиныг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэсэн тайлбар гаргаж, хариуцагч Б.Г автомашины өмчлөгч болохыг тогтоолгох, автомашиныг хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгчид даалгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

3. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Тамир нь Ирк сиб строй ХХК-ийн захирал Г.Нарангэрэлтэй хамтарч хөрөнгө оруулалт хийж Төв аймгийн Цагдаагийн албан хаагчдын 30 айлын орон сууцыг барьж, улмаар уг барилгыг барихад Гурван марал ХХК-аас 270 м.куб хөөсөнцөр хавтанг нийт 31,368,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцжээ. Хөөсөнцөр хавтангийн эхний төлбөр болох 15,598,000 төгрөгийг Гурван марал ХХК-ийн захирал Ч.Мийн дансанд хийж, үлдэгдэл төлбөр болох 15,680,000 төгрөгт машин өгөхөөр тохиролцож, Б.Тамир нь өөрийн эцэг Г.Бгээс олгосон итгэмжлэлийн дагуу Ниссан патрол маркийн 10-20 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөлийг Ч.Мийн эхнэр Б.Гын нэр дээр шилжүүлэн өгчээ. /хх 6-10/

5. Б.Булганхүү нь тээврийн хэрэгслийг худалдах гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх шилжүүлэх үйлдэлд төлөөлөх, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг Б.Тамирт олгож, улмаар итгэмжлэлд гарын үсэг зурсан байх тул Б.Тамир Б.Гд тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлсэн хэлцлийг Иргэний хуулийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй.

Анхан шатны шүүх Б.Булганхүү нь Б.Тамирын Гурван марал ХХК-тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний дагуу тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг Б.Гд шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж маргаж буй нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл тэрээр Б.Тамирт тухайн тээврийн хэрэгслийг худалдах эрхийг итгэмжлэлээр олгосон гэж дүгнэн нэхэмжлэгч Б.Булганхүүгийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцжээ.

6. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/01361 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.БЯМБАСҮРЭН