Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01538

 

 

 

     2022              08             19                                            210/МА2022/01538

 

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2022/01257 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Болоргантиг" ХХК-ийн хариуцагч Н Л ХХК-д холбогдуулан экскаваторуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 1,707,810,693 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрангуй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нямжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал, Б.Буянжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Б.Очбадар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Манай компани 2018 оны 08 дугаар сарын 29-ны өдөр “Хера Майнинг Экуйпмент” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 2018 онд үйлдвэрлэсэн R520LC-9S загварын 2 ширхэг шинэ HYUNDAI гинжит экскаваторуудыг нэг бүрийн үнийг 938,952,000 төгрөгөөр тооцож нийт 1,877,904,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Уг тохиролцооны дагуу R520LC-9S загварын 2 ширхэг шинэ Хьюндай гинжит экскаваторын гэрээнд заасан төлбөрийн урьдчилгаа 20 хувь болох 356,801,760 төгрөгийг манай компани өөрөө төлж, үлдэгдэл 1,427,207,040 төгрөгийг хариуцагч Н Л ХХК-аас 1,500,000,000 төгрөгийн зээл авч худалдагч тал болох “Хера Майнинг Экуйпмент” ХХК-нд төлж худалдах, худалдан авах гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. “Хера Майнинг Экуйпмент” ХХК-аас худалдан авсан 2 ширхэг шинэ Хьюндай гинжит экскаваторын тээврийн хэрэгслийн зээлийг бүрэн төлж дуусгах хүртэл Н Л ХХК-ийн нэр дээр түр шилжүүлэхээр тохиролцон, уг тээврийн хэрэгслийн гэрчилгээг Н Л ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Харин 0147 УБ болон 0148 УБ улсын дугаартай R520LC-9S загварын 2 ширхэг шинэ Хьюндай гинжит экскаваторуудын эзэмшил, ашиглалтыг манай компанид байлгахаар тохиролцож, бид бусдад түрээслүүлдэг байсан. Бидний 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар хариуцагч Н Л ХХК-нд нийтдээ 965,000,000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд дэлхий нийтэд Короновирусын /Covid-19/ цар тахал гарсантай холбогдуулан бид Хьюндай гинжит экскаваторыг ажиллуулах боломжгүй болсон. Хэдийгээр дээр дурьдсан нөхцөл байдал үүссэн ч гэсэн бид Н Л ХХК-д зээлийн үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулах талаар удаа дараа уулзаж санал, хүсэлт хүргүүлж байсан боловч бидний хүсэлтүүдийг огт хүлээн зөвшөөрөөгүй. Харин ч зориуд санаатай хууль зөрчиж 2021 оны 10 сарын 18-ны өдөр 0147 УБ улсын дугаартай экскаваторыг Дундговь аймгийн Баянжаргалан сумын хөөтийн уурхайд ажиллуулахаар засвар хийлгэн бэлдэж байтал Н Л ХХК-ний хуулийн хэлтсийн дарга н.Эрдэнэбаатар гэгч нь 20-30 хүний бүрэлдэхүүнтэй очиж хүч хэрэглэн авч явсан ба уг техник одоо хаана байгаа нь ч тодорхойгүй байна. Энэ тухай Н Л ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Буянжаргалтай ч уулзаж ярилцаж байсан. Н Л ХХК биднээс хууль бусаар хураан авч явсан 0147 УБ улсын дугаартай экскаваторыг бусад этгээдүүдэд худалдан боруулах гэж байгаа гэсэн мэдээлэл одоогоор бидэнд ирээд байна. Мөн Н Л ХХК 2021 оны 10 сарын 25-ны өдөр Өмнөговь аймгын Цогтцэций суманд “Соте кашмер” ХХК-тай Түрээсийн гэрээ байгуулан ажиллуулж байсан 0148 УБ улсын дугаартай экскаваторыг бас л н.Эрдэнэбаатар гэгч нь хурааж авахаар очсон бөгөөд очихдоо тус Сумын цагдаагын газарт “Болоргантиг” ХХК нь Н Л ХХК-аас түрээсэлж авсан экскаваторыг арлын дугаарыг өөрчлөн задлаж зарах гэж байгаа гэх огт үндэслэлгүй, худал өргөдөл, гомдол гаргаж улмаар Сумын цагдаагийн 2 албан хаагчдыг дагуулан очиж мөн адил хүч хэрэглэн авч явсан ба хариуцагч талын энэхүү хууль бус үйлдэлүүд нь уг техникүүдийг бусдад худалдан боруулах зорилготой байсан гэж үзэж байгаа төдийгүй бусдын хууль бус үйлдлээс болж өрийн худалдаж авсан өмч хөрөнгөө захиран зарцуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа тул эрх зүйн хамгаалалт хүсэж шүүхэд нэхэмжлэл гаргахад хүргэлээ. Манай компани бусдаас худалдаж авсан 0147 УБ болон 0148 УБ улсын дугаартай 2 ширхэг шинэ Хьюндай гинжит экскаваторуудыг өмчлөх эрхтэй болохоо хүлээн зөвшөөрүүлэх агуулга бүхий нэхэмжлэл гаргаж Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т зааснаар эрх зүйн хамгаалалт хүссэн нэхэмжлэлийг гаргаж байна. “Хера Майнинг Экуйпмент” ХХК-иас Худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу худалдан авсан 2 ширхэг HYUNDAI гинжит экскаватор нь хуулийн дагуу манай компанийн өмч хөрөнгө мөн бөгөөд өмчлөх эрх гэрээ хэлцлийн үндсэн дээр үүссэн гэж үзэж байна. Бид техник хураан авахаас өмнө Н Л ХХК-ний удирдах болон хуульч, өмгөөлөгч нартай нь уулзахад хариуцагч талын хуульч болон өмгөөлөгч нар нь ... танай компани зээлээ төлөхгүй бол Монгол банкинд мэдэгдэж зээлийн муу ангилалд бүртгүүлнэ, техникүүдийг хурааж авах ТУЗ-ын шийдвэр гарсан, бид тохиролцох хүсэлтэй байна... гэх зэргээр хариуг өгсөн ба зээлийн үлдэгдэл төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төл гэсэн шаардлага тавьсан. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт ... зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж, мөн хуулийн 282.3-т ...хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана ... гэж хуульд заасан. Бидний хооронд бичгээр ямар нэгэн Зээлийн гэрээ огт байгуулагдаагүй тул Н Л ХХК зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж үзэж байна. Мөн хуулийн 451 дүгээр зүлийн 451.1, мөн хуулийн 453.1 дэх хэсэгт зааснаар Н Л ХХК нь зээл олгох үйл ажиллагааг эрхлэн явуулах эрхгүй, зээлийн үйл ажилагааг байнга эрхэлдэггүй бөгөөд энэ төрлийн гэрээг ч бидэнтэй бичгээр байгуулаагүй учраас өгсөн зээлээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон шаардах эрхгүй этгээд гэж үзэж байна. Түүнчлэн бидний хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасны дагуу Барьцааны гэрээ ч бичгээр байгуулагдаагүй байхад гэрээ, хэлцлийн үндсэн дээр биш хууль зөрчиж 2 ширхэг техникийг хураан авсан гэж үзэж байгаа төдийгүй барьцааны гэрээ байгуулаагүй мөртлөө дахин хууль зөрчиж бусдын өмчлөх эрхэнд ноцтой халдаж хүч хэрэглэж авч явсан. Хариуцагч талын зарим этгээдүүд дур мэдэн, хууль зөрчиж авч явсан техникийн бүрэн бүтэн байдал алдагдах, эвдэрэх, бусад этгээдүүдэд худалдан борлуулсан тохиолдолд үүнээс үүдэн гарах аливаа хохирол, мөн олох ёстой байсан ашиг орлогоор хохирох нөхцөл байдлыг бүрдүүлж байна. Дээр дурьдсанаар манай компани нь 0147 УБ улсын дугаартай экскаваторыг Дундговь аймгийн Баянжаргалан сумын хөөтийн уурхайд, 0148 УБ улсын дугаартай экскаваторыг Өмнөговь аймгын Цогтцэций суманд “Соте кашмер” ХХК-тай түрээсийн гэрээгээр түрээслүүлдэг бөгөөд 2021 оны 10 сарын 12-ны өдрөөс хойш энэ хэрэг маргааныг шүүх шийдвэрлэх хүртэл олох ёстой байсан ашиг, орлого буюу түрээсийн төлбөрийг хохиролд тооцон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэх болно. Иймд дээр дурьдсан нөхцөл байдлыг харгалзан үзэн Хьюндай гинжит экскаваторуудын хууль ёсны өмчлөгчөөр манай компанийг тогтоож “Болоргантиг” ХХК-ийн нэр дээр буцаан шилжүүлж өгөхийг Н Л ХХК-д даалган шийдвэрлэж манай компанийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар, 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: “Болоргантиг” ХХК нь “Хера Экуйпмент” ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд заасан төлбөрийн урьдчилгаа 20 хувь болох 356,801,760 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,427,207,040 төгрөгийг хариуцагч “Новел лизинг ХХК-аас 1,500,000,000 төгрөгийн зээл авч худалдагч тал болох Хера Майнинг Экуйпмент” ХХК-д төлж худалдах, худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор, шударгаар, бүрэн биелүүлэн өмчийг бий болгосон гэж илтэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна. Дээрх 2 техникийг худалдан авах хөрөнгө бүрдүүлэх үйл ажиллагааг Н Л ХХК нь зохион байгуулж, нийт 1,864,000,000.00 төгрөгийн санхүүжилт босгож өгсөн “Болоргантиг” ХХК-ийн хувьд өөрийн хөрөнгийн эх үүсвэргүй, баталгаа байхгүй буюу “Хера Майнинг Экуйпмент” ХХК болон “Болоргантиг” ХХК нарын хооронд 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний онцгой нөхцөлийн 3 дугаар зүйлд худалдан авагч гэрээний урьдчилгаа төлбөрийн 20% буюу 356,801,760 төгрөгииг гэрээнд гарын үсэг зуран баталжуулснаар төлөх. Үлдэгдэл 80% буюу 1,427,207,040.00 төгрөгииг Банк санхүүгийн байгууллагын санхүүжилтээр 2018 оны 09 дүгээр сарын 28-ны дотор харилцан тохиролцов гэж Худалдах, худалдан авах гэрээ-ний 6.1-т заасны дагуу Худалдан авагч нь гэрээнии төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн барагдуулаагүй тохиолдолд тоног төхөөрөмжийг захиран зарцуулах, давхар түрээслэх, өмчлөх эрхгүй. Энэ заалтыг зөрчсөн бол тухайн техникийг компани буцаан татан авах ба гарсан зардал, төлбөрийг Худалдан авагч тал бүрэн хариуцна. Энэ тохиолдолд урьдчилгаа төлбөрийг буцаан олгохгүй байна. гэж заасан бөгөөд “Болоргантиг ХХК нь 2 ширхэг Хьюндай маркийн гинжит экскаваторийн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах боломжгүй цаашлаад урьдчилгаа төлбөрт “Хэра Майнинг Экуйпмент” ХХК-д төлсөн 356,801,760 төгрөгийг буцаан авах боломжгүй нөхцөл байдалтай тулгарсан байсан. Иймээс “Болоргантиг” ХХК-ийн хүсэлтээр 26 иргэн, хуулийн этгээдээс их хэмжээний хөрөнгө босгож, санхүүжилт бүрдүүлэх ажлыг манай Н Л ХХК эохион байгуулж дээрх Худалдах, худалдан авах гэрээг дуусгавар болгохоос урьдчилан сэргийлж туслалцаа үзүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч энэ талаар огт нэхэмжлэлдээ тусгаагүй, гэрээний үүргээ шударгаар биелүүлсэн гэж бодитой бус, илтэд үндэслэлгүй зүйлийг тусгажээ. Мөн “Болоргантиг” ХХК нь нэхэмжлэлдээ Н Л ХХК-аас зээл авахдаа итгэлцлийн үндсэн дээр аман байдлаар тохирч техникүүдийн үлдэгдэл төлбөрийг худалдагч талд төлөхдөө зээл авсан ба хариуцагч талтай ямар нэгэн Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ-г бичгээр огт байгуулаагүй. Харин “Хера Майнинг Экуйпмент” ХХК-иас худалдаж авсан 2 ширхэг шинэ гинжит экскаваторын тээврийн хэрэгслийн гэрчилгээг амаар тохирч, авсан зээлээ бүрэн төлж дуусгах хүртэл Н Л ХХК-ийн дээр түр шилжүүлэхээр болсон юм гэсэн байна. Нэхэмжлэлд дурдсанаар “Болоргантиг” ХХК нь Н Л ХХК-аар иргэн, хуулийн этгээдээс санхүүжилт бүрдүүлж, хөрөнгө босгуулсан болохоо бүрэн хүлээн зөвшөөрсөн харагдаж байна. Харин 26 иргэн, хуулийн этгээдээс авсан үндсэн зээл, түүний хүүг Н Л ХХК нь “Болоргантиг” ХХК-ийн өмнөөс иргэдтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүрэн гүйцэд биелүүлснийг огт дурдаагүй байна. "Болоргантиг” ХХК нь “Хера Майнинг Экуйпмент” ХХК-аас 2 ширхэг техник худалдан авах хөрөнгийн санхүүжилтийг бүрдүүлэхэд манай компани иргэд, хуулийн этгээдүүдтэй холбож, баталгаа гаргаж зуучилж өгснөөр Худалдах, худалдан авах гэрээ-ний төлбөр бүрэн төлөгдөх боломж нөхцөл нь бүрдсэн. Иймээс “Болоргантиг” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар, бүрэн биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь “Болоргантиг” ХХК-ийн өмнөөс Н Л ХХК нь “Хера Майнинг Экуйпмент” ХХК-д худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлж, иргэд, хуулийн этгээдээс санхүүжилт бүрдүүлж, хөрөнгө босгож төлсөн, цаашлаад хөрөнгө оруулалт өгсөн иргэд, хуулийн этгээдүүдээс авсан мөнгийг үндсэн зээлд 1,864,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 808,810,692 төгрөг нийт 2,672,810,692 төгрөгийг “Болоргантиг” ХХК-ийн өмнөөс гүйцэтгэж, “Болоргантиг” ХХК-ийн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлсэн байхад 965,000,000 төгрөгийг төлж барагдуулсан нэрийдлээр 2 техникийг өмчлөгчөөр тогтоолгох, шилжүүлэн авахыг даалгахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. 2 ширхэг гинжит экскаваторын өмчлөгчийг “Болоргантиг” ХХК-ийн “Хера Майнинг Экуйпмент” ХХК руу 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 09/05 дугаар албан бичгийн дагуу манай Н Л ХХК-ийн өмчлөл рүү “Хэра Майнинг Экуйпмент” ХХК нь хуулийн дагуу шилжүүлсэн. Нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлдээ 2 ширхэг шинэ Хьюндай гинжит эскаваторын тээврийн хэрэгслийн гэрчилгээг амаар тохирч авсан зээлээ бүрэн төлж дуусгах хүртэл Н Л ХХК-ийн нэр дээр түр шилжүүлэхээр болсон гэж маш тодорхой бичжээ. Гэтэл өнөөдрийг хүртэл иргэдэд “Болоргантиг” ХХК-ийн өмнөөс Н Л ХХК төлж барагдуулсан төлбөрийг бүрэн төлөгдөөгүй, хөрөнгө босгосон 26 иргэн, хуулийн этгээдээс авсан зээл, түүний хүүг төлөөгүй атлаа тухайн 2 ширхэг экскаваторыг ямар үндэслэлээр “Болоргантиг” ХХК-ийн өмчлөлд тогтоолгох, шилжүүлэн авахыг даалгах нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тул хариу тайлбарт “Болоргантиг” ХХК-ийн иргэд, хуулийн этгээдээс татсан эргэлтийн хөрөнгийн санхүүжилт, эргэн төлөлттэй холбоотой баримтыг хавсарган өгье. Хорин зургаан зээлдэгч байгаа гэдэг нь тодорхой. 26 иргэний зээлээс эх үүсвэр бүрдсэн. 26 иргэнээс очсон төлбөрөөс төлбөрийг төлсөн. Энэ төлбөрөөс бүрэн төлөгдөөгүй байгаа юм байна гэдэг нь нотлогдоно. Н Л ХХК өөрийн нэр хүндээр 26 иргэнээс төлбөрийг босгосон. 26 иргэнд гэм хор учруулах байдал үүсэн тул төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч “Болоргантиг” ХХК-ийг гинжит экскаваторын өмчлөгчөөр тогтоож, хариуцагч Н Л ХХК-д 0147 УБ болон 0148 УБ улсын дугаартай 2 ширхэг экскаваторуудыг нэхэмжлэгч “Болоргантиг” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгаж, Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Болоргантиг” ХХК-аас нийт 1,530,190,733.44 төгрөгийг гаргуулан хариуцагч Н Л ХХК-д олгож, үлдсэн 177,619,959 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

4.а. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Хариуцагч Н Л ХХК нь манай компанийн нэрийн өмнөөс нийт 2,672,810,693 төгрөгийг нэр бүхий 26 иргэнд төлж барагдуулсан гэж маргасан ба анхан шатны шүүх үүнээс төгрөгийг Новел лизинг ХХК нь манай компанийн өмнөөс иргэдэд төлсөн болох нь Хаан банк дахь Н Л ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна гэж үзсэн. Ингэж дүгнэхдээ, уг үнийн дүн нь тухайн дансаар хийгдсэн хэдэн удаагийн ямар гүйлгээгээр тогтоогдож байгаа болох, мөнгө хүлээн авагч нь Б ХХК-д зээл олгосон нэр бүхий 26 иргэн мөн эсэх зэрэг нь ямар баримтаар нотлогдож байгаа талаар дүгнэлт хийгээгүй, энэ талаар тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Нэгэнт хариуцагч Н Л ХХК нь өөрийн хөрөнгөөр манай компанийн бусдад төлөх өр төлбөрийг төлсөн гэж маргаж байгаа тохиолдолд манай компаниас Н Л ХХК руу шилжүүлсэн 364,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын илүүдэл буцаалт болон зээлийн эргэн төлөлтийн зориулалтаар Н Л ХХК руу шилжүүлсэн 965,000,000 төгрөг, нийт 1,329,000,000 төгрөгөөс хэдэн төгрөг нь нэр бүхий 26 иргэнээс авсан зээлийн эргэн төлөлтөнд хэдэн төгрөг зарцуулагдсан болох уг 1,329,000,000 төгрөгийн зарцуулалтыг Н Л ХХК нь манай компанид гаргаж өгөөгүй), хөрөнгө оруулалтын илүүдэл буцаалтаар шилжүүлсэн ашиглаагүй зээл болох 364,000,000 төгрөгөөс хүү тооцогдсон эсэх, Н Л ХХК нь манай компанийн нэрийн өмнөөс нэр бүхий 26 иргэнд зээл, зээлийн хүүнд нийт хэдэн төгрөгийн төлбөрийг цэвэр өөрийн хөрөнгөөр төлж барагдуулсан болох нь зөвхөн хариуцагчийн дансны хуулгаар тогтоох боломжгүй юм.

Хариуцагч "Новел лизинг" ХХК нь "Болоргантиг” ХХК-ийн нэрийн өмнөөс 2,672,810,693 төгрөгийн төлбөрийг нэр бүхий 26 иргэнд төлсөн гэж маргаж байгаа боловч хариуцагчийн дансны хуулгаас үзэхэд, “Б ХХК-ийн зээлийн төлбөр төлөв” гэсэн утгатай 1,335,886,736 төгрөгийн үнийн дүн бүхий 67 гүйлгээ байгаа юм. Гэтэл анхан шатны шүүх Н Л ХХК-иас зээл, хүү төлөв” гэсэн утгатайгаар гүйлгээнүүдийг Б ХХК-ийн өр төлбөрийг иргэдэд талсөн гэж тооцож байгаа нь үндэслэлгүй юм. Н Л ХХК нь нэр бүхий 26 иргэдтэй хөрөнгө оруулалт, зээлийн санхүүжилт бүрдүүлэх асуудлаар байнгын харилцаатай, хамтын ажиллагаатай талаараа шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ дурдсан бөгөөд Н Л ХХК-иас нэр бүхий 26 иргэдэд “Новел лизинг зээл, хүү төлөв” гэсэн утгатай шилжүүлгүүд нь тэдгээрийн хооронд байгуулагдсан өөр зээлийн гэрээний төлбөр байх магадлалтайг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.

Иймд, Н Л ХХК манай компанийн өмнөөс нэр бүхий 26 иргэнд нийт 2,495,190,773.44 төгрөгийг төлсөн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдохгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийн “Хариуцагч нь нэр бүхий 26 /хорин зургаа/ иргэнд нэхэмжлэгчийн өмнөөс үндсэн зээл болон хүүний төлбөрт нийт 2,495,190,733.44 төгрөгийг төлсөн болох нь “Хаан банк” ХХК дахь Н Л ХХК-ийн төгрөгийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.” гэх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.б. Анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн тухайд

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсгийн зохицуулалтын агуулга нь бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжих тухай бөгөөд хэн нэгэн этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж төлж байгаа тохиолдолд тухайн үйлдэл нь үүрэг бүхий этгээдийн ашиг сонирхолд нийцэхүйц шударга үйлдэл байх ёстой. Гэтэл, хариуцагчаас гаргаж өгсөн “Б ХХК-ийн иргэд, хуулийн этгээдээс татсан эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн эргэн төлөлт”-гэх хүснэгтэн мэдээллээс харахад үндсэн зээлийн төлбөрт 2,008,590,200 төгрөг төлсөн буюу энэ нь нэр бүхий 26 иргэнээс анх авсан 1,864,000,000 төгрөгийн зээлийн үнийн дүнгээс хэтэрсэн дүнгээр зээлийг хаасан байгаа нь эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байна. Нэр бүхий 26 иргэнээс авсан зээлийн үндсэн дүн ямар шалтгаанаар 144,590,200 төгрөгөөр нэмэгдсэн болох, уг 144,590,200 төгрөгөөс хүү тооцсон эсэх зэрэг асуудлуудад анхан шатны нгүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна. Эндээс үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэрийн “Хариуцагч нь сайн дураар нэхэмжлэгчийн өрийг төлсөн болох нь “Хаан банк” ХХК дахь Н Л ХХК-ийн төгрөгийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.” гэх дүгнэлт үндэслэлгүй бөгөөд Н Л ХХК-д Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасны дагуу манай компаниас 1,530,190,733.44 төгрөгийг шаардах эрх үүсээгүй гэж үзэж байна.

Түүнчлэн, манай компаниас гаргуулан хариуцагч Н Л ХХК-д олгохоор шийдвэрлэсэн 1,530,190,733.44 төгрөгийн хэд нь үндсэн зээлийн төлбөр болох, хэд нь зээлийн гэрээний хугацаан дахь хүү болохыг анхан шатны шүүх ялгаж салгаагүй байна.

Мөн, Н Л ХХК нь “Болоргантиг” ХХК-ийн нэрийн өмнөөс нэр бүхий 26 иргэнд зээлийн гэрээний төлбөрийг гүйцэтгэсэн гэж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа боловч хариуцагчаас гаргаж өгсөн “Б ХХК-ийн иргэд, хуулийн этгээдээс татсан эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн эргэн төлөлт” гэх баримтаар иргэн Т.Батбаярын 100,000,000 төгрөгийн үндсэн зээл хаагдаагүй болох нь тодорхой харагдаж байна.

Манай компаниас сар бүр хариуцагч Н Л ХХК-руу шилжүүлж байсан 965,000,000 төгрөгөөр зээлүүдийг зохих хугацаанд нь хаах боломжтой байсан. Гэтэл, Н Л ХХК нь зарим зээлүүдийг хаахдаа гэрээнд зааснаас илүү дүнгээр хаасан нь ойлгомжгүй байхад шүүх нотлох баримтыг үнэлэхдээ анхаарч үзээгүй байна. Тухайлбал, иргэн Гончигсүрэнд зээл хүүгийн хамт 239,966,766 төгрөг төлөх ёстойгоос Новел лизинг ХХК нь 241,465,368 төгрөг төлсөн, иргэн Аздэлгэрд зээл хүүгийн хамт 141,739,399 төгрөг төлөх ёстойгоос Новел лизинг ХХК нь 143,130,712 төгрөг төлсөн, иргэн Мөнхзаяад зээл хүүгийн хамт 47,864,194 төгрөг төлөх ёстойгоос Новел лизинг ХХК нь 53,227,798 төгрөг төлсөн, иргэн Мөнхтуяад зээл хүүгийн хамт 23,655,344 төгрөг төлөх ёстойгоос Новел лизинг ХХК нь 33,181,546 төгрөг төлсөн, иргэн Уранбилэгт зээл хүүгийн хамт 70,966,033 төгрөг төлөх ёстойгоос Новел лизинг ХХК нь 82,788,000 төгрөг төлсөн, иргэн Сувдад зээл хүүгийн хамт 300,151,047 төгрөг төлөх ёстойгоос Новел лизинг ХХК нь 438,262,808 төгрөг төлсөн, иргэн Нарангэрэлд зээл хүүгийн хамт 411,367,334 төгрөг төлөх ёстойгоос Новел лизинг ХХК нь 416,246,245 төгрөг төлсөн, иргэн Тэгшдүүрэнд зээл хүүгийн хамт 248,698,314 төгрөг төлөх ёстойгоос Новел лизинг ХХК нь 354,957,419 төгрөг төлсөн байна (зээл, хүүгийн тооцооллыг хавсаргасан болно). Новел лизинг ХХК нь Б ХХК-ийн нэрийн өмнөөс 26 иргэнд зээлийн төлбөрийн үүргийг гүйцэтгэхдээ хариуцагч компанийн бизнесийн нэр хүндийг харгалзан үзэж бүх зээлийг хугацаанд нь хаасан гэж тайлбарладаг боловч зээл хаасан дүнгүүд нь үндсэн зээл, зээлийн гэрээний хугацаанд бодогдвол зохих хүүний нийлбэрээс өндөр байгаа нь "Новел лизинг" ХХК болон тухайн иргэдийн хооронд Б ХХК-д хамааралгүй өөр зээлийн харилцаа байсны нотолгоо гэж үзэж байна.

4.в. Гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй талаар шүүх дүгнэлт хийгээгүй.

Нэр бүхий 26 иргэнтэй байгуулсан зээлийн гэрээний 8 дахь заалтад “Зээлдэгч Зээлдүүлэгчийн хүүгийн орлогын 10%-ийг суутгаж, татварын байгууллагад шууд шилжүүлнэ.” гэж заасан бөгөөд хариуцагч “Новел линзинг” ХХК-ийн гаргасан тооцооллоор нэр бүхий 26 иргэний хүүгийн орлогод 66,422,049 төгрөгийг суутгаж авсан байна. Н Л ХХК нь уг мөнгийг манай компанид ч буцаан шилжүүлээгүй, иргэдэд ч буцаан олгоогүй, “Болоргантиг” ХХК-ийн нэр дээр татварт тайлагнаагүй байдаг. Хариуцагч нь уг дүнгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй нөхцөл байдал үүссэнийг шүүх дүгнээгүй орхигдуулсан явдал нь манай компанийн эрх ашигт нийцэхгүй байгаагаас гадна хүүгийн орлогоо суутгуулсан нэр бүхий 26 иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй нөхцөл байдлыг үүсгээд байна.

Иймд, хэргийн материалд авагдсан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй Хаан банк дахь Новел лизинг ХХК-ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар хариуцагч Новел лизинг ХХК нь нэхэмжлэгч Б ХХК-ийн нэрийн өмнөөс нэр бүхий 26 иргэнд зээл болон хүүгийн төлбөрт 2,672,810,693 төгрөгийн төлбөрийг өөрийн хөрөнгөөр төлж зардал гаргасан болох нь тогтоогдохгүй байгаа учир 1,707,810,693 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас анхан шатны шүүхийн шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн 1,530,190,733.44 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нэхэмжлэгч “Болоргантиг” ХХК-ийг 2 экскаваторын өмчлөгчөөр тогтоож, “Болоргантиг” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

“Болоргантиг” ХХК нь тус худалдах-худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа 20%- ийн төлбөр буюу 356,801,760 төгрөгийг “Хера Майнинг Экуйпмент” ХХК-д төлж барагдуулсан. “Хера Майнинг Экуйпмент” ХХК болон “Болоргантиг” ХХК нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнд зааснаар “Болоргантиг” ХХК нь үлдэгдэл 80% буюу 1,427,207,040 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагын санхүүжилтээр 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Уг гэрээний хүчинтэй хугацаа 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр 28-ны өдөр хүртэл байна. Хэрвээ уг хугацаанд төлөөгүй тохиолдолд талуудын хоорондын тохиролцоо хүчингүй болж гэрээ дуусгавар болно. Гэрээнд заасан хугацаанд бүрэн барагдуулаагүй тохиолдолд тоног төхөөрөмжийг захиран зарцуулах, давхар түрээслэх, өмчлөх эрхгүй. Энэ заалтыг зөрчсөн бол тухайн техникийг “Хера майнинг экуйпмент” ХХК буцаан татан авах ба гарсан зардал төлбөрийг худалдан авагч тал бүрэн хариуцна. Энэ тохиолдолд урьдчилгаа төлбөрийг буцаан олгохгүй байхаар тохиролцсон. “Болоргантиг” ХХК нь арилжааны банкаар зээлийн судалгаа хийлгэхэд 1,500,000,000 төгрөгийн зээл олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. “Болоргантиг” ХХК ХХК нь 2 ширхэг экскаваторын үлдэгдэл төлбөр болох 1,427,207,040 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төлж барагдуулаагүй тохиолдолд урьдчилгаа төлбөрт “Хера Майнинг Экуйпмент” ХХК-д төлсөн 356,801,760 төгрөгийг буцаан авах боломжгүй. Мөн маргааны зүйл болох 2 ширхэг экскаваторын өмчлөгч болох боломжгүй байсан гэж үзэж байна.

Шүүхээс “Болоргантиг” ХХК-ийн Н Л ХХК-д төлбөл зохих төлбөр бүрэн гүйцэд төлөгдөөгүй байхад дээрх 2 ширхэг экскаватөрын өмчлөгчөөр “Болоргантиг” ХХК-ийг тогтоож, Н Л ХХК-д тус 2 ширхэг экскаваторыг “Бодоргантиг” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгасан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Манай Н Л ХХК-д “Болоргантиг” ХХК төлбөл зохих нийт төлбөр буюу 1,530,190,733.44 төгрөгийг бүрэн төлж дууссаны дараа дээрх 2 ширхэг экскаваторыг эзэмшил, ашиглалтад шилжүүлж мөн өмчлөлийг шилжүүлэх боломжтой болохоос үлэмж хэмжээний төлбөрийн үлдэгдэлтэй байхад тус 2 ширхэг экскаваторыг “Болоргантиг” ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь "Н Л ХХК-д хохиролтой, хэт нэг талын эрх, ашгийг харгалзан шийдвэрлэсэн гэж үзэж байна гэжээ.

6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 364,000,000 төгрөгийг шилжүүлснийг анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа гэж үзээгүй. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасны дагуу зуучлалын гэрээ байгуулагдсан гэж үзсэн. Зуучлалын гэрээ байгуулагдаж Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар зуучлалын гэрээгээр зуучлагч нь ашиг сонирхлын төлөө хэлцэл хийх этгээдтэй холбогдож, зуучлуулагч гэрээнд өөрөөр заагаагүй тохиолдолд хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. 364,000,000 төгрөгийг “Болоргантиг” ХХК нь 26 иргэнтэй байгуулсан зээлийн гэрээг манай компанитай зуучилж өгсөн. 26 иргэдтэй зээлийн гэрээ байгуулж байхад “Болоргантиг” ХХК-ийн гэрээнд гарын үсэг зурах эрх бүхий этгээд гарын үсэг зурж авч, 1,5 тэрбум болсоны дараа санхүүжилтээ больё гэж хэлээгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар “Болоргантиг” ХХК болон иргэд хооронд байгуулагдсан гэрээний дагуу төлбөр төлөх үүрэг хүлээсэн. Н Л ХХК нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар “Болоргантиг” ХХК-ийн өмнөөс 2,599,760,571.78 төгрөгийг төлсөн. Үндсэн зээл нь 1,864,000,000 төгрөг байх ёстой бөгөөд манай зүгээс гаргасан тооцооллоор 2,008,990,200 төгрөг болж байна. “Тэгшдүүрэн” ХХК зээлдэгч нь “Болоргантиг” ХХК-ийн иргэд, хуулийн этгээдээс татсан эргэлтийн хөрөнгийн санхүүжилтэд эргэн төлөлт хийсэн. Тухайн албан бичигт уг компани нь 210,000,000 төгрөгийн санхүүжилтийг “Болоргантиг” ХХК-д хийсэн. Үндсэн зээл 210,000,000 төгрөг болон 39,000,000 төгрөгийн хүүний төлбөрийг төлөхгүйгээр 249,000,000 төгрөгөөр үндсэн зээлээ бодож, 21.1 хувийн хүүтэйгээр 1 жилийн хугацаагаар сунгасан. Уг гэрээнд “Болоргантиг” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Даваасүрэн гарын үсэг зурсан. “Болоргантиг” ХХК-ийн өмнөөс Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг үндэслэж үүргийг гүйцэтгэсэн байхад бид нарынх 2,800,000,000 төгрөгийн үндсэн зээлтэй, 1,864,000,000 төгрөг биш байна гэх үндэслэлээр гомдол гаргасныг эс зөвшөөрч байна гэжээ.

 

7. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Маргаан бүхий 2 экскаваторын өмчлөх эрхийг “Болоргантиг” ХХК-д шилжүүлэхийг хариуцагч Н Л ХХК-д даалган шийдвэрлэсэн. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн анхан шүүхийн шийдвэрийг энэ хэсэг нь үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Тухайн 2 экскаваторын гэрчилгээг Н Л ХХК-д шилжүүлэх үндэслэл нь 26 иргэний зээлтэй хамааралгүй. Анх 80 хувийн үлдэгдэл төлбөрийг төлөх зорилгоор Н Л ХХК-аас 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилт хүсч хандахад 2 экскаватороо манай нэр дээр шилжүүлсэн тохиолдолд зээл олгоно гэж ярьсан боловч Н Л ХХК-д зээл олгох чадамжгүй байсан бөгөөд таньж мэддэг хүмүүсээсээ олж өгье гэж анх тохиролцсон тохиролцоо өөрчлөгдсөн. Гэтэл “Хера майнинг экуйпмент” ХХК болон “Болоргантиг” ХХК нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан. 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “Хера майнинг экуйпмент” ХХК-д албан бичиг явуулж, тухайн 2 экскаваторыг Н Л ХХК-ийн нэр дээр шилжүүлэх талаарх албан бичиг өгсөн. 2018 оны 08 дугаар сарын 30-нд 2 гэрчилгээ нь Н Л ХХК-д нэр дээр шилжсэн. Хөрөнгө шилжүүлсэн үндэслэл нь 1,5 тэрбум төгрөгийг зээлнэ гэж тохиролцсон. Тухайн 2 экскаваторын өмчлөл, ашиглалт нь Н Л ХХК-ийн мэдэлд байгаа бөгөөд анх тухайн 2 экскаваторыг шилжүүлж авсан үндэслэл нь үүрэг үүсээгүй буюу тухайн хөрөнгийг шилжүүлэх үндэслэл байгаагүй. Барьцааны болон фидуцийн эрхээр холбогдоогүй атлаа 26 иргэний төлбөрийг төлсөн тул 2 экскаваторыг барьцаална гэж маргасан нь үндэслэлгүй. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч “Болоргантиг” ХХК хариуцагч Н Л ХХК-д холбогдуулан Хьюндай маркийн R520LC-9S загварын HHKHZB12EJ0001046 арлын дугаартай 01-47 УБ улсын дугаартай болон HHKHZB12TJ0001048 арлын дугаартай 01-48 УБ улсын дугаартай гинжит экскаваторын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, 01-47 УБ болон 01-48 УБ улсын дугаартай 2 ширхэг экскаваторыг Болоргантиг ХХК-ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 1,707,810,692.76 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Үндсэн нэхэмжлэлийн талаар:

3.а. Нэхэмжлэгч “Болоргантиг” ХХК нь “Хера Майнинг Экуйпмент” ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр “Хера Майнинг Экуйпмент” ХХК нь Хьюндай маркийн R520LC-9S загварын 2 ширхэг гинжит эксковаторыг нэхэмжлэгч “Болоргантиг” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, “Болоргантиг” ХХК нь эксковаторын үнэ 1,784,008,800 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ. Нэхэмжлэгч урьдчилгаа төлбөр болох 356,801,760 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,427,207,040 төгрөгийг төлөхийн тулд хариуцагч Н Л ХХК-аар дамжуулан нэр бүхий 26 иргэнээс зээл авч төлсөн, уг 2 экскаваторын өмчлөх эрхийг хариуцагчийн нэр дээр шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд зохигчид энэ талаар маргаангүй.

3.б. Нэхэмжлэгч нь дээрх экскаваторуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

“Хера Майнинг Экуйпмент” ХХК-тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний 10.2-т “Талууд харилцан тохиролцож, гэрээг амжилттай дуусгавар болгосноор компанийн албан бичгийн дагуу тоног төхөөрөмжийг өмчлөх эрх нь худалдан авагч талд бүрэн шилжихээр” заасан байх ба “Болоргантиг” ХХК экскаваторуудын үнийг бүрэн төлснөөр гэрээний дээрх заалт болон Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрх түүнд шилжсэн байна.

Хариуцагч Н Л ХХК давж заалдах гомдлоо “нэхэмжлэгч хариуцагчид төлөх төлбөрөө бүрэн төлж дууссны дараа дээрх 2 ширхэг экскаваторыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх боломжтой” гэх агуулгаар гаргаснаас үзэхэд тэрээр дээрх 2 экскаваторыг нэхэмжлэгчийн нэр бүхий 26 иргэнээс авсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон өөрийн нэр дээр шилжүүлсэн гэж үзэхээр байна.

Гэвч хариуцагч нь дээрх 2 экскаваторыг үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож өөрийн өмчлөлд шилжүүлж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг бичгээр хийсэн байх шаардлагатай. Зохигчид гэрээг бичгээр хийгээгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар 2 ширхэг экскаваторыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн хэлцэл хүчин төгөлдөр бус юм.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй тул хариуцагч нь нэхэмжлэгчид экскаваторуудын өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх үүрэгтэй. Иймд энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

3.в. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг үндэслэсэн нь оновчгүй болжээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгчийн шаардах эрхийг зохицуулсан байх ба нэхэмжлэгч нь маргаан бүхий 2 экскаваторын өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлсэн байх тул тэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан “өмчлөгч” биш байна. Харин нэхэмжлэгчээс хариуцагчид өмчлөх эрх шилжүүлсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 2 ширхэг экскаватороо Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар буцаан шаардах эрхтэй. Иймд энэ үндэслэлээр шийдвэрийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

4. Сөрөг нэхэмжлэлийн талаар:

4.а. Хэрэгт “Болоргантиг” ХХК-ийн иргэдтэй байгуулсан нийт 26 зээлийн гэрээ авагдсан байх ба зээлдүүлэгч Н.Хишигттэй 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан зээлийн гэрээнд нэхэмжлэгч нь гарын үсэг зураагүй байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхгүй. Харин бусад 25 гэрээнд нэхэмжлэгч нь гарын үсэг зурж, компанийн тамга тэмдгээр баталгаажуулсан байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээг байгуулсанд тооцно.

4.б. Нэхэмжлэгч нь дээрх 25 зээлдүүлэгчээс нийт 1,844,000,000 төгрөгийг зээлж, хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт дээрх зээлдүүлэгч нарт нийт 2,575,137,476 төгрөгийг төлсөн нь зээлийн гэрээ, хариуцагчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна. Нэхэмжлэгч нь дээрх зээлээс 364,000,000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд хариуцагчид буцааж өгсөн, зээлийн төлбөрт 965,000,000 төгрөгийг төлсөн, нийт 1,329,000,000 төгрөгийг төлсөн байна.

Иймд хариуцагчийн нэхэмжлэгчийн өмнөөс зээлдүүлэгч нарт төлсөн 2,575,137,476 төгрөгөөс нэхэмжлэгчийн хариуцагчид төлсөн 1,329,000,000 төгрөгийг хасч, үлдэх 1,246,137,476 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид төлөх үүрэгтэй байна. Иймд энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулна.

4.в. Хариуцагч нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-т зааснаар хүүгийн орлогын дүнд 10 хувиар татварыг суутгаж төсөвт шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгчээс гаргуулах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2022/01257 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “106 дугаар зүйлийн 106.1” гэснийг хасч,

2 дахь заалтын “1,530,190,733.44 /нэг тэрбум таван зуун гучин сая нэг зуун ерэн мянга долоон зуун гучин гурван төгрөг дөчин дөрвөн мөнгө/” гэснийг “1,246,137,476” гэж, “177,619,959 /нэг зуун далан долоон сая зургаан зуун арван есөн мянга есөн зуун тавин ес/” гэснийг “461,673,217” гэж, 3 дахь заалтын “7,808,904” гэснийг “6,388,638” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,617,670 төгрөгийг шүүгчийн захирамжаар улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,808,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 


 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                 ШҮҮГЧИД                                     С.ЭНХБАЯР

 

                                                                                      Д.БЯМБАСҮРЭН