Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2019/01523

 

 

Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2019/01461 дугаар шийдвэртэй, Н-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч К ХХК-д холбогдох, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын олговор нийт 12 689 388 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Б.Номуундарь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1708 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2030 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 202 дугаар тогтоолоор ............ овогтой ...........-г К ХХК-ийн зөөлөн оёдлын үйлдвэр хариуцсан тооцоологч инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 625 542 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийлгүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрээр ажлаас халсан өдөр буюу 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх 3 сар 2 хоногийн цалин хөлс болох 3 625 542 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 9 сар 18 хоногийн цалин болох 10 556 730 төгрөг, 18 хоногийн цалин 959 688 төгрөг, 2018 оны ээлжийн амралтын олговор 1 172 970 төгрөг, нийт 12 689 388 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

  Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүх шатны шүүхээс хянан шийдвэрлэж байх хугацааны цалин хөлс, олговроор тодорхойлогдсон байх ба хариуцагчаас эцсийн шатны шүүхийн шийдвэрийг гардан авч биелүүлэх боломжгүйгээр шийдвэрийг гардаж авангуутаа дахин шинээр шүүхэд хэрэг хэлэлцэгдэж байсан хугацааны буюу анхан шатны шүүхийн шийдвэр  хүчин төгөлдөр болох хүртэлх хугацааны цалин нэхэмжилсэн гэж ойлгогдож байна. Нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь хэзээ ч дуусашгүй, биелүүлэх боломжгүй шинжийг агуулж байгаа бөгөөд хэрэг маргааныг бүх шатны шүүхээс хянан шийдвэрлэгдмэгц дахин мөн хугацааны цалин хөлс, олговрыг нэхэмжлэх гэх мэтээр үргэлжилж болох юм.

Цаг хугацааны хувьд авч үзвэл урьд гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүхээс 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 1708 тоот шийдвэрээр шийдвэрлэснийг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр давж заалдах шатны шүүхээс 430 тоот магадлалаар, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хяналтын шатны шүүхээс 202 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэснийг талууд 2019 оны 3 сард гардан авсан байна. Энэ хугацаанаас хойш даруй хэд хоногийн дараа дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжийг хариуцагч талд олгоогүй мөн нэхэмжлэгчийн зүгээс урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эргэн орох талаар ямар ч алхам хийгээгүй болно. Гагцхүү тодорхой мөнгөн дүнг үл тасрах, үргэлжилсэн хэлбэрээр хариуцагчаас гаргуулж байх санааг агуулсан гэж үзэхэд хүргэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч К ХХК-аас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7 570 980 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 118 408 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Н-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч К ХХК-нд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч С.Мөнхжаргалын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 01461 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хариуцагчийг анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Нг ажлын байраар хангаж шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийг ажилд нь томилоогүй буруутай гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагийн зарим хэсгийг хангасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Н-ийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 182/ШШ2018/01708 дугаартай шийдвэр нь гарсан өдрөө хүчин төгөлдөр болоогүй, Улсын Дээд шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 202 дугаартай тогтоол гарснаар хүчин төгөлдөр болсон.

Шүүхийн шийдвэр үндэслэлтэй эсэхийг хянуулахаар зохигчдыг дараагийн шатанд буюу давах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн шатны шүүхүүд тодорхой хугацаанд хянан шийдвэрлэхэд зарцуулсан хугацаанд хариуцагч К ХХК-ийг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж буруутгасан нь хэт нэг талыг барьсан хууль бус шийдвэр гэж үзэхээр байна. Н-ийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргийг Улсын Дээд шүүх хянан шийдвэрлэхэд К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцоогүй болох нь баримтаар тогтоогдож байгаа, компани хурлын талаарх мэдээлэл, хэрхэн шийдвэрлэгдсэн талаар өөрөө 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр олж мэдсэн даруйдаа шийдвэрийг биелүүлж, тушаал гаргасан байсан. Харин нэхэмжлэгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хяналтын шүүх хуралд оролцон, нэхэмжлэлээ хангагдсаныг мэдсэн атлаа ажилдаа эргэн орон талаар хүсэлт гаргаагүй байхад хариуцагчийг буруутгасныг хүлээн зөвшөөрөхгүй. Давж заалдах болон хяналтын гомдол гаргах нь хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод хуулиар олгогдсон эрх бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлж гомдол гаргасны төлөө шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгаж болохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Нэхэмжлэгч Н нь хариуцагч К ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 11 516 418 төгрөг, ээлжийн амралтын олговор 1 172 970 төгрөг, нийт 12 689 388 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1708 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Нг К ХХК-ийн зөөлөн оёдлын үйлдвэрлэл хариуцсан тооцоологч инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 625 542 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2030 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 202 дугаар тогтоолоор хэвээр үлдээжээ. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна. /хх6-13/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэдэг журамтай.

Хариуцагч нь Улсын Дээд хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 202 дугаар тогтоолыг сайн дураар биелүүлээгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 3422 дугаар захирамж гарч, 313 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн талаар баримтууд хэргийн 17-18 дугаар талд авагдсан байна.

Тэрээр шүүхийн шийдвэр биелэгдээгүйгээс нэхэмжлэгч нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ажлаас гарах хүсэлтээ ажил олгогчид өгсөн нь талуудын тайлбараар тогтоогдсон. /хх46/

Шүүх хариуцагч К ХХК-аас 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 570 980 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч ээлжийн амралтын олговор болон бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдол гаргаагүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2019/01461 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136 085 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

А.МӨНХЗУЛ